| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2018/02373/и |
| Дугаар | 210/МА2019/00148 |
| Огноо | 2019-01-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2019/00148
Д.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02287 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “АБ” ХХК-д холбогдох,
Зээл барагдуулсны урамшуулалд 18 863 091 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Нямцэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 2 сарын 08-ны өдрөөс “АБ” ХХК-д тусгай активын хуульчаар ажиллаж байна. Банкны тусгай активын хуульч буюу нийтэд дэлгэрсэн ойлголтоор банкны өр барагдуулагч нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр тодорхой хэмжээний эрсдэл, аюулыг өөртөө хүлээн ажилладгийн хувьд миний бие анх ажил олгогчтой 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2.1.1-д “ажилтан ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшуулал авах эрхтэй” заалтыг гэрээнд тусгаж, үндсэн цалингаас гадна авах нэмэгдэл хөлс, урамшууллын талаар тусгайлан тохиролцсон билээ. Хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх зохицуулалтын дагуу би банканд ажиллаж эхэлснээс хойш өөрийн хариуцаж барагдуулсан чанаргүй зээлийн дүнгийн тодорхой хувиар нэмэлт урамшуулал буюу нэмэгдэл хөлс сар бүр үндсэн цалин дээр нэмж авч байсан. 2018 оны 2 сарын 1-ний өдөр 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчилж, 2018/028 тоот гэрээг байгуулахдаа дээр дурдсан заалтыг мөн адил хэвээр мөрдөхөөр тохиролцож, баталгаажуулсан. Гэтэл “АБ” ХХК нь 2 талын хооронд байгуулсан гэрээний заалтаа ямар нэгэн шалтгаангүйгээр биелүүлэхгүй, хөдөлмөрийн харилцаанд талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, нөгөө талаа үл хүндэтгэсэн, үл ойшоосон байдал гарган, 2018 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш төлүүлсэн зээлийн дүнд ногдох нэмэгдэл хөлсийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие ажил олгогчтой харилцан ярилцаж, маргааныг тохиролцооны зарчмаар, эв зүйгээр шийдвэрлэх үүднээс 2018 оны 7 сарын 16-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд уг асуудлаар хандсан ч “АБ” ХХК нь үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар нэгэн хүсэл эрмэлзэл, сонирхолгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Миний бие банкны удирдлагад дээрх асуудлаар удаа дараа хэлж, хүсэлт гаргасан ч, хүлээж авахгүй, үл ойшоосоор байгаа тул маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Миний бие 2018 оны 3 сарын 16-ны өдөр зээлдэгч Ц.Мөнхсүхээс 471 577 279.78 төгрөгийн зээл төлүүлж, банканд уг хэмжээний орлогыг оруулсан ба уг дүнд ногдох урамшууллыг авах хүсэлтэй тул Иргэний хуулийн 186, 189 дүгээр зүйл болон талуудын хооронд байгуулсан 2018/028 тоот Хөдөлмөрийн гэрээг үндэслэн, зээл барагдуулсны урамшуулалд 18 863 091.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тусгай активын багт хуульчаар ажиллаж байсан Д.С нь 2016 оны 2 сарын 08-өдрийн 2016/045 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 2018/028 тоот хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д заасан ерөнхий заалтыг үндэслэн урамшуулал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд цалинг 1 500 000 төгрөг байхаар ажилтантай харилцан тохиролцож сар бүр олгож байсан. Зээл төлүүлэх ажиллагаа нь үндсэн ажил үүрэг. Харин тус ажилтанд урамшуулал олгогдож байсан нарийвчилсан журам нь гүйцэтгэх захирлын 2016 оны 1 сарын 18-ны өдрийн 12 тоот тушаалаар батлагдсан “Тусгай активын багийн урамшууллын журам”-ын дагуу тусгай активын багийн хуульч нарт урамшуулал олгогдож байсан бөгөөд тус журам гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 19-ны өдрийн 302 тоот тушаалаар хүчингүй болсон. ТАБ-ын хуульч нарт 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл урамшуулал олгогдсон бөгөөд 2018 оны 1 сарын 01-ний өдрөөс олгогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар Д.С нь уг урамшуулал олголт 2018 оны 1 сарын 01-нээс зогссон байсныг мэдэж байсан. Мөн зээлийн дансны хуулга зэргээс үзвэл Ц.Мөнхсүхийн зээл нь 2018 оны 3 сарын 16-ны өдөр төлөгдсөн банкны олон ажилтнуудын оролцоотой төлөгдсөн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2018 оны 6 сарын 16-ны өдөр дууссан, хугацааны дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т заасныг баримтлан “АБ” ХХК-иас нэмэгдэл хөлс 18 863 091 төгрөг гаргуулан, Б овогтой Д.С-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 252 270 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 252 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гуравдугаар нүүрний 6 дугаар догол мөрөнд “Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т заасны дагуу урамшууллыг олгох нь зүйтэй байна гэж шүүх үзсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт цалин хөлсийг олгох хувь хэмжээг тохирсон тохиролцоо байхгүй мөн тухайн хэрэгт хамтын гэрээ байхгүй зэргээс үзвэл шүүх огт байхгүй нотлох баримтыг хийсвэрлэн бий болгож үндэслэх хэсэгтээ дурдсан байна. Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 3 дугаар зүйлд зааснаар "...бусад нөхцөл... нэмэгдэл хөлсийг... харилцан тохиролцсоныг хамааруулна ..." хэмээн заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд урамшуулал болон урамшууллын хувь хэмжээний талаар тохиролцсон заалт байхгүй. Мөн тус үндэслэх хэсгийн 9-р догол мөрөнд "Дээрх үйлчлэл нь тухайн 2016 ондоо олгох урамшуулал байсан ... 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот тушаалаар ... хүчингүйд тооцсоноор түүний тайлбар үгүйсгэгдлээ" хэмээн илтэд логикын алдаатай дүгнэлт хийсэн. Тухайн урамшууллын журмыг "АБ" ХХК-иас 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр батлаад 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгосон байтал хүчинтэй хэвээр үргэлжилж буй мэтээр шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхэд тухайн журмыг хүчингүй болгосон 302 тоот тушаалыг гаргаж өгсөн мөн ажилтнуудад дотоод мэйлээр илгээж танилцуулж байсан талаарх нотлох баримтад, үзлэг хийлгүүлье гэсэн хүсэлтийг хуралдааны явцад тавьсан боловч хүлээн авалгүй шийдсэн нь хариуцагчийн нотлох баримт гаргуулах эрхийг ноцтой зөрчсөн. Тус журам 302 тоот тушаалаар хүчингүй болсон байтал дагаж мөрдөгдөх хугацаа болох 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг үндэслэн журмыг хүчинтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр нүүрний 2, 3, 4 дүгээр догол мөрнүүдэд хөөн хэлэлцэх хугацааны талаар илтэд хууль бус дүгнэлт хийсэн. Тус мөрөнд бичихдээ "... дансны хуулгаар сар бүрийн сүүлийн цалин олголт дээр урамшуулал нь тооцогдож байсан болох нь тогтоогдож байх тул 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс мэдсэн гэж үзнэ" хэмээн дүгнэлтийн эхний хэсэгт "... сар бүр олгож байсан байна ..." зөв дүгнэсэн боловч сүүлийн хэсэгт нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн хууль зүйн үндэслэлгүй хугацаа гаргаж хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу, мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байна. Банкны тусгай активын багийн хуульчаар ажиллаж байсан Д.С-ын хувьд урамшуулал зогссон байсныг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдэж байсан болохоо шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийнхээ 2 дугаар нүүрэнд дурдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч энэ тухайгаа тайлбартаа дурддаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь урамшууллын журмыг 302 тоот тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зогссон гэдгийг мэдэж байсан, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээл төлөгдөхөд урамшуулал зогссон өгөхгүй гэдгийг тухайн үед мэдэж байсан гэдгээс үзвэл хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тоолох үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааг хамгийн сүүлчийн боломжит хугацаанаас эхлэн тооцъё гэвэл "Тусгай активын урамшууллын журам"-ын 2.3 дугаар зүйлд зааснаар урамшууллыг сар бүр тооцон олгодог байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлөгдсөн зээлд урамшуулал олгох байсан бол 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу тухайн сарын сүүлийн цалин буух үеэс тоолох байсан гэтэл шүүх огт байхгүй хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 27 гэх өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлгүй. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад шүүхэд гаргасан байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа тус Ц.Мөнхсүхийн зээлийг олон ажилтан төлүүлсэн гэх боловч нотлогдохгүй байна хэмээн дүгнэсэн байх бөгөөд тухайн зээлийг Д.С дангаар хариуцан төлүүлсэн талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч Д.С-аас бичиж өгсөн эх сурвалж нь тодорхой бус баримтад үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан тул нотлох баримтуудыг хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлэгт хасуулах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Журмын дагуу Д.С-нь тус зээлийг дангаар хариуцан төлүүлэх байсан бол "Тусгай активын урамшууллын журам"-ын хавсралт 1-3 дэх хэсэгт заасанчлан Д.С-т зээлийг хүлээлгэн өгсөн акт үйлдэх, программд хариуцан төлүүлэх ажилтныг өөрчлөх, тухайн зээлийн төлөгдөх чанарт ангилал хийлгүүлэн урамшуулал ногдох хувь хэмжээг тохирох ёстой байсан. Эдгээр баримтын талаар хэрэгт огт авагдаагүй байхад шүүх тухайн зээлийг Д.С дангаар хариуцан төлүүлсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулан зээл барагдуулсны урамшуулалд 18 863 091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч нь “АБ” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, талууд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-4-7, 12-15 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар Д.С нь нэмэгдэл цалин олгоогүй болохыг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “АБ” ХХК-тай 2016, 2018 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д зааснаар нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 тоот тусгай активын урамшууллын журмын 2.3-т “урамшуулал тооцогдох мөнгөн дүнгээс доорх хувь хэмжээгээр сар бүр тооцогдон ТАБ-ийн ажилтанд олгоно” гэж тус тус зааснаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “АБ” ХХК-д төлөгдсөн иргэн Ц.Мөнхсүхийн 471 577 279 төгрөгийн зээлийн төлөлтөөс 4 хувь буюу 18 863 091 төгрөгийн нэмэгдэл цалин авах ёстой гэж тодорхойлсон. /хх-ийн 4-7, 12-15, 84-87 дугаар тал/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд ажил олгогч ажилтанд хэдэн хувийн нэмэгдэл цалин хөлс олгох талаар зохицуулалт байхгүй, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 тоот тусгай активын урамшууллын журмыг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсон болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 78 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т зааснаар ажилтан нь нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй боловч тусгай активын урамшууллын журам хүчингүй болсон, “АБ” ХХК-д төлөгдсөн зээлийн хэдэн хувийг нэхэмжлэгч авах талаар талууд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй болно. /хх-ийн 12-15 дугаар тал/
Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж тусгай активын урамшууллын хувь хэмжээг 4 хувь гэж тогтоож хариуцагчаас 18 863 091 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “АБ” ХХК-д холбогдуулан гаргасан зээл барагдуулсны урамшуулалд 18 863 091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02287 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулан гаргасан зээл барагдуулсны урамшуулалд 18 863 091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ