Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/230

 

    

 

 

 

 

    2022            3             1                                        2022/ДШМ/230                                                

 

Г.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Мөнхтогоо,

хохирогч Ж.Нын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Г өмгөөлөгч К.Жархынбек,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2510 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхтогоогийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.Нын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн 1809019380653 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Саминд овгийн Г.Г, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын эдийн засагч мэргэжилтэй, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..........................,

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нмаргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолд “гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ.” гэж заасан ба уг ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул Г.Гд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

  Прокурор Д.Мөнхтогоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 475 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан. Бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахад ажилласан шинжээч эмч Н.Туяагаас хохирогчид учирсан гэмтлийн талаар тайлбарлуулж мэдүүлэг авсан ба хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан байгаа болно. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Г.Г нь би хохирогч Ж.Нийг зодоогүй, мөрөн тус газраас нь түлхэн гаргасан гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зам, тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нмаргалдаж, заамдан авч хана руу хүчтэй түлхэх зэргээр эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед ахар сүүлний 3 дугаар нугаламын далд хугарал, хүзүүний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, тэрээр өөрийн дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Г нь Ж.Нийг заамдах, хана руу шахах, хүчтэй түлхэх үйлдэл хийхэд “Ж.Нийн биед ахар сүүлний 3 дугаар нугаламын далд хугарал, хүзүүний цус хуралт бүхий“ гэмтэл учрах боломжтой гэдгийг анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээч дүгнэлтдээ тодорхой бичсэн байна. Хэрэв шүүгч энэ талаар эргэлзэж буй бол тусгай мэдлэг бүхий шинжээчээс “хохирогчийг хана руу шахах, түлхэх үйлдэл хийхэд” яагаад ахар сүүл хугардаг талаар тайлбарлуулах боломжтой байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч шинжээчээс огт асуулт асуугаагүй хирнээ “Гантулгын үйлдлийн улмаас Нт хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн хуралдааны тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн байхад хийгдээгүй гэж захирамжид дурдаж буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, шүүгч хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр захирамжаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар одоо хийгдэх ажиллагаа байхгүй, өөрөөр хэлбэл хэрэг гарах үед зөвхөн хохирогч, шүүгдэгч хоёр л байсан, /Г.Г бага насны хүүхэд хажууд байсан боловч санахгүй, мэдэхгүй байна гэдэг/ өөр гэрч болон камерын бичлэг байхгүй, хохирогчид хууль сануулж авсан удаа дараагийн мэдүүлгээр Г.Г нь хохирогч Нийг заамдан хана руу түлхэн биед нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байгаа, одоо ямар нэгэн /зохиомол/ гэрч, камерын бичлэг гаргаж ирэх боломжгүй, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тохиолдолд шинжээч томилох эрхтэй бөгөөд Г.Гд холбогдох хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2510 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.   

Хохирогч  Ж.Нийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Г.Гд холбогдох хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Үүнд Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаж өгсөн баримтын дагуу хохирогч Нийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны чөлөө авсан баримтууд, эмнэлгийн хуудаснууд /2хх 79-86/ мөн гэрч Мягмарчулуун, гэрч Чунсэрээ, хохирогч Н, шинжээч эмч Туяа, хохирогчийн дахин мэдүүлэг, гэрч Номинчулуун, гэрч Мөнхбат, шинжээч эмч Даваасүрэн нарын мэдүүлгийг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөгчийн тэмдэглэлээр хохирогч Нийн өвчний түүх амбулаторийн карт, сиди 2 ширхэг, томографик оношилгоо, гэмтлийн эмчийн үзлэгийн баримт, компьютер томографик зэргийг хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор дахин шинжилгээ хийлгэж шинжээчийн 475 дугаартай дүгнэлт гарсан. Натур эмнэлгийн оношилгооны баримтуудыг шинжээчийн дүгнэлт гаргахад хохирогчийн зүгээс гаргаж өгсөн. /2хх 89, 93, 101, 102, 105, 108-115, 117, 122-123,128, 132, 134, 137, 139/ Энэ бүгдийг өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хурлын үеэр шинжлэн судлуулсан. Энэ нь Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж дүгнэж байна.

2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.Нийн зүгээс эмчилгээний зардал, эмчилгээ хийлгэсэн баримтууд, гэм хорын хохиролтой холбоотой 29 хуудас баримтыг гаргаж өгсөн. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн хохирогч Нийн баримтуудыг хавсаргасан байгаа. /1хх 54-67/ Үүнийг өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд мөн шинжлэн судлуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар ямар эмчилгээ хийлгэсэн байсан, өвчтөн эмчид хэрхэн мэдүүлсэн, акт авч байсан үедээ нурууны гэмтэл байсан эсэхийг тодруулах ёстой гэж үзсэн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэснийг анхан шатны шүүх хүлээн авч прокурорт буцаасанд гомдолтой байна. Учир нь дээр дурдсан баримтуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Хохирогч Н анхан шатны шүүх хуралдаанд тэр өдрөө дүүргийн эмнэлэгтээ үзүүлж бие зовуурьтай байгаад байхаар нь өрхийн эмчид үзүүлэн ахар сүүл хугарсан байх магадлалтай учраас зургаа авахуул гэсний дагуу зургаа авахуулсан гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн мэдүүлгүүд хангалттай авагдсан бөгөөд гэрч Наранцэцэг, гэрч Бат-Эрдэнэ, гэрч Наранцэнд, гэрч Чулуунбаатар, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Даваасүрэн нарын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Г үйлдлийн улмаас хохирогч Ж.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эсэхийг анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийх боломжтой байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4972, 475 дугаартай дүгнэлтүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй нотлох баримтад үндэслэж дүгнэлт гарсан. Шинжээч эмч Туяа, шинжээч эмч Даваасүрэн нарын мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Даваасүрэн мэдүүлэхдээ “ясны хугарал тэр даруй эдгэрэхгүй 28 хоногийн хугацаанд эдгэрнэ, хэд хоногийн дотор үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох боломжтой, ахар сүүл хугарсан үед сууж босох зүйл дээр хүндрэлтэй, алхах гишгэж явахаар боломжтой гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа энэ бол гарын яс хугарлаас жижиг яс учраас 28 хоногоос дээш хугацаанд эдгэрнэ, гарын яс бол 1 сарын хугацаанд эдгэрдэг, гэмтлийн зэргийг тогтоох журам дээр тодорхой тайлбарлан өгсөн, энэ хүний ахар сүүл тасарч унаагүй учраас ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдангид нөлөөлөхгүй, 28 хоногоос дээш хугацаанд эдгэрэх учраас хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн 2 заалтыг зэрэг авч үзэхгүй, нэг заалтын баримтлан яс нь бороолоогүй байсан, тиймээс 14-21 хоног дотроо байна. Тухайн хүний бие дэх кальцийн хэмжээнээс хамаараад яс бороолох хугацаа өөр байх боломжтой 28 болон түүнээс дээш хугацаанд эдгэрнэ, ямар ч яс хугарсан байсан 4-5 сарын хугацаанд эдгэрэхгүй байна гэж байхгүй гэж мэдүүлдэг.                                                

Шүүгдэгч тал шинжээчийн   дүгнэлттэй холбоотой эргэлзээтэй гэх бүх асуултад, шинжээч эмч хариулсан. Шүүгдэгч талаас ямар баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа үндэслэл саналаа зөвхөн таамаг байдлаар хэлдэг. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүгдэгч Г.Г нь хохирогч Ж.Нмаргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд энэ хэрэг гарахаас 7 сарын өмнө буюу 2017 оны 8 дугаар сард хохирогч тархины доргилт гэх оноштойгоор эмчилгээ хийлгэсэн байсан тархины доргилт холбоотой асуудлаар дүгнэлт гаргуулах хүсэлтэй, урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн гэдэг. Энэ нь цаг хугацааны хувьд хэрэг гарахаас 8-9 сарын өмнө болсон асуудал, энэ үйл баримттай ямар ч холбогдолгүй. Шүүгдэгч тал тархи доргих үед ахар сүүлэндээ гэмтэл авсан байж болзошгүй гэх таамаг байдлаар хандаж байгаа бол шинжээч эмч Даваасүрэнгийн мэдүүлснээр ямар ч яс хугарсан байсан 4-5 сарын хугацаанд эдгэрэхгүй байна гэж байхгүй мэдүүлгээр няцаагдаж байна. Хэрэв тэр үед ахар сүүл нь хугарсан бол Натур эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн оношоор хуучин бороололт гэж бичигдэх байсан. Тэр үеийн оношоор ахар сүүлний СОЗ нугалам их бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал гэж оношлогдсон. Натур эмнэлгийн эмч Мөнхбат нь гэрчээр мэдүүлэхдээ дээрх гэмтэл нь шинээр үүссэн байх боломжтой гэмтэл байна гэж мэдүүлдэг. Энэ нь шүүгдэгч талын таамаг байдлыг давхар няцааж байна. Хохирогч Н нь хэрэг болохоос өмнө ахар сүүлээ гэмтээж байгаагүй,... гар зайл чи хэн юм бэ?...гэнэт босож ирээд намайг багалзуурдаад хана руу шахаад, түлхээд өрөөнөөс гаргасан, хана руу түлхсэн гэж хохирогч шууд эх сурвалжаа зааж мэдүүлдэг. Энэ нь шүүгдэгч талын таамгийг давхар няцааж байна. Иймд дахин шинжээч томилуулах хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Миний үйлчлүүлэгч Ж.Н нь энэ хэрэг маш удаашралтай шалгаж байгаад гомдолтой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, ...хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан байдаг. Энэ хэрэг шалгагдсанаас хойш 4 дэх жилийн нүүрийг үзэж байна. Хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд гэхэд анхан шатны шүүх дээр хэрэг ирээд хэрэг шийдэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Удаашруулж байж байснаа прокурорт хэргийг буцааж байгааг ойлгохгүй байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 7-ны  өдрийн 2510 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурор болон мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж олон жил үргэлжилж байгаа. Үүнийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор тогтоож өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтийг гаргадаг. Хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлдэг. Энэхүү үйлдэл нь 2 дахь удаагаа давтагдаж байгаа. Тухайлбал, Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурор Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлтэд маш тодорхой дурдагдсан үндэслэлүүд байгаа. Улсын яллагч яллахаас татгалзсан байдаг. Учирсан хохирол нь удаан хугацаагаар сарниулах, гэмтэл мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн. Өөрөөр хэлбэл, удаан хугацаагаар сарниулна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчихсан. “...Яг хэд хоногийн эрүүл мэндийг сарниулсан вэ. ...” гэж асуусан. Үүнийг тогтоож байж хөнгөн гэмтэлд хамаарах уу, хүндэвтэр гэмтэлт хамаарах эсэх нь тогтоогдоно. Гэтэл тогтоогоогүй. Шинжээч нь хүртэл хариулж чадахгүй байгаа. Яг ямар үндэслэлээр удаан хугацаа гэж байгаа вэ, хэд хоног гэдэг нь тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тогтоох ямар ч ажиллагаа хийгдээгүй. Өмнө нь тархины доргилт гэх оношоор эмнэлгийн магадлагаа авч ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Олон удаа ажлаас чөлөөлөгдсөн эмнэлгийн магадлагаа нь хавтас хэрэгт авагдсан. 2018 онд анх хэрэг шүүхэд шилжихэд энэ хүн байнга өвддөг, урьд нь гэмтэлтэй байсан юм биш үү, энэ нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан. Хэргийг прокурорт буцаасан. Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлээд гэм буруутай гэж тооцсон. Гэм буруутай тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин хяналтын шатны шүүх хэргийг буцаахдаа эдгээр үндэслэлийг зааж хэргийг буцаасан. Энэ хүний өмнө нь өвдсөн баримтуудыг нь цуглуулах, хэвтэн эмчлүүлсэн баримтууд нь хавтас хэрэгт авагдаагүй, шинжээчид тавьсан асуулт болон мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй үндэслэлээр гаргасан хүсэлтийг прокурор, мөрдөгчөөс шийдвэрлээгүй гэсэн үндэслэлүүдийг заасан. Тэгэхээр, тархины доргилттой гэж хохирогч худал мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би асууж байсан. “...та ямар оношоор эмнэлэгт хэвтэж байсан бэ. ...” гэхэд “...ядаргаа. ...” гэж худал мэдүүлж байсан. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Үүнийг мөрдөгч болон прокурор огт шалгахгүй байгаа. Худал мэдүүлэг өгсөн асуудал, тархины доргилт авсан асуудлыг шалгахгүй байгаа. Хяналтын шатны шүүхийн тогтоолд эдгээр үндэслэлүүдийг заагаад байхад түүнийг тогтоохгүйгээр дахин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж, яг өмнөх баримтууд дээр нь ажлаад хэргийг явуулчихсан. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 475 дугаартай дүгнэлтэд тархины доргилттой холбоотой эмнэлгийн магадлагааны талаар дурдсан. Яг энэхүү үндэслэлүүд байсан учраас мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэгтээ танилцуулсан. Миний үйлчлүүлэгч хүсэлт гаргаж өгсөн. Тархины доргилттой холбоотой асуудлыг тогтоож, баримтуудыг нь цуглуулж, шинжээчийн дүгнэлт гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Ахар сүүлний хугарал нь үүнтэй холбоотой юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шийдвэрлүүлэхгүйгээр 3 шинжээч дүгнэлт гаргахад оролцсон байхад зөвхөн Туяа гэх хүнээс мэдүүлэг аваад хэргийг шууд шүүхэд шилжүүлсэн. Гомдол гаргах хугацаа явж байхад яллах дүгнэлт үйлдэх, хэргийг шүүх рүү шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Энэ нь яллагдагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хяналтын прокуроруудын буруутай үйл ажиллагаа гэж би харж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмуудыг зөрчиж байна. Хяналтын шатны шүүхээс эдгээр үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан. Прокурорын бичсэн эсэргүүцэлд хавтас хэрэгт хийх ажиллагаа бүрэн хийгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тархины доргилттой холбоотой асуудал болон удаан хугацаагаар эрүүл мэнд сарниулахтай холбоотой баримтуудыг цуглуулаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Хяналтын шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэлүүд бүрэн биелэгдээгүй байгаа. Шүүхийн тогтоолыг биелүүлэхээс татгалзсан прокурорын эсэргүүцэл гэж үзэж байна. Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг би гаргасан. Хавтас хэрэгт дутуу баримтууд байна. Эдгээр баримтуудыг цуглуулж шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг гаргаад энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг буцаах шүүгчийн захирамж гаргасан. Иймд прокурорын эсэргүүцэл нь дээд шатны прокурорын өмнөх дүгнэлтийг эсэргүүцсэн, хяналтын шатны шүүхийн тогтоолыг үгүйсгэсэн эсэргүүцэл байна гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Гантулгыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нмаргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Монгол  Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолд “гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс  үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ” гэж заасан ба уг ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй   байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокуорорт буцаасан захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгожээ. /2хх 65-69/

Өмнө нь  2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Натур эмнэлэг” КТГ оношлогоо /2хх 113-116/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4972 дугаартай “...Ж.Нийн биед ахар сүүлний 3-р нугалам бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх 31/ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Хэргийг прокурорт буцааснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “...Ж.Нийн эрүүл мэндэд ямар гэмтэл, хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдээр дахин шинжилгээ хийлгэхээр” прокурорын тогтоол гаргасан. /2хх 105-107/

Харин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох прокурорын тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 479 дугаартай “...Ж.Нийн биед ахар сүүлний 3-р нугаламын далд хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2хх 117-121/ гэсэн дүгнэлт авагдсан бөгөөд шинжээч эмч Н.Туяагийн “...2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 475 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтад “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул” гэсэн нь 28 хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулахыг хэлнэ. Ясны хугарал нь гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаанд бороолж эдгэрдэг. Дүгнэлт гаргасан ирүүлсэн бичиг баримтад тархины КТГ-ийн зураг болон анхны шинжээчийн үзлэгт тархины доргилттой шинж тэмдэг илрээгүй. Ахар сүүл хугарсан хүнд явах үед саад болохгүй өвдөх, зовиурлах шинж тэмдэг илэрнэ. ...” /2хх 127-128/ гэж мэдүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек хохирогч Ж.Ныг 2017 оны 8 сард гэмтэл авсан байх магадлалтай, энэ талаар шалгаагүй гэж байгаа боловч хохирогчийн гэмтэл 2018 оны 4 сарын 16-нд авагдсан гэдэг бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр дээр гэмтэл 28-с дээш хугацаанд бороолж эдгэрдэг гэх бөгөөд жилийн өмнө авсан гэмтэл гэж үзэх баримт хэрэгт байхгүй, энэ талаар шалгах тодорхой үндэслэл бас тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан бөгөөд энэ хүрээнд хэргийг хэлэлцэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Мөнхтогоогийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.Нын өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2510 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ