| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00377/И |
| Дугаар | 151/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2024/00334
2024 04 15 151/ШШ2024/00334
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Ж” ХХК, гүйцэтгэх захирал Г.М,
Хариуцагч: Төв аймаг, Э сум, .. дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Т овогт Бын М,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,680,380.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A53 загварын гар утсыг ..... дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Б.М нь сар бүрийн хуваарьт төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд үлдэгдэл төлбөр 1,120,253.44 төгрөг, алдангид 560,126.72 төгрөг, нийт 1,680,380.16 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж” ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 680,380.16 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3-4/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, нэхэмжлэх /хх-6/, зээл олголтын жагсаалт /хх-7/, хүү тооцоолсон жагсаалт /хх-8-10/, гар утас зээлээр худалдан авах гэрээ /хх-11-12/, хариуцагчийн иргэний үнэмлэх /хх-13/; хариуцагчаас: хариу тайлбар /хх-23/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 1,680,380.16 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A53 загварын гар утсыг ..... дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Б.М нь сар бүрийн хуваарьт төлбөрийг төлөхөөс биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд үлдэгдэл төлбөр 1,120,253.44 төгрөг, 0.3 хувь алдангид 560,126.72 төгрөг, нийт 1,680,380.16 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Б.М нь “Ж” ХХК-аас гар утас зээлээр авсан нь үнэн үнэн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 680,380.16 төгрөг, нийт 1,680,380.16 төгрөгийг нэхэмжлэгч “Ж” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-23/
4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,836 төгрөгөөс 20,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 20,918 төгрөг, хариуцагч нараас 20,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 680,380.16 төгрөг, нийт 1,680,380.16 төгрөгийг нэхэмжлэгч “Ж” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,836 төгрөгөөс 20,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 20,918 төгрөг, хариуцагч Б.Мгаас 20,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН