Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01787

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23 182/ШШ2024/01787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Тайжууд овогт Рагчаагийн *******р /*******-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилт 4 гудамж, ******* тоотод оршин суух, Хан хөгшин овогт Болдын ******* /*******-т холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.*******р,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мандхай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.*******р нь хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би өөрийн эзэмшиж байсан Тоёота Приус 20 маркийн хар өнгийн ******* ******* улсын дугаартай автомашиныг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн дүү Р.Энхбаяр, түүний эхнэр Б.******* нарт түр хэрэглүүлэх зорилгоор, үнэ төлбөргүйгээр, аливаа гэрээ, хэлцэл хийхгүйгээр өгсөн. Түр унаж байх хугацаандаа аливаа зөрчил, осол, гэмтэл гарвал өөрсдөө хариуцаарай гэсэн утгаар нэрийг нь Б.*******т шилжүүлсэн. Одоо надад автомашины хэрэгцээ гарсан тул хариуцагчаас автомашиныг буцаан гаргуулж, нэрийг нь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас автомашиныг түр унаж хэрэглүүлэхээр өгсөн зүйл байхгүй. Түр хугацаа гэдэг бол 6 сар хүртэлх хугацааг ойлгоно. Р.*******рын төрсөн дүү Р.Энхбаяртай хамтын амьдралтай байсан. Автомашин нь Р.Энхбаярт газар, хувийн сууц бэлэглэсний хариуд шилжиж ирсэн гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/

3.2 Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/

3.3 Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-6, 45/

3.4 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-42/

 

4. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт, хариуцагч талаас ******* ******* улсын дугаартай, NHW2030*******300 арлын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.*******р нь хариуцагч Б.*******т холбогдуулан тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нь түр ашиглуулах зорилгоор аливаа гэрээ, хэлцэл хийхгүйгээр, хариу төлбөргүйгээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг сайн дураараа буцаан өгөхгүй, нэрийг шилжүүлэхгүй байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэх агуулгаар тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нэхэмжлэгч талаас автомашиныг түр унаж хэрэглүүлэхээр өгсөн зүйл байхгүй. Түр хугацаа гэдэг бол 6 сар хүртэлх хугацааг ойлгоно. Р.*******рын төрсөн дүү Р.Энхбаяртай хамтын амьдралтай байсан. Автомашин нь Р.Энхбаярт газар, хувийн сууц бэлэглэсний хариуд шилжиж ирсэн. гэх үндэслэл заан татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

Талуудын маргааны зүйл болсон ******* ******* улсын дугаартай, арлын NHW2030*******300 дугаартай, хар өнгийн Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Р.*******рын өмчлөлд бүртгэлтэй байсан. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б.*******ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Тээврийн хэрэгсэл бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх байдлаар шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслээ хариу төлбөргүйгээр, түр хэрэглүүлэх зорилгоор, буцаан авах нөхцөлтэйгээр шилжүүлсэн гэх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн тус тайлбарыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж, нотолж чадаагүй.

 

Мөн хариуцагч тал нь Автомашин нь Р.Энхбаярт газар, хувийн сууц бэлэглэсний хариуд шилжиж ирсэн гэх татгалзлаа дээрх хуульд заасны дагуу нотлох, түүнтэй холбоотой баримтыг ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүх хуралдааны явцад гэрч Р.Энхбаяр тус шүүхэд Б.******* газар, хувийн сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаад би газар, хувийн сууцыг Б.*******т өгөхөөр эвлэрсэн, би хөдөө гадаа их явдаг болохоор ах Р.*******раас автомашиныг түр хэрэглүүлээч гэж гуйсан, Б.*******ийг унаатай байг гэж бодсон. Тухайн үед эрсдэлээ өөрөө хариуц гэсэн утгаар нэрийг нь Б.*******ийн нэр дээр шилжүүлж байсан гэж мэдүүлж байна.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д .хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг хүлээж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс аливаа хууль болон гэрээний дагуу шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагчийг уг эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р.*******рын гаргасан хариуцагч Б.*******т холбогдох ******* ******* улсын дугаартай, арлын NHW2030*******300 дугаартай, хар өнгийн Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Р.*******раас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 231,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******рт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.*******ийн эзэмшлээс ******* ******* улсын дугаартай, арлын NHW2030*******300 дугаартай, хар өнгийн Тoyota Prius XW20 маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.*******рт олгож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******раас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 231,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******рт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ