Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

 улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгч: Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 1705 0024 10034 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний механикч мэргэжилтэй, “Арвайн Үндэс” ХХК-д механик инженер ажилтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,. Шүүгдэгч Гнь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүү 10 настай Г.Анарын хамран тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Гмэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагт ажил тараад эхнэр рүүгээ залгаж, ярихад “би өнөөдөр оройтох нь байна, хариад хоолоо хийгээрэй” гэж хэлсэн. Гэртээ иртэл гэр маань замбараагүй, бага 2 хүүхдийн маань хувцас нь халтайсан байхаар тэднээс “ах нь юу хийсэн бэ” гэж асуухад “ах өдөржин буланд суугаад гар утсаа оролдсон” гэхээр нь бухимдаад хүүхдүүддээ “гэрээ цэвэрлэ” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө хоолоо тогоон дээр тавьчихаад сууж байтал хүү Г.Анар хажууд ирээд “шоо эвлүүлж чадахгүй байна” гэхээр нь “аав нь өчигдөр зааж өгсөн биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр “би үүнийг эвлүүлж чадахгүй байна, та дахиад заагаад өг” гэхээр нь уур хүрээд түүний хацар руу 1 удаа алгадсан. Дараа нь нүүрэн дээр нь дахиад алгадах гэтэл тэр 2 гараараа нүүрээ хаасан тул гартай нь давхар алгадсан. Тэгээд хүүгийн хамраас цус гарахаар нь “нүүрээ угаагаад, хичээлээ хий” гэж хэлсэн. Орой эхнэр ирээд хоолоо идсэн. Маргааш ажил дээрээ байж байтал эхнэр утсаар “хүүгийн хамар яасан юм бэ” гэж асуухаар нь “өчигдөр алгадсан” гэдгээ хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдахад намайг зуслан дээр очиж хоноорой гэсэн учир би зуслан дээрээ очиж 7 хоносон. Би хүүхдээ эмчид үзүүлээд эм бичиж өгөхөөр нь эмийг нь авч өгсөн. Би урьд нь хүүхдүүдээ зодож байгаагүй. Би улсын яллагчийн зүгээс санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурор болон мөрдөн байцаагчийн зүгээс дарамт шахалт үзүүлж, ял тулгаагүй. Би хүү Г.Анарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч- П.Соёл-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би хэрэг гарсан өдөр 20 цаг 15 минутын үед гэртээ ирсэн. Тэр өдөр хүүгээ гэмтсэн гэдгийг мэдээгүй. Манай нөхөр 18 цагт гэртээ ирээд хоолоо хийсэн байсан. Намайг гэрт ороход 7, 10 настай 2 хүүхэд маань хичээлээ хийгээд, буруу хараад сууж байсан ба хүү маань хоолоо буруу харж суугаад идсэн. Үүний дараа би гал тогооны өрөөнд аяга, тавгаа угаагаад гарч ирэхэд хүү маань унтсан байсан. Маргааш нь хүү Г.Анарын нүүр нь тэгширч, хавдсан байсан тул хүүгээсээ “яасан бэ” гэж асуутал “аав шоо эвлүүлж чадаагүй гээд зодсон” гэж надад хэлсэн. Тэр өдөр нөхрөө “хүүгийнхээ биеийг яаж байна” гэж утсаар асуух болов уу гэж хүлээсэн боловч ярихгүй байхаар нь би өөрөө залгаж, “чи хүүхэд зодсон байна” гэж уурлаж, “гэрт битгий ир” гэж хэлсэн. Хүүгээ Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, шарлага хийлгэсэн. Эмч хүүгийн хамрын мөгөөрс нь аяндаа нөхөгдөнө гэж хэлсэн. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн. Одоо бид нар хамт амьдарч байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Г.Анар мэдүүлэхдээ: ...2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би аавтайгаа хамт гэртээ шоо эвлүүлж байтал аав “шоогоо аятайхан эвлүүлээд, зөв хийгээч” гэсэн. Тэгсэн би дахиад хэдэн удаа буруу эвлүүлсэн чинь аав уурлаад, гараа зангидаж байгаад миний зүүн нүд, хамар орчим 2 удаа цохисон. Тэгээд “даалгавраа хий” гээд загнасан, ээжид маргааш нь энэ тухай хэлсэн...гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9613 тоот дүгнэлтэд: 1. Г.Анарын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Гял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Гнь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 78 тоот өөрийн гэртээ төрсөн хүү 10 настай Г.Анарыг “гэрээ цэвэрлэсэнгүй, даалгавараа хийсэнгүй, шоо аятайхан эвлүүлж чадахгүй байна” гэсэн шалтгаанаар хамар тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Анар, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Соёл-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9613 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Гантөрд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Насанд хүрээгүй хохирогч Г.Анар, түүний хууль ёсны төлөөлөгч П.Соёл-Эрдэнэ нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Гнь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Гцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН