Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/133

 

 

 

 

 

 

 

2022           2              8                                              2022/ДШМ/133

 

Ж.Над холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор Ц.Батболд,

хохирогч М.Аын өмгөөлөгч Р.Булгамаа,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1285 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ж.Над холбогдох эрүүгийн 201625012635  дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хосод овгийн Ж.Н, 1992 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, цэвэр бохир усны инженер мэргэжилтэй, “Татбос” ХХК-д ЦБО инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Монел 1-28 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У392060737/;

Шүүгдэгч Ж.Н нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 01-02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оршил төвийн гадна гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Аыг газарт унасан байдалтай хэвтэж байхад нь толгойн тус газарт нь дэвсэн өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хосод овогт Ж.Ныг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Ныг яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтийг хүчингүй болгож, 201625012635 дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч М.Аын шүүгдэгч Ж.Наас нэхэмжилсэн 8.078.624 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Над авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанй зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Ж.Ныг цагаатгах үндэслэлийг тодорхойлохдоо “хохирогч М.Аыг өөрт нь хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна, гэрч Г.Баярцэцэг нь яллах дүгнэлтэд дүгнэсэн үйл баримтаас өөр зүйлийг мэдүүлсэн, гэрч Б.Буяннэмэх нь хохирогчийг 4 залуу зодсон гэх бөгөөд хэн нь хэрхэн яаж, гэмтэл учруулсан талаар тодорхой зүйл мэдүүлээгүй, гэрч Б.Мөнх-Эрдэнэ нь “шүүгдэгч Ж.Н нь уначихсан байсан залууг босгох гэж байсан” гэх ба унасан залуу нь хохирогч М.А биш байсан болохыг удаа дараа мэдүүлсэн, гэрч С.Баярбаясгалан нь “Азбаярыг хэдэн залуучууд унагаачихсан дэвсэж байсан” гэж мэдүүлсэн байх ба мөн адил хэн хэрхэн яаж гэмтэл учруулсан, шүүгдэгч гэмтлийг учруулсан эсэх талаар тодорхой зүйл мэдүүлээгүй, гэрч А.Чингүн, Г.Батзаяа, М.Чинзориг, Д.Баатарцогт, Г.Болдбаяр, А.Мөнхбаатар, Э.Мөнхтулга нар нь хохирогчид гэмтлийг хэн, хэрхэн, яаж учруулсан болохыг хараагүй, мэдээгүй гэж мэдүүлсэн” зэрэг мэдүүлгүүдийг иш татжээ.

Харин гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэнийг дэргэдээс нь харсан цорын ганц гэрч А.Батхуягийн мэдүүлгийг няцаан үгүйсгэхдээ, шинжээчийн дүгнэлттэй харьцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь болсон үйл явдлыг өөрийн нүдээр харж, тухайн цаг хугацаа, орон зайд болсон үйл явдлын талаар мэдүүлэх үүрэг хүлээж, өөрийн хүсэл зоригоор мэдүүлэг өгсөн, тодруулбал гэмт хэргийн үр дагавар буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байж болох үйлдлийн талаар сэргээн дүрсэлсэн гэрчийн мэдүүлгийг, гэмт хэргийн хохирлын шинжийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаар үгүйсгэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн шинж байдал, үүссэн үр дагавар, үүсгэж болох хүчин зүйлийг Эмгэг анатомийн шинжлэх ухааны судалгааны тогтсон онол, практикт тулгуурлан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлохоос биш, харин тухайн гэмтлийг үүсгэсэн үйлдлийг дүгнэдэггүй.

Нөгөө талаас тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Ж.Нын үйлдлийг өөрийн нь мэдүүлснээр 3-5 метр орчмоос харсан, үзэгдэх орчны хувьд гудамжны гэрэлтүүлэг бүхий орчинд үйл явдал болсон, талаар тодорхойлж, мэдүүлэг өгсөн гэрч А.Батхуягийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээс гэмт үйлдлийн шинжийг илүү нарийвчилж, тодорхойлсон байгаагаараа ялгарч байгаа бөгөөд харин бусад гэрчүүд нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл бусад байдлаар болсон явдлын талаар А.Батухуягийн мэдүүлэгтэй харьцуулахад дэлгэрэнгүй мэдүүлэг өгөөгүй боловч, А.Батхуягийн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах агуулга бүхий мэдүүлэг огт өгөөгүйг шүүх харгалзан үзээгүй. Харин ч гэрч А.Батхуягийн мэдүүлэгт тулгуурлан А.Батхуягаар гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг таньж олуулах ажиллагаа хийгдсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь түүний гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээ төрүүлэхээргүй нотлох баримтууд болж өгч байна.

Шүүхээс шүүгдэгчийг цагаатгах гол үндэслэлд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1302 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаас 6 дугаар заалт буюу “...М.Аын биед учирсан гавлын дагз, зулай ясны суман заадас даган хоёр талын титэм заадас дайран зүүн дух яс хүрсэн шугаман хугарал нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хатуу газарт арагш дагз хэсгээр савж унах, том гадаргуутай зүйлээр дагз хэсэгт хүч үйлчлэхэд үүсгэгдсэн байх боломжтой ба дэвсэхэд үүсэхгүй.” гэсэн хэсгийг ишлэл болгож, "уг дүгнэлтийг буруутгах, үгүйсгэх боломжгүй ба тусгай мэдлэг, мэргэжпийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн гэж үзэхгүй” гэжээ.

Гэтэл шүүхийн энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж заасныг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Учир нь:

Шинжээчийн дүгнэлтийн энэ заалт, хэсгийг гэрчийн мэдүүлгийн агуулгатай харьцуулснаас, бодит байдал дээр дэвссэн үйлдлийг шүүгдэгч гүйцэтгэсэн тохиолдолд тухайн гэмтлийг учруулах огт боломжгүй, эсхүл тодорхой хэмжээгээр боломжгүй гэх мэтээр үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг шүүх огт хийгээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/1285 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч М.Аын өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч хохирогч М.А нь гомдлоо гаргаж байх хугацаандаа нэмж өмгөөлөгч авна гэж яваад хугацаа алдсан байдаг хэдий ч бид прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Уг хэрэг 2016 оны 6 дугаар сарын 28-наас хойш 5 жил өнгөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд маш олон прокурор, мөрдөн байцаагч нар солигдож энэ хэрэг бүлэг зодоон, залуус хоорондын маргаан байсан мэт болж бүдгэрэх дүр төрх бий болсон. Олон удаа хүсэлт, гомдол гаргаж байж өдий зэрэгтэй байна. Прокурор Ц.Батболдын хувьд хэргийн нөхцөл байдалд илүү бодит хандаж байна. Гэрч гээд байгаа олон хүмүүс тухайн үед нилээн ууж наргисан залуус байсан боловч ганц эрүүл найзыгаа авах гээд ирчихсэн байсан Батхуяг гэх гэрчийн зааж, бичлэгийн яг энэ хэсэгт цохиж гарч байгаа гэж тодорхой хэлсэн мэдүүлгийг үнэлж үзээгүй үгүйсгэсэн. Хохирогч одоогийн байдлаар унаж татдаг болсон, том биетэй хүн зүгээр явж байгаад л унадаг болсон нь тархиндаа авсан гэмтлийн үр дагаварын улмаас үүссэн өөрсдийн хэмжээндээ эмчилгээнд хамрагдсан. Хохирогч М.Аыг ганцхан Ж.Н биш бүлэглэсэн. Э.Мөнхтулгын оролцоо ч байсан боловч сүүлдээ зөвхөн Ж.Н үлдээд бусад нь бүгд алга болсон. Тэгээд ядаж эрүүл мэндийн зардал 8.000.000 төгрөгийг өгчихвөл цаашид дахин гарах эмчилгээгээ өөрөө хариуцаад гомдол саналгүй гэж байсан. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг дахин шийдвэрлэх боломжгүй. Ганцхан Ж.Н биш Мөнхтулгын оролцоо харагддаг тухай анхан шатны шүүх хуралдаанд дээр хэлж байсан. Иймд мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Х.Батхуягийг ганцаараа эрүүл байсан гэдэг ч түүнийг нотлож тогтоосон зүйл байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр камерын бичлэгийг үзсэн гэвч тухайн дүрс харагдаж байгаа байдал нь энгийн нүдээр танигдах боломжгүй байдаг бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. Камерын бичлэгээр шүүгдэгчийн оролцоо огт харагддаггүй. Иймд камерын бичлэг нотлох баримт болохгүй. Энэ хэргийн хүрээнд тухайн хэрэг болох үед шүүгдэгч Ж.Н хаана байсан бэ гэдэг асуудал байгаа. Шүүгдэгч Ж.Н тухайн үед гэрч Буяннэмэхтэй маргалдаад зогсож байсан нь тэдний мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед хохирогч М.Атай ямар нэгэн харилцаа үүсгэсэн гэх нотлох баримт байдаггүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шийдвэртэй холбоотой давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэрч Батхуягийн мэдүүлэг нь 3 зүйлээр үгүйсгэгддэг. Хохирогч М.Аын талын хүмүүс өөрсдөө камерийн бичлэгийг найзынхан баарнаас очиж авсан тухайгаа шүүх хуралдаан дээр ч хэлсэн, бидэнд ийм бичлэг байгаа гээд цагдаад өгсөн байдаг. Гэрч Батхуяг анх Н гэж камерийн бичлэг хараад заасан боловч өөр хэн ч заасан зүйл байдаггүй. Гэрч А.Батхуяг, Азбаяр нар хамтран ажилладаг найзууд учраас ашиг сонирхол байгаа гэж үзээд түүний мэдүүлгийг үнэлээгүй гэдэг нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт прокурорт таалагдахгүй бол хасна гэдэг ойлголт байх ёсгүй. Тэгвэл яагаад хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүй байгаа юм. Цаг хугацааны хувьд маргадаг. Хохирогч зодуулсан гээд байна дахиад 2 хоног явж байгаад очсон байна. Энэ хооронд гэмтэл авах боломжтой юу  гэх мэтчилэн ямартаа ч манай үйлчлүүлэгчийн үйлдлээс болоогүй  гэдгийг шүүх хуралдаан дээр хэлж байсан. Иймд эсэргүүцлийн хангахгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Н тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ж.Ныг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 01-02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оршил төвийн гадна гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Аыг газарт унасан байдалтай хэвтэж байхад нь толгойн тус газарт нь дэвсэн өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч М.Аын шүүгдэгч Ж.Наас нэхэмжилсэн 8.078.624 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл анхан шатны зөвхөн шинжээчийн дүгнэлтэд  үндэслэн цагаатгах тогтоол гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг  хэрхэн үгүйсгэсэн талаархи дүгнэлт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд байхгүй байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад гэрч Г.Батхуягийн “...ягаан фудволктой, саравчтай малгайтай залуу М.Аыг цохиод унагаачихсан. Мөн хар цамцтай, саравчтай малгайтай залуу уначихсан байсан нь дээрээс нь дэвсэж өшиглөж байхыг нь харсан. Би энэ гэмтлийг бол хар хувцастай, саравчтай малгайтай хүн дээрээс нь толгой дээр нь дэвсэх үед учруулсан гэж бодож байна. ...” /1хх 115-116/,

...М.Аыг үл таних ягаан өнгийн фодволктой, саарал өнгийн саравчтай малгайтай залуу нүүрэн тус газарт нь цохиж унагаасан. Тэгээд Азбаярыг газар унасан байхад нь хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай залуу гүйж очоод толгой дээрээс нь нэг удаа дэвсчхээд буцаад яваад өгсөн. Миний дэвсчхээд явсан гэж яриад байгаа хар өнгийн малгай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай залуу нь гар зургаар таньж олуулах ажиллагаанд 3 гэж дугаарласан. ...” /1хх 117-118/ гэсэн мэдүүлгээс үзэхэд гэрч Г.Батхуяг нь хохирогч М.Аын биед хоёр хүн гэмтэл учруулсан байж болзошгүй талаар мэдүүлсэн байхад прокуророос зөвхөн  Ж.Над холбогдох үйлдлийг шалгаад гэрч Г.Батхуягийн мэдүүлэгт дурдсан ягаан фудволктой, саравчтай малгайтай хохирогч М.Аыг цохиж унагасан хүн хэн болох, түүний үйлдлээс гэмтэл үүсэж болох эсэх, шүүгдэгч Ж.Н болон ягаан фудволктой хүнийг цохиж унагасан болон дэвссэн үйлдлийн аль алинаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байж болох талаар шалгаж тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 639 дугаартай “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...” /1хх 159-160/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1302 дугаартай “...М.Аын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу газарт арагш дагз хэсгээр савж унах, том гадаргуутай зүйлээр дагз хэсэгт хүч үйлчлэхэд үүсгэгдсэн байх боломжтой ба дэвсэхэд үүсэхгүй. ...”/2хх 61-64/ гэсэн дүгнэлтүүд,

мөн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унаж, ойчих, том гадаргуутай хүч үйлчлэхэд үүсэх боломжтой.Дэвсэх үед үүсэх боломж багатай ...” /2хх 131-132/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй бөгөөд цохих, унах, дэвсэх үйлдлийн алинаас хохирогчид гэмтэл учирсан нь тодорхой бус, эргэлзээтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1285 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Над холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1285 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Над холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Ж.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ