Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
Хэргийн индекс | 117/2021/0029/З |
Дугаар | 117/ШШ2021/0047 |
Огноо | 2021-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 117/ШШ2021/0047
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай М.Гт холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ ... улсын байцаагч Н.Б нь “... М.Г нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр техникийн магадлал хийлгээгүй ...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч М.Гт 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянахад:
1. ... шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “... ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, нотлох баримтыг дурьдаагүй, ямар хуулийн зүйл, заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй, бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 300000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ... “, 4.14 дүгээр зүйл “... Нотлох баримт ...”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ...”, 3.5 дугаар зүйл “ Хууль ёсны төлөөлөгч”, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон .... Н.Бын 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч М.Гт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлэхдээ: “... улсын байцаагч Н.Бд холбогдох, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаартай М.Гт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие техникийн паспорт байхгүй, магадлал хийлгээгүй краныг ажиллуулсан тул ..дугаартай шийтгэлийн хуудсаар 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр иргэн М.Гт Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу 300000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан болно.
Өргөх механизм буюу кран нь техникийн паспорт байхгүй, магадлал хийлгээгүй байгаа нь ямар нэгэн бичиг баримтаар нотлогдох боломжгүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед холбогдогчоос авсан мэдүүлэг нь нотлох баримт болно гэж тухайн үед ажиллаж байсан хяналтын прокурор 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянаж ямар нэгэн зөрчил, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт, даалгавар өгөөгүй. Гэтэл 2019 онд ногдуулсан зөрчлийн материалыг хяналтын прокурор М.Ү нь дахин шалгаж хүчингүй болгох дүгнэлт бичиж байгаа нь холбогдогч иргэн М.Гтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоож өгнө үү.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.1 дэх /арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг/, 1.2 дахь /хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг/ заалтад хамаарахгүй тул хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаартай М.Гт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилжээ.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд холбогдогч М.Г нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ... дугаартай актыг биелүүлж, 300 нэгжтэй тэнцэх буюу 300000 төгрөгийн торгуулийг төлсөн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх талаар 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 21 тоот албан бичгээр тодруулсантай холбоотой болно.
Хариуцагч улсын байцаагч Н.Б нь өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, уг шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Хариуцагч Н.Б нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хүлээн авснаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол хамгаалагдах нөгөө талаас зөрчилд холбогдогч М.Г нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг бүрэн төлсөн, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ан хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан “2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаартай М.Гт холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч улсын байцаагч Н.Бын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ В.Ц