Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 244

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогч Л.М,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд шүүгдэгчийн мэдүүлэг өгөх хэсгийг хаалттай, бусад хэсгийг нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн 1710000310036 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,,,, оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Н

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,, тоотод эхнэр Л.М-ийг бусадтай хардан маргалдан улмаар нүүр болон биеэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ,,, тоотод эхнэр Л.М-ийг бусадтай хардан гар утсыг асааж үзээд “энэ юун зураг вэ” гэж маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих, үснээс чирэх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу, тухайн үед уур хүрээнд ухаанаа алдсан байсан...Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Л.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сараас 21-22-нд шилжих шөнө манай нөхөр Н согтуу орж ирээд миний утсыг асаагаад энэ ямар учиртай зураг юм гээд уурласан. Би тухайн үед тэр зургийг надтай холбоогүй гэдгийг тайлбарласан боловч Н уурлаад миний нүүрэн тус газар цохьсон. Гэтэл би ор руу унасан.Тухайн үед миний толгой манараад юу болсон гэдгийг мэдээгүй. Би нэг сэрэхэд өрөөнөөс үснээс чирээд хаалгаар гаргаж хаяна гэж хэлээд чирсэн. Би орилоход манай хоёр хүүхэд сэрээд босч ирсэн. Н надтай 15 жил ханилсан байж аймшигтай зодсон. Миний бүх газар цохиж зодсон. Манай хоёр хүүхэд босоод ирэхээр нь охиныгоо 103 түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн. Мөн 102 дугаар руу залгуулж цагдаа дуудсан...Надад гомдол санал байхгүй. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...Бид хоёр эвлэрсэн тул цаашид гарах эмчилгээны зардлаа баримтаараа нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Л.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажлын хамт олонтойгоо хоол идчихээд гэртээ ирээд унтаж байтал 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ,,, тоотод нөхөр Б.Н нь гаднаас халамцуу орж ирээд миний утсыг асааж үзээд энэ юун зураг вэ гээд шууд уурлаад гараараа нүүр рүү цохиж авахаар нь “надад ямар ч хамаагүй чатнаас орсон зураг байна” гэсэн тэгээд би цаашаа ярьж чадаагүй намайг зөндөө зодсон тэр үед ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Н миний үснээс чирээд хаалгаар гарах гэж байхаар нь ухаан ороод орилсон тэгэхэд манай 2 хүүхэд сэрээд “та болиоч ээжийг алаа” гэж орилж байсан. Н яадаг юм ална гээд байсан. Тэгээд тэрнээс хойш би санахгүй байна ухаан алдсан байсан. Дараа нь нэг сэрэхэд би цусан дунд хэвтэж байсан би босох гээд чадаагүй, гэтэл Н миний дээрээс дэвсээд “наадах чинь худлаа баашилж байгаа юм” гээд хүүхдүүддээ хэлж байсан. Би тэгэхээр нь 2 хүүхэддээ “ээж нь босож чадахгүй байна түргэн дуудаарай” гээд 103 гээд хэлж өгөөд манай охин 103 руу залгаад хаягаа хэлж өгсөн. Н намайг дахиад зодох гээд дайраад байхаар нь охиндоо цагдаа дуудаарай гэж хэлсэн түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

                        4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8250/-ний дүгнэлт:

                        -Л.М-ийн биед зүүн талын 3-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын яс, хамрын таславчийн хугарал, тархины доргилт, 2 нүдний зовхи, хамар, зүүн бугалга, цээж, ууцны хэсгийн зөөлөн эдийн няралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн18/

            5. Яллагдагч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн хэрэг гардаг орой би эхнэртэйгээ бага зэргийн хардалт болсон юм. Манай эхнэр надад “чи намайг мэдчихсэн юм бол би энэ хүнтэйгээ амьдармаар байна, чи тэгээд зайлаад өгөөч” гэж гэнэт хэлэхэд нь би тухайн үед шоконд ороод ийм үг сонсоно гэж бодоогүй байсан хүн чинь өөрийн мэдэлгүй цочирдоод хэд хэдэн удаа цохьчихсон юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10238/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Н, хохирогч Л.М нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хүлээн авах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн, мөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч Л.М-тэй эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын санал болгож, хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 33.1 дүгээр зүйлийн 7, 34.4 дүгээр зүйлийн 2.1, 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Ныг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Б.Н-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н нь хохиролд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР