| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1908033131545 |
| Дугаар | 2022/ДШМ/195 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 10.6.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/195
2022 2 22 2022/ДШМ/195
Ц.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхням,
шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзориг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1204 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзоригын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн 1908033131545 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дашбуу овогтой Ц.О, 1967 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эмэгтэй, 54 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Дай Цэцэн” ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, ...............,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 5 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
“Дай Цэцэн” ХХК-ийн захирал албан тушаалтай Ц.О нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөн, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.17-ийн 3, 5, 1.3.9-ийн 1, 2, 3, 1.5.2-ын 1), 10, З.З.б.-ийн 4, 3.3.8-ын 1, 3.4.2-ын 1, 3.4.3 болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д гэж заасны дагуу дээрх зөрчигдсөн хууль, дүрэм, журам зааврыг сахин хангуулж, мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон-Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Дай цэцэн” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж, ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У ажилтан З.Баврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дашбуу овогт Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ бусад баримтыг үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас амь хохирогч амь насаа алдсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтнууд нь хууль, дүрэм, журам зөрчсөн гэдэг нь тогтоогдсон гэх боловч уг үйлдэл нь амь хохирогчийн амиа алдсантай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Дай цэцэн” ХХК-ийн захирал Ц.Оы зүгээс осол болсон худагт гарсан гэмтлийг арилгуулахаар, бөглөөсийг гаргуулах ажлыг гүйцэтгүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллага буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт дуудлага өгч төлбөртэй үйлчилгээ авсан байдаг. Дуудлагын дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас ирж бохирын худгийг буудуулах, соруулах, бөглөөсийг гаргуулах үйл ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад хүний амь нас хохирсон. Ц.О нь ажилтан Бд тухайн өдөр худаг руу орж ажиллах үүрэг даалгавар, зөвшөөрлийг өгөөгүй байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Оы хяналтад Алтангэрэл, Энхманлай, амь хохирогч Б нар нь тухайн худгийн бөглөөсийг гаргахаар тросс гүйлгэх оролдлого хийгээд бөглөөсийг гаргаж чадаагүй учраас тухайн ажиллагааг зогсоосон. Дараа долоо хоногийн ажлын эхний өдөр холбогдох газар нь дуудлага өгье тэр болтол тухайн худаг руу орох хэрэггүй гэсэн үүрэг даалгавар өгөөд явсан байдаг. Энэ талаар гэрч Алтангэрэл тодорхой мэдүүлсэн байдаг. “Дай цэцэн” ХХК-д сантехникийн слесарь ажилтай Бгийн ажил үүргийн хуваарьт худгийн бөглөөсийг гаргах талаар тусгагдаагүй байдаг. Мөн Ц.Оы зүгээс Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар дуудлага өгч төлбөртэй үйлчилгээ авах явцад тухайн газрын холбогдох албан тушаалтан нь хууль, захиргааны хэм хэмжээний актын биелүүлээгүй, мөрдөөгүй, зохих хяналтыг хэрэгжүүлээгүйгээс болоод хүний амь нас хохирсон байхад Ц.Оы үйлдэлдтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан нь бохирын бөглөөсийг гаргаж ажлыг гүйцэтгэхдээ холбогдох дүрэм журамд нийцээгүй байдлаар гүйцэтгэсэн. Бие даан хийж гүйцэтгэх ёстой ажилдаа “Дай цэцэн” ХХК-ийн ажилтан Бг татан оролцуулсан. Түүнийг бохирын худаг руу оруулж бохирын хоолойг залгуулах гаргасан зайг даавуугаар чигжүүлэх, хөлөөр нь жийлгэх зэргээр журамд нийцээгүй байдлаар ажиллагаа явуулсан. Тухайн автомашинаар соруулсан байсан бохироор буудуулснаас болон амь хохирох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад амь хохирогч нарын үхлийн шалтгаан нь бохир усны хорт хийнд хордож ухаан алдсаны улмаас амьсгал бүтсэн нь нас барах шалтгаан болсон. Ажил гүйцэтгэхээр ирсэн 87-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бохирын бөглөөс гаргах зориулалттай биш байдаг. Барилга хот байгуулалтын сайдын баталсан Ус хангамж ариутгах татуургын техник ашиглалтын дүрэм мөрдөгдөж байгаа. Уг дүрмийн 3.4.11-д “Угсардаг металл шланк эсвэл усалгааны машины насосод холбосон тусгай суулгацтай шланкаар бөглөөг усаар угаах замаар арилгана” гэж заасантай ОСНААУГ-ын бохир соруулах ажил үйлчилгээ нь нийцээгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон бас нэгэн шалтгаан, нөхцөл нь НМХГ-ын ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ОСНААУГ-ын захирал Ж.Батсайхан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Энхтайван, инженерийн бодлого хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаа нар нь хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй” талаар тусгасан ба инженерийн бодлого хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц нь худагт ажиллах, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хуучин бөглөө гаргахад техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм журамд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс осол гарах шалтгаан болсон. Ц.О нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргийг биелүүлээгүй, эсхүл түүний ямар болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэх шинжийг дурдахгүйгээр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэж бичсэн, яллах дүгнэлт нь тодорхой бус, хуульд нийцээгүй юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ” гээд 4.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно гэж заасан тул ОСНААУГ-ын ариутгах татуургын жолооч ажилтай Б.У нас барсан асуудалд “Дай цэцэн” ХХК-ийн захирал Ц.Оыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Ц.О Б.Уын ажил олгогч биш бөгөөд тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, Ц.О нь Б.Уын өмнө хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй буюу хүлээхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг...яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тус тус нотлохоор заасан. Гэтэл мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад эдгээр нөхцөл байдлыг нотолж, тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад Ц.О нь хэргийн нөхцөл байдлын талаарх мэдүүлгүүдээс үзэхэд “Дай цэцэн” ХХК-ийн захирал Ц.Оы зүгээс бохирын худгийн бөглөөсийг гаргуулах, бохир соруулах асуудлаар өмнө нь ОСНААУГ-т дуудлага өгч, хэд хэдэн удаа төлбөртэй үйлчилгээ авч байсан, үйлчилгээ авах үед дуудлагаар 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ирж, үйлчилгээ үзүүлдэг буюу үйлчилгээг бие даан өөрсдөө хийж гүйцэтгэдэг байсан, ингэхдээ тус компанийн ажилтныг ажил үйлчилгээндээ татан оролцуулж байгаагүй учраас тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлбөр төлсөн учраас 100 хувь үйлчилгээ үзүүлнэ гэж ойлгож, бодож байжээ. Түүний энэхүү сэтгэхүйн буюу субъектив хандлагыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай холбож үзвэл хор уршиг гарч болно гэдгийг тэрээр урьдчилан мэдэх боломжгүй, мэдээгүй тул түүнийг хайхрамжгүй эсхүл хөнгөмсөг хандлагаар буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүйг шүүх анхааралдаа авах шаардлагатай. Шүүгдэгчийн тухайн аж ахуй нэгждээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгөөгүй, түүнчлэн сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Б.У нас баржээ. Эдгээр дурдсан, шүүгдэгчийг буруутгасан нөхцөл байдал нь хуульд заасан үүрэг бүхий этгээдийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх шинжид хамаарах бөгөөд бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх гэмт хэргийн шинжид хамаарахгүй, үүгээр Ц.Оыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт ОСНААУГ-ын холбогдох албан тушаалтан яллагдагчаар татагдах, эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаар ойлгомжтой тайлбарласан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй. 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Монсуль” ХХК-ийн бохирын худаг бөглөрсөн. “Дай цэцэн” ХХК-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт өгсөн дуудлагын дагуу Батбаяр ажил үүрэг гүйцэтгэхээр явсан байдаг. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ариутгах татуургын жолоочоор ажилладаг Учралт Батбаярын автомашинд сууж явсан. Батбаяртай хамт явж байгаад үдээс хойш нь гэртээ хүнсний зүйл авахаар явна гэж хэлээд хамт явж байсан. “Дай цэцэн” ХХК-иас дуудлагын дагуу Батбаяр автомашинтайгаа очсон. Тухайн үед 2 газарт бохир соруулсан автомашинтайгаа очоод Ц.Отай уулзаад, ирсэн гэдгээ мэдэгдээд амь хохирогч Б, Энхманлай нартай хамт бохирын худаг дээр очсон байдаг. “Дай цэцэн” ХХК-аас хангалтаар өгсөн ажлын хувцас болох, зориулалтын усны гутал, ажлын хувцсыг өмсөөд шаланкийг аваад худагт орж, чигжиж. дууссаныхаа дараа дээшээ мэдэгдсэний дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас очсон жолооч даралттай усыг өгч ингээд бохирын худгийн бөглөөс гарсан. Бөглөөс гарсны дараа Б дээшээ гарч яваад доошоо унасан талаар “Дай цэцэн” ХХК-ийн,дагалдах ажилтан байсан Энхманлай маш ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар мэдүүлсэн. Мөн “Дай цэцэн” ХХК-ийн үйл ажиллагаа ямар байдлаар явагддаг байсан талаар маш дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн. Хагас сайн өдөр бөглөрчихсөн байсан. Б худаг дотор орж төмрөөр сэтгэж бөглөөсийг гаргаад, гарсан бохирыг соруулдаг байсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөр хамгааллын ажилтан ажилладаггүй байсан талаар болон Б, Учраль нарын амь нас хохирсон үйл явдлын талаар нүдэнд үзэгдэхээр хэмжээний гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг гэрч Батбаярын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй харьцуулан судалж үзэхэд болсон үйл явдлын талаар анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Дай цэцэн” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд замын шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У ажилтан З.Баврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас баржээ.
Прокуророос “Дай Цэцэн” ХХК-ийн захирал албан тушаалтай Ц.О нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөн, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.17-ийн 3, 5, 1.3.9-ийн 1, 2, 3, 1.5.2-ын 1), 10, З.З.б.-ийн 4, 3.3.8-ын 1, 3.4.2-ын 1, 3.4.3 болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д гэж заасны дагуу дээрх зөрчигдсөн хууль, дүрэм, журам зааврыг сахин хангуулж, мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон-Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Дай цэцэн” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж, ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У ажилтан З.Баврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэх үйлдэлд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Ц.О нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон...” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
“Дай цэцэн” ХХК-ийн Аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон ажлын байрны тодорхойлтод “засвар үйлчилгээг зөвхөн хэсгийн инженерийн өгсөн үүрэг даалгавараар гүйцэтгэх бөгөөд дур мэдэн засвар үйлчилгээ хийхийг хориглоно, ажил үйлчилгээний үед хөдөлмөр хамгаалалын хувцас, ажлын багаж хэрэгсэл байнга хэрэглэнэ. /1хх 187-188/ гэж заасан боловч амь хохирогч тус компанийн сантехникч байсан амь хохирогч З.Бд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гэрээнд заасны дагуу үүрэг даалгавар өгч ажилуулсан инженер, техникийн ажилтанг томилоогүй нь аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байх магадлалтай байна.
Гэхдээ ОСНААУ газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Худагт орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2хх 22-24/ гаргасан байх бөгөөд энэ зааварчилгаанд: 1.Үзлэгийн худагт орж ажиллах бригад гурваас доошгүй хүнтэй байна. Нэг хүн нь худаг, 2 дахь нь гадна ажиллаж, 3 дахь шаардлагатай үед худагт ажиллах хүнд тусламж үзүүлэх ба ажлыг хаана. “амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл амны хаалт, маск, шаардлагатай үед хий тодорхойлогч багаж зэргийг бэлтгэн авч явах,
Агаар үлээгч болон гар агааржуулагчаар агаарыг үлээлгэх, худагт орохдоо ажлын хувцасыг бүрэн өмсөж хамгаалах бүсэнд олсны нэг үзүүрийг гогцоолдон бэхлэж, нөгөө үзүүрийг дээр байгаа хүн барьж байх ба хэрэв ямар нэг осол гарвал яаралтай анхны тусламж үзүүлнэ., худаг дахь хорт хийг тодорхойлох боломжгүй тохиолдолд худагт хорт утааны тусгаарлагч баг бүс, олстой орж ажиллавал зохино.
Хэрэв худгаас хорт хийг бүрэн гаргах боломжгүй бол шланг бүхий хорт утааны багтай орохыг зөвшөөрнө. Энэ үед шлангийн гадна үзүүрийг худгийн амнаас 2м-ээс ойргүй зайд, газрын гадаргаас 500-600 мм өндөрт бэхлэнэ. Худагт ажиллаж байгаа хүнийг ажил удирдагч ахлан биечлэн хянана гэж заажээ.
Осол гарах үед “ОСНААУ газрын 2 ажилтан Д.Батбаяр,Б.У нар очсон байх бөгөөд тэдгээр нь ажил үүргийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр бохирын авто машиныг барьдаг жолоочоор ажиллах гэрээтэй бөгөөд сантехникийн үйл ажиллагаа хийх үүрэг хүлээсэн этгээдүүд биш байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Батбаярын “...13 цагийн үед дуудлага өгсөн газарт ирсэн. ... Ажил үүргийн дагуу тухайн бохирын худгийг хариуцсан слесарь орж ажилладаг. Ариутгах татуургын жолоочийн ажил үүргийн хуваарь бөглөрсөн бохирын шугамны бөглөөс гаргах гэрээт газруудын бохир соруулан татан зайлуулах үүрэгтэй. /1хх 95-98, 105, 3хх 18-20/,
Гэрч Р.Энхтайваны “...Өдөр тутмын зааварчилгааг тус хэлтсийн ахлах инженер Ц.Лхагвасүрэн хариуцаг өгч ажилд нь гаргадаг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тухайн дуудлагад ариутгал татуургын жолооч Д.Батбаяр явж ажиллах ёстой байсан. ...Д.Батбаяр хариуцсан дарга Баяраас үүрэг зааварчилгаа аваад явсан байсан. Харин талийгаач Учралт ямар нэгэн зааварчилгааг аваагүй байсан. ...” /1хх 100/,
Гэрч Ж.Пүрэвжамцын “...Манай байгууллага нь гэрээгээр тохирч, хөлсөөр хувийн байгууллагад бохирын бөглөө гаргах, бохир соруулах үйлчилгээ хийдэг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага ээлжийн инженер дээр ирээгүй, шууд техник үйлчилгээний дарга Баярт ирсэн байсан. ...” /1хх 102-103/,
Гэрч Д.Баяраагийн “...Дай цэцэн ХХК-ийн бохир сорох зөвшөөрлийг хэн өгсөн талаар мэдэхгүй, манай диспетчер болон надад дуудлага өгсөн асуудал байхгүй. Дай цэцэн ХХК-иас дуудлага ирсэн талаар мэдэхгүй. Тухайн өдөр Батбаяр ажиллах ёстой байсан. ...”/1хх 109/ гэсэн мэдүүлгүүд зэргээс үзэхэд ОСНААУГ нь ажил үүргийн зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэггүй ажилтнуудыг бохирын худагны бөглөрөл гаргуулах ажилд явуулснаас үүрэг хүлээсэн этгээд биш ажилтнууд уг бохирын худагны бөглөрлийг гаргах явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж амь нас хохирсон үйлдэл гарсан байхад зөвхөн үйлчилгээ авах дуудлага өгсөн компанийн захирлыг эрүүгийн хариуцлагад татсан байх бөгөөд ОСНААУГ-ын удирдах ажилтнуудыг энэ хэрэгт шалгаагүй нь учир дутагдалтай байна.
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөн, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.17-ийн 3, 5, 1.3.9-ийн 1, 2, 3, 1.5.2-ын 1), 10, З.З.б.-ийн 4, 3.3.8-ын 1, 3.4.2-ын 1, 3.4.3 болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д гэж заасны дагуу дээрх зөрчигдсөн хууль, дүрэм, журам зааврыг сахин хангуулж, мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй ажилтнуудыг энэ хэрэгт шалгах шаардлагатай.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ОСНААУГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зайлшгүй нарийвчлан шалгаж, тодорхой эрх бүхий албан тушаалтнууд эсхүл тухай компани уг хэрэгт хамтран оролцож бусдын амь насыг болгоомжгүйгээр хохирооход ямар үйлдэл эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг төгссөн шалтгаант холбоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Мөн уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдох хуулийн этгээд байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ц.Од холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/1204 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Од холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ