Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00310

 

 

 

 

 

 

2024       04        04                                           151/ШШ2024/00310

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Чингис оффист байрлах “Н ББСБ ХХК, гүйцэтгэх захирал Б.Хуншагай,

Хариуцагч: Төв аймаг, ....... сум, .. дугаар баг, ... дүгээр гудамж, .. тоотод оршин суух Б овогт Эын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 29,284,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Toyota Camry XV50 /2012/2021/ маркийн ... улсын дугаартай автомашин барьцаалан 24,800,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,1% хүүтэйгээр ... тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 378 хоногийн хугацаа хэтэрсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний барьцаа хөрөнгө автомашиныг зээлдэгчийн буруутайгаас болж дахин ашиглах боломжгүй болсон тул ...нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна. Гэрээний төлбөрийн үндсэн зээл 19,283,886 төгрөг, үндсэн хүү 8,151,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,848,788 төгрөг, нийт 29,284,302 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч “НББСБ” ХХК, хариуцагч Э.Б нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э.Бтой “НББСБ” ХХК харилцан тохирч нэхэмжилсэн 29,284,302 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,284,302 төгрөгийг:

1. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

3. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

4. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

5. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

6. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

7. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

8. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

9. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

10. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19,284,302 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүргийг 1 сарын хугацаагаар биелүүлээгүй, аль нэг сарын хуваарийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлнэ” гэжээ. 

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, Худалдах-худалдан авах гэрээ, тооцоолол (хх-1-22), хариуцагчаас: эвлэрлийн гэрээ (хх-33)-г шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “НББСБ” ХХК нь хариуцагч Э.Бид холбогдуулан гэрээний үүрэгт 29,284,302 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Toyota Camry XV50 /2012/2021/ маркийн ... улсын дугаартай автомашин барьцаалан 24,800,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,1% хүүтэйгээр ... тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 378 хоногийн хугацаа хэтэрсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний барьцаа хөрөнгө автомашиныг зээлдэгчийн буруутайгаас болж дахин ашиглах боломжгүй болсон тул ...нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна. Гэрээний төлбөрийн үндсэн зээл 19,283,886 төгрөг, үндсэн хүү 8,151,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,848,788 төгрөг, нийт 29,284,302 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “НББСБ” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн NC01/101 дугаартай итгэмжлэлээр Г.Пүрэвчулуун, Т.Одгэрэл нарт тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. (хх-10)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 6.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 29,284,302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 төгрөгийг  татгалзаж, үлдэх 28,284,302 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үлдэх 19,284,302 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийн хуваарийн дагуу төлөх төлбөрийг 1 сарын хугацаагаар биелүүлээгүй, аль нэг сарын хуваарийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэх” нөхцөлөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. (хх-32)

5.Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6лсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,372 төгрөгөөс 152,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 152,186 төгрөг, хариуцагчаас 152,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “НББСБ” ХХК нь гэрээний үүрэгт 29,284,302 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Э.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үлдэх 19,284,302 төгрөг, нийт 28,284,302 төгрөгийг нэхэмжлэгч “НББСБ” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т зааснаар нэхэмжлэгч “НББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,372 төгрөгөөс 152,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 152,186 төгрөг, хариуцагч Э.Боос 152,186 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “НББСБ” ХХК-д олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б сайн дураар биелүүлэх үүргээ 1 сарын хугацаагаар биелүүлээгүй, аль нэг сарын хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй байхаар харилцан тохиролцсоныг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН