Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00835

 

                                                                  Г.Сэржимийн нэхэмжлэлтэй                                                                        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02357 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 920 дугаар магадлалтай,

Г.Сэржимийн нэхэмжлэлтэй,

            Ж.Ичинхорлоод холбогдох       

            Зээлийн гэрээний үүрэгт 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн    

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Л.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, Ц.Гансүх, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний эрх залгамжлагч Л.Мөнхжаргалын гаргасан тайлбарт: “Г.Сэржим нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ж.Ичинхорлоод 15 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд одоог хүртэл мөнгөө авч чадаагүй. Энэ мөнгийг өөрийн нэр дээр байдаг 1 өрөө байраа зараад хадгалж байсан. Ж.Ичинхорлоо мөнгийг өгөхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Сэржим нь уушигний хорт хавдрын улмаас хэвтэрт байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Нас барахдаа Ж.Ичинхорлоогоос авах зээлийг шаардах эрхийг гэрээсэлж үлдээсэн бөгөөд би нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу авсан. Хариуцагч Ж.Ичинхорлоогоос үлдсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 2 700 000 төгрөг, алданги 4 800 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Г.Сэржимээс 15 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Ж.Чанцалдулам мөн надтай хамт очиж 10 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн 15 000 000 төгрөгийн хүү нь 2 700 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээнд төлөлтийг тохирохдоо сард 4 удаа буюу 7 хоногт 1 удаа, нийт 12 удаа төлөлт хийх ёстой гэж заасан. 1 удаа төлөлт хийхэд 1 457 000 төгрөгийг төлдөг байсан. Би зээлээ 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд төлж дуусгасан. Г.Сэржимийн охин Л.Мөнхжаргал нь Өгөөмөр зах дээр ажилладаг байсан бөгөөд Г.Сэржим нь миний охинд өгөөрэй гэсэн учир би Л.Мөнхжаргалд мөнгийг нь өгч байсан. 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлээ төлж дуусаад Г.Сэржимтэй ярихад баярлалаа гэж байсан. Мөнгөө өгөхдөө гарын үсэг зуруулж байгаагүй нь алдаа болсон байна. Би зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02357 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ичинхорлоогоос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 22 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сэржимийн эрх залгамжлагч Л.Мөнхжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сэржимийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг төлөх хугацааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Л.Мөнхжаргалаас 270 450 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Ж.Ичинхорлоогоос 270 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Л.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 920 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02357 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1...” гэсний дараа “... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Давж заалдах шатны шүүхийи 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 920 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1.Сэржимийн нэхэмжлэлтэй, Ж.Ичинхорлоод холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим зүйл хэсгийг нэмж өөрчилж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 920 дугаар магадлалын хянавал хэсэгт Г.Сэржим нь Ж.Ичинхорлоогоос 15.000.000 төгрөгийг шаардахтай холбоотой цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шийдвэрлүүлж байснаас үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй гээд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ гэжээ. Гэтэл 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусч хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн болно. Энэ хугацаа нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дууссан болно. Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Ичинхорлоод Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг бөгөөд хх-63, хх-66, хх-69-70 дахь талуудад Ж.Ичинхорлоо нь гэрчээр, сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа мөнгийг 7 хоног тутамд 1.475.000 төгрөгөөр төлж дуусгасан, 4 хувааж 8 удаа төлөлт хийсэн гэж мэдүүлж байсан болохоос биш төлбөрийг төлнө, төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгөөгүй байхад Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. 920 дугаар магадлалын хянавал хэсэгт “Ж.Ичинхорлоо нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа боловч уг байдлаа баримтаар нотлоогүй гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй” гэжээ. Гэтэл хх-ийн 143-144 талд гэрч н.Чанцалдуламын мэдүүлэгт: “та мөнгөө авчихаад яагаад эгчийг Цагдаагийн байгууллагад өгсөн юм бэ? гэхэд: н.Мөнхжаргал нь би өөр олон хүмүүст өртэй, ямар ч аргаар хамаагүй мөнгөө олж авмаар байна. Н.Мөнжаргалд би мөнгийг нь өгдөг байсан. хх-ийн 145-146 талд гэрч н.Баасанхүү мэдүүлэгтээ: н.Мөнхжаргал эгч Ж.Ичинхорлоогоос мөнгө аваад ир гээд явуулдаг байсан. 3-4 удаа өгдөг очиж мөнгийг нь аваачиж өгсөн” гэх бүхэл бүтэн хоёрын хоёр гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэртээ үндэслэл болгоогүй болно. Шүүх хуралдааны тэмдэглэлд 143, 145 талд мөнгө өгч явуулдаг байсан гэх гэрчийн мэдүүлэг нь өөрөө нотолгооны эх сурвалж мөн, харин гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл юм. Энэ нь анхдагч шууд нотлох баримтанд тооцогдох учиртай. Гэрчүүд нь нотлогдвол зохих үйл баримт үйл явцыг дэргэд нь байж өөрөө өгдөг байсан гэж мэдүүлж, мөнгө өгснөө шууд гэрчлэн хэлсээр байгаа нь эх сурвалж нь тодорхой байгааг илэрхийлнэ. Иймээс анхан болон давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчилж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

          Нэхэмжлэгч Г.Сэржим нь хариуцагч Ж.Ичинхорлоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан тухай хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

          Зохигчдын хооронд 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг төлөх хугацаагаа зөрчвөл төлөгдөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүрэг үүссэн болох нь зээлийн гэрээ, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. /хх- 7, 22, 70/

          Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан ба хүү, алдангийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хэлцэл бичгээр хийгдсэн байх тул  энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцжээ.      

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Г.Сэржим нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч Ж.Ичинхорлоогоос үндсэн зээл 15 000 000 төгрөг, 3 сарын хугацааны зээлийн хүү 2 700 000, алданги 4 800 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч Г.Сэржим нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тул 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот гэрээслэлийн дагуу түүний 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвийг хүлээн авсан өвлөгч болох Л.Мөнхжаргал нь хариуцагч Ж.Ичинхорлоогоос зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг залгамжлан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчөөгүй. /хх- 51-55/

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хүү, алдангийг гаргуулахаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарласан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдаа гаргасан байна.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 920 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 270.450 /хоёр зуун далан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                         ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН