Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00147

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Б, Т.Д нарт холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 17 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Г,

Хариуцагч: Р.Б, Т.Д,

хариуцагч Р.Б-ийн өмгөөлөгч: Б.Зулбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Шарга морьтын зусланд байрлах миний хувийн зуслангийн орон сууцыг иргэн Т.Д болон Р.Б нар үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар нурааж, ашиглагдах боломжгүй болгосон. Миний бие энэ хэргийн араас 6, 7 жил явж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Дболон Р.Б нарын гэм буруутай нь тогтоогдож, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор өршөөлд хамрагдсан. Гэхдээ өршөөлд хамрагдахдаа хариуцагч нар нь гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын задаргааны хувьд 25 000 000 төгрөг нь зуслангийн байшингийн хохирол, үлдэх 3 200 000 төгрөг нь 7 жил байр түрээсэлж амьдарсны төлбөр юм. Хариуцагч тал нэгэнт гэм хороо хүлээн зөвшөөрч, хохирлыг 100 хувь барагдуулна гэж хэлсэн учир Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүл гэж заасны дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 17 800 000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

Хариуцагч Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус амбаар нь газрын зөвшөөрөлгүй. Аав нь өвчтэй гэж хэлсэн учир айлын хашаанд оруулж ирээд амбаар барьсан. Тухайн амбаарын мод манай хашаанд байгаа. Гэтэл өөрөө миний амбаарын мод биш байна, чи зарсан гэж хэлсэн. Хэрэв зарсан гэж байгаа бол чи гэрчээ аваад ир гэж хэлсэн. 4:5-ын харьцаатай амбаар манай хашаанд байгаа. Тус амбаартаа нэг ч хонож үзээгүй. Хаалга, цонх, дээвэр байхгүй. Гэтэл 20, 30 сая төгрөг нэхэмжлээд 7, 8 сар явж байгаа. Тус байшин 4:5-ын харьцаатай л байх. Би ч өөрөө тийм амбаарт амьдарч байгаа. Миний амбаар шиг л жижиг амбаар байсан гэжээ.

Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тайлбарын хувьд Т.Д-ийн тайлбартай адил гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б-ээс 7 500 000 төгрөг, хариуцагч Т.Д-оос 7 500 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 2 800 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардлын 350 000 төгрөгийг хариуцагч Р.Б-ээс 175 000 төгрөг, хариуцагч Т.Д-оос 175 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар Г.Г-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Р.Б, Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02337 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Шарга морьтын зусланд байрлах миний хувийн зуслангийн орон сууцыг иргэн Т.Д, Р.Б нар үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар нурааж, ашиглах боломжгүй болгосон гэж байна. Р.Б миний бие Т.Д-той зохион байгуулалттайгаар үгсэн хуйвалдаж байшин буулгасан юм байхгүй түүнд туслах зорилгоор тухайн байшинг буулгалцсан. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус шүүхийн 2018 оны 4 сарын 06-ны өдрийн 140 дүгээр захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд уг холбооноос "амины орон сууц барих жишиг үнэлгээг 500 000 төгрөгөөр тооцож, "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ТББ нь уг байшингийн хэмжээг 7х5 харьцаатай нийт 35 м.кв талбайтай гэж үзсэн нь 2 өөр үнэлгээний байгууллагын баримтаар шийдвэрлэж нийт хохирлын хэмжээг гаргасан нь үндэслэлгүй. 2016 оны 02 сарын 24-ний өдрийн "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ТББ-аар газрын хэмжээг тогтоолгосон байхад тус байгууллагын үнэлгээгээр тодорхойлсон 7 410 400 төгрөгөөр үнэлснийг нотлох баримтад тооцоогүй. Дээрх үнэлгээний байгууллагын үнэлж тогтоосон 7 410 400 төгрөгөөс надад ногдох 3 705 200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул надаас нэхэмжилж байгаа нийт 7 500 000 төгрөгийн 3 794 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Р.Б, Т.Д нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байсан нэхэмжлэгч Г.Г-ын зуслангийн байшинг хариуцагч Р.Б, Т.Д нар буулгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор тогтоогдсон байна. /хх-ийн 31-32 дугаар тал/

Анхан шатны шүүх хариуцагч Р.Б, Т.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г-д эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримтыг зөв тогтоосон боловч хариуцагч нараас гэм хорын хохиролд тус бүр 7 500 000 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Учир нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар магадлалаар хохирогч Г.Г-ын зуслангийн байшингийн хохирлын үнэлгээг гаргасан “Ашид Билгүүн” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзсэн байна. /хх-ийн 45-48 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

Түүнчлэн, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтэд нэхэмжлэгч Г.Г-ын зуслангийн байшингийн хэмжээг 9х5 буюу 45 м.кв гэж тогтоосон байхад анхан шатны шүүх 7х5 буюу 35 м.кв гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлэх журамтай нийцээгүй байна. /хх-ийн 149-158 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “... хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй болно. /2-р хх-ийн 26-34 дүгээр тал/

Дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Г-ын зуслангийн байшинг 9х5 буюу 45 м.кв хэмжээтэй /1 м.кв-ыг 500 000 төгрөгөөр тооцон/ 26 430 800 төгрөгөөр үнэлсэн байх боловч нэхэмжлэгч нь байшингийн үнэлгээг 15 000 000 төгрөгөөр тодорхойлсон байх тул хариуцагч нараас тус бүр 7 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ. /2-р хх-ийн 26-34 дүгээр тал/

Нэхэмжлэгч Г.Г-ын зуслангийн байшинг буулгасны улмаас өөр зуслангийн байшин хөлсөлж төлбөрт нь 2 800 000 төгрөг төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар хангалттай нотлоогүй байх тул зуслангийн байшин хөлсөлсөн гэх төлбөрт 2 800 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 667 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.          

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                  ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                                     Г.ДАВААДОРЖ