Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Б.Саруул-Ирээдүй,

Шүүгдэгч ******* /онлайн/

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2022000330095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 840000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт . РД://.

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ******* сумын нутаг “Өвдөг худаг” гэх газарт 2019 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ыг хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирол 1.959.318 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 42.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... ******* би хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Миний бие “Засгийн газрын бичил уурхайн 150 дугаар тогтоолын дагуу Дундговь аймгийн ******* сумын Өвдөг худгийн хуучин уурхайн хажууд газар сонгож аваад оператор компаниа буулгасан. Тухайн үед нутгийн иргэд болон засаг даргатай уулзаж нөхөн сэргээлт хийе гэж нутгийн иргэдээс болон засаг даргаас зөвшөөрөл авсан ба дүгнэлт гаргуулахаар бичиг баримтаа бүрдүүлж байсан. Би тухайн газар ямар нэгэн хайгуул, олборлолт, ашиглалт явуулж эхлээгүй байсан. Үүнийг гэрч Л.Мөнхбадрал, Д.Дамбийням, Б.Түмэнжаргал, У.Баянмөнх гэх зэрэг гэрчүүд мэдүүлсээр байтал хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхааралгүй яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

           Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.4-т зааснаар сум, дүүргийн засаг дарга энэ журмын 7 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу тухайн хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан өргөдлийн дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхай ашигт малтмал олборлох гэрээг 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна гэж заасан. Мөн журмын 4.3-т сум, дүүргийн засаг дарга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд 3 дугаар хавсралтад заасны дагуу гуравласан гэрээг байгуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно гэж тус тус заасан. *******д сумын засаг даргатай байгуулсан гэрээ байхгүй. Зөвхөн бичиг баримтаа бүрдүүлж байсан гэж ярьдаг. Энэ журамд зааснаар сумын засаг дарга ашигт малтмалын зөвшөөрөл өгөх эрх бүхий субъект биш. Тухайн газар Талын баялаг эрдэнэс ХХК-ын нүүрсний ашиглалтын зөвшөөрөлтэй газар байсан. Талын баялаг эрдэнэс ХХК болон тухайн сумын засаг дарга, ******* нар гуравласан гэрээ байгуулах ёстой. Иймээс тухайн газраас ашигт малтмал олборлосон үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Ашиглалт олборлолт явуулаагүй гэж ярьж байгаа. Эдгээр нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд гэрч Дамбийнямын мэдүүлэг, гэрч Түмэнжаргалын мэдүүлэг, Глобал Энвайрон ХХК-ын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Мөн ******* нь тухайн газраас Норд бенз маркийн машинаар жонш олборлож түүнийгээ зарж борлуулсан байдаг. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч *******ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзвэл:

*******ыг 2019 оны 12 дугаар сард Дундговь аймгийн ******* сумын нутаг “Өвдөг худаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирол 1.959.318 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 42.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан ямар гэмт хэргийг  шүүгдэгч чухам ямар оролцоотойгоор үйлдсэнийг нарийвчлан тогтоох нь Эрүүгийн эрх зүйн диспозитив зарчимд нийцдэг.

Прокуророос *******ыг Дундговь аймгийн ******* сумын нутаг Өвдөг-Ухаа гэх газарт 2019 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт, явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх энэхүү үндэслэлээр шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд хууль бусаар олборлолт явуулсан гэжээ.

Шүүгдэгч *******ы үйлдэл нь Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчсөн үйлдэл эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, гурав, дөрөвдүгээр бүлгүүдэд тус тус зааснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан үйлдлийн аль нь болохыг яллах дүгнэлтэд тодорхойлоогүй байна.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн хууль бус гэсэн шинжийг хууль тогтоогч тусгай зөвшөөрөлгүй гэж тодруулж тодорхойлсноос үзэхэд энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл нь тусгай зөвшөөрөлгүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон хууль ёсны зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон байхаар ойлгогдоно.

           Энэ талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоос үзэхэд ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, эсхүл бичил уурхайгаар  хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр явуулах хэлбэрүүдийг зохицуулсан гэж үзэхээр байгаагийн гадна эдгээр харилцааг Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зэрэг эрх зүйн актаар хэм хэмжээг тогтоожээ.

                ******* нь 2019 оны 12-р сард Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нүдэн” гэх газарт жонш олборлох зорилгоор нөхөрлөл байгуулсан талаар хэргийн 72 дугаар хуудсанд “ авагдсан мэдүүлэгт дурдагдсан байна.

 “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь дээрх хууль тогтоомжид заасан энэ талаар дагаж мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байж гэмт хэргийн шинжийг агуулна.

Прокурор шүүгдэгч *******ыг нөхөрлөл буюу хуулийн этгээдийг төлөөлж, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй этгээд болох хувь хүнийхээ хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнээ яллах дүгнэлтдээ тодорхойлоогүйгээс шүүх *******ы гэм буруутай үйлдлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Хувь хүн, хуулийн этгээд алин ч байсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаарх хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд дээрх хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн эсэхийг зайлшгүй шалгаж тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болох юм.

*******ы ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд зөв дүгнэлт хийх ингэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол журмыг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх зүй ёсны шаардлага үүснэ.

                Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульчилжээ.

Хохирогч Н.Эрдэнэ-Очирын мэдүүлэгт “...газрын солбилцлын зургаар Нүдэн гэх газар нь Талын баялаг Эрдэнэс ХХК-ны тусгай зөвшөөрөл бүхий / Өвдөг худаг / газартай ямар нэгэн огтлолцол давхцал байхгүй...” гэж мэдүүлсэн,

Талын баялаг Эрдэнэс ХХК-ны тусгай зөвшөөрөл бүхий газар нь Өндөр шил сумын “Өвдөг худаг” гэх газар болох нь хэргийн 19 дүгээр хуудсанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэг явуулж байгаа газрыг “Нүдэн” гэж тодорхойлсон.

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.

Дээрхээс дүгнэж үзвэл мөрдөгчөөс хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, шинжээч томилсон тогтоол, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэгт хэрэг гарсан газар зөрүүтэй байх бөгөөд тухайн хэргийн газар нь “Өвдөг худаг” эсхүл “Нүдэн” аль нь болох нь тогтоогдоогүй байна.

           Хэрэгт мөрдөгчөөс эд зүйлсэд үнэлгээ хийлгэхээр Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссыг шинжээчээр томилсон байхад Сайнцагаан сумын үнэлгээний комисс үнэлгээ гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” шаардлагад шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжил, чадвартай болох нь тогтоогдоогүй нь хуулийн дээрх зохицуулалтад  нийцээгүй байна.

           Мөн гэрч Б.Мөнхзул Г.Зулбаяр гэх хүмүүс газрын хэвлийд халдсан үйлдлээ өөрсдөө мэдүүлсэн байхад тэднийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх болсон үндэслэл нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосон байна. Эд мөрийн баримтаар хураасан эд зүйл нь тухайн гэмт хэргийн хохирлын хэмжээнээс илүү гарах юм бол илүү гарсныг улсын орлогод оруулна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг анхаарч үзээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд ямар нэгэн тээврийн хэрэгсэл хураагдаж битүүмжлэгдсэн зүйл байхгүй байхад шүүхээс тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшил өмчлөлийн болохыг тодорхойлоогүй атлаа тээврийн хэрэгслийг хурааж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоох нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад ач холбогдолтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг нэмж  хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

           

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн прокурорын газарт буцаасугай.  
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                               Х.ГЭРЭЛМАА