Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/00025

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ******* ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00664 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох тус компанийн Улааны уурхайн хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 4 749 367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай  иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 сарын 07ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-д 2011 оны 9 сард нягтлан бодогчоор ажилд орж 8 жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд алдаа зөрчил гаргаж байгаагүй, ажлаа чин шударгаар хийж ирсэн. Компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, дотоод журам гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж явсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шалтгаан нь эмэгтэйчүүдийн амрах байранд хонож компанийн нэр хүндэд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оноос миний гэр бүлийн байдал маргаантай болж улмаар ******* ******* ХХК-д ажилладаг ******* гэдэг эмэгтэйтэй дотно харилцаатай 5 жил болсон. Бидний дундаас 2016 оны 3 сарын 19-ний өдөр ******* нэртэй охин төрсөн. Энэ талаар компанийн ажилчид, удирдлагууд, манай гэр бүлийн хүн ч мэддэг байсан. Иймд гэр бүлийн хувьд байнгын хэрүүл маргаантай, уучлал гуйгаад ч нэмэргүй болсон учир 2 хүүхдээ байр орон сууцтай болгоод сална гэж шийдсэн байсан. Сүүлийн 2 сар буюу 2019 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байсан. 2019 оны 5 сарын 24-ний шөнө эхнэр маань харуул хамгаалалттай, гаднын хүн нэвтрүүлдэггүй байранд буюу ******* бид 2-ын унтаж байсан нийтийн байранд орж ирж хэрүүл маргаан хийсэн. Үүнээс шалтгаалан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Ийм нөхцөл байдал хүний амьдралд тохиолддог. Энэ бол хөдөлмөрийн харилцааны асуудал биш. Надад ямар нэгэн байдлаар сануулах, цалингийн хувь хасах зэрэг арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 749 367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар тушаалаар *******ийг ажлаас халсан. нь ******* ******* ХХК-д 2011 оны 9 сард нягтлан бодогчоор ажилд орсон. нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний шөнө тус компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж эмэгтэй ажилчдын амрах байранд ажилтан *******тай хамт хоносон байдаг. Үүнийг ийн хууль ёсны эхнэр ******* нь мэдэж байгаа газар нь очиж, гар утсаараа ийн хагас нүцгэн зургийг дарж, ******* ******* компанийн 1024 дагагчтай Facebook хуудсанд нийтэлсэн байсан. Энэ нь ******* ******* ХХК-ийн нэр хүнд, ёс зүй болон бусад байдалд сөргөөр нөлөөлөхөөр үйл явдал болсон. ******* ******* ХХК-ийн ажилчид 20 хоног ажиллаж, 10 хоног амардаг. ******* ******* компанийн ажилчид ёс суртахуунгүй, гэр бүлээ хуурдаг юм байна, энэ байдлыг нь компанийн удирдлагууд таслан зогсоохын оронд улам дэлгэрүүлдэг гэсэн ойлголт хүмүүст төрүүлэхээр сөрөг нөхцөл байдал үүсээд байна. 2019 оны 05 сарын 30-ны өдөр ийн эхнэр ******* нь ******* болон нарыг ажлаас халж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, бүх баримтаа гаргаж өгсөн. ******* ******* ХХК нь байгуулагдсан үеэсээ л хосуудын өрөөтэй байсан. Нэг гэр бүлийн хүмүүс тус компанид хамт ажиллаж байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж хосын өрөөнд байрлах боломжтой байдаг. Одоогоор ******* ******* ХХК-д 25 хосын өрөө байгаа. Гэтэл *******, нар нэг ч удаа хосын өрөөнд байрлах хүсэлтээ өгч байгаагүй. Компанийн дотоод журам гэдэг нь ажилчдын ажиллах таатай нөхцөлийг хангахад чиглэдэг. ******* ******* ХХК нь 500 гаруй монгол ажилчидтай. Эдгээр ажилчид хоорондоо хувийн харилцаа тогтоовол компанид сөрөг нөхцөл байдал үүснэ. Тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т нэг гэр бүлийн гишүүд болон компанийн албан ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтны амрах байранд, эрэгтэй ажилтан эмэгтэй ажилтны байранд хонох, байрлахыг хориглодог. тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах талаар харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед болсон үйл баримтууд нь Цагаан сор харуул хамгаалалтын газрын харуулын илтгэх хуудас, зөрчил бүртгэсэн анкет, цахим хуудсанд тавигдсан нотлох баримтууд, зөрчлийн хэргийг шалгасан байцаагчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд үүнийг үндэслэн ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн эрх бүхий албан тушаалтан тухайн үйл явдлыг илрүүлээгүй, харин ийн хууль ёсны эхнэр нь өөрөө илрүүлж, гомдол шаардлагаа гаргасан байдаг. ийн эхнэр ******* нь компанийн удирдлагуудад гомдол бичиж, хүний нөөцийн ажилтан руу байнгын захидал бичиж, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус бусад байгууллагад гомдол гаргана гэж байнгын дарамт шахалтад оруулж байсан. Энэ үйл явдал нь ******* ******* ХХК-ийн харъяалах нутаг дэвсгэрт болсон учир компани өөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Иймд ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00664 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч  овогт ын ийг ******* ******* ХХКомпанийн Улааны уурхайн хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ******* ******* ХХкомпаниас ажилгүй байсан хугацааны олговор 3 990 000 /гурван сая есөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******т олгох 3 990 000 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 790 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох нар давж заалдах гомдолдоо: ... шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ...ийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй байх тул тус компанийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчиж цуцалсан гэж дүгнэж *******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох ******* ******* ХХК-ийн Улааны уурхайн хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019-06-12-ны өдрийн 415 дугаар тушаалаар *******ийг 2019.05.24-ний шөнө байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эмэгтэй ажилчдын амрах байранд ажилтан М.*******тай хамт хонож байхад түүний хууль ёсны эхнэр Э.******* нь мэдэж тэдгээр хүмүүсийн зөрчил гаргасан газар нь очиж гар утсаараа тэдгээр хүмүүсийн зургийг дарж ******* ******* ХХК-ийн 1024 дагагчтай фэйсбүүк цахим хуудсанд нийтэлсэн. Компанийн ажлын байранд, ажилтнуудын амрах цагаар эмэгтэй ажилчдын байранд хэрүүл маргаан үүсгэж, үймээн шуугиан тарьж, захиргааны ажилтны зүгээс байж боломжгүй алдаа зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан билээ.

******* ******* ХХК-ийн ажилчид 20 хоног ажиллаж, 10 хоног амардаг бөгөөд *******ийн үйлдлээс болж ******* ******* ХХК-ийн ажилчид ёс суртахуунгүй, гэр бүлээ хуурдаг, энэ байдлыг нь компанийн удирдлагууд нь таслан зогсоохын оронд улам дэлгэрүүлдэг гэсэн ойлголт нийгэмд төрүүлэхээр сөрөг нөхцөл байдал үүсгээд байгааг хэлэх нь зүйтэй байна.

Компани анх байгуулагдсан цагаасаа хосуудын өрөөтэй, нэг гэр бүлийн хүмүүс тус компанид ажиллаж байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж хосын өрөөнд байрлах боломжтой байдаг. Одоогоор хосын өрөө 25 ширхэг байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтаар авагдсан байгаа болно. Компанийн хөдөлмөрийн дотоод журам бол манай компанид ажиллаж байгаа 500 гаруй ажилчдын ажиллаж хөдөлмөрлөх таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Бид Монгол Улсын хууль тогтоомж болоод компанийн дотоод журмыг ягштал мөрдөж ажиллах үүрэг хүлээж эрх эдэлж хөдөлмөрийн харилцаанд орж байгаа болно.

Тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т заасан нэг гэр бүлийн гишүүд болон компанийн албан ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтны ажлын байранд хонох, эрэгтэй ажилтан эмэгтэй ажилтны ажлын байранд хонох, байрлахыг хориглодог. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах талаар харилцан тохиролцсон байдаг бөгөөд тухайн үед болсон үйл баримтууд нь Цагаан сор ХХК-ийн харуулын илтгэх хуудас, зөрчил бүртгэсэн анкет, цахим хуудсанд тавигдсан баримтууд, зөрчлийн хэргийг шалгасан байцаагчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Компанийн зүгээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон шийтгэлийг ногдуулсан мөн хөдөлмөрийн тухай хуулиар заавал шат дараалсан арга хэмжээ авахыг шаардаагүй байхад анхан шатны шүүх *******ийг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн гаргасан ажлаас буруу халагдсан тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гомдлоор хэлэлцэх хэрэгт хамаарах учир мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар ...энэ хуулийн 156.1 дэх хэсэгт заасан гомдлыг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана гэжээ.

Хэрлэн сумын 7 дугаар баг байранд байрлах ******* ******* ХХК-ийн байр нь салбар төлөөлөгчийн газар байх ба хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. ******* ******* ХХК-ийн ерөнхий захиргаа нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Ногоон урлан хотхоны 10 а байранд байдаг бөгөөд шийдвэр гаргасан гүйцэтгэх захирал Ли Жен нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байх тул Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00664 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Хөдөлмөрийн тухай болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан тус компанийн Улааны уурхайн хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 749 367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2 дахь талууд/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хариуцагч Дорнод аймаг ******* ******* ХХК-ийн захирал нь 2019 оны 06 сарын 12-ны өдөр 415 дугаар тушаал гаргаж, ******* ******* ХХК-ийн Улааны уурхайн Хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогч овогтой тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 сарын 12-ны өдрөөр цуцалж, ажлаас халахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэг, Хүний нөөцийн хэлтсийн даргаас 2019 оны 06 сарын 11-ний өдөр ирүүлсэн санал зэргийг үндэслэл болгожээ. /хх-ийн 6 дахь тал/

Ажилтан *******ийг ******* ******* ХХК-ийн захирлын 2011 оны 11 сарын 27-ны өдрийн 536 дугаар тушаалаар ******* ******* ХХК-ийн Улааны уурхайн Хүний нөөцийн хэлтэст нягтлан бодогчоор авч ажиллуулсан ба ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 сарын 17-ны өдрийн 129 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 60, 84-90 дэх талууд/

Хэрэгт авагдсан баримтаар ажилтан ******* нь 2019 оны 05 сарын 24-ний шөнө уурхайн эмэгтэй ажилчдын амрах байранд ажилтан Г.*******тай хамт хонож, компанийн дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Ажил олгогч ******* ******* ХХК нь ажилтан *******ийг хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12, хөдөлмөрийн гэрээний 10.3.2.5-д заасан заалтыг зөрчсөн нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарладаг боловч хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т Нэг гэр бүлийн гишүүд болон Компанийн албан ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтны амрах байранд, эрэгтэй ажилтан эмэгтэй ажилтны амрах байранд хонох, байрлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн ажилтан *******ийн зөрчил нь ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2.5-д заасан ноцтой зөрчил гэдэгт болон 10.3.2.5.28-д заасан заалтад хамаарахгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Иймд ажил олгогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой буюу хэргийн харьяаллын талаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болох тухайлбал хариуцагч ******* ******* ХХК-ийн ажилтан Э.Батүшигийг ажлаас халсан 415 дугаар тушаал, сул зогсолтын тухай 574 дугаар тушаал, анхан шатны шүүхэд ирүүлсэн d-19-330, d-19-338, d-19-388, d-19-386 дугаар бүхий албан бичгүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000148991 дугаар гэрчилгээ зэрэг баримтуудад ажил олгогчийн албан ёсны хаягийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, Утас /факс: 70584356/ гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд хариуцагч ******* ******* ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг газрыг Дорнод аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, байр гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 6, 57, 42, 27, 135, 172, 175 дахь талууд/

Иймд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ хариуцагчийн ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчөөгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн ажил олгогч ******* ******* ХХК нь ажилтан *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүний эрхэлж байсан нягтлан бодогчийн ажлыг байнгын ажлын байр гэж үзэж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа уг гэрээг жил бүр сунгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан шаардлагатай нийцэхгүй байгааг хариуцагч байгууллага анхаарвал зохино.

Харин анхан шатын шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулахдаа ажилтны сарын үндсэн цалингаар тооцож, тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзэв. Тухайлбал ажилтан ******* нь нийт нэмэгдлүүдийг оруулан 3 сард 1 271 625 төгрөг, 4 сард 1 354 375 төгрөг, 5 сард 1 217 000 төгрөг, нийт 3 843 000 төгрөгийн цалин авсан байна. /хх-ийн 43 дахь тал/

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар ажилтан *******ийн ажилласан хугацааны сүүлийн 3 сарын дундаж цалин 3 843 000 төгрөгийг ажилгүй байсан 58 хоногт хуваахад 1 өдрийн цалин 66258 төгрөг болно.

Үүнийг ажилгүй байсан хугацаа болох 70 хоногоор үржүүлэн тооцоход нийт 4638 060 төгрөг болж байна.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас 4 638 060 төгрөгийг гаргуулж, ажилтан *******т олгож, илүү нэхэмжилсэн 111 307 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 89159 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78790 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...3 990 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759 367 төгрөгийг ... гэснийг ... 4 638 060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 111 307 төгрөг..., гэж, 5 дахь заалтын ...78 790 төгрөг ... гэснийг ...89 159 төгрөг... гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ