Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2022/00290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Ивээл 0 гудамжны 1 тоотод оршин суух, ЖЛ85011800 регистрийн дугаартай, Халх овогт Нэргүйн Цэцэгсүрэнгийн хүсэлттэй,

“Эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нэргүй

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь тус шүүхэд “Эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нэргүй нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Н.Цэцэгсүрэн миний бие Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020.09.30-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2020/01051 тоот шийдвэрээр эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулсан. Шүүхийн шийдвэр 2021.03.30-ны өдөр дууссан ба одоог болтол миний эх байх эрх маань сэргээгдээгүй байна. Одоогоор 2 хүүхэд минь Anna home хүүхдийн асрамжийн газар байгаа. Би энд хүүхдүүдийнхээ асуудлыг ярих гэсэнгүй ээ. Би ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Эх байх эрхийг маань хязгаарласнаар улсаас олгогддог халамжийн мөнгөө авч чадахгүйд хүрсэн. Би ээж болон хүүхдүүдийнхээ энэ мөнгөөр л амьдардаг. Бие минь өвдөж, мөнгө байхгүй, эмээ авч ууж чадахгүйд хүрч, цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хүүхдийн эрхийг хязгаарлаагүй, хэн нэгэн этгээд эх байх эрхийг хязгаарлах хүсэлт гаргаагүй тул эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие охин Н.Цэцэгсүрэнгийн хоёр хүүхэд Ц.Сүрэнчимэг, Ч.Сүрэнжав хоёрыгоо сургууль, соёлд нь явуулаад өөрсдийн асрамждаа авъя гэж бодож байгаа. Н.Туяацэцэг гэдэг хүн Нэргүй гэж цагдаатай ирээд элдвээр загнаж байгаад миний хоёр зээг аваад явсан. Үүнд нь би их гомдож явдаг. Гэрийн минь гаднаас аваад явсан учир би шүүхэд хандсан. 1 дүгээр багийн Засаг дарга, “ТОУУ” ХХК-аас бүрэн тавилгатай сайхан гэр бидэнд өгсөн. Түүнд нь баярлаж явдаг. Би хоёр хүүхдээ асраад сургуульд нь өгнө гээд явдаг л байсан. Хоёр хүүхэдтэйгээ уулзаад, хамт баймаар байна. Хүүхдүүдээ авмаар байна. Одоо хүүхдүүд минь 17, 18 насанд хүрсэн. Өөрсдийгөө аваад явахаар болсон. Эх нь хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, санаа сэтгэлээр унаад явж байна. Энэ хэдэн үгийг л хэлмээр байна. Би хязгаарласан гэдгийг нь мэдээгүй, гэрийн минь гаднаас намайг элдвээр доромжлоод хүүхдүүдийг минь аваад явсан учир гомдож шүүхэд хандсан. Бага зэрэг архи уухад нь хязгаарласан юм байгаа биз дээ. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna home асрамж халамжийн төв, түүний төлөөлөгч Р.Болормаа хариу тайлбартаа: Сүрэнчимэг, түүний дүү Сүрэнжав нар нь 2020 оны 05 сарын 19-ний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирын А/333 дугаартай захирамж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн Сайхангэрэл нарын хүсэлтээр манай байгууллагад ирж одоог хүртэл асрамжлуулж байна. Анх ирэхдээ үл хайхрах байдал, хүчирхийлэл дарамтад удаа дараа өртсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, сургуульд сурдаггүй завсардсан, бие сулбагар, шингэн алдалттай, шээс сул, царай цонхигор, аймхай, цочимхой гэх мэт шинж тэмдэг илэрч байсан. Хүүхдийг хүлээн авсан цагаас эхлэн манай байгууллагын зүгээс дархлааг нь дэмжин бүх төрлийн амин дэм, тэжээллэг хоол хүнсээр ханган биеийн халууныг тогтмол хянаж, эмчид үзүүлж зөвлөгөө авч хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллахын зэрэгцээ Ц.Сүрэнжав ...одоо “Түгээмэл оюун” хувийн сургуулийн 2-р ангид суралцаж, Ц.Сүрэнчимэг нь Шинэ хөгжил цогцолбор сургуулийн насан туршийн боловсролын 6-р ангид амжилттай суралцан хөгжиж байна. Цаашид Ц.Сүрэнчимэг, Ц.Сүрэнжав нар нь Anna home асрамж халамжийн төвд сурч боловсорч, хүмүүжиж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үргэлжлүүлэн авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, нийгэмших нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд нь хөгжих, аюулгүй амьдрах түшиг тулгуур болно гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагыг хүүхдийн мөнгийг авч хэрэглээд байна гэж хардаж байгаагаа хэлсэн байсан. Хүүхдүүдийг манай төвд ирсэн цагаас бид банктай гэрээ хийж, хоёр хүүхдийн нэр дээр 18 нас хүртэл нь хадгаламж нээж, хүүхдийн мөнгийг нь тус тусын хадгаламжид нь шууд орж байхаар зохицуулсан. Үүний дагуу хүүхдүүдийн хүүхдийн мөнгө нь хадгаламжийн дансанд нь орж байгаа. Мөн манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн оршин сууж байгаа багаас нь хүүхдүүдийг эргэн ээжид нь өгөх боломжтой эсэх талаар тодорхойлолт авсан. Гэтэл тус багаас 1 сард эрсдэлийн үнэлгээ хийхэд гэр нь хашаагүй, бохир, заваан, хүүхэд амьдрахад зохимжгүй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг танилцуулсан. Эдгээр хүүхдүүд анх манай байгууллагад ирэхдээ хүчирхийлэлд өртсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хүүхдүүдийг ээжид нь өгөх нь дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэж үзэж байна. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг дагана гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022.02.09-ний өдрийн 18 дугаар албан бичиг, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2022.02.09-ний өдрийн тодорхойлолт, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаартай шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /итгэмжлэлд хавсаргасан/, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021.10.21-ний өдрийн А/333 дугаартай захирамжийн хуулбар, “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna Home хүүхдийн асрамж, халамжийн төвөөс Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирт хандан гаргасан 2021.10.13-ны өдрийн А/22 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн хуулбар, Хэрлэн сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн 2020.05.13-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг (хх 3-12, 49-50, 72-75 тал),

гуравдагч этгээдээс байгууллагын төлөөлөгчөөр багш Р.Болормааг томилсон тухай албан бичиг, төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн сурч буй сургуулийн болон анги удирдсан багш нарын тодорхойлолтууд, хүү Ц.Сүрэнжавын хувийн хэргийн хуулбар, хүүхдүүдийн талаар гаргасан гуравдагч этгээдийн тодорхойлолт, Төрийн банкны “Хугацаат дансны харилцагчийн хуулга”-ууд, Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022.03.22-ны өдрийн 24 болон 2022.01.27-ны өдрийн 14 дугаартай албан бичгүүд, Хэрлэн сумын 6 дугаар багийн Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, илтгэх хуудас, ярилцлагын тэмдэглэл, үйл явцын тэмдэглэл, тохиолдлыг шилжүүлэх маягт, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Ш.Нэргүйгээс Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргад гаргасан өргөдөл зэрэг баримтуудын хуулбарыг тус тус гаргаж өгсөн болно. (хх 22-24, 31-38, 57-70 тал)

Шүүхийн зүгээс хүүхдүүдийг асрамжилж буй байгууллага болох “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna home асрамж халамжийн төвийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нарын саналыг авах ажиллагааг хийсэн, мөн Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлттэй “Н.Цэцэгсүрэнгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай” иргэний хэргээс Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.02-ны өдрийн 201/МА2020/32 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.07.01-ний өдрийн 001/ШХТ2021/00361 дугаартай тогтоол, хүү Ц.Сүрэнжавын төрсний гэрчилгээ, охин Ц.Сүрэнчимэгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан болно. (хх 18-21, 25-29, 39-48 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь “Эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцуулах тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцуулах тухай хүсэлтийг эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн шүүхэд гаргах эрхтэй тул дээрх хүсэлтийг Н.Цэцэгсүрэн нь шүүхэд гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нэргүй нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэрээр эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулсан, энэ хугацаа 2021.03.30-ны өдөр дууссан боловч одоог болтол миний эх байх эрх маань сэргээгдээгүй байна. Хүүхдүүдээ авмаар байна...” гэж, 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna home асрамж халамжийн төвийн төлөөлөгч Р.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Ц.Сүрэнчимэг, Ц.Сүрэнжав нар байгууллагад ирсэн цагаас хойш хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг хүлээн авч, сурч боловсрон, эрүүл өсөн хүмүүжиж байгаа. Хэрлэн сумын 6 дугаар багийн Хамтарсан багаас Ш.Нэргүйн гэр бүлд эрсдэлийн үнэлгээ хийхэд гэр нь хашаагүй, бохир, заваан, хүүхэд амьдрахад зохимжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс хүүхдүүдийг ээжид нь буцааж өгөх нь дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэж үзэж байна...” гэж тус тус тайлбарлаж байна. (хх 1, 30 тал)

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Ц.Сүрэнчимэг, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Ц.Сүрэнжав нарыг төрүүлж, хүүхдүүдийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээг авчээ. (хх 6-12, 47-48 тал)

2. Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Ц.Сүрэнчимэг, Ц.Сүрэнжав нарын сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж ерөнхий боловсролын сургуульд суралцуулаагүй, орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг зүй бусаар ашиглан хог түүлгэж амьдруулсан, архины хамаарлын улмаас байнга эрүүлжүүлэх, баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлдэг, охин Ц.Сүрэнчимэгт байнгын анхаарал халамж тавиагүйгээс эрүүгийн гэмт хэргийн хохирогч болгосон болох нь тогтоогдож байна гэж Н.Цэцэгсүрэнгийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Сүрэнчимэг, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.Сүрэнжав нарын эх байх эрхийг зургаан сарын хугацаагаар хязгаарлаж, охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нарыг “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna Home хүүхдийн асрамж халамжийн төвд шилжүүлж шийдвэрлэжээ. (хх 6-12 тал),

Дээрх шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Нэргүй нь өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргаснаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 201/МА2020/32 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг мөн Ш.Нэргүй нь эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00361 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэжээ. (хх 39-46 тал)

3. Охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нар нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш одоог хүртэл “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna Home хүүхдийн асрамж халамжийн төвд байж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, хүмүүжиж, нийгэмшиж байх ба охин Ц.Сүрэнчимэг нь Дорнод аймгийн ерөнхий боловсролын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн насан туршийн боловсролын 6 дугаар ангид, хүү Ц.Сүрэнжав нь “Түгээмэл оюун” сургуулийн 2 дугаар ангид тус тус суралцаж, сурч боловсрох эрхээр хангагдаж байгаа болох нь тогтоогдож байна. (хх 30-38 тал)

4. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Хамтарсан баг 2022 оны 01 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Ш.Нэргүйн гэр бүлд асрамжийн төвд байгаа зээ охин Ц.Сүрэнчимэг, зээ хүү Ц.Сүрэнжав нарыг эргэн нэгтгэх асуудлаар “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ”-г хийж ажилласан байх ба тус үнэлгээгээр “...Амьдарч буй гэр оронд хүүхэд амьдрах боломжгүй, эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохир заваан, эх нь архины хамааралтай. Хүүхэд асрах, зөв хүмүүжүүлэх сөрөг нөлөөтэй. Хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй...” гэж дүгнэж, хамтарсан багийн хурлаас “...Ш.Нэргүйн гэр бүлд хүүхдийг эргэн нэгтгэх нь эргээд хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй байна...” гэж шийдвэрлэсэн байна. (хх 59-70 тал)  

5. Дээрх үйл баримтуудаас гадна “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх Anna Home хүүхдийн асрамж, халамжийн төв нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/22 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хандан хүүхдүүдийн асран хамгааллын талаар хүсэлт гаргаж, Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир нь уг хүсэлт болон Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан багийн “Нөхцөл байдлын үнэлгээ” зэргийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/333 дугаартай захирамжаар Ц.Сүрэнчимэг, Ц.Сүрэнжав нарыг Anna Home хүүхдийн асрамж, халамжийн төвд асруулахаар шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ үйл баримтын талаарх бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх боловч шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан “...Манай байгууллагаас Хэрлэн сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар Засаг дарга захирамж гарган Н.Сүрэнчимэг, Н.Сүрэнжав нарыг манай төвд асруулахаар шийдвэрлэж байсан нь үнэн...” гэх тайлбараар нотлогдож байна. (хх 72-75 тал)  

Дээрх үйл баримтуудын талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар маргаагүй болно. 

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүх 8 настай хүү Ц.Сүрэнжав, 15 настай охин Ц.Сүрэнчимэг нараас саналыг авсан бөгөөд

- хүү Ц.Сүрэнжав “...Ээжтэйгээ баймаар байна. Ээжийгээ санаад байгаа учраас ээжтэйгээ баймаар байна. “Anna home” асрамжийн газрын багш нар дандаа солигддог. Янз бүрийн ааштай багш нар байдаг. Зарим нь загнаж, гар хүрдэг. Сургуульд явахад хүүхдүүд хэл муутай гэж шоолдог. Ээж, эмээ зоддоггүй. Тийм учраас ээжтэйгээ баймаар байна...” гэж,

- охин Ц.Сүрэнчимэг “...Би ээжтэйгээ баймаар байна. Ээжийгээ санаж байна. “Anna home” асрамжийн газарт байхад муухай зүйл байхгүй ч гэсэн би ээжийгээ санаж байгаа учир ээжтэйгээ баймаар байна...” гэж тус тус саналаа хэлсэн байна. (хх 26-29 тал)

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж тус тус заасан байхаас гадна Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, ...хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм.

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд эцэг, эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол шүүх хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болохоор зохицуулсан байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нар нь Anna Home хүүхдийн асрамж халамжийн төвд байснаар хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, хүмүүжиж, нийгэмшиж, сурч боловсрох эрхээр хангагдаж байгаа, мөн түүнчлэн хүүхдүүдийг эхэд нь буцааж өгөхөд тэдний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тус тус тогтоогдож байна.

Гэвч шүүх дараах үндэслэлүүдээр буюу:

1. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн эх байх эрхийг хязгаарласан 6 сарын хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон,

2. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагаас нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй,

3. Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “...Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу хүү Ц.Сүрэнжав, охин Ц.Сүрэнчимэг нараас авсан санал зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Сүрэнчимэг, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.Сүрэнжав нарын эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн тул энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нарыг эхэд нь буцааж өгөхөөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШЗ2022/00514 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. (хх 13-14 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Халх овогт Нэргүйн Цэцэгсүрэнгийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Сүрэнчимэг, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.Сүрэнжав нарын эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Ц.Сүрэнчимэг, хүү Ц.Сүрэнжав нарыг эх Н.Цэцэгсүрэнд буцааж өгөхөөр шийдвэрлэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА