Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/шш2023/0808

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би,  "Ти Би Эф монголиан пауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 401 мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 456 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч “Ти Би Эф монголиан пауэр" ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Ти Би Эф монголиан пауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 401 мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 456 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

" Ти Би Эф монголиан пауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 401 дүгээр тогтоол мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 456 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “Ти Би Эф монголиан пауэр" ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн “Ти Би Эф монголиан пауэр" ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч “Ти Би Эф монголиан пауэр " ХХК-ийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Ти Би Эф монголиан пауэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 401 дүгээр тогтоол мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 456 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ