Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/174

 

      

 

 

 

 

    2022             2             15                                       2022/ДШМ/174                                                         

 

 

Ч.Д, Ч.Т, Б.Б, Ш.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Т, Д.Унарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Д.У өмгөөлөгч Г.Должинсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2031 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Д, Ч.Т, Б.Б, Ш.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Т, Д.Унарт холбогдох эрүүгийн 2102000000208 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           1. Боржигон овгийн Ч.Д, 1973 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн слесарь ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............................,

            2. Боржигон овгийн Б.Б, 1985 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн монтёр ажилтай, ам бүл 6, эхнэр,4 хүүхдүүдийн хамт ...............................,

            3. Бичигт Хангай овогт Ч.Т, 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ДЦС-4 ТӨХК-ийн зуухан цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн монтёроор ажиллаж байсан, одоо Зүүн бүсийн үйлдвэр “Таван Толгой Түлш” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт .......................,

            4. Вангийхан овогт Д.У, 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн слесарь ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт...............................,

            5. Тайж овогт Г.Т, 1972 оны 7 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .........................,

            6. Цагаач овогт Д.Ц, 1989 оны 10 дугаар сарын 30-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ДЦС-4 ТӨХК-ийн зуухан цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт гэрээт ажилтнаар ажиллаж байсан, одоо “Таван толгой” ХХК- ийн инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .......................,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

            7. Базаркул овогт Х.А, 1962 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Увс аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн монтёр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ......................,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1981 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 171, 646 зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            8. Орлой овогт Г.У, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ил уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ДЦС-4 ТӨХК-ийн зуухан цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт гэрээт ажилтнаар ажиллаж байсан, одоо “Монгол инфинити шуудан ” ХХК-д шуудан түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .........................,

            9. Барчууд овогт Ш.Б, 1976 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-ийн зуухын цех, цахилгаан шүүлтүүрийн хэсэгт ээлжийн монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...........................,

Шүүгдэгч Ч.Д, Ч.Т, Б.Б нар нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн ээлжийн слесарь, монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцох хэлбэрээр 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

Шүүгдэгч Д.У, Ш.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Тнар нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн ээлжийн слесарь, монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцох хэлбэрээр 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 27.720.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: шүүгдэгч Ч.Д, Д.Унарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Б, Ч.Т, Б.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Тнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад, шүүгдэгч Д.Унарын 9 хүнд холбогдох хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, нэр бүхий 9 шүүгдэгч нь хэрэгт холбогдох үедээ Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн ээлжийн слесарь, монтёр, гэрээт ажилтнаар ажиллаж байсан байх ба тэдэнд цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг хэн, хэрхэн яаж, итгэмжлэн хариуцуулсан нь тодорхой бус байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Түүнчлэн тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээдэд хамаарна. Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.Унарын 9 хүнд холбогдох эрүүгийн 2102000000208 дугаартай 8 хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх нь шийдвэртээ шүүх хуралдааны явцад даргалагчаас шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авсан мэдүүлгийг үндэслэсэн атлаа Уг мэдүүлгүүдийг яагаад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаас илүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийнхээ талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Шүүгдэгч нар нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн ээлжийн слесарь, монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу үргэлжилсэн үйлдлээр, цахилгаан шүүлтүүрээс гарч буй тус компаниас гэрээтэй компанид худалдан борлуулдаг хуурай үнсийг ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нотлогдсон. Энэ талаар улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой дурдалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, зүйлчлэл тохироогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол өөр Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодорхой дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэл бий болсон байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2031 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.У өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэрэг гэж үзэж байгаа. Прокурор, шүүхийн хууль хэрэглээний ойлголтоос шалтгаалж тухайн гэмт хэрэг хүндрэх эрсдэлтэй. Шүүгчийн хэлснээр хулгайлах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Учир нь, тухайн гэмт хэргийг хулгайлах гэмт хэрэг гэж үзвэл хамгийн түрүүнд манаач нар хамтран оролцсон гэдгээрээ татагдана. Гэтэл манаач нарыг бусдад давуу байдал бий олгосон гэж үзээд ял шийтгэсэн. Тэгэхээр уг гэмт хэргийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Өмгөөлөгчийн зүгээс яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэвэл бусдын итгэмжлэн хариуцуулсан этгээд нь заавал хууль болон гэрээгээр аль алинаар нь хариуцсан байж болно. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагын ажилтан гэдгээрээ байгууллагын эд хөрөнгийг хариуцаж байгаа гэдэг утгаар

нь итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж үзэж байгаа. Тийм учраас үйлчлүүлэгчтэйгээ харилцан зөвшилцсөний үндсэн дээр тухайн гэмт хэргийг завших гэмт хэрэг үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгч прокурор хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхээр болсон. Ийм учраас прокурорын саналыг дэмжиж байна. Хэрвээ хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байгаа бол энэ нь өөрөө боломжгүй юм. Иймээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж байгааг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Ч.Д, Ч.Т, Б.Б, Ш.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Т, Д.Унарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2031 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хөрөнгө завших” хэргийн зүйлчлэлийг тохироогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгуулга, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Дээрх ойлголтоос үзэхэд, ДЦС-4 ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч, удирдах ажилтан, байгууллагаас хэн нь тухайн үнсийг хэрэглээнд гаргахыг хариуцдаг, хариуцах эрх бүхий этгээд, итгэмжлэн хариуцсан ажилтан байдаг эсэх, эсхүл үнсийг хаягдал гэж үзэж байгаа бол компанийн бүх ажилчдыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэж болох эсэх, мөн тухайн байгууллагын үнс байгууллагаас гаргах падааныг хэн бичиж  өгдөг байсан зэргийг тодорхой болгосны эцэст хэргийн зүйлчлэлийг тодорхой болгох нь зүйтэй  байна.

Үнсийг хууль бусаар, хэрэглэх зориулалтаар гаргаж буй үйлдлийн субьектив санаа зорилгыг мөн тодорхой болгох нь зүйтэй.

Мөн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Яллах дүгнэлтэд үргэлжилсэн үйлдлийг хэн хэнтэй хамтарч хэзээ, хэдэн удаа үйлдсэн талаар тодорхой дүгнээгүй, гэмт хэргийн хамтран оролцох хэлбэр тодорхойгүй, хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцсон заалтуудыг журамласан нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байх тул тодорхой, хуулийн шаардлага хангасан яллах дүгнэлтийг үйлдэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Д, Ч.Т, Б.Б, Ш.Б, Г.У, Д.Ц, Х.А, Г.Т, Д.Унарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2031 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2031 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

           

                                 ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ