Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00145

 

 “БТГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03498 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “БТГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 802 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтох,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Баттогтох,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б нь манай байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1 500 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, №А/203 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан авсан. Тухайн гэрээний үүргийн зохих хувийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай сунгасан. Мөн дахин тухайн гэрээний үүргээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл №А/474 тоот гэрээг тус тус байгуулан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр төлбөр төлөх график гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 1 802 400 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Хариуцагчийн анхны байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ нь 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 1.5-д зааснаар 0,5 хувийн алдангитай байхаар тохиролцсон. Ингээд анхны гэрээнээс хариуцагчид үндсэн зээл 1 500 000 төгрөг, түүний сарын хүү 120 000 төгрөгийн 6 сар нь 720 000 төгрөг, нийт 2 220 000 төгрөгийн гэрээний үүрэг үүссэн. Үүнээс хариуцагч нь 1 120 000 төгрөгийг төлсөн. Анхны гэрээнээс хариуцагчид 1 100 000 төгрөгийн үүрэг үлдсэн. Хариуцагч гэрээгээ сунгахгүй явсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирж гэрээгээ сунгасан. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс гэрээ сунгасан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 70 хоногийн алданги 385 000 төгрөг болсон. Анхны гэрээнээс үндсэн төлбөр 1 100 000 төгрөг үлдсэн, алданги 385 000 төгрөг үлдсэн. Хариуцагч Д.Б- нь анхны гэрээний сунгалтыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Анхны гэрээний үндсэн төлбөр 1 100 000 төгрөг болсон учир үүний 1 сарын 8 хувийн хүү 88 000 төгрөгийг 6 сараар 528 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс дахин гэрээ сунгасан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 34 хоногийн алданги 137 360 төгрөг болсон. Ингээд 2 дахь гэрээнээс хүү болон алдангид 665 360 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нь 820 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Хоёр дахь сунгалтын гэрээнээс үндсэн төлбөр 808 000 төгрөг, алданги 137 360 төгрөг үлдсэн. Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 2 дахь удаагаа зээлийн гэрээг сунгасан. Ингээд 808 000 төгрөгийн сарын 8 хувийн хүү 64 160 төгрөгийг, 6 сараар 387 840 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 100 хоног гэж үзэж алданги 404 000 төгрөг үлдсэн. Нийт үлдсэн мөнгө 808 000 төгрөг, гурав дахь гэрээний хүү 387 840 төгрөг, анхны гэрээний алданги 385 000 төгрөг, хоёр дахь гэрээний алданги 137 360 төгрөг, гурав дахь гэрээний алданги 404 000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 2 122 200 төгрөг болсноос 390 000 төгрөг өгч, 1 732 200 төгрөг болсон. Иймд гэрээний үүрэгт 1 732 200 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01228 тоот шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 1 802 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1 770 000 төгрөгт сунгалтын гэрээ байгуулсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02698 тоот захирамжид нэхэмжлэгч хариуцагч нараас үндсэн зээл болох 1 800 400 төгрөг ... гэсэн нь 1 770 000 төгрөгөө нэхэмжилсэн. Учир нь сунгалтын гэрээг хуурамчаар үйлдэхдээ мөн л 1 770 000 төгрөгийг сунгалаа гэж 100 000 төгрөг авсан. Энэ шийдвэрээр 1 800 400 төгрөг болон бүгд нэхэмжилсэн 3 672 836 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 1 770 000 төгрөгийн сунгалтын гэрээнд Д.Б-г гарын үсэг зуруулснаа ашиглан 10 сарын дараа мартагнуулан эрэн сурвалжлуулсан гэж зохиомол материал бүрдүүлэн шүүхэд хандсаныг шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль ноцтой зөрчжээ. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн сунгалтын гэрээ хийснээс хойш нийт 820 000 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлсөн. Машин барьцаалсан гэрээ дээрх сунгалтын гэрээнүүд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар хүчингүй болж дууссан бөгөөд Д.Б 820 000 төгрөгийг төлснөө өөрсдөө нэхэмжлэлдээ бичиж байгаагаар харин Д.Б 420 000 төгрөг дээр 100 000 төгрөг, анхан давах шатанд өмгөөлөгч мөн одоо өмгөөлөгч авч төгрөг илүү төлж сэтгэл санаа эд материалаар хохирсоор байна. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 хэсэг гудамж 64-2063 тоот, утас 80909951 байнга хэвээр байсаар байтал Д.Б-д өөрт нь мэдэгдэлгүй Баянгол дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулна уу гэсэн шийдвэргүйгээр хууль бус эрэн сурвалжлах захирамж гаргаж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шүүхээр удаа дараа явуулж, машин үнэмлэхээ барьцаалуулах мэтээр сэтгэл санаа эд материалаар хохирч өмгөөлөгч авах мэтээр хохирсоор байгаа тул 70 200 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсныг хүлээн авах боломжгүй. Анхны гэрээ гэгч нь хууль бус гэрээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ анхан болон давах шатны хурлууд дээр нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ хамаагүй бага төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус мөнгө нэхэж байгаагаа илэрхийлсэн байгаа мэт. Сунгалтын гэрээ болон сүүлд байгуулсан 3 дахь гэрээ нь хууль бус, шүүх шийдсэн тул хүчингүй гэрээнүүдийн дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 440 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БТГ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 362 400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 13 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БТГ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/03498/ дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Д.Б нь 5616 УНЕ улсын дугаартай “Приус” маркын автомашиныг барьцаалан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг зээлсэн бөгөөд анхны гэрээний үүргийн үргэлжлэл болгож 2 удаагийн сунгалтын гэрээг хийсэн. Шүүх 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 зээл болон барьцааны гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл, мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн А/474 тоот гэрээг шүүх өмнө нь хүчин төгөлдөр бусад тооцсон хэлцэл хэмээн үзэж дээрх хоёр гэрээнээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. Хариуцагч Д.Б-д анхны 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/203 тоот зээлийн гэрээгээр үндсэн ззэл 1 500 000 төгрөг, хүүгийн төлбөр 720 000 төгрөг, нийт 2 220 000 төгрөгийн үүрэг үүссэн. Хариуцагч нь анхны гэрээнээс 1 120 000 төгрөгийг төлж улмаар анхны гэрээнээс 1 100 000 төгрөгийн үүрэг үлдсэн. Ингээд үүргээ биелүүлээгүй удсан учир гэрээнд заасан 0,5 хувийн алданги болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 550 000 төгрөгийн алданги үүсч анхны гэрээнээс үндсэн болон нэмэлт үүрэг нийт 1 650 000 төгрөгийн үүрэг биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь сунгалтын гэрээг мэргэжлийн хуульч бус компанийн нягтлан байгуулдаг тул нийт гэрээний үндсэн төлбөр дээр алданги болон хүүг оруулан тооцож зээлдэгчтэй сунгалтын гэрээ байгуулсан нь буруу боловч энэ нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бус бөгөөд шүүх гэрээг тайлбарлан Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан үүрэг үргэлжилж гэрээний нэг тал хүүний төлбөр болон алдангийг төлөхөө амлаж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл үргэлжилж байна хэмээн хуульд нийцүүлэн тайлбарлан шийдвэрлэх ёстой байсан болов уу. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 тоот зээлийн  болон барьцааны  гэрээний сунгалтаар анхны  гэрээний алданги  550 000 төгрөг оролцуулахгүйгээр талуудын хүсэл зориг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 1 100 000 төгрөг дээр сунгалтын гэрээ хийсэн гэж үзэхээр байгаа. Ингэж үзвэл 1 100 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 1 сард 88 000 x 6 = 528 000 төгрөгийн хүүний төлбөр. Ингээд энэ гэрээнээс үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү 528 000 төгрөг нийт 1 628 000 төгрөгийн үүрэг үлдэж үүнээс хариуцагч нь 820 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр хариуцагч  нь 1 628 000 – 820 000 = 808 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Энэ гэрээнээс 137 360 төгрөгийн алданги үүссэн. Зохигчдын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ нь хүсэл зоригийн хувьд 2 дахь гэрээний үлдэгдэл болох 808 000 төгрөг дээр зээлийн сунгалтын гэрээг байгуулсан гэж үзэхээр байгаа. Ингэж үзвэл 808 000 төгрөг дээр гэрээгээр тохиролцсоноор сарын хүү 64 160 x 6 = 387 840 төгрөгийн хүүний үүрэг үүсч үүн дээр үндсэн зээл 808 000 төгрөг, нийт сүүлийн гэрээнээс хариуцагчид 1 195 840 төгрөгийн үүрэг үлдсэн. Анхны гэрээний алданги 385 000 төгрөг, 2 дахь гэрээний алданги 137 360 төгрөг, 3 дахь гэрээний алданги 404 000  төгрөг  нийт  2 122 200  төгрөгийн үүрэг үүсч үүнээс хариуцагч 390 000 төгрөг төлснөөр эцсийн байдлаар хариуцагчийн төлөх төлбөр 1 732 200 төгрөг байгаа. Иймд анхан шатны шүүх 1 732 200 төгрөг гаргуулах мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад гаргасан 70 200 төгрөг нийт 1 802 400 төгрөг нэхэмжлэлээс 440 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үүний зөрүү болох 1 362 400 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “БТГ” ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 802 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “БТГ” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Д.Б-тэй А/203 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “БТГ” ХХК нь 1 500 000 төгрөгийг, 1 сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч Д.Б-д зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, хариуцагч Д.Б өөрийн өмчлөлийн 5616 УНЕ улсын дугаартай “Приус” маркын автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/203 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх талуудын байгуулсан 2015 оны 12 сарын 17-ны өдрийн хэлцлийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, А/203 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх бөгөөд талууд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл талууд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд үндсэн зээлийг 1 770 000 төгрөг гэж, нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүргийг шаардахдаа А/203 тоот гэрээний үүргийг үлдэгдэл 1 100 000 төгрөг, алданги 670 000 төгрөг, нийт 1 770 000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүргийг шаардахдаа А/203 тоот гэрээний үндсэн үүрэг 1 100 000 төгрөг, хүү 528 000 төгрөг, алданги 137 360 төгрөг гэж тодорхойлсон байна. /хх-н 122 дугаар тал/

Үүнээс үзвэл талууд А/203 тоот зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш харилцан тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээний хугацааг 6 сараар сунгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үндсэн зээлийг 1 770 000 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг анхан шатны шүүх анхаарч дүгнээгүй байна.

Иймд нэхэмжлэгч “БТГ” ХХК нь А/203 тоот гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс гэрээний хугацааг сунгасан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 70 хоногийн алданги /1 өдрийн 5 500 төгрөг/ 385 000 төгрөгийг шаардах эрхтэй. /хх-ийн 7-10 дугаар тал/

Түүнчлэн, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс зээлийн гэрээний хугацааг 6 сар сунгасан тул үндсэн зээл 1 100 000 төгрөг, 6 сарын хүү /1 сарын хүү 88 000 төгрөг/ 528 000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 1 628 000 төгрөг болно. Хариуцагч Д.Б-гийн төлөх ёстой нийт үүрэг 1 628 000 төгрөг байхаас хариуцагчийн төлсөн 1 210 000 төгрөгийг хасаад үлдэх 418 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний алданги 209 000 төгрөг, А/203 тоот гэрээний алданги 385 000 төгрөгийн хамт нийт /418 000үндсэн зээл + 209 000алданги + 385 000 алданги/ 1 012 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 790 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Харин талуудын байгуулсан 2016 оны 7 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулсантай холбоотой гарсан зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг” гэснийг “1 012 000 төгрөгийг” гэж, “... 1,362,400 төгрөгт” гэснийг, “790 400 төгрөгт” гэж,

2 дахь заалтын “... 13,850 /арван гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг ...” гэснийг “28 838 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                               ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                    Г.ДАВААДОРЖ