Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2021/0058

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мт холбогдуулан гаргасан “2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаартай Д.Мд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Улсын ахлах байцаагч Н.М нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлөвлөгөөт шалгалт хийж, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Д дарга Д.Мыг “...ариутгалын үйл ажиллагааг зохих заавар, журмын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналтыг тавиагүйгээс мэс заслын тасгийн хагалгааны багажаас нянгийн бохирдол, үүсгэгч илэрсэн...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрч Б.А, холбогдогч Д.М нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн ... бүртгэлийн дугаартай шинжилгээний дүн зэрэг нотлох баримтуудаар Д.М нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл улсын ахлах байцаагч Н.М нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Мд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Үийн дүгнэлтэд холбогдогч Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Д албаны дарга Д.Мыг “...Ариутгалын үйл ажиллагаанд хяналт хангалтгүй тавьсан, мэс заслын хагалгааны ариутгасан багаж, хэрэгслээс нянгийн бохирдол их гарч, идээлүүлэгч нян лабораторийн шинжилгээгээр илэрсэн... гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Д.Мд 2020 оны 04 сарын 02-ний өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, гэрч Б.А, холбогдогч Д.М нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын .. бүртгэлийн дугаартай шинжилгээний дүн зэрэг нотлох баримтуудаар Д.М нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул улсын байцаагчийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн байна.

Тус дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухайд:

Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн ариутгалын автоклавын үйл ажиллагаа доголдож, багаж, хэрэгслийн ариутгал шаардлага хангахгүй, мэс засал хийгдсэн өвчтнүүдийн шарх идээлж байсанд хяналттавиагүй, тодорхой арга хэмжээ аваагүй ноцтой зөрчил илэрсэн тул торгох шийтгэл оногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тухайд:

Дээрх заалтыг төрийн албан хаагчид торгох шийтгэл оногдуулахгүйгээр шийтгэлээс заавал чөлөөлнө гэж ойлгоогүй учраас Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх гэсэн хуулийн зүйлд заасан заалтаар шийдвэрлээгүй болно.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М би нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэргийн материалтай бүрэн танилцлаа.

Шийтгэлийн хуудас хүчингүй болгох нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дээрх торгуулийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд торгуульд төлсөн 300000 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж надад олгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мээс тус аймгийн нэгдсэн эмнэлгийн Д албаны дарга Д.Мыг ариутгалын үйл ажиллагаанд хяналт хангалтгүй тавьсан, хагалгааны багажаас нянгийн бохирдол лабортарийн шинжилгээгээр илэрсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д зааснаар 300000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэгэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.М дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч Д.М 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Төрийн сан 100..., Ду.М...–орлого” дансанд торгуулийн 300000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор улсын орлогод төлөгдсөн мөнгийг  Д.М буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мт холбогдуулан гаргасан “2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаартай Д.Мд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хас банкны төлбөрийн баримтаар төлөгдсөн торгуулийн 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Д.Мд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн   -р хуудас

[4] Хавтаст хэргийн  32-р хуудас