Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох 201726021055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэнэрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Пүүл нэртэй машин угаалгын газарт ажилладаг гэх, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар менежмент” ХХК-ны хажууд Б.Отгонзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Хохирогч Б.Отгонзаяа мэдүүлэхдээ: “...Би найз Ариунбилэгийнд байхад 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр найз Ариунбилэгийн салсан нөхөр гэх Б нь 14 цагийн орчим ирсэн хүүхдээ авч явна гээд тэр хоёр маргалдаад байсан. Ингээд 16 цагийн орчим хүүхдээ аваад яваад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 22- нд согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой 12 цагийн үед дахин ирээд сууж байгаад салсан шалтгаанаасаа болж хэрүүл хийгээд байсан. Тэгээд Б гэгч нь намайг гар гэсэн. Гэтэл Ариунбилэг манай найзыг танай гэрт байгаа биш юундаа хөөгөөд байгаан гэсэн. Ариунбилэг намайг байж бай гэхээр нь орон дээр сууж байхад Б шууд босож ирээд би чамайг гар гэж хэлсэн биздээ гээд нүүрлүү зүүн шанааруу гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон.Тэгээд баруун хөлрүү өшиглөөд үснээс зулгааж шалруу түлхэж унагаасан.Шалан дээр хэвтэж байхад алх аваад цохих гээд надруу ирэхэд Ариунбилэг урдуур орж ирээд намайг босгоод гаргасан. Тэндээсээ би Ариунбилэгийн дүү Шүрээтэй хамт хажуу талын автомашин засвараас хүний утас гуйж цагдаа дуудаад хүлээж байтал Ариунбилэг дотроос Б явчихсан гээд гараад ирэхэд мөн цагдаа ирсэн…” гэжээ. /хх 8 хуу/ Гэрч Б.Ариунбилэг мэдүүлэхдээ: “..2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр найз Заяа манайд хамт хоносон. 22-ны өдөр Заяа хамт байж байхад миний хүүхдийн аав Б 13-14 цагийн хооронд орж ирээд хэрүүл өдөөд маргалдаж байгаад найз Заяаг чи гарч бай гээд хэлэхээр нь би яахаараа гаргах ёстой юм гаргахгүй гээд гэтэл намайг толгой руу 3 удаа цохиод мөн Заяаг цохьсон. Ингээд үснээс нь зулгааж газар унагаад өшиглөөд газар байсан алх бариад цохих гээд байхаар нь дундуур нь орж найз аллаа шдээ гээд Заяа гарч би Бтай хамт үлдсэн. Б үлдээд чамайг ална гээд алсан байхад чиний хууль надад үйлчлэхгүй гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэр зодсон өдрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 2017 оны 5 дугаар сарын 18-нд гэрт ирээд эргэж нийлье гээд ирэхээр нь нийлэхгүй гэсэн чинь тэгвэл чамайг найз шиг чинь зодоод алаад өгье гээд бас үсдэж чирээд нүүрлүү өшиглөөд гар цууралттай болгож зүүн нүдний доор оёдол тавиулсан. Толгойруу нилээн өшиглөсөн. Одоо юм мартаж санаад байдаг болсон” гэжээ. /хх 9-10 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дугаар 5462 дугаартай дүгнэлт: “Б.Отгонзаяа-н биед зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гамтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 13 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26, 27, 45 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар менежмент” ХХК-ны хажууд Б.Отгонзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонзаяа /хх 8/, гэрч Б.Ариунбилэг /хх 9- 10/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дугаар 5462 дугаартай дүгнэлт /хх 13/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Бадамжуунаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Отгонзаяа нь гомдол санал байхгүй /хх 62/ гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ