Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00309

 

 

 

 

 

2024       04         04                                      151/ШШ2024/00309

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байр, .. тоотод оршин суух А овогт Үын З,

Хариуцагч: Төв аймаг, .. сум, .. дүгээр баг,.. дугаар хэсэг, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, М овогт Эийн Н,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ү.З нь хариуцагч Э.Нт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Эийн Н нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн болно. Энэ мөнгийг өөрийн ХААН банкны ..... тоот дансаар шилжүүлэн авсан. Гэтэл Э.Н нь зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй. Иймд зээлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч Э.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ү.Заас 5,000,000 төгрөг аваад 2 жил болж байгаа нь үнэн. Одоо 5,000,000 төгрөгийг нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 3/; хариуцагчаас: хариу тайлбар /хх 13/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч Ү.З нь хариуцагч Э.Нт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Эийн Н нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн болно. Энэ мөнгийг өөрийн ХААН банкны ..... тоот дансаар шилжүүлэн авсан. Гэтэл Э.Н нь зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй. Иймд зээлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Э.Н нь Ү.Заас 5,000,000 төгрөг аваад 2 жил буцаан төлөөгүй нь үнэн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сараас 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-13/  

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 47,475 төгрөг, хариуцагч нараас 47,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сараас 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ү.Зт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 47,475 төгрөг, хариуцагч Э.Наас 47,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Зт олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН