| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2106038962666 |
| Дугаар | 2022/ДШМ/231 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/231
2022 3 1 2022/ДШМ/231
Б.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Батмөнх,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1456 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2106038962666 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Б, 1983 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 17-420 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЛД83090311/;
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ын орон сууц, 2 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Эхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 21 дүгээр шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус дарвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Буянгаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Бд зодуулж биед 21 дүгээр шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэсэн гэмтэлүүд авсан. Б.Б нь хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байх үед намайг хохиролгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гээд хэлчих, хохирлын мөнгөнөөс чинь одоо байгаа 750.000 төгрөгийг өгье гэж гуйгаад байхаар нь хохирлын мөнгөнөөс байгаа мөнгийг нь аваад гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж бичиж өгсөн.
Энэ үед хэргийг прокурорын байгууллагад шилжиж байгааг мэдсэн. Үүнээс хойш Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг сураггүй болсон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Бд холбогдох шүүх хуралдаанд болсон байсан. Ингээд шийтгэх тогтоол 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол шуудангаар ирж миний бие гардаж авсан. Өөрөөр хэлбэл надад шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай миний бие мэдсэн бол хуульд заасны дагуу анхан шатны шүүх хуралд орох тухай хүсэлт гаргах байсан. Гэвч миний энэ боломжийг олголгүй надад мэдэгдэхгүй анхан шатны шүүх хурлыг хийсэн. Хохирогч миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит зүйлийг яриагүй дутуу үлдээсэн зүйлүүд бас зөндөө байсан тул анхан шатны шүүх хуралд оролцож ярих, мөн хохирлын баримтуудаа гаргаж өгөх хүсэлтэй байсан. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын мөнгийг жич иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй талаар ч дурдаагүй байгаад гомдолтой. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1456 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт хохирлын баримт байхгүй. Миний үйлчлүүлэгч 750.000 төгрөг өгсөн баримт хавтас хэрэгт байгаа. Хохирогч Б.Э өөрөө ямар нэгэн гомдол, саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Нотлох баримт нь хавтас хэрэгт байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирлын мөнгийг дурдаагүй байна гэсэн давж заалдах гомдол хохирогч гаргасан мөртлөө одоо хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэж байна. Хохирогч учрыг нь олоогүй орж ирсэн байна. Энэ хэрэг нь хууль журмын дагуу явсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2 талаас хүсэлт авсан байгаа. Тухайн 2 баримт хавтас хэрэгт хоёулаа байгаа. Хохирогчоос эхнэрээ зодсон гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй зүйл ярьж байна. Хохирогч эрх зүйн анхан шатны мэдлэггүйгээр гомдол гаргаад явж байгаа юм шиг санагдлаа. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1456 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Эөөс анх гомдол гаргахдаа шүүгдэгч Б.Бд холбогдуулан “...зодуулсандаа гомдолтой байна. ...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаад мэдэгдсэнээр энэхүү асуудлыг шалгасан. Энэ хэрэгт Цэенойдов гэж эхнэрийнх нь мэдүүлэг байдаг. Хавтас хэргийн 21-22 дугаар хуудсанд байгаа. “...энэ хоёрыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг мэдээд би хүүхдээ авах гэж очсон. Хүүхдээ авчихаад тэр гэрээс гараад явсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үе, бусдад цохиж, зодуулсан, бусад асуудлыг мэдэхгүй. ...” гэж мэдүүлсэн. Гомдол саналтай байлаа гэж үзэхэд шалгуулах асуудал нь өөр асуудал байгаа. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй асуудал дээр хохирогч, яллагдагч хоёроос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийн хүрээнд прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад нарийн бичгийн даргаас хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй гэж ирцийг танилцуулж байсан. Хохирогчоос хохиролтой холбоотой Грейс дэнт шүдний эмнэлгийн “үүдэн бүлгийн шүд 2.400.000 төгрөгөөр” хийгдэх тухай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан байгаа. Яллагдагч Б.Бас хохирогч Б.Эийн хаан банкны 5058103729 тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан. Шүүгдэгч Б.Бас 700.000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал:
Прокуророос, шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ын орон сууц, 2 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Эхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 21 дүгээр шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус дарвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Б.Баттулгыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Б.Эөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” гэж заасан хохирогчийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Эт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Үүний дагуу анхан шатны шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй, харин хохирогчийн оролцох эсэх нь өөрийнх нь эрхтэй холбоотой асуудал. Гагцхүү шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилд тооцогдож байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхдээ хохирогчид учирсан гэм хор, хохиролтой холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлтийг бодитой хийж чадаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Э нь урьдчилгаанд тодорхой мөнгөн төлбөрийг авч, үлдэгдэл мөнгийг дараа нь авахаар тохиролцсон. Анхан шатны шүүхээс Б.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь хохирлын асуудалд хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1456 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/ 1456 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
|
|