| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00255/И |
| Дугаар | 151/ШШ2024/00311 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00311
2024 04 04 151/ШШ2024/00311
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, С сум, .. дугаар баг, ... газарт оршин суух Б овогт Бийн Б,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Бийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б нь Төв аймгийн С сумын “С” нэгдэлд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс худгийн моторчноор анх орж, мөн “С” ХК болж малчнаар 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус тус ажилласан. Гэтэл 1990-1991 онд нэгдэлд малчин байсан хугацааны ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Б.Бийг С сумын “С” нэгдэлд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчин, малчнаар, “С” ХК-д малчнаар 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Б би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан. Цаашид ажилласан байдал тэтгэвэр тогтоолгоход хүрэхгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү” гэжээ.
3. Б.Б нь нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас /хх 3/, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг /хх 4/, Төв аймгийн С сумын “С” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай тушаал /хх 5-6/, Төв аймгийн С сумын “С” ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тушаал /хх 7-8/, 1992 оны 12 дугаар сарын 31-ний 140 дугаартай тушаал /хх 9/, 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай тушаал /хх 10/, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай тушаал /хх 11-13/, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан иргэний лавлагаа /хх 14/, итгэмжлэл /хх 15/ зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь Б.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ: “Б.Б нь Төв аймгийн С сумын “С” нэгдэлд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс худгийн моторчноор анх орж, мөн “С” ХК болж малчнаар 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус тус ажилласан. Гэтэл 1990-1991 онд нэгдэлд малчин байсан хугацааны ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа учраас ажиллаж байсан байдлыг тогтоолгоно” гэж тодорхойлсон.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Б.Б миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан. Цаашид ажилласан байдал тэтгэвэр тогтоолгоход хүрэхгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлт хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 35,100 төгрөг, нэхэмжлэгч Б.Бид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН