Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 245

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Ш-н Б-д холбогдох эрүүгийн 1710000000072 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Ш.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн ,,,,,, оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ш-ын Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Ш.Б нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ,,,, орших өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.Г-г “олон хоногоор гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар түүний зүүн далны хэсэгт газар ухдаг төмөр үзүүртэй малтуураар цохиж, эрүүл мэндэд нь цээжний ар зүүн дунд хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Шүүгдэгч Ш.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би эхнэр Г-тай хамт хадам аав, ээжийн гэрт 2017 оны 8 сарын 09-ний өдөр очиж барилгын ажил хийж өгсөн. Манай эхнэр 2017 оны 8 сарын 11-ний өдөр аав, ээжийнхээ гэрээс төрсөн дүү Ж-н хамт гарч яваад 3 хоног ирж хоноогүй. Би хадам аав, ээжийн гэрт хамт хонож байсан. 2017 оны 8 сарын 14-ний орой 21 цагийн үед эхнэр Г согтуу аав, ээжийндээ ирээд хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 8 сарын 15-ны өдөр гэртээ ирсэн. Бид хоёр гэртээ ирэхээсээ өмнө замдаа 1 шил архи авсан юм, тэр архиа задалж хувааж уусан. Би архи ууж байхдаа чи 3 хоног хаагуур явсан бэ, яагаад архи уугаад байгаа талаар нь асуухад чамд ямар хамаатай юм бэ гээд надад уурлаад байсан. Тэр үед нь би газар ухдаг жижиг малтуураар дал хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тухайн үедээ малтуураар зүссэн гэдгээ мэдээгүй, гэнэт цус гарахаар нь мэдээд би цусыг нь арчаад боож өгсөн.

Тэгээд бид хоёр унтах гээд орондоо ороод хэвтсэн. Би сэрээд хартал эхнэр Г байхгүй байсан. Орой цагдаа нар ирээд намайг аваад явсан. Манай эхнэр Г нь архи уугаад гараад явчихдаг байсан. Энэ хэрэг гарснаас хойш эхнэр архи уухгүй байгаа. Бид хоёр цаашдаа ажил хийж 2 хүүхдээ асрамжийн газраас авч өсгөж хүмүүжүүлнэ. Би өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000072 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Л.Г-с хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 13-р хороо Дэвшилийн задгай гэх газарт айлын Чацарганы модыг харж амьдардаг. Би Б гэх хүнтэй 2011 онд танилцаад хамтран амьдрах болсон. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, би Б-тай хамт амьдрахаасаа өмнө 3 хүүхэд төрүүлсэн байсан. Энэ 3 хүүхэд маань манай аав, ээж дээр байдаг юм. Би 3 хоног бага дүү Ж-н гэрт хоноод, 2017 оны 08 сарын 14-ний өдөр аав, ээжийнхээ гэрт очиход манай нөхөр Б байж байсан.

Тэгээд бид хоёр 15-ны өдөр нь 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 13-р хороонд байх гэртээ ирсэн. Бид хоёр гэртээ ирэхээсээ өмнө дэлгүүрээс 0.75 литрийн “Шим” нэртэй архи авсан байснаа гэртээ хувааж уусан. Архиа ууж дуустал манай нөхөр Б “чи 3 хоног хаагуур банзалдаад ирсэн бэ” гээд газар малтдаг үзүүртэй төмрөөр цохих гээд над руу далайсан. Би төмрийг нь авч шидээд, гэрийн хаяаг сөх гэхээр нь гэрийн хаяагаа сөхөөд гэртээ орж иртэл зүүн далны хэсэг халуу оргиод байхаар нь гараараа барьж үзсэн чинь гар цус болчихсон. Энэ үед Б-г миний нуруу руу газар малтдаг үзүүртэй төмрөөр цохисон байна гэж мэдсэн.

Ш.Б спирттэй хөвөнгөөр миний далыг арчиж, цусыг тогтоож өгөөд, бид хоёр хамт орондоо орж хэвтсэн. Б-г унтахаар нь би гэрээсээ гараад, ээж рүүгээ утсаар ярьж, болсон явдлын талаар хэлэхэд ээж “хүрээд ир” гэхэд нь би Сонгинохайрхан дүүрэгт ээжийн гэр лүү очсон. Намайг очиход манай дүү Л.Ж түргэн дуудаж үзүүлээд, түргэн авч яваад “Госпитал” гэх эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Одоо оёдол хийлгэсэн газар бага зэрэг өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гаргах санал хүсэлт байхгүй байна. Гомдолгүй, эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, одоо эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-16х/,

 

2. Гэрч Л.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Манай эгч Г нөхрийн хамт аавынд ирээд нөхрөө хаячихаад гадуур 3 хоног архи ууж байгаад 2017 оны 08 сарын 15-ны өдөр ирээд нөхрийн хамт гэрлүүгээ явсан. 08 сарын 15-ны өдөр 20 цагийн үед Г эгч халамцуу гэрт ганцаараа ирсэн ба зүүн далны хэсэгт 2-3 см орчим өнгөц зүсэгдсэн шархтай байсан ба Б хог, газар ухдаг зүйлээр цохисон гэж хэлсэн.

Тэгээд түргэн дуудахад, түргэн ирээд аваад явсан. Цэргийн госпиталь эмнэлэгт очиж үзүүлээд боолт хийлгэсэн гэсэн. Эмнэлэг явахад манай аав болон бага дүү 25 настай Ж нар цуг яваад, буцах замдаа 5 шар дээр Г, Ж хоёр ааваас салж алга болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10606 тоот дүгнэлт:

1. Л.Г-ийн биед цээжний ар зүүн дунд хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

4. Хэрэг бүртгэлтийн шатанд Ш.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би эхнэр Г-тай хамт хадам аав, ээжийн гэрт 2017 оны 08 сарын 09-ний өдөр очиж барилгын ажил хийж өгсөн. Манай эхнэр 2017 оны 08 сарын 11-ний өдөр аав, ээжийнхээ гэрээс төрсөн дүү Ж-н хамт гарч яваад 3 хоног ирж хоноогүй. Би хадам аав, ээжийн гэрт хамт хонож байсан. 2017 оны 08 сарын 14-ний орой 21:00 цагийн үед эхнэр Г согтуу, аав, ээжийндээ ирээд хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 08 сарын 15-ны өдөр гэртээ буюу Хан-Уул дүүргийн 13-р хороо ,,,,-д ирсэн. Бид хоёр гэртээ ирэхээсээ өмнө замдаа нэг шил архи авсан юм. Тэр архиа задалж хувааж уусан. Би архи ууж байхдаа “чи 3 хоног хаагуур явсан бэ, яагаад архи уугаад байгаа” талаар нь асуухад “чамд ямар хамаатай юм бэ” гээд надад уурлаад байсан.

Тэр үед нь би газар ухдаг жижиг малтуураар дал хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тухайн үедээ малтуураар зүссэн гэдгээ мэдээгүй, гэнэт цус гарахаар нь мэдээд би цусыг нь арчаад боож өгсөн. Тэгээд бид хоёр унтах гээд орондоо ороод хэвтсэн байсан. Би сэрээд хартал эхнэр Г байхгүй байсан. Орой нь цагдаа нар ирээд намайг аваад явсан.

Эхнэрийг хайгаад, цагдаатай хамт шөнийн 05:00 цагийн үед хадам, аав, ээжийн гэрт очиход эхнэр байхгүй, архи уугаад явчихсан гэртээ хоноогүй байсан. Манай эхнэр Г нь байнга архи уудаг, 3-4 хоног гэртээ хонохгүй алга болчихдог юм.

Надтай суухаасаа өмнө 3 хүүхэд төрүүлсэн байсан. Тэр 3 хүүхдийн хоёр нь хадам аав, ээж хоёр дээр байдаг. Нэг хүүхдийг нь өмнөх нөхөр нь аваад явчихсан. Би Г-тай суугаад дундаас хоёр хүүхэд төрсөн. Одоо би ажил хийгээд 2 хүүхдээ асрамжаас аваад ажил хийгээд хамт амьдарч өсгөж хүмүүжүүлнэ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг яллагдагч, хохирогчоор, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,  Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ,,,, дугаар хэсэг ,,,,, хүнсний үйлдвэрийн хажууд орших өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.Г-г “олон хоногоор гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар түүний зүүн далны хэсэгт газар ухдаг төмөр үзүүртэй малтуураар цохиж түүний биед “цээжний ар зүүн дунд хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Ш.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Прокуророос хохирогч Л.Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан Ш.Б-ийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Л.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, Ш.Б-тай эвлэрсэн тухай хүсэлт гаргаснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлсэн /хэргийн 49х/, 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 1710000000072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Иймд шүүх, шүүгдэгч Ш.Б-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.                             

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ш.Б нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Шүр овогт Шүрбаатарын Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Ш.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ш.Б нь төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД