Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/196

 

 

 

 

 

 

    2022            2             22                                       2022/ДШМ/196

 

                                                                                                                       

 

Г.Б, П.Ч, Н.Мнарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Б.Хурц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнхболд, хохирогчийн өмгөөлөгч Б.Батжаргал, Ц.Нандинцэцэг,

иргэний хариуцагч “Гоёо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр,

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Чөмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүдэгч П.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Б, П.Ч, Н.Мнарт холбогдох эрүүгийн 1810024340897 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигон овогт Н.М, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөнх харш” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..................,

2. Тайжийнхан овогт П.Ч, 1976 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Монгол машин концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................,

3. Зэлэм овогт Г.Б, 1987 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт.............................,

            Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Оргилболд /захиалагч/-той “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн өдөр уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн байранд суурь ухах ажлыг Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 5.14-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 5.11.3-т заасан “шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММ84969-2000-Д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа заавал өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мөнхбатаар гүйцэтгүүлэх явцад О.Мнь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

            Шүүгдэгч П.Ч нь “Гоёо” ХХК-ийн техникийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулан “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш” ХХК-д өгсөн атлаа энэ талаар компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй,

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 4.12.4-т заасан Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан уг ажлыг гүйцэтгэх явцад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж байх үүрэгтэй,

Дүрмийн 6.6.8-т заасан Хаалт, хамгаалалтыг үйлдвэрийн хаягдлыг механикжсан аргаар зайлуулах тоос сорох системд холбох боломжтойгоор гүйцэтгэнэ,

6.6.3-т заасан байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу үйлдвэрийн цех, тасагт барилга угсралтын ажил гүйцэтгэх нөхцөлд дагалдан үүсэж болох хортой хүчин зүйлүүдийг тухайн байгууллагын хүрээнд тогтоосон журмын дагуу эрүүл ахуйн нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд зохих хяналтыг тавиагүй, гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакуум орчинд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мөнхбатаар ажил гүйцэтгүүлэх явцад О.Мнь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Б нь “Гоёо” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулсан “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө ажил эхлэх үед 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн байранд гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакуум орчинд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.М ажил гүйцэтгүүлэх явц байдалтай танилцан угаарын хий үнэртэж байгааг мэдсэн атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1,2-т заасан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэснийг зөрчиж, ажлыг зогсоолгүй үргэлжлүүлснээс О.Мнь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Б, П.Ч, Б.Энхтүвшин нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Н.М, Тайжийнхан овогт П.Ч, Зэлэм овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Г.Б, П.Ч нарыгтус бүрийг 01 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, П.Ч, Г.Б нарт тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Г.Б, П.Ч нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Гоёо” ХХК болон шүүгдэгч Н.Б нараас 44.350.881 /дөчин дөрвөн сая гурван зуун тавин мянга найман зуун наян нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Булган аймаг, Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух /РД:ГИ81072512/ хаягтай, Нэхийт овогт Оюунбаатарын Мөнхболдод олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчдийн хөлс 8.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын 30.000.000 төгрөг, Хас банкнаас авсан зээл, хүүгийн төлбөр 14.234.123 төгрөг, үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт олговол зохих тэтгэмж, нөхөн   төлбөрийн зөрүү 27.101.892 төгрөг, талийгаачид хоног хураасны зардлын 822.700 төгрөг, нийт 80.158.715 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нэхэмжилсэн Хаан банкны зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох төлбөрийн 11.516.246 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт Н.Б, П.Ч, Г.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Чгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь П.Ч нарт холбогдох эрүүгийн 1810024340897 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Чимэдлхагвыг “Гоёо” ХХК-ийн техникийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулан “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш" ХХК-д өгсөн атлаа энэ талаар компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БН6Д 12-03-04/-ийн 4.12.4-т заасан Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан уг ажлыг гүйцэтгэх явцад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж байх үүрэгтэй.

            Дүрмийн 6.6.8-т заасан Хаалт, хамгаалалтыг үйлдвэрийн хаягдлыг механикжсан аргаар зайлуулах тоос сорох системд холбох боломжтойгоор гүйцэтгэнэ. 6.6.З-т заасан байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу үйлдвэрийн цех, тасагт барилга угсралтын ажил гүйцэтгэх нөхцөлд дагалдан үүсэж болох хортой хүчин зүйлүүдийг тухайн байгууллагын хүрээнд тогтоосон журмын дагуу эрүүл ахуйн нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд зохих хяналтыг тавиагүй, гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакум орчинд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мөнхбатаар ажил гүйцэтгүүлэх явцад О.Мнь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж улмаар ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэхээр гэрээнд тусгагдсан байдаг.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө бэлтгэл ажлыг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон байсан. Уг бэлтгэл ажлын хүрээнд “Мөнх харш" ХХК-ийн ажилчид өөрсдийн ажиллах орчныг бүрдүүлэхээр гялгар уутаар тусгаарлах хана хийсэн. Мөн бетон зүсэгч машиныг ажиллуулахаар шүүгдэгч Н.Бын зүгээс амь хохирогч О.Мөнхбаттай хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үүсгэн объектод  нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон. Үйлдвэрийн обьект рүү “Мөнх харш” ХХК-ийн ажилчдыг нэвтрүүлэх зөвшөөрлийг “Гоёо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Оргилболд, П.Чгийн viber-аар асуусны дүнд өгсөн байдаг. П.Чзүгээс “Мөнх харш” ХХК-ийн захирал Н.Бт аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар аман зааварчилгаа өгсөн. Энэ үед “Гоёо” ХХК-ийн инженер Г.Б талбайн хяналтын инженерээр хариуцаж ажиллах үүрэг чиглэлтэй байсан. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бүхий л үр дүн, хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой чиг үүргийг инженер Г.Б хариуцахаар саналын хуудас холбогдох гэрээнд тусгагдсан нь нотлогдож буй юм.

Шүүгдэгч Г.Б мэдүүлэгтээ “Миний хувьд гэрээний бичиг цаасны ажлыг цэгцлэх ажлуудыг хийж орой 21:00 цаг өнгөрч явсан. Намайг явах гэж байхад Чимэдлхавга захирал залгаж доор үйлдвэрт утаа гараад байна үнэр ихтэй байна гээд байна чи ороод үзээдэх гэхээр нь үйлдвэр рүү бууж шалгахад “Мөнх харш” ХХК-ийн хоёр ажилтан үйлдвэрийн байранд тусгаарлах гялгар уутаар хана хийж бетон шал зүсч байсан. Тэгэхэд нүдэнд харагдах байдлаар бол утаа гараагүй үнэртэх байдлаар мэдэгдэж байхаар нь хүмүүсээс нь хэдүүлээ ажиллаж байгаа юм бэ? гэж асуухад 4-5 хүн байгаа гэхээр нь яагаад 2-лаа байгаа юм бэ ахалж байгаа хүн байна уу эхэд хүмүүс байгаа хоол авчрахаар явсан, ахалж байгаа хүн байгаа гэж хэлсэн. Эхлээд хэр удаж байгаа юм бэ гэж асуухад эхлээд 20 гаруй минут болж байна гэсэн. Угаарын үнэр их байна манай хяналтын албанаас яриад байна үнэр их байна гэж байна болгоомжтой ажиллаарай гэж хэлчхээд “Мөнх харш” ХХК-ийн захирал Мын 8811-1511 дугаарын утсаар залгаж хаана байгааг нь асуухад Сансарт явж байна гэж хэлэхээр нь энд зүсэлтийн ажил эхэлчихсэн байхад чи яагаад ажил дээрээ байхгүй байгаа юм бэ гэхэд наана чинь ахалж байгаа хүн байгаа санаа зоволтгүй гэхээр нь ямар хүн байгаа юм бэ энд чинь 2 хүн байна гэхэд 4-5 хүн байгаа гэхээр нь тэр хүмүүс чинь хаана байгаа юм гэх асуухад хоолонд явсан гэнээ сая асуулаа гэхээр нь угаар ихтэй байна манай ажилчид гомдоллож байна, нэг хүнээр ингэж зүсүүлэхгүй агааржуулалт оруулаагүй байна агааржуулалтын хоолой татаж байж ажил эхэл гэсэн яасан бэ гэж асуухад зүгээрээ гайгүй, удахгүй дуусчихна гэхээр нь Ч дарга руу залгаж Мтай ярилцсан болох тэнд байгаа байдлын талаар хэлэхэд битүү орчинд ажиллаж болохгүй шинэ ээрэх үйлдвэрийн хаалга онгойлгоё гэж ярилцаад хаалгануудаа нээж агаар оруулж гялгар уутыг сөхүүлж хүмүүсээ агаарт гаргаж бай гэж хэлээд “Мөнх харш” ХХК-ийн захиралд утсаар хэлж мэдэгдээд нэг хүнээр ингэж удаан ажиллуулахгүй, хүн цөөдөөд байвал үйлдвэрийн ажилчид тусална хүн гаргаж өгье чи биеэр ирж хар гэж хэлчхээд захиралтай ярьчихаад буусан. Тэгээд шөнө 02:00 цагийн үед манай байгууллагын деспичер залгаад үйлдвэр дээр ажил хийж байсан хүмүүсийн нэгнийхэн бие муудаад нас барчихлаа яаралтай ажил дээрээ ир гэхээр нь үйлдвэр дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан..” гэжээ. “Гоёо” ХХК-ийн захирал Ц.Оргилболд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би ажил гүйцэтгэх гэрээг баталж гарын үсэг зурсан боловч “Гоёо” ХХК-г төлөөлж барилгын инженер Г.Б гэрээний хэрэгжилтийг хянах талбай дээрээ ажиллах бусад асуудлуудыг хариуцахаар гарын үсэг зурсан. Ч руу залгаж ярихад “Мөнх харш” ХХК-ийн хүмүүс ирчихсэн зүсэлтийн ажил хийж үзэж байна гэж хэлсэн. Гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажил эхлэн гэж танилцаад тэр өдрөөс зааварчилгаа өгөхөөр бэлтгэл ажил хангагдсан байсан гэжээ.

Дээрх нотлох баримтуудаар “Мөнх харш” ХХК-ийн ажилчид ажлыг эхлэхгүйгээр бэлтгэл ажлыг хангах зорилгоор зүсэлт хийж үзэх, бетоны нимгэн зузааны хэмжээг үзэх нөхцөл байдалтай байсан. Нөгөө талаар гэрч Б.Намсрайсүрэнгийн мэдүүлэгт “Тэр өдөр зүсэгчийг ажиллуулна гэж тооцоолоогүй бэлтгэл ажлыг хийж, зүсэгчийг ажиллаж байгаа эсэхийг нь шалгана гэж Мандахбаяр ах надад хэлж байсан боловч Мөнхбат ах ирж зүсэгчийг ажлуулаад Мөнхбат ах хэлэхдээ “ах нь маргааш ажилтай бага талбай байна гялс дуусгачихъя гэсэн болохоор шууд ажлаа хийж эхэлсэн” гэжээ.

Мөн П.Чгийн зүгээс тухайн өдөр диспетчер лүү “оройн мэнд ээрхийн шал засах ажилд угаар ихтэй байна гэнээ очиж хараад шаардлагатай бол зогсоох арга хэмжээг авья аа угаар ихтэй бол намайг хэллээ гээд ажлыг зогсоох хэрэгтэй байна” гэхэд диспетчер “за” гэсэн утга бүхий viber чатаар үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн нь тогтоогдож байна. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн № 05-092/24 дугаартай дүгнэлт гаргахдаа уг viber-аар харилцсан текстийг харгалзан үзэж үнэлэх боломжгүй байсан. Учир нь уг харилцсан мессэжийг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа нэмэлт нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ш.Хонгорзул нь мэдүүлэг өгөхдөө “үйлдвэрийн талбайд нэвтэрч ажил эхлэх зөвшөөрлийг Ч гэж хүн өгсөн байсан эрүүл ахуйн нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай” гэж П.Чгийг буруутгасан байдаг.

Үйлдвэрийн талбайд гарсан угаарын хийг мэдсэн даруйд Чимэдлхавгын зүгээс үйл ажиллагааг зогсоох чиглэлийг барилгын инженер Бд мөн өгсөн байдаг. Гэрч О.Батбаяр мэдүүлэг өгөхдөө “Захирал П.Чтай утсаар ярихдаа утаа үнэртэж байгаа талаараа хэлэхэд утаа их үнэртээд байвал барилгын ажлыг зогсоож болно шүү гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг.

2. Мөн шүүгдэгч П.Чажлын байрны тодорхойлолтын 2 дахь заалтад албан тушаалын зорилгыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: компанийн уур, ус, дулаан цахилгааны тасралтгүй найдвартай хангамж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах. Мөн тодорхойлолтын 5 дахь заалтад шийдвэр гаргах эрх мэдлийг мөн тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолтод Гоёо ХХК-ийн үйлдвэрийн аливаа технологийн машин тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, осол аваар гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардагдах арга хэмжээ авах гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл П.Ч нь зөвхөн Гоёо ХХК-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах, суурилуулах, инженерийн шийдэл гаргах, ажилчдыг мэргэжлийн ур чадвараар нь сонгон авах, компанийн хэмжээний инженерийн чиглэлийн бүхий л асуудлыг бие дааж шийдвэрлэх эрх хэмжээтэй байсан нь тогтоогдож байна.

Харин бусад аж ахуй нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааны эрүүл ахуйн болон хөдөлмөр аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг олгогдоогүй болох нь тогтоогдож байна. Энэ нь субъектийн хувьд ч, объектив үйлдлийн хувьд ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд биш болох нь хууль зүйн хувьд хангалттай нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу шинжээчийн дүгнэлт, шинжээч Ш.Хонгорзулын мэдүүлэг, гэрч О.Батбаяр, Б.Намсрайсүрэн, н.Халиун, яллагдагч Б.Б, viber-аар үйлдвэрийн диспетчер болон Б.Б нартай харилцсан текст, П.Чгийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Учир нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Чгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш” ХХК-д өгсөн атлаа энэ талаар компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй гэж буруутгасан ба анхан шатны шүүх мөн үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Дээрх үндэслэлийг авч үзэхэд:

а. Гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш” ХХК-д огт өгөөгүй. Энэ талаар Мөнх харш ХХК-ийн захирал Н.Бын мэдүүлэгт маш тодорхой байгаа болно.

б. Компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнууд гэх субъект  байгаа ба энэ нь Ч нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх субъект  биш гэдэг нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх онцгой ач холбогдол бүхий дээрх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй байна. Үйлдвэрийн байр луу “Мөнх харш” ХХК-ийн ажилчдыг нэвтрүүлж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг П.Ч нь өгөөгүй гэдэг нь хангалттай нотлогдсоор байтал, П.Чгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн, улмаар уг ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан уг ажлыг гүйцэтгэх явцад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж байх үүрэгтэй байсан гэж объектив байдлаар бүхэлд нь буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн зүгээс П.Чгийн эрх зүйн статус, субъектив хүчин зүйл, объектив шинжийг ялгаж зааглахгүйгээр хууль зүйн дүгнэлт хийсэн нь анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ ч үүднээсээ П.Чгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь бүхэлдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, П.Чд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч П.Чгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэхээр харилцан тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үндсэн ажил хийхтэй холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу “Мөнх харш” ХХК-ийн зүгээс Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан бетоны зүсэлтийг хийх туршилт хийж, хэр зузаан байгааг шалгах талаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн байдаг. Уг бэлтгэл ажилтай холбоотойгоор П.Чгийг Мөнх харш” ХХК-ийн ажилчдыг үйлдвэрийн байр руу нэвтрүүлсэн, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг сахиулаагүй гэм буруутай гэж тооцсон нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Үйлдвэрийн байр луу нэвтрэх эрх олгох эрх хэмжээ нь 100 хувь П.Чд олгогдоогүй. “Гоёо” ХХК-ийн удирдлагуудын зөвшөөрлийн дагуу үйлдэврийн байр луу оруулсан. “Мөнх харш” ХХК-ийн зүгээс бетоны зүсэлтийг хийхдээ тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн хүн байхгүй байсан учраас амь хохирогчийг дуудан уг ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. “Мөнх харш” ХХК болон амь хохирогч нарын хооронд хөдөлмөрийн харицлаа үүссэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах үүргийг “Мөнх харш” ХХК-ийн захирал хүлээсэн. Шүүгдэгч Бгийн мэдүүлэгт “Миний хувьд гэрээний бичиг цаасны ажлыг цэгцлэх ажлуудыг хийж орой 21:00 цаг өнгөрч явсан. Намайг явах гэж байхад П.Ч захирал залгаж доор үйлдвэрт утаа гараад байна үнэр ихтэй байна гээд байна чи ороод үзээдэх гэхээр нь үйлдвэр рүү бууж шалгахад “Мөнх харш” ХХК-ийн хоёр ажилтан үйлдвэрийн байранд тусгаарлах гялгар уутаар хана хийж бетон шал зүсч байсан. Тэгэхэд нүдэнд харагдах байдлаар бол утаа гараагүй үнэртэх байдлаар мэдэгдэж байхаар нь хүмүүсээс нь хэдүүлээ ажиллаж байгаа юм бэ гэж асуухад 4-5 хүн байгаа гэхээр нь яагаад 2-лаа байгаа юм бэ ахалж байгаа хүн байна уу эхэд хүмүүс байгаа хоол авчрахаар явсан, ахалж байгаа хүн байгаа гэж хэлсэн. Эхлээд хэр удаж байгаа юм бэ гэж асуухад эхлээд 20 гаруй минут болж байна гэсэн. Угаарын үнэр их байна манай хяналтын албанаас яриад байна үнэр их байна гэж байна болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн” гэсэн байдаг. Чимэдлхагвын зүгээс тухайн ажлыг зогсоох талаар чиглэл өгсөн талаарх Viber чат хэрэгт авагдсан. “Мөнх харш” ХХК-ийн ажилчид зүгээс ажлаа үргэлжлүүлсэн байдаг. Тухайн өдөр туршилт хийж үзээд үндсэн ажлаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэх ёстой байсан. Амь хохирогч нь “ах нь маргааш ажилтай бага талбай байна гялс дуусгачихъя гэсэн болохоор шууд ажлаа хийж эхэлсэн” гэсэн талаар гэрч мэдүүлсэн байдаг. Чимэдлхагвыг хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг сахиулаагүй гэм буруутэй гэж хууль зүйн үндэслэл байхгүй. Үйлдвэрлэлийн үндсэн ажил эхлээгүй байсан. Шинжээчийн дүгнэлт үйлдвэрлэл эхлэх зөвшөөрлийг олгосон гэдэг байдлаар гарч гэм буруутай тооцсон. Мөн шүүгдэгч П.Чажлын байрны тодорхойлолтын 2 дахь заалтад албан тушаалын зорилгыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: компанийн уур, ус, дулаан цахилгааны тасралтгүй найдвартай хангамж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах. Мөн тодорхойлолтын 5 дахь заалтад шийдвэр гаргах эрх мэдлийг мөн тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолтод “Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн аливаа технологийн машин тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, осол аваар гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардагдах арга хэмжээ авах гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл П.Ч нь зөвхөн “Гоёо” ХХК-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах, суурилуулах, инженерийн шийдэл гаргах, ажилчдыг мэргэжлийн ур чадвараар нь сонгон авах, компанийн хэмжээний инженерийн чиглэлийн бүхий л асуудлыг бие дааж шийдвэрлэх эрх хэмжээтэй байсан нь тогтоогдож байна. Харин бусад аж ахуй нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааны эрүүл ахуйн болон хөдөлмөр аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг олгогдоогүй болох нь тогтоогдож байна. Энэ нь субъектийн хувьд ч, объектив үйлдлийн хувьд ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд биш болох нь хууль зүйн хувьд хангалттай нотлогдож байна. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах үүрэг бүхий этгээд биш юм. “Мөнх харш” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой үйл ажиллагаанд бие даан хяналт тавих үүргийг Б хүлээсэн байдаг. Ийм учраас Б.Бг гэм буруутайд тооцсон. П.Чгийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Үйлдвэрийн байр луу орох зөвшөөрлийг П.Ч нь удирдлагын зөвшөөрлийн дагуу олгосон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж П.Чд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Чгийн өмгөөлөгч Б.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бетон зүсэгчийг “Мөнх харш” ХХК-аас авчирсан байдаг. 18 метр талбайг зүссэн. Тухайн өдөр бетоны зузааныг шалгах зориулалттай байсан. Түүний дараа хэрхэн ажиллахаа шийдвэрлэх байсан. Тухайн гэрээг байгуулах саналын хуудас хэрэгт авагдсан. П.Ч үйлдвэрлэлийг зогсоож байж, уг үйл ажиллагааг явуулах санал гаргахад нь түүнийг хүлээж авалгүйгээр, Ванчин-Эрдэнэ, Оюунбилэг, Цэцэнхүү, Баттулга, М, Оргилбат, Оюун-Эрдэнэ, Дэлгэрмаа, Б гэх хүмүүс гарын үсэг зурсан байдаг. П.Ч эсрэг саналтай байсан учраас түүний саналыг оруулалгүйгээр ажлыг эхлүүлсэн. Viber чатаар Бтай холбогдоод утаа гарч байна, үүнийг зогсооё гэх асуудал ярьж байсан байдаг. Амь хохирогчтой хамт байсан Намсрайсүрэн “талийгаач маргааш ажилтай учраас өнөөдөр дуусгая гэсэн. 17 цагийн үед гарч тамхи татсан” гэдэг талаар мэдүүлсэн. Тухайн тоног төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд түүний гадна байгаа тэмдэглэлээр хүчин чадлыг нь тогтоох боломжгүй. Туршилтаар вакум орчин үүсгэж байж тогтоох боломжтой гэсэн. Тухайн төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй байсан учраас талийгаачийг авчран ажиллуулсан байдаг. Хамт байсан гэрч нь амь хохирогч уг төхөөрөмжийг задлаад, буцааж угсран ажиллуулсан гэж мэдүүлсэн. Дотоод шаталтын хөдөлгүүртэй учраас угаарын хий гарсан байдаг. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Улсын яллагч болон шүүх нь Г.Бг буруутгахдаа: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.2-т заасан үүрэг”-ийг биелүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл тус хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь өөрөө тусгайлан “Ажил олгогчийн үүрэг” байдаг. Ажил олгогч гэж хэрхэн ойлгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад тодорхой хуульчлан өгсөн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Г.Б нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад тодорхой хуульчлан тодорхойлсон байгаагийн дагуу “Ажилтан” юм. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан, тэдгээр баримтуудаар “Ажил олгогч биш” болох нь тогтоогдож байхад алдаатай дүгнэлт хийсэн.

2. Г.Б “Барилгын инженер” ажлын байранд томилогдон ажиллаж байсан байдаг бөгөөд түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг” хүлээгээгүй байдаг болно. Харин ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах инженер” ажлын байранд 2 ажилтан томилон, гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэ талаар хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан байдаг болно. Эдгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах инженер”-үүдийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг тэдний өмнөөс Г.Б хүлээх хууль зүйн үндэслэлгүй байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

3. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд нь ажлыг гэрээнд заасан хугацаандаа эхлүүлэхгүйгээр амаар ярилцаж өөрсдөө дур мэдэн шууд эхлүүлсэн байдаг бөгөөд энэ талаар Ч, М нар мэдүүлдэг, ялангуяа Ч нь тухайн үед харилцан ярилцсан “Viber” харилцан ярианы талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн” бөгөөд уг баримтаар тодорхой болдог болно. Энэ талаарх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, түүний улмаас хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн байхад улсын яллагч болон шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Барилгын инженер Г.Б надруу гар утсаар холбогдож “Мөнх харш” ХХК-иас барилгын бэлтгэл ажил хийхээр ирсэн байна, та үйлдвэр лүү оруулж байхуу гэхээр нь зөвшөөрөл авахаар “Гоёо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Оргилболдтой гар утсаар буюу вайбераар /мессеж/ харьцаж түүнээс зөвшөөрөл авсан. Энэ мессежны яриаг дурдвал /09:45-д бичсэн “Өглөөний мэнд, суурин ажил гүйцэтгэх компаниас хана тусгаарлах материал аваад ажлаа эхлэхээр ирсэн оруулаад ажлаа эхлэх үү” мөн “Б гэрээний саналын хуудас зуруулахаар Трейд явсан байгаа” гэхэд “эхэлье 10 цаг 08 минутад за” гэж зөвшөөрөл өгсөн/ мөн надтай гар утсаар тоног төхөөрөмжийн суурин ажил эхлэх, ээрэх үйлдвэрийн үйл ажиллагааны талаар тодруулах чиглэл өгч ярьсны дараа миний бие вайбер хариу:

“Үйлдвэр зогсоохгүй ажиллахаар чанаргүй утас эрсдэлээ бодоод зогсоож хийх шийдвэр Н.Бтай яриад өгсөн гэж ойлгосон.” гэхэд “тийм, эхлээд Говь-ийг үзнэ үү, Говь утасны чанарт өөрчлөлт гарсан уу шалгана уу, бид адилхан хувилбараар явах боломж байна уу гэж 12 цаг 43 минутад бичсэн.

Ноолуурын үйлдвэр нь онцгой объект учраас дээд удирдлагууд болон гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр үйлдвэр рүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог. Үүний дагуу миний бие Ч нь Оргилболд захирлаас вайбераар бичиж зөвшөөрөл авсан бөгөөд уг зөвшөөрлийн дагуу ээрэх үйлдвэрийн урд хаалгаар ээлжийн мастер Алтанзулын хамт тухайн өдрийн харуулыг дуудаж “Мөнх харш” ХХК-ийн захирал Н.Б болон 2 ажилтныг бэлтгэл ажил хийх материал багажтай оруулсан юм. Техникийн удирдлагын дарга нь ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хүрээнд гүйцэтгэх удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилладаг. Тухайн үед компани хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд би оролцоогүй, ажил эхлэх дуусгах хугацааг мэдэх боломжгүй байсан. Харин “Мөнх харш” ХХК нь гэрээний дагуу бэлтгэл ажил хийхээр орсон байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг би огт өгөөгүй, харин үйлдвэрийн инженер, ээлжийн мастер нарын хамт “Мөнх харш” ХХК-ийн захирал Мтай үйлдвэрийг 2 хоногийн дараа бүхэн зогсоож өгнө. Түүнчлэн “Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн байрны багануудын хооронд тусгаарлах хана босгох тоног төхөөрөмжүүдийг тоосноос хамгаалж гялгар уут бэхлэх ажиллагааг хийх явцдаа үйлдвэрийн хэсэгт тоос шороо болохоос хамгаалж агааржуулалтын системийг хаалгүйгээр зөвхөн сорох хоолойг хамгаалах зорилгоор хийх нь зөв гэдгийг хэлж чиглүүлэг өгсөн. Гэтэл надад ял шийтгэл оногдуулахдаа “Мөнх харш” ХХК-д гэрээнд заасан хугацаанаас өмнө ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон, үйлдвэр рүү нэвтрүүлсэн, хаалт хамгаалалт болон “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд зохих хяналт тавиагүйн улмаас осолдогч /талийгаач/ О.Мнас барсан үйлдэлд гэм буруутай гэж ял оногдуулсан нь болсон хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, хэргийг сайтар шалгаж тогтоогоогүй. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Оргилболдын гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би ажил гүйцэтгэх гэрээг баталж, гарын үсэг зурсан боловч “Гоёо” ХХК-ийг төлөөлж барилгын инженер Г.Б нь гэрээний хэрэгжилтийг хянах талбай дээр ажиллах бусад асуудлыг хариуцахаар гарын үсэг зурсан. 2018 оны 10 дугаар сарын 12ны өдөр “Мөнх харш” ХХК нь гэрээг зөрчиж миний зөвшөөрөлгүйгээр ажлыг эхлүүлсэн байна. Би тэр өдөр 18:00 цагт ажлаа тараад явсан ба орой 20:00 цаг өнгөрч байхад үйлдвэрийн хяналтын группд зүсэлтийн ажил эхэлж байгаа бичлэг тавигдсан байсныг харсан. /1хх 155/

Энэ хэрэгт намайг хэрэг гарснаас хойш 1 жил 8 сарын дараа гэрчээр нэг удаа байцаалт авч яллагдагчаар татаж хэргийг сайтар шалгахгүйгээр прокурорт хэргийг шилжүүлсэн. Шүүхэд хэрэгт оролцоогүй хуулийн зүйл ангийг зөвшөөрөөгүй Оргилболдын зөвшөөрөл өгсөн гэх вайбер чат зэргүүдийг шалгуулахаар хүсэлт гаргасныг шалгаж тогтоогоогүй. Прокурор шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүйгээс гадна шинжээчид асуулт тавих эрхийг хязгаарласан. Хэрэгт ослын актыг 2 жил 2 сарын дараа нөхөн гаргасан байгаа нь хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг бүрдүүлж нарийвчлан шалгаагүй. Хэт яллах талыг баримтлан хуульд заасан эрхийг хязгаарласан. Энэ хэрэгт шинжээч дүгнэлт гаргахдаа болсон хэргийн бодит байдалд нийцээгүй, зөвхөн “Гоёо” ХХК буюу нэр зааж Ч “Мөнх харш” ХХК-д ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон, үйлдвэр рүү нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй агуулгын хувьд зөрүүтэй.

Осолдогч /талийгаач/-ийг үйлдвэрлүү би нэвтрүүлж оруулаагүй, харин “Мөнх харш” ХХК-ны захирал Н.Б нь мэргэжлийн бус хүнийг ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн үйлдвэрлүү нэвтрүүлсэн байгаа. Бетон шал зүсэх ажил 20-23 цагийн хооронд завсарлагатай хийгдэж гадагшаа гарсан, тухайн үед би 17:30 цагт ажлаа тарж хүүхдийн эцэг эхийн хуралд явсан. Би үдээс хойш буюу 16:00 цагийн орчимд гялгар материалаар хана тусгаарлалт хийж байгаа байдлыг хараад, ээрэх үйлдвэрийн механик инженер холбогдох ажилтнуудтай хамт уулзахад “Мөнх харш” ХХК-ийн захирал Н.Б нь өчигдөр танай гүйцэтгэх захиралтай яриад зөвшөөрсөн өнөөдөр шалны бетон зүсэж зузаан тогтоох, цаашид ажлаа хэрхэн явуулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй байгаа талаар яриа үүсээд энэ тухай би сонсож байсан учир бид хамтдаа ярилцаад үйлдвэрийн орчинд тархахаас хамгаалж тухайн хэсгийн шаланд байрладаг агаар сорох сувгийг хаах, таазнаас агаар өгөх, сэлгэх агааржуулалтын систем хэвийн ажиллагаатай байхаар ярилцаж шийдсэн. “Мөнх харш” ХХК нь үйлдвэр зогсоогоогүй хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаагүй захиалагч “Гоёо” ХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг дур мэдэж эхлүүлсэн нь гол буруутай гэж үзнэ.

Гэрч Б.Мандахбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тухайн өдөр “Гоёо” ХХК-ийн үйлдвэр дээр өглөө бэлтгэл ажил хийх гэж очсон, тухайн өлгөсөн байсан гялгар уутыг бид нар өөрсдөө авчирсан, хэний шаардлагаар гялгар уут өлгөх болсноо санахгүй байна зүсэгч машин нь компанийн машин байгаа юм, бид нар тухайн машиныг асааж чадаагүй. Тухайн өдрийн өглөө бид нар бэлтгэл ажил хангах гэж очсон гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Намсрайсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт тэр өдөр зүсэгчийг ажлуулна гэж тооцоолоогүй бэлтгэл ажлыг хийж зүсэгчийг ажлуулж байгаа эсэхийг нь шалгана гэж Мандахбаяр ах надад хэлж байсан боловч Мөнхбат ах ирж зүсэгчийг ажилуулаад ах нь маргааш ажилтай бага талбай байна гялс дуусгачихъя гэсэн болохоор нь шууд ажлаа хийсэн гэсэн дээрх мэдүүлгүүдээс үзэхэд “Мөнх харш” ХХК нь барилгын бэлтгэл ажил хийхээр ирсэн нь батлагдаж байна. П.Ч миний бие нь “Гоёо” ХХК-ийн ТУХ-ийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК-ний хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаанаас өмнө барилгын ажлыг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг олгоогүй, би гэрээнд оролцоогүйгээс гадна ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, миний үйлдэл оролцоо огт байхгүй тул гэм буруугүй гэж үзэж байна. ...”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн төрсөн ах нь байна. 2 компани буруутэй гэдэг нь бүх нотлох баримтаас харагдаж байна. Талийгаачийг босгоод ирж чадахгүй. Нэхэмжилсэн хохирлыг минь гаргаж өгнө үү. 3 жилийн хугацаанд 670 километрийн цаанаас ирж очин байна. Эцсийн шийдвэрийг гарахыг хүлээж цар тахалтай холбоотой маш их бэрхшээлийг давж явж байгаа. Бодит болон бодит бус зардал гэж байгааг ойлгохгүй байна. Гэр бүл нь сэтгэл санаагаар маш их хохирч байгаа. Бүртгэл явахад хүртэл нулимс гарч байдаг. Тэтгэмжийг бүрэн гүйцэд гаргаж өгнө үү. Хас банктай холбоотой мөнгийг иргэний журмаар нэхэмжил гэсэн шийдвэр гарсан. Боломжтой бол өнөөдрийн шүүх хуралдаанаар уг мөнгийг гаргуулж өгнө үү. Бүх зүйл нь тодорхой болсон байхад маш их удаашралтай явагдаж байна. Хэргийг эцэслээд шийдвэрлэчихвэл сэтгэл санаа нь амрах болно. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодитой, үндэслэлтэй гарсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Уг гэрээний 6.1.2-т “захиалагчаас баталсан зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Хаалтаа хаагаарай, үйлдвэрийн бусад хэсэгт нөлөөлнө гэсэн заавар өгсөн байдаг. Өөрийнхөө ажилчдыг бодсон болохоос тухайн газар ажиллаж байсан ажилтанг бодоогүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хурц хордлогоор нас барсан гэдэг нь тогтоогдсон. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгөөгүй. Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажлын хувцас, багаж хэрэгслээр хангаагүй. Б уг гэрээн дээр гарын үсэг зурсан байдаг. Гүйцэтгэх захирал нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг ажлын явцыг Б хариуцаж байсан гэдгийг хэлсэн. Ч нь инженерүүдээ зөв ажиллаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байсан. Гэтэл хэн аль нь ажил үүргээ гүйцэтгээгүй. Утаа гараад эрсдэл үүсч байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.2-т заасан үүргийг биелүүлээгүй. Хоорондоо утсаар ярьсан, хайнга байдлаар хандсан байдаг. Чимэдлахгва тухайн хүмүүсийг оруулсан байдаг. Гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс хохиролд 55.535.881 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Үүнээс өгсөн 11.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг 2 тэнцүү хуваасан. Нийт гарсан зардлыг 2 хуваагаад түүнээс өгсөн мөнгийг хасч тооцох ёстой байсан. “Мөнх харш” ХХК 10.000.000 төгрөг төлсөн, “Гоёо” ХХК 1.000.000 төгрөг төлсөн. Үүнийг залруулах шаардлагатай. Хас банкнаас авсан зээл болох 14.234.123 төгрөгийг хохирлоос хассан. Хамтран зээлдэгчтэй байна гэж дүгнээд хасч шийдвэрлэсэн. Хамтран зээлдэгчтэй байгаа боловч тухайн гэрээний үүргийг амь хохирогч гүйцэтгэх ёстой байсан. Үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой. Нөхөн төлбөрийн зөрүүгээс 27.101.892 төгрөгийг хасч тооцсон. Амь хохирогчийн нийгмийн даатгалын талаарх баримтыг ажиллаж байсан байгууллагаас гаргуулж авсан. 2012 оноос нас барах хүртлээ тасралтгүй 6 жилийн хугацаанд үндсэн цалин 540.000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 210.000 төгрөг, унааны мөнгө 44.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Анхан шатны шүүхээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон. 27.101.892 төгрөгийг гаргуулж, нийт 96.876.896 төгрөгийг гаргуулах ёстой. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М өмгөөлөгч Ц.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Иргэний хариуцагч “Гоёо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин “Мөнх харш” ХХК-ийн төлсөн 10.000.000 төгрөгийг нийт хохирлоос хасч тооцоогүй тул үүнийг зөвтгөж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй учраас үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Мөнх харш” ХХК болон “Гоёо” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан, ажил мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхлэх ёстой байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрийн байр луу орох эрхийг Ч өгсөн байдаг. Барилгын норм ба дүрмийн 6.3-т заасны дагуу тухайн газар орох зөвшөөрлийг өгсөн этгээд нь байгууллагад үүсч болох хор уршгийг хариуцах үүрэгтэй. Б нь тухайн гэрээг байгуулахад биечлэн оролцсон, уг гэрээг хариуцан ажиллаж байсан. Хэрэг учрал болох үед хяналт тавьж ажиллаж байсан этгээд байдаг. Б нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсч болохуйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн ажлыг зогсоох үүрэгтэй байсан. Аюултай нөхцөл байдал үүссэн байхад надад үүнийг зогсоох эрх байхгүй гэх эрхгүй. Утаа гарч маш ихээр гарч байгааг мэдэж байсан атлаа түүнийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ч нь вакум орчин бий болгож, засвар хийх үүрэг чиглэл өгсөн байдаг. Агаар орох хэсгийг цаасаар хаах үүргийг өгсөн байдаг. Б болон Ч нарын үйлдлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Ийм учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шижлүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

амь хохирогч О.М хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Мөнхбат над руу залгаж гагнуурын ажил хийх талаар яриад утсаа тасалсан. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирж, хоолоо идчихээд сууж байхад манай эхнэр “чиний утас дуугараад байсан” гэхээр нь утсаа шалгахад манай дүү Мөнхбат 13 цагийн үед залгасан байсан. Би дүү рүү эргүүлээд залгая гэж бодсон ч орой болчихсон байхаар нь “өглөө залгая” гээд унтсан. Шөнө 01 цагийн үед манай эхнэр лүү О.М эхнэрийн ах залгаад “Мөнхбатын бие нь муу, эмнэлэгт байна” гэхээр нь шууд гараад аавын гэрт очиход аав, ээж хоёр намайг тэвэрч аваад, уйлаад юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан. Тэгэхээр нь би дүү Мөнх-Ирээдүйтэй ярьж асуухад “ах өнгөрчихлөө, эмнэлэг дээр ирээд нас барчихлаа” гэхээр нь аав, ээжийг дагуулаад Булган аймгийн Тэшиг сумаас гараад Улаанбаатар хотод ирээд болсон хэргийн талаар мэдсэн. ... Миний дүүг ажиллуулахаар дуудсан “Мөнх харш” ХХК-ийн захирал М болон “Гоёо” ХХК-ийн удирдлагуудад маш их гомдолтой байна. Хүний амь мөнгөнөөс илүү гэдгийг яагаад ойлгохгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны анхан шатны зөвлөгөө өгч, ядаж маск ч болов зүүлгэчихгүй, битүү агааржуулалтгүй орчинд ажиллуулсан юм бэ. Дээрх байгууллагуудад хуулийн хариуцлага тооцож, уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 142-144/,

гэрч О.Баяраагийн “...би “Их хар сүлд” гэрээт харуул хамгаалалтын албанд ажиллаад 2 сар болж байна. Орсноосоо хойш “Гоёо” ХХК-д объектын харуулын үүрэг гүйцэтгэж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цаг 30 минутад ээлж хүлээн авсан. Энэ өдөр үйлдвэр доторх бетон шал янзлах гээд “Мөнх харш” ХХК-ийн 3 ажилтан ирж “үйлдвэр доторх шалыг хуулж авч, шалыг 2 метр гүн ухаж бетон цутгах ажил хийнэ” гэж байсан. Мөн бетон зүсэгч машинаар бетон зүсэж байсан. Зүсэх хэсгийнхээ гадуур том гялгар уут наагаад, дотор нь ажиллаж байсан юм. Би байнга үйлдвэр лүү орохгүй бөгөөд хальт орж харахад дээр зүйлс ажиглагдсан. 22 цагийн үед 2 ажилтан нь үйлдвэрийн үүдэнд тамхилж байсан ба ажил нь дуусч байгаа эсэх талаар асуухад 1-2 цагийн дараа дуусна гэж хэлсэн. 23 цаг 45 минутын үед үүдний харуулын цэг дотор сууж байхад нэг залуу нь гарч алхаж байгаад хашаанаас гарч зүлгэн дээр хэвтээд өгсөн. Араас нь 2 залуу гарч ирээд байж байхад эхэнд гарч ирсэн залуу “үхлээ” гээд орилоод байсан. Нөгөө хоёр нь нэгийгээ очоод ус аваад ир гээд явуулсан. Түргэн тусламж дуудаад, удалгүй ирж аваад явсан юм. Нэг нь ус аваачиж өгч уулгасан. Түргэн тусламж явсны дараа юу болсныг мэдэхгүй, тэр гурав гурвуулаа түргэн тусламжийн тэргэнд суугаад явсан. ...” /1хх 150/,

гэрч Ш.Халиуны “...би энэ үйлдвэрт 2018 оны 7 дугаар сараас хойш хяналтын инженер хийж байна. Хяналтын инженер нь үйлдвэрийн үйл ажиллагааг удирдлагуудад мэдээлж танилцуулах, хэвийн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцаж ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 30 цагт ээлжээ хүлээн авч ажилласан. “Ээрмэлийн үйлдвэр дотор шинэ тоног төхөөрөмж суурилуулахаар туслан гүйцэтгэгч компанийн ажилчид ирж ажиллана” гэдгийг удирдлагаас надад мэдэгдсэн байсан. Өглөө 09 цагт тэр компанийн хүмүүс ирээд Ээрмэлийн үйлдвэр дотор хийх ажлынхаа бэлтгэлийг хангаж, засвар хийх газрынхаа гадна талаар гялгар уут татаж бэлдээд, өөрсдөө дотор нь ороод ажиллаж эхэлсэн. Өглөөнөөс орой болтол бэлтгэл ажлаа хийсэн байсан. 20 цагийн үед үйлдвэрүүдээ эргээд явж байтал нөгөө барилгын ажилчид цементэн шалыг зүсэж эхэлсэн байсан. Тэр үед Ээрмэлийн үйлдвэр дотор хиншүү угаар үнэртэж байсан. Мөн барилгын инженер Б бас байсан. Барилгын ажил хийж байсан хоёр хүнд “Угаар үнэртэж байна, ажил чинь дуусах болж байна уу, зогсоовол яасан юм бэ” гэхэд “Шөнөжин ажиллахгүй, одоо удахгүй дуусаад явлаа” гэсэн. Тэгээд намайг оффис дээрээ байж байхад харуулаас “барилгын ажилчдаас нэг хүний бие муудаад түргэн тусламж ирээд аваад явлаа” гэж хэлэхэд нь “манай байгууллагад гүйцэтгэгч компанийн хүмүүс ажиллаж байгаа” гэдгийг хэлсэн. Ээрмэлийн үйлдвэрээс мастераас нь “манай ажилчдын үйл ажиллагаа хэвийн эсэх талаар асуухад “үйл ажиллагаа хэвийн” гэж хэлсэн. Тэгээд байж байхад “цагдаа ирсэн байна, бие нь муудсан хүн эмнэлэгт нас барсан байна” гэж мэдэгдсэн. Тэр ажилчдад аюулгүй ажиллагааны заавар танилцуулсан эсэхийг мэдэхгүй байна, манай ХАБ-ын инженер Цолмонцэцэг, Б нар мэдэх байх. Тухайн барилгын ажилчид ямар нэртэй компанийн ажилчид болохыг мэдээгүй, яг шал зүсэлт хийж байсан нь 2 хүн байсан. ...” /1хх 151-152/,

гэрч Б.Мандахбаярын “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны 10:30 цагийн үед туслах ажилтан Намсрайсүрэнгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёо” ХХК-ийн Ээрмэлийн үйлдвэрийн дотор байрлах ээрэгч машины суурийн ажлыг хийхээр очсон. Тэр үед захирал Мтай уулзсан ба “Гоёо” ХХК-ийн техник хариуцсан захирал нь /нэрийг нь мэдэхгүй байна/ “үйлдвэрийн дундуур байрлах багануудаар хамгаалалт хийж гялгар уут татаж, ажлаа хийж байхдаа хаалгаа онгойлгож болохгүй, байнга хаалттай байлгахыг” шаардсаны дагуу Намсрайсүрэнгийн хамт баганууд дундуур гялгар уутыг таазнаас шал хүртэл татаж скоч нааж, ямар ч агаар орохгүйгээр битүүмжилж 18 цагт дууссан. Тэгээд зүсэгч машиныг ажиллуулахаар оролдсон боловч чадаагүй. Тэр хооронд “Гоёо” ХХК-ийн дарга гээд 10 гаруй хүн ирээд шалны бетоныг зүсэх хэмжээг ярилцаж байгаад зааж өгсний дагуу би хэмжээ тавьсан. Тухайн үед М ах хэлэхдээ “наад зүсэгчийг нь ажиллуулж чадах, өмнө хамт ажиллаж байсан хүн байгаа, дуудчихсан, одоо ирнэ” гэж хэлчхээд “ажил гарлаа” гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш 19 цаг өнгөрч байхад Мын дуудсан хүн болох Мөнхбат /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх хүн ирж зүсэгчийг үзээд, сэвчээг авч шалгах гэхэд авч ирсэн түлхүүр нь таарахгүй байхаар нь “маргааш болох уу” гэж асуухад “ах нь удахгүй янзлаадахъя, янданг нь тайлж байгаад болчихдог юмаа” гэж хэлээд гаднаас багаж оруулж ирээд зүсэгчийн янданг тайлж байгаад сэвчээг гаргаж үзээд, өөрийн авч ирсэн сэвчээг зөрүүлж хийгээд, яндангаа угсарч зүсэгчийг ажиллуулж нэг метр зүсэж шалгахад сүүлд давхарлаж цутгасан зөөлөн бетон байсан болохоор талбайгаа зүсэхээр болсон. Тэгээд би хоолонд яваад 40-50 минутын дараа хоол аваад ирэхэд нийт 30 гаруй метр зүсэх талбайгаас 18 орчим метр талбайг зүсчихсэн, Намсрайсүрэн, Мөнхбат хоёр гадаа тамхи татаад, намайг хүлээгээд сууж байхаар нь гурвуулаа машинд орж хоолоо идчихээд буцаж ороод ахиад 10 орчим метр талбайг зүсэж тууш талбайг дуусах үед “одоо болих уу, яах уу” гэж асуухад “ах нь маргааш ажилтай, тасалж болохгүй болохоор өнөөдөр ирсэн дээрээ хийгээд дуусгачихъя, та хоёр ахдаа туслаад өг” гэж хэлсэн. Тэгээд хэсэг завсарлаад гарч тамхи татаж байгаад буцаж ороод битүүмжилсэн талбайн гадуур тэмдэглэсэн 10 орчим метр талбайг зүсэж дуусгачихаад битүүмжилсэн талбайд зүсэгчээ хураачихаад 3-уулаа гарч явахдаа бусад багажаа ил орхисноо санаад Намсрайсүрэнг дуудаж багажаа хураасан. Тэгэхэд Мөнхбат түрүүлээд гарсан ба бид хоёрыг 3-4 минутын дараа үйлдвэрээс гарахад үүдний харуул дуудаад “танай хүн чинь хашааны гадаа орилоод байна” гэхээр нь гүйгээд очиход “ахынх нь амьсгал давчдаад амьсгал авч чадахгүй байна” гээд орилоод, газар унаад өнхрөөд тийчлээд байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэний эмч 10-15 минутын дараа ирсэн ба энэ хугацаанд дахин дахин залгаж Мөнхбатын биеийн байдлын талаар хэлэхэд “шүдийг нь хазуулж болохгүй, таталт өгөх гээд байвал массаж хийж өг” гэсний дагуу Намсрайсүрэн бид хоёр массаж хийж, аманд нь хувцасныхаа ханцуйг зуулгасан. Тэгээд удалгүй түргэний эмч ирж үзээд тариа хийж байхдаа утсаар нь гэр бүлийн хүн рүү нь залгаж, гэрийн хаяг, нэрийг нь асуучихаад, гэр бүлийнхнийг нь дуудаж, Намсрайсүрэнгийн хамт эмнэлэг рүү авч явсан. Би тэндээс машинаа авч түргэний машиныг дагаж яваад Цэргийн госпитальд очиход Намсрайсүрэнгийн биеийн байдал муудсан гээд орон дээр хэвтүүлчихсэн байсан. Харин Мөнхбатыг тойроод 7-8 эмч зогссон харагдсан. Намайг “цаанаа байж бай” гэж хэлсний дагуу би хаалганы гадна зогсож байхад удалгүй гэр бүлийнхэн нь ирсэн. Тэгээд байж байтал Цагдаагаас залгаж болсон асуудлыг асуухаар нь би хэлсэн ба удалгүй цагдаа нар ирсэн. Энэ хугацаанд Мөнхбат нас барсан. Тухайн үед миний биеийн байдал гайгүй байх шиг байсан ч маргааш нь машин бариад явж байхад толгой эргээд, дотор муухай оргиод байхаар нь эмчид үзүүлэхэд шууд эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж 2 хонуулаад гаргасан. Ийм л асуудал болсон. М захирал намайг “зүсэгчээ ажиллуулаад ажлаа эхлээд үзээрэй, бетоны нягтыг шалгаадхаарай” гэж хэлээд явсан. Тэгээд Мөнхбат ах зүсэгчийг ажиллуулж үзээд “зөөлөн бетон байна” гээд утсаар хэлэхэд “ажлаа үргэлжлүүлээд дуусгачих” гэж хэлсний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Зүсэгчийг ажиллуулахад хэн нэгэн хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Харин “Гоёо” ХХК-аас зүсэгчийг ажиллуулж байхад гаднаас орж ирээд гарсан хүмүүс /нэрийг нь мэдэхгүй/ “тоос босгож болохгүй, хаалгаа нээлттэй байлгаж болохгүй, 3 хаалга дамжиж ордог болохоор нэг хаалгыг онгойлгоод хаасны дараа дараагийн хаалгыг нээж орж гар” гэдэг зүйл л хэлж байсан. Зүсэгчийг ажиллуулахад аюулгүй байдлыг хангах ямар ч хувцас хэрэгслээр хангаагүй. Тухайн үед Мөнхбат зүсэгчийг гардаж ажиллуулсан ба Намсрайсүрэн зүсэгчийн ир рүү ус зөөж хийж өгөхөд тусалсан. Би бетон зүсэх хэмжээг тавьж өгөөд бусад ойр зуурын зүйлд тусалж байсан. Бид нарыг зүсэгчээр ажил хийж байхад “Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн байранд ээлжийн ажилчид гээд 10 гаруй хүн байсан. Зүсэгчийг ажиллуулж байх үед үйлдвэрийн байранд бүгчим чийглэг, саунд байгаа юм шиг халуун байсан болохоор зүсэгчээс утаа гарч байгаа нь мэдэгдээгүй. Гэхдээ бага зэрэг утаа үнэртэж байсан ч миний хувьд угаартчихна гэж бодоогүй. “Гоёо” ХХК-ийн зүгээс бид нарт ямар нэгэн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй ба ажиллах хугацаанд хүмүүс орж ирээд гар утсаараа зураг аваад байсан. ...” /1хх 153-154/,

гэрч Ц.Оргилболдын “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоёо” ХХК нь самнах машины суурийн ажил хийж гүйцэтгүүлэхээр “Таван богд групп”-ын цахим хаягт нээлттэй тендер зарласан. 2018 оны 10 дугаар сарын эхээр тендерийн хайрцгийг задлахад “Мөнх харш” ХХК нь материалаа ирүүлсэн байсны дагуу уг байгууллагын захирал Н.Бтай уулзаж, ажлын нөхцөлийн талаар ярилцаж тохиролцоод 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 20 хоногийн дотор хийх гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад, 2018 оны 10 дугаар сарын 13-ны үүрээр 06 цагт Тайланд Улс руу амралтаар явсан. Гэхдээ гадаад улс руу явахаас өмнө над руу манай ажлын газраас болон ажилчдаас олон дуудлага ирсэн байсан болохоор Техник удирдлагын хэлтсийн дарга Чтай ярихад “өчигдөр орой самнах машины суурийн ажил хийж байсан 3 хүний нэг нь үйлдвэрээс гараад гадаа байж байхад түргэн дуудагдаад явсан, мөн ээрэх үйлдвэрт ажиллаж байсан 14 хүнийг эмчийн үзлэгээр оруулаад 2 хүнийг нь эмнэлэг рүү авч явсан, цагдаа нар ирээд ээрэх үйлдвэрийг битүүмжилсэн” гэж хэлсэн. Би “Ажил гүйцэтгэх гэрээ”-г баталж, гарын үсэг зурсан боловч “Гоёо” ХХК-ийг төлөөлж барилгын инженер Б нь гэрээний хэрэгжилтийг хянах, талбай дээр ажиллах, бусад асуудлуудыг хариуцахаар гарын үсэг зурсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Мөнх харш” ХХК нь гэрээг зөрчиж, миний зөвшөөрөлгүйгээр ажлыг эхлүүлсэн байна. Би тэр өдөр 18:00 цагт ажлаа тараад явсан ба орой 20 цаг өнгөрч байхад үйлдвэрийн хяналтын группт зүсэлтийн ажил эхэлж байгаа бичлэг тавигдсан байсныг харсан. Тэгээд Техник удирдлагын хэлтсийн дарга Ч руу залгаж ярихад “Мөнх харш” ХХК-ийн хүмүүс ирчихсэн, зүсэлтийн ажил хийж үзэж байна” гэж хэлсэн. Манай байгууллагад Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер болон инженер нар ажилладаг. Тухайн өдөр ажлын цагаар ажлаа хийгээд, гэрээний дагуу “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажил эхэлнэ” гэж танилцаад, тэр өдрөөс зааварчилгаа өгөхөөр бэлтгэл ажил хангагдсан байсан. Тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Мөнх харш” ХХК нь ажил эхэлсэн талаар байгууллагын хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерүүд мэдсэн эсэхийг би мэдэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ батлагдсан боловч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор ажил эхлэх байсан тул гэрээнд заасан төлбөр тооцоо хийгдээгүй байсан. ...” /1хх 155/,

гэрч Б.Намсрайсүрэнгийн “...2018 оны 10 сарын 11 өдөр 11 цагийн үед манай ах над руу яриад “ахын дүү энэ хүн рүү залгаад яриадах, ажил хийлгэх хүн хэрэгтэй гэж байна” гээд Мандахбаяр гэх хүний утасны дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь залгаж ярихад “Гоёо” ХХК-ийн гадаа хүрээд ир уулзаж байгаад ярилцъя” гэхээр нь очиж уулзахад “Гоёо” ХХК-ийн үйлдвэрт хэд хоног ажиллах халтуурын ажил байна, энэ ажлыг хийчихвэл цаашид өөр ажил гарвал ажиллуулж болно” гэхээр нь зөвшөөрч маргааш нь ирж ажиллахаар болсон. Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн байран дээр ирж Мандахбаяртай уулзаж, дотогшоо ээрмэлийн үйлдвэрийн байр руу орж багануудын хооронд тусгаарлах зорилгоор гялгар уутаар хана босгож, тоног төхөөрөмжүүдийг тоосноос хамгаалж гялгар уутаа бэхэлж дуусахад орой 19:00 цаг болж байсан ба үргэлжлүүлэн бетон зүсэгч машиныг асааж үзэх гэсэн боловч асааж чадахгүй байж байтал удаагүй Мөнхбат /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу орж ирээд зүсэгч машиныг оролдож задалж цэвэрлэгээ хийж байгаад 21 цагийн үед асаасан. Би тухайн үед ажлаасаа буух гэж байсан чинь Мөнхбат ах намайг “зүсэгчийн ир лүү ус хийхэд тус болооч” гэхээр нь ундааны саванд ус хийж таглаад, таг хэсэгт нүх гаргаж зүсэгчийн ир лүү ус шүршиж өгсөн. Тэгээд бетон шалыг 10 гаруй метр газар амралтгүй зүссэн. Тэр үед Мандахбаяр ах “хоолонд яваад ирье” гэж хэлээд гараад явсан ба Мөнхбат бид хоёр зүсэх ажлаа үргэлжлүүлээд хэсэг талбайг зүсэж байгаад завсарлаж үүдэнд гарч тамхи татаад зогсож байхад зүсэгчийн бензин дуусаж зогсоход Мандахбаяр ах бензинд явсан. ...Мөнхбат ах бид хоёр тэр хооронд үйлдвэрийн гадна гарч, тамхи татаж амарсан. Хэсэг хугацааны дараа Мандахбаяр ах бензин авч ирэхэд нь зүсэгчдээ хийж асаагаад ажлаа үргэлжлүүлж байхад үйлдвэрт ажиллаж байсан 10 гаруй хүн байсан санагдаж байна “хоолондоо орлоо” гээд гарчихаар нь “хүн байхгүй байгаа дээр нь гялгар уутаар хамгаалсан хэсгийнхээ гадна талыг зүсчихье” гэж хэлээд зүсээд дуусгахад ажилчид цувраад орж ирцгээсэн. Мөнхбат ах “ажил дуусчихлаа” гэж хэлээд гарахаар нь Мандахбаяр ах бид хоёр багажуудаа янзалчхаад араас нь гарахад харуул нь бид хоёрыг дуудаж “танай хүн болохоо байлаа” гэж хэлээд Мөнхбат ахын байгаа газар руу заахаар нь очиход Мөнхбат ах машины хажуу талын сааданд орчихсон, доошоо харчихсан хэвтээд, ёолоод орилоод байсан. Тэр үед Мандахбаяр ах түргэн дуудаж, түргэн ирэх хооронд гар хөлийг нь барьж өгч байхдаа “таталт өгөх” гээд байхаар нь түргэн рүү дахин дахин залгахад түргэний эмч “шүдийг нь битгий зуулга, таталж өгүүлж болохгүй шүү” гэж хэлж байсан. Эмч 15-20 минутын дараа ирж үзээд тариа хийж байгаа харагдсан. Тухайн үед миний бие тавгүйтээд толгой эргээд, дотор муухай оргиод байхаар нь эмчид үзүүлж толгойгоо бариулаад эмнэлэг явах гэхэд Мөнхбат ах жоохон гайгүй болж утсаа асуухад Мандахбаяр “утас чинь надад байна” гэж хэлээд, түргэний машины хаалгыг хааж хөдөлсөн. Тэгээд эмнэлэг рүү явж байхад Мөнхбат ахад хүчилтөрөгч залгачихаад байж байхад замдаа таталт өгөөд, эмч тариа хийж байгаа харагдсан. Миний толгой эргээд, дотор харанхуйлаад байсан болохоор толгойгоо бариад сууж байсан ба нэлээн явсаар байгаад Цэргийн нэгдсэн эмнэлгийн орчим ирэхэд эмч Мөнхбат ахын цээжин дээр гараараа дарж байгаа харагдсан. Эмнэлэг дээр ирээд эмч нь Мөнхбатыг орон дээр хэвтүүлээд орсон ба би араас нь орох гэсэн боловч явж чадахгүй, хүнээр түшүүлж эмнэлэг рүү ороод үүдэн дээр зогсож байхад эмч нар Мөнхбат ахын цээжин дээр дараад нааш цааш гүйлдэж байснаа нэг эмч нь над руу ирж үзчихээд “энэ залуугийн бие тавгүй байх шиг байна, үзүүл” гээд орон дээр хэвтүүлж байгаад, хүчилтөрөгч залгаад, тариа хийж эмнэлэгт хэвтүүлснээс хойш эмнэлэгт 2 хоног хэвтээд гарсан. Ер нь үйлдвэрийн байранд анх ороход вакум орчинтой бүгчим байсан. Тэгээд гялгар уутаар тусгаарлаж, бетон шалыг өрөмдөж байхад зүсэгчийн яндангаас нүдэнд харагдахаар утаа гарахгүй байсан ч нагаартсан утааны үнэр үнэртэж байсан. Гялгар уутаар тусгаарласны дотор хэсэгт Мөнхбат ах зүсэгч ажиллуулж, би зүсэгчийн ир лүү ус шүршиж, Мандахбаяр ах хэмжээ тавьж, багаж хэрэгсэл нааш цааш нь зөөж, ус авчирч өгөх ажлыг хийж байсан. Тухайн үед үйлдвэр ажиллаж байсан болохоор гялгар уутны гадна хэсэгт үйлдвэрийн ажилчид ажлаа хийж байсан. Миний харснаар 10 гаруй хүн байсан. Тэр өдөр зүсэгчийг ажиллуулна гэж тооцоолоогүй бэлтгэл ажлыг хийж зүсэгчийг ажиллаж байгаа эсэхийг нь шалгана гэж Мандахбаяр ах надад хэлж байсан боловч Мөнхбат ах ирж зүсэгчийг ажиллуулаад “ах нь маргааш ажилтай, бага талбай байна, гялс дуусгачихъя” гэсэн болохоор шууд ажлаа хийж эхэлсэн. Тухайн үед бид нарт тусгай хувцас хунар хамгаалах хэрэгсэл өгөөгүй. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй шууд л ажлаа хийсэн. Мандахбаяр ах бид хоёрыг хананд гялгар уут нааж байхад үйлдвэрийн ажилчдаас орж ирээд гэрэл зураг аваад явж байгаа харагдсан, хэн гэдэг, ямар албан тушаалтай хүмүүс байсныг мэдэхгүй. Харин “Мөнх харш” ХХК-ийн захирал М огт ирээгүй. Оройхон нь үйлдвэрийн ажилчдаас нэг эмэгтэй орж ирээд зураг авчихаад гараад явсан. ...” /1хх 159-160/,

гэрч Б.Нарангэрэлийн “...Би “Гоёо” ХХК-д 2018 оны 8 дугаар сараас хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт ажилдаа ирээд орой 17.30 минутад ажлаа тараад явсан. Тэгээд маргааш өглөө нь намайг гэртээ байхад манай ажлын газраас залгаад “үйлдвэр дээр яаралтай ирэх шаардлагатай байна” гэхээр нь очиход “Ээрэх үйлдвэрт барилгын ажил хийж байсан хүн нь угаартаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна” гэж хэлсэн. Ерөнхийдөө барилгын ажил хийгдэх гэж байгаа гэдгийг Техник удирдлагын хэлтсийн дарга Ч надад хэлж байсан. Гэхдээ яг хэзээ эхлэх талаараа хэлээгүй. Надад барилгын ажил явагдаж байгаа талаар байгууллагын холбогдох хүмүүсээс хэн ч юу ч хэлээгүй. 2018 оны 10 сарын 15-ны өдөр гэрээний дагуу барилгын ажил эхэлнэ гэж хэлж байсан. ... Ч дарга өрөөнд байхдаа Ээрэх үйлдвэрт бетон шалыг нь зүсэх ажил хийгдэх тухай ярьж байсан, гэхдээ эхлэх болоогүй байгаа гэж байсан. Тэгээд “уг ажлыг эхлэх үед нь мэдэгдэх байх, уг ажилд нь хяналт тавиад ажиллах юм байна” гэж ойлгож байсан боловч огт мэдэгдэлгүйгээр ажлаа эхлүүлсэн байсан. ...” /1хх 180, 3хх 7-8/,

гэрч Б.Цолмончимэгийн “...Би 2018 оны 8 дугаар сард “Гоёо” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежерээр ажилд ороод 2019 оны 1 дүгээр сарын эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа 08.30 цагт ирсэн. Тухайн үед манай байгууллагын Ээрэх үйлдвэрт барилгын засварын ажил хийхээр туслан гүйцэтгэгч байгууллагатай гэрээ хийгээд байгаа талаар мэдэж байсан ч яг хэзээ, ямар ажил хийх гэж байгааг хэлээгүй. Тэгээд орой 17.30 цагт ажлаа тараад явснаас хойш шөнийн 02 цаг өнгөрч байхад байгууллагын диспетчер залгаад “үйлдвэрт барилгын ажил хийж байсан компанийн хүн нас барсан байна, яаралтай ир” гэсний дагуу очиход цагдаа нар ирчихсэн, үйлдвэрийн байрыг битүүмжилчихсэн байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирж уулзаад “энэ үйлдвэрт ажиллаж байсан хүн угаартаж нас барсан байна, ямар багажаар ажил хийж байсан” гээд асуугаад байсан. Би ямар ажил хийж байсан талаар ойлголтгүй, мэдээлэлгүй байсан болохоор юм хэлж чадаагүй. ...Үйлдвэрийн байранд “Мөнх харш” ХХК-ийн ажилчид барилгын ажлыг 11:00 цагаас хойш эхлүүлж тусгаарлан гялгар уут нааж, зүсэгч машин оруулж ирсэн талаар огт мэдээгүй, манай байгууллага дээр Онцгой байдлын хэлтсээс хүмүүс ирж уулзаж өрөөнөөсөө гарах завгүй байж байгаад ажлын цаг дууссан. Харин Нарангэрэл инженер үйлдвэрийн байрыг онцгой байдлын хүмүүст танилцуулж явсан. ...Компанийн удирдлагаас компани дээр хийгдэх гэж байгаа ажлынхаа талаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад мэдэгдэж, эрсдэлийг үнэлээд ажилд оруулж, хяналт тавих ёстой. Гэтэл гүйцэтгэх захирал, техникийн удирдлагын хэлтсийн дарга, барилгын инженер нар зохион байгуулаад ажилд нь оруулсан байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад огт мэдэгдээгүй, эрсдэлээ харилцан яриагүй, юу нь болох, юу нь болохгүй талаар огт асуугаагүй. ...” /1хх 181, 3хх 5-6/,

иргэний хариуцагч “Гоёо” ХХК-ийн төлөөлөгч З.Хосбаярын “...“Гоёо” ХХК нь “цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээсэн болон иж бүрэн цутгамал бүтээсэн барилгын ажил” гүйцэтгэх БУ-37-1449/16 тоот тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани болох “Мөнх харш” ХХК-тай гэрээ хийсэн байна. Захиалагч болох “Гоёо” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д захиалагч нь төлбөр төлж чанарын хяналт тавих, 7.2.8-д гүйцэтгэгчийн гүйцэтгэж байгаа ажлаас шалтгаалан өөрийн ажиллагсдын аюулгүй байдлыг хангахаар, харин гүйцэтгэгч буюу “Мөнх харш” ХХК нь гэрээний 6.1.6-д заасны дагуу “гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацаанд ажиллах хүчний дэг журам, сахилга бат, хөдөлмөр зохион байгуулалт, ажлын талбай дээр хөдөлмөр хамгааллыг хариуцах болон гүйцэтгэж буй ажлын аюулгүй байдлыг ханган ажиллана” гэж тодорхой үүрэг хариуцлагыг хуваарилсан байна. Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК хоёулаа эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж буруутгасан байдаг. Гэтэл “Гоёо” ХХК нь энэ үйлдэлдээ хариуцлага хүлээн, зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулж, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 0149416 тоот шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгөөр торгуулсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор тухайн үед ажиллаж байсан манай холбогдох ажилтнуудыг буруутгаж, “Гоёо” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Бидний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ногдуулахаар татаж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд энэхүү нөхөн төлбөрийн харилцаа нь зөвхөн ажилтан, ажил олгогчийн хооронд үүсдэг. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/24 дугаар шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч нь “Мөнх харш” ХХК болохыг тогтоосон учир хохирол төлөхийг зөвшөөрөхгүй байна. ...” /3хх 77-78/,

шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Гоёо” ХХК-ийн удирдлагуудтай уулзаад, самнах машины суурийн ажил хийх ерөнхий нөхцөлүүдээ тохиролцсон. Тухайн үед “Гоёо” ХХК-ийн зүгээс үйлдвэрийн ажлыг зогсоохгүйгээр 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх санал тавьсан. Манай байгууллагын зүгээс “үйлдвэрийг зогсоож, агуулахыг суллаж байж ажил хийнэ, 21 хоногийн хугацаанд” гэхэд миний саналаар гэрээ байгуулахаар болж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил эхлэхэд үйлдвэрийг зогсоож, ажил хийх хэсгийг бүрэн суллаж, мөн зүүн тийш харсан том хаалгыг нээж ажиллах боломжгүй болгохоор тохиролцсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагт ажил эхлэх гээд очиход үйлдвэрийн ажил зогсоогүй, ажиллаж байсан ба “захирлуудаас нэвтрэх зөвшөөрөл авч байж оруулна” гэж хүлээлгээд, 12 цагт дотогш орсон. Тэгээд нарийн коридор үүсгэж, зүүн хаалгаар агаар солих зорилгоор гялгар уутыг төмөр утас татаад, бэхэлж байхад техникийн албаны дарга Ч ирээд “таазандаа гялгар уутаа тулгаж бэхлэхгүй бол тоос шороо орж, тоног төхөөрөмж тоос шороо болно” гэж гялгар уутыг таазанд тулгаж бэхлүүлсэн. Үдээс хойш нь Болормаа инженер над луу залгаж яриад “танай гэрээг захирлуудад танилцуулж гарын үсэг зуруулж байна, ажлаа явуулж бай” гэж хэлсэн. Үдээс хойш нь уур цацдаг таазанд бэхэлсэн хоолойны ажил хийх хэсгийг хаалгахаар Чд хэлэхэд хоолойг хаахдаа ажил хийх хэсгийн дээш агаар сорох шуудууг картон цаасаар таглуулсан. Шуудууг таглахгүй бол тэндээс орсон тоос шороо бусад зааланд нөлөөлнө гэж хэлж байсан. Би бэлтгэл ажил хийлцэж байгаад 17.30 цагийн үед Болормаагаас гэрээгээ авч, урьдчилгаа мөнгө авах нэхэмжлэл бичиж өгөхөд “2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу ням гарагт бетон хуулах ажлаа эхэл” гэж хэлсэн. Тэгээд би 18 цаг өнгөрч байхад ажлаас гарч яваад талийгаач Мөнхбаттай тааралдаж /2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яриад бетон зүсэх хөрөө авч ирүүлэхээр дуудсан байсан/ үйлдвэр лүү дагуулж ороход манай ажилчид зүсэх хэсгүүдээ зураад тэмдэглэчихсэн байсан тул Мөнхбатаас “хэрэгтэй юм юу байна” гэж асуухад “хоолонд оръё” гэхээр нь Мандахбаяртай уулзуулаад, “хоол ундаа зохицуулаад, бетон зүсчихээрэй” гэж хэлээд явсан. Орой 19 цаг өнгөрч байхад Болормаа над луу залгаад “чи ажил дээрээ байна уу, танай хүмүүс ажил хийж байна, ажилчид утаа үнэртээд байна” гэхээр нь очиж үзлээ, гэхдээ гайгүй байна, чи ер нь хажууд нь байнга байх шаардлагатай шүү” гэж хэлсэн. Шөнө 00 цагийн үед Мандахбаяр манай гэрт ирээд “Мөнхбат ажлаа хийж байгаад угаартаж нас барсан” гэхээр нь эмнэлэгт очсон. “Гоёо” ХХК-тай гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, тэр өдрөөрөө ажлаа эхэлсэн. Анх уулзаж ярилцахдаа мөн тэгж тохирсон. ... тус компанийн хяналтын инженер Б, техникийн албаны дарга Ч нар тогтмол уулзаж, ажлын талаар ярилцаж байсан. Түүнээс хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр холбогдох хүмүүс ирж уулзаагүй. ...” /1хх 148-149, 2хх 94-95, 3хх 12/,

шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу баасан гарагт манай байгууллага болох “Гоёо” ХХК нь “Мөнх харш” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ээрэх үйлдвэрийн суурийн ажил хийлгэхээр болсон. Гэрээ байгуулах үед “Гоёо” ХХК-ийн захирал Оргилболд, “Мөнх харш” ХХК-ийн захирал М нар хоорондоо ярилцаад, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил хийх өмнөх бэлтгэл ажил хийхээр тохиролцсон байсан. Миний хувьд гэрээний бичиг цаасны ажлыг цэгцлээд, орой 21 цаг өнгөрч явсан. Намайг явах гэж байхад Ч дарга залгаж “доор үйлдвэрт утаа гараад байна, үнэр ихтэй байна гэнэ, чи ороод үзээдэх” гэхээр нь үйлдвэр лүү бууж шалгахад “Мөнх харш” ХХК-ийн хоёр ажилтан үйлдвэрийн байранд тусгаарлах уутаар хана хийж, бетон шал зүсэж байсан. Тэгэхэд нүдэнд харагдах байдлаар бол утаагүй, үнэртэж байхаар нь хүмүүсээс нь “хэдүүлээ ажиллаж байгаа юм бэ, ахалж байгаа хүн байна уу” гэхэд “байгаа, хоол авчрах гээд явсан” гэж хэлсэн. “Угаарын үнэр их байна, манай хяналтын албанаас яриад байна, болгоомжтой ажиллаарай” гэж хэлээд “Мөнх харш” ХХК-ийн захирал Мын 88111511 дугаар утсаар залгаж хаана байгааг нь асуухад “Сансарт явж байна” гэхээр нь “энд зүсэлтийн ажил эхэлчихсэн байхад чи яагаад ажил дээрээ байхгүй байгаа юм бэ” гэж асуухад “наана чинь ахалж байгаа хүн байгаа, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Би “ямар хүн байгаа юм бэ, энд 2 хүн байна” гэхэд “4-5 хүн байгаа” гэж хэлсэн. ... “Угаар ихтэй байна, манай ажилчид гомдоллож байна, нэг хүнээр ингэж зүсүүлэхгүй, агааржуулалт оруулаагүй байна, агааржуулалтын хоолой татаж байж ажил эхэл гэж хэлсэн яасан юм бэ” гэхэд “зүгээрээ, удахгүй дуусчихна” гэж хэлсэн. Би Ч дарга руу залгаж Мтай ярилцсан, мөн тэнд байгаа байдлын талаар хэлэхэд “битүү орчинд ажиллаж болохгүй, шинэ ээрэх үйлдвэрийн хаалга онгойлгоё” гэж ярилцаад “хаалгануудаа нээж агаар оруулан, гялгар уутыг сөхүүлж хүмүүсээ агаарт гаргаж бай” гэж хэлээд, “Мөнх харш” ХХК-ийн захиралд утсаар “нэг хүнээр ингэж удаан ажиллуулахгүй, хүн цөөдөөд байвал үйлдвэрийн ажилчид тусална, хүн гаргаж өгье, чи биеэр ирж хар” гээд буусан. Тэгээд шөнө 02 цагийн үед манай байгууллагын диспетчер залгаад “үйлдвэр дээр ажил хийж байсан хүмүүсийн нэгийнх нь бие муудаад нас барчихлаа, ажил дээр яаралтай ир” гэхээр нь үйлдвэр дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан. ... Ажил үргэлжлүүлэх эсэхийг техникийн удирдлагын дарга Час утсаар ярьж асуухад “яаралтай ажил тул үргэлжлүүл” гэдэг үүрэг өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2-д зааснаар намайг буруутгаж байна. Энэ заалтаар тухайн ямар нэгэн ажлыг зогсоох эрх, үүрэг нь ажил олгогчид олгогдсон байна. Би ажил олгогч буюу дээд шатны удирдлагадаа мэдэгдэхэд “ажлаа явуул” гэсэн учраас ажлыг зогсоогоогүй. Харин мөн хуулийн 18.2.3-т зааснаар аюулгүй байдлын дүрэм журамд заасны дагуу агаар замыг нь зааж өгсөн. Мөн зааварчилгааг өгсөн. ...” /1хх 156-157, 3хх 92-93/,

шүүгдэгч П.Чяллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед байх “Мөнх харш” ХХК-ийн захирал М болон ажилчид нь болох 2-3 залуучууд ирээд үйлдвэр лүү нэвтрэхийг хүссэн учир гүйцэтгэх захирал Оргилболдоос зөвшөөрлийг өөрийн ашигладаг “Viber”-аар асуухад зөвшөөрөл өгсөн. Тэгээд М нарыг үйлдвэр лүү оруулаад, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гээд аман зааварчилгаа өгсөн. Ээлжийн мастер Алтанзулд “эдгээр хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж өгье” гэж хэлсэн. Дараагаар нь “Мөнх харш” ХХК-ийн ажилчид өөрсдийн ажиллах орчныг бүрдүүлэхээр гялгар уутаар тусгаарлах хана хийж байсан. Энэ үед манай инженер Б талбайн хяналтын инженерээр хариуцаж ажиллах үүрэг чиглэлтэй байсан. Ингээд би хүүхдийн хуралд суухаар явчихсан байхад Ээрэх үйлдвэрийн менежер Дуламсүрэн залгахаар нь утсаа авах боломжгүй байгаа талаар хэлэхэд “утаа угаар ихтэй байна” гэхээр нь хариуцсан инженер Б, диспетчер нарт хэлж шаардлага тавиад, “хариуцсан захиралд нь мэдэгдээд ажлыг зогсоовол яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн ажил гүйцэтгэж байгаа хүмүүстэй уулзахад “бид нар амраад ажиллаж байгаа болохоор одоогоор гайгүй байна” гэж хэлсэн байсан. Би “ямар нэгэн байдлаар гадагшаа гарч агаар сэлгэж ажиллах ёстой шүү” гэж аман чиглэл өгсөн. Орой 22 цагийн үед хүүхдийнхээ хурлаас тараад утсаар тухайн ээлжийн мастертай яриад “ажил хийж байгаа хүмүүс одоо зогсчихсон байна, удахгүй дуусаад явах байх” гэж хэлсэн ба би маргааш нь болсон асуудлын талаар мэдсэн. ...” /3хх 3-4, 96/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-48, 88-98, 99-110/,  2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 50 минутад бүртгэгдсэн яаралтай тусламжийн дуудлагын хуудас /1хх 23-24/, амь хохирогч О.М цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 111-116/, “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /1хх 83-87/, амь хохирогч О.М цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2273 дугаартай дүгнэлт /1хх 186-188/, бетон зүсэгч төхөөрөмжийн шинж байдлыг тогтоосон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн шинжээч К.Хабалболотын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /1хх 199-203/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад актуудад заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага мөрдөгдсөн байдлыг тогтоосон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04/01/01-2018, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05-092/24 дугаартай дүгнэлтүүд /1хх 191-194, 2хх 223-228/,  дээрх дүгнэлтүүдтэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Я.Дамдинрагчаагийн “...Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос эрсдэлийн үнэлгээг заавал хийсэн байх үүргийг хүлээдэг. Тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эзэмшиж байгаа этгээд нь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлж мөрдүүлэх үүрэгтэй юм. “Мөнх харш” ХХК нь осолдогчдод зааварчилгаа өгөх үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиалагч, гүйцэтгэгч хоёр байгуулсан гэрээнд хөдөлмөр аюулгүй ажиллагааг хэн хариуцах талаар тодорхой тусгах ёстой бөгөөд тусгаагүй бол захиалагч тал хариуцна. ...” /1хх 233/,

шинжээч Ш.Хонгорзулын “...“...Хан-Уул дүүргийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх 44 дугаартай тогтоолын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 092/24 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтад тусгагдсан нөхөн төлбөрийг ар гэрийнхэн нь авах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй нөхцөл байдал үүссэн байна. Мэргэжлийн хяналтын газраас “Гоёо” ХХК-иас гаргасан ослын актыг баталгаажуулах хугацаа өнгөрсөн байгаа нь нөхөн олговор, цаашид тэтгэвэр тэтгэмж авахад хүндрэл үүсэж байна. Ослын актад хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа тусгагдахгүй, гагцхүү талийгаачийн нас барсан нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөллөөс нас барсан уу, эсхүл өөр бусад байдлаар нас барсан уу гэдгийг тогтоож байгаа юм. Тэрнээс хэн нэгнийг буруутай гэдгийг ослын актаар тогтоож байгаа зүйл биш ээ. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулснаар нөхөн олговор авах эрх үүсэх юм. Дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалтай бүрэн танилцсан ба “Мөнх харш” ХХК- ийг үйлдвэрийн талбайд нэвтэрч ажил эхлэх зөвшөөрлийг “Гоёо" ХХК-ийн техникийн удирдлагын хэлтсийн дарга Ч гэх хүн өгсөн байсан. Тухайн албан тушаалтан нэгэнт үйлдвэрлэлийн байр луу нэвтэрч, ажил эхлэх зөвшөөрөл өгсөн бол байгууллагын нутаг дэвсгэр дээрх барилгын ажил гүйцэтгэх нөхцөлд дагалдан үүсэж болох хортой хүчин зүйлүүдийг тухайн байгууллагын хүрээнд тогтоосон журмын дагуу эрүүл ахуй, нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай. Энэ нь /БНбд 12-03-04/-ийн стандартын 6.6.3-т тодорхой заасан байгаа. Энэ заалтыг үйлдвэр рүү нэвтрэх зөвшөөрөл өгсөн хүн дагаж мөрдөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. “Гоёо” компанийн удирдах буюу үйлдвэр лүү нэвтрэх зөвшөөрөл өгсөн албан тушаалтан нь тухайн өдөр ХАБ-ын ажилтнууддаа ийм эрсдэлтэй ажил эхэлж байгаатай холбоотой заавар чиглэл өгөөгүйн улмаас осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна. Дээрх байдлаас үзэхэд “Гоёо” компанийн ХАБ-ын ажилтнууд нь өөрсдийн хүлээсэн үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс уг осол гарсан гэж үзэх боломжгүй. Мөн шинжээч томилох тогтоолыг хүлээн аваад хэргийн материалтай бүрэн танилцахад “Мөнх харш” ХХК-ийн самнах үйлдвэр ажил гүйцэтгэж байх үед “Гоёо” ХХК-ийн барилгын инженер Б явц байдалтай өөрийн биеэр танилцаад, утаа, угаарын хий үнэртэж байгааг мэдсэн даруйд үйл ажиллагааг зогсоох боломжтой байсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.3, 28.1.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж “Мөнх харш” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоогоогүй байна. Миний ярьсан бүгд үнэн. ...” /3хх 9-10/ гэсэн мэдүүлгүүд,  

 “Гоёо” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, ХАБЭАБО- ны менежментийн систем батлах тухай” гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30- ны өдрийн тушаал, уг тушаалтын хавсралт №1 баримт бичгүүд, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журам батлах тухай” тушаал, журам, “Хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас олгох ба ашиглах журам батлах тухай” тушаал, журам, “Ажлын байрны үзлэг шалгалт хийх журам батлах тухай” тушаал, журам шийдвэрүүдийн хуулбар баримтууд, “Гоёо” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин хариуцсан менежер, ХАБЭА-н менежер, Техник удирдлагын хэлтсийн дарга зэрэг ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт баримтууд, менежментийн гэрээ, “Гоёо” компанийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /2хх 8-14, 15-26, 27-30, 31-36, 37-40, 41-49, 79/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакум орчинд, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мнь ажил гүйцэтгэх явцад угаарын хийн хордлогод орж, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг /Ажил олгогч дараах үүрэгтэй байна/-ийн 28.1.2-т “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

Монгол Улсын Олон Улсын гэрээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц”-ийн IV дэх хэсэг /Байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ/-ийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хяналтад нь буй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана.” гэж тодорхой заасан.

Осол гарсан “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байр нь ажлын талбар болохынхоо хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад актуудад заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага мөрдөгдөх учиртай.

Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Н.Б нь “Мөнх харш” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 5.14-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 5.11.3-т заасан “шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММ84969-2000-Д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа заавал өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мөнхбатаар ажил гүйцэтгүүлсэн,

шүүгдэгч П.Ч нь “Гоёо” ХХК-ийн техникийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш” ХХК-д өгсөн атлаа энэ талаар компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 4.12.4-т заасан “Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан уг ажлыг гүйцэтгэх явцад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж байх үүрэгтэй.”, 6.6.8-т заасан “Хаалт, хамгаалалтыг үйлдвэрийн хаягдлыг механикжсан аргаар зайлуулах тоос сорох системд холбох боломжтойгоор гүйцэтгэнэ.”, 6.6.3-т заасан “Байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу үйлдвэрийн цех, тасагт барилга угсралтын ажил гүйцэтгэх нөхцөлд дагалдан үүсэж болох хортой хүчин зүйлүүдийг тухайн байгууллагын хүрээнд тогтоосон журмын дагуу эрүүл ахуйн нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай.” гэснийг хэрэгжүүлэн ажиллагаагүй,

шүүгдэгч Г.Б нь “Гоёо” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа тус ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явц байдалтай танилцан угаарын хий үнэртэж байгааг мэдсэн атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1.2-т заасан “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэснийг зөрчиж, ажлыг зогсоох арга хэмжээг авч ажиллаагүй зэрэг нь эцэстээ осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна.

“Гоёо ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Оргилболд “Мөнх харш” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Б нар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /1хх 83-87/,

Уг гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.6-д “Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацаанд ажиллах хүчний дэг журам, сахилга бат, хөдөлмөр зохион байгуулалт, ажлын талбай дээр хөдөлмөр хамгааллыг хариуцах болон гүйцэтгэж буй ажлын аюулгүй байдлыг хангах ажиллана гэж, 7.2 дугаар зүйлийн 7.2.8-д “...Ажиллагсдынхаа аюулгүй эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлж ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөв зардлыг батлан зарцуулах, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн нөлөөллийн бүс дэх ажлын байранд ослоос урьдчилан сэргийлэх хаалт, хашлага, хамгаалалтууд, хамгаалах тор, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дохио тэмдгүүд, зурагт хуудас байрлуулан ажиллах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Дээрх гэрээнээс дүгнэн үзэхэд тухайн гэрээнд заасан заалтыг зөрчсөн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, П.Ч, Г.Б нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоосон бөгөөд өмнө нь энэ хэргийн хувьд дээр дурдсан асуудлуудаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хангалттай шалгагдсан, одоо нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.

Иймээс шүүгдэгч Н.Б, П.Ч, Г.Б нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх тул гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч П.Чөмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүдэгч П.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Н.Бт 2 жилийн хорих ял, П.Ч, Г.Б нарт тус бүр 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Н.Б, П.Ч, Г.Б нарын үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” /Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Хэдийгээр шүүгдэгч Н.Б, П.Ч, Г.Б нар нь гэм буруугийн асуудлаар маргадаг боловч анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзаж, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж   шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Чөмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүдэгч П.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/613 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Чөмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүдэгч П.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ