Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Халзан хохирогч С.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021145 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; урьд ял шийтгүүлж байгаагүй Б Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч Б 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр эхнэр С.Баярцэцэгийг гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруутай гэдгээ ойлгож, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв бичигдсэн байгаа тул нэмж мэдүүлэхгүй. Үүнээс өмнө би эхнэрээ зодож байгаагүй. Одоо бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйя, дахин ийм алдаа гаргахгүй гэв. Хохирогч С.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 5-ны орой 22 цагийн үед манай нөхөр ажлаа дуусгаад гэртээ ирсэн. Би тухайн үед хүүхдээ хараад гэртээ байж байх үед 0.75 грамм 1 шил Сэнгүр нэртэй пиво уусан байсан. Манай нөхөр орж ирээд амрах гээд орондоо орсон байх үед нь би араас нь очиж анх үерхэж байсан найз хүүхнийх нь талаар асууж хэрүүл өдсөн. Тэгээд манай нөхөр босч ирээд би дахин нэмж 0.5 граммын пиво уусан. Маргалдаж байгаад манай нөхөр намайг алгадаж буйдан руу унагаасан. Манай нөхөр намайг согтуу байсан болохоор миний архийг гаргах гэж ариун цэврийн өрөөнд авч ороход би орилсон. Намайг орилоход манай хүү Ананд айгаад манай нөхөр манай хүүг аваад гаднаас цоожлоод гараад явсан. Би тухайн үед хажуу талын айлын хүнээс цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр цагдаа нартай хамт орж ирээд би цагдаа нараар эцэг, эхийнхээ гэрт хүргүүлсэн. Би тухайн үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрээд хамтдаа амьдарч байгаа. Одоо би жирэмсэн, Бийн 2 дахь хүүхдийг төрүүлэх гэж байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Сангаагийн Баярцэцэг “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны орой би гэртээ БГД-ийн 3 дугаар хороо Нарны хорооллын 7-205 тоотод хүү 2 нас 8 сартай Ананд, нөхөр Бтай хамт байж байгаад Бийн хуучин уулздаг байсан хүүхнийх нь талаар ярилцсан юм. Тухайн үед би шар айраг уусан халамцуу байсан нөхөр Б эрүүл байсан тэр хүүхнийг ярьж байгаад бид 2 маргалдсан. Тэгтэл нөхөр уурлаад шууд толгой руу нилээн хэдэн удаа цохиод авсан, намайг газар унагаад дээрээс ташаа гуя руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн тэр үед би шоконд ороод нэг гарч зугтсан. Тэгэхэд араас гарч ирээд намайг гэр рүү оруулаад хаалгаа дотроос нь түгжээд намайг ванны өрөө рүү дагуулж ороод ваннтай усанд толгойг маань дүрээд чи муу ингээд үх гээд байсан тэр үед хүүхэд хараад уйлахад Б хүүгээ аваад хувцасыг нь өмсүүлээд миний гар утас гэрийн түлхүүр бэлэн 100.000 гаран төгрөгийг аваад гаднаас түгжээд гараад явсан. Тэгээд би хаалгаа дотроос нь хутгаар онгойлгох гээд хаалгаа хөшиж үзээд зогсож байхад хажуу айлын хүн гэр лүүгээ орох гэж байхыг нь дурангаараа хараад манай нөхөр зодоод гаднаас түгжээд явчихлаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд хаалга онгойлгож чадахгүй үүдэнд зогсож байхад нь Б хүүхдээ үлдээгээд ганцаараа гаднаас буцаад ороод ирсэн. Тэгээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороод ирсэн. Тэгээд цагдаа нарыг орж ирэхээр нь манай аавынх хажуу талын 3 дугаар байранд байдаг би аавындаа очмоор байна гээд 2 цагдаагаар аавындаа хүргүүлэхэд, цагдаа та согтуу байна маргааш өглөө ирээд өргөдлөө өгөөрэй гээд Бийг дагуулаад явсан. Тэгээд би өргөдлөө 3 хоногийн дараа өгсөн. Толгой маш их өвдсөн зүүн нүдний орчим хөхөрсөн зүүн чихний орчим хөхөрсөн маргааш өглөөнөөс нь толгой эргээд чих шуугиад байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би нэгдүгээр эмнэлэг дээр чихний хэнгэрэг нөхөх наалт хийлгэсний төлбөр 180.000 төгрөг болсон. Надад эм бичиж өгч байсан тэрийг нь мөнгө байхгүй байсан учраас авч уугаагүй. Цаашдаа сонсгол сайжрахгүй бол сонсгол сайжруулах мэс засал хийнэ гэсэн. Би Баас 50.000 төгрөг авна гэж авсан өөр ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө аваагүй. Нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлыг төлүүлж гаргуулж авмаар байна. Цаашид дахин хагалгаанд орохоор бол хагалгааны зардал мөнгийг гаргуулж авна. 2013 оноос хойш хамт амьдарч байгаа. 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 1 хүүтэй хүү маань 2014 оны 10 сарын 10-нд төрсөн. Хамт амьдраад 4 жил болж байна. Би өөрөө нэг охинтой манай охин хамт амьдардаггүй манай аав, ээж хоёртой хамт байдаг. Миний охин хүүг гарахаас өмнө хамт амьдардаг байсан. Хамгийн анх намайг жирэмсэн байхад 2014 оны 6 сард нэг удаа алгадаж унагааж байсан. Тэрнээс хойш хүүхэд гарсаны дараа бас нэг удаа алгадаж байсан. Тэрнээс хойш дунд нь хэрүүл маргаан хийхээрээ гарын булчин руу ганц нэг цохиод авдаг. Хамгийн сүүлд 2017 оны 5 сарын 5-нд их зодсон тэрнээс өмнө тийм айхтар зодож цохиж байгаагүй. Тэр өдөр бол урд нь үерхэдэг байсан хүүхнээс нь болж маргалдсан. Ер нь бусад үед хэрүүл маргаан болох шалтгаан нь хардалтаас болж маргалддаг байсан. Манай өмнөх нөхөр охины ааваас мөнгө төгрөг өгөхөөр яахаараа энэ пизда мөнгө шилжүүлдэг юм гээд уурладаг байсан. Би бас тэр өмнөх хүүхэнтэй нь хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Эдийн засгийн болон бэлгийн ямар нэг дарамт үзүүлж байгаагүй. 2 удаа дуудлага өгч байсан НХ-н 4-202 тоотод маргалдаж намайг алгадахаар нь цагдаа дуудаж байсан нөхөр эрүүл болохоор цагдаа нар ирээд бүртгэж аваад дагуулаад аваад гарч байсан. Би өргөдөл бичиж өгч байгаагүй. Нөхөр архи уугаад байдаггүй хааяа л нэг амсдаг” /хх-н 14-17/ гэж, гэрч Сонсбатын Батзул “... Б бол миний төрсөн ах, Баярцэцэг бол манай ахын эхнэр нь байгаа юм. Би тухайн үед болсон асуудлын талаар бол мэдэхгүй. Тухайн асуудлаас хойш 7 хоногийн дараа би эмээгийн гэрт очиход манай ах Б эмээгийн гэрт хүүтэйгээ хамт ирчихсэн амьдарч байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Баярцэцэг хэд хоногийн өмнө намайг гэртээ очиход согтуу байж байсан. Надаас хэрүүл нэхээд байхаар нь тэсч тэсч бүр тэсэхгүй алгадчихсан.” Тэгээд эмээгийн ирсэн гээд байж байсан. Баярцэцэг манай ах Бийг хэрүүл хийгээд л гэрээсээ хүүхэдтэй нь хөөгөөд явуулчихдаг, тэгээд манай ах хүүхдээ дагуулаад эмээгийндээ очдог юм. Дараа нь Баярцэцэг араас нь гуйгаад л буцаад хүүхдээ бодоод л нийлдэг өмнө нь хэд хэдэн удаа ийм зүйл болж байсан. Бид нар ахыгаа хүүхдээ бод эргээд нийл гэж хэлдэг байсан. Баярцэцэг манай ахыг мөнгө олж ир гээд л байдаг юм. Манай ах Баярцэцэгийг зодож байгаагүй хөөгдлөө хүүхдээ дагуулаад явж байна гэж л сонсогддогоос биш Баярцэцэгийг зодлоо гэж дуулдаж байгаагүй” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч С.Баярцэцэгийн гэмтэлтэй холбоотой “С.Баярцэцэгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дух, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд зулгаралт, зүүн шуу, гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 6151 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх Бт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгджээ. Улмаар шүүх уг хэргийг прокурорт буцааснаар прокурорын өмнөх шийдвэрийг Дүүргийн Ерөнхий прокурор хүчингүй болгожээ. Шүүгдэгч Б, хохирогч С.Баярцэцэг нар гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс бөгөөд шүүгдэгч Бийн хэргийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл хэсгээр зүйлчлэгдэх ёстой. Гэвч энэ зүйл хэсэгт “... байнга” гэсэн гэмт хэргийн шинжийг шаардана. “Байнга” гэсэн шинжийг нотлох баримтаар тогтоож чадаагүй тул прокуророос шүүгдэгч Бийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Бийн үйлдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед үйлдэгдсэн байгаа нь түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэгэнт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргээр зүйлчлэгдэж ирсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэсэн зүйл хэсэг рүү оруулж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шийдвэрлэж, шүүгдэгч Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Баярцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүдэгч Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Баярцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Бт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ