| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2026/0250/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/265 |
| Огноо | 2026-05-20 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Жавхлан |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/265
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Н.Жавхлан,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*********,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч Г.********* нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*********д холбогдох эрүүгийн 2625002700264 дугаартай 312/2026/0250/Э индекстэй хэргийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2625002700264 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.********* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн ********* тоотод байрлах гэртээ 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө өөрийн төрсөн охин 4 сар 5 хоногтой Н.*********ыг хөхөөрөө хооллож байх үедээ болгоомжгүй үйлдлээр амьсгалын эрхтнийг хөхөөрөө дарж унтсаны улмаас механик амьсгал бүтэлтэд оруулж, амь насыг нь хохироосон болох нь:
- Шүүгдэгч Г.*********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “... хэлэх зүйлгүй, гомдол, саналгүй ...” гэх мэдүүлэг
Эрүүгийн 2625002700264 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*********гийн өгсөн: “...2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр цагаан сардаа бэлдээд маргааш нь хот явах байсан учраас оройтож 01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Эхнэр бид хоёр унтахдаа бага охин *********ы хамт унтаж амарсан. Тэгээд би өглөө 09 цагийн үед 00 орох гээд босоход манай охин ********* их эвгүй байрлалтай хэвтэж байхаар нь би эхнэрт хандаж охин нь яасан эвгүй хэвтэж байх юм бэ гэж хэлчхээд 00 орсон манай эхнэр наашаа ирээд охиноо хараадах гээд орилсон тэгэхээр нь би 00-оос гараад охин *********ы хацарт нь хүрсэн чинь цэв хүйтэн болчихсон нас барсан байдалтай байсан. Тухайн шөнө охин *********ыг өлгийдөөд унтуулсан юм. Манай эхнэр охин *********ыг дан хөхөөрөө хооллодог нэмэлт тэжээл ашигладаггүй. Манай эхнэр ********* 2026 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө унтахаасаа өмнө охин *********д хөхөө хөхүүлсэн шөнө хөхүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна, ер нь бол шөнө охин сэрэх юм бол эхнэр хөхөө хөхүүлдэг. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дэх тал/,
- Гэрч Б.*********ын өгсөн: “...Миний төрсөн эгчийн хүргэн *********, өөрийн эхнэр *********, 3 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. *********гийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Харин ********* 3 хүүхдийн хамт гэртээ байдаг. Өнөөдөр өглөө намайг гэртээ амарч байсан чинь Улаанбаатар хотод амьдардаг дүү ********* маань над руу утсаар залгаад “*********гийн хүүхэд нь өнгөрчихсөн юм уу, ямар нэгэн юм болсон юм уу, та мэдсэн үү та гэрээр нь очоод үзээдхээч” гэж хэлэхээр нь би *********гийн гэрт очсон. Тэгээд шууд *********гийн гэрт очсон чинь *********гийн нярай хүүхэд нь нас барчихсан байсан. *********, ********* нар нь архи дарс нээх уугаад байдаггүй. Өнөөдөр өглөө намайг гэрээр нь ороход эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
- Гэрч С.*********ийн өгсөн: “...Би ********* баг ********* тоотод оршин суух 4 сартай нярай Н.********* нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, төрөөд анхны үзлэгийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрт очиж хийхэд ерөнхийдөө нярайн шарлалттай, эрхтний тогтолцооны талаас илрэх эмгэггүй ээжийн биеийн байдал /эвийн байсан учир хүүхэд бүтэлтээс сэргийлэх, 2 цаг тутам хөхүүлэх, агаар сэлгэх, өдөр болгон усанд оруулах зэрэг зөвлөгөө өгөөд явсан. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь үзлэгийг хийж нярайн шарлалт хэмжихэд шарлалт нь буурч байсан учир эмийн эмчилгээ зөвлөөгүй өмнөх зөвлөгөөгөө өгөөд гарсан. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 дахь үзлэгийг хийхэд шарлалт буугаад хэвийн болчихсон байсан, ээжийн биеийг үзэхэд даралт ихсэлттэй байсан учраас даралт бууруулах эмийн эмчилгээ зөвлөөд зөвлөгөө өгөөд явсан. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 дэх үзлэг хийхэд нярайн болон эхийн биеийн байдал хэвийн сайн байсан учир зөвлөгөө өгөөд гарсан.Тэгээд 1 сар хүрээд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өрхийн эмнэлэг дээр ирээд өндөр, жингээ үзүүлээд үзлэг хийлгэхэд өндөр жин хэвийн, гэдэсний дүүрэгтэй байсан учир гэдсэнд массаж хийх, хөхүүлсний дараа тэвэрч хэхрүүлэх, 2 даг тутам босож хөхүүлэх зэрэг зөвлөгөөг өгсөн. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр халдварт саа, пнэвмококийн вакцин, Тавт вакцины 1 дүгээр тун зэргийг хийсэн. Тус нярай нь төрснөөсөө хойш заавал хийлгэх вакцин хийлгэж эмчийн үзлэг хяналтад тогтмол хамрагдаж байсан бие мах бодийн талд ямар нэгэн өвчин эмгэг байгаагүй. Тус нярай төрөлхийн ямар нэгэн эрхтэн тогтолцооны эмгэг, согог болон архаг өвчингүй байсан. Намайг гэрийн эргэлтээр очих үед эцэг, эх хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Тус айлын том охин нь 5 настай, дунд охин 1 ой, 10 сартай, бага охин нь 4 сартай байсан. Том охин нь цэцэрлэгт явдаг байсан эцэг, эх нь дунд охиноо бага охинтойгоо хараад гэртээ байдаг байсан. Би 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус айлд очоод Ж.*********, Г.********* нарт үзлэг хийгээд амин үзүүлэлтийг нь үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Тэгээд би яагаад нярай нас барчихваа гэж Г.*********аас асуухад 2026 оны 02 дугаар сарын 17-ны өглөө нас барчихсан байсан би нөхөр хүүхэдтэйгээ хамт унтсан би үүрээр хүүхдээ хэвтээд хөхүүлж байхыг манай нөхөр харсан гэсэн би өөрөө санахгүй байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
- Гэрч Т.*********ийн өгсөн: “...Би 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн үед найз *********гийн хамт Улаанбаатар хот явах гээд гэр рүү нь явж байсан чинь *********гийн эхнэрийн дүү ********* над руу залгаад бага дүү ********* нас барчихлаа гэж хэлсэн тэгээд би гэр рүү яваад орсон чинь бөөнөөрөө уйлчихсан байж байхаар нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ********* 4 сартай нярай хүүхэд байсан юм. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь өглөө сэрсэн чинь хүүхэд нь эвгүй байрлалтай хэвтэж байхаар нь эхнэр ********* нь хүүхдийнхээ байрлалыг засах гэсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Би өмнөх өдөр нь 18 цагийн үед *********гийн гэрт нь очоод маргааш хэдээс Улаанбаатар хот явах талаараа ярилцаад гарахад *********ы биеийн байдал хэвийн толгой зулай дээр нь юм гарчихсан юм шиг харагдаж байсан. Намайг *********гийн гэрт очиход *********, *********, ********* нар байсан. *********, ********* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-64 дэх тал/,
- Нярайн түүх, бусад эмнэлгийн бичиг баримтууд /хавтаст хэргийн 51-57 дэх тал/,
- Боржигон овогт *********гийн *********ы нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 97 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,
- Цогцост үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,
- Амь хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.*********ын болгоомжгүй үйлдлийн улмаас 4 сар, 5 хоногтой нярай Н.*********ы амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн биед шинжээчийн 29 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан “...талийгаач нь ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас...” нас барсан нь шүүгдэгч Г.*********ын 4 сар 5 хоногтой Н.*********ыг хөхөөрөө хооллож байх үедээ болгоомжгүй үйлдлээр амьсгалын эрхтнийг хөхөөрөө дарж унтсаны улмаас механик амьсгал бүтэлтэд оруулсан шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*********, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нар нь шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас 4 сар, 5 хоногтой нярай Н.*********ы амь хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу шүүгдэгчийн нөхөр Ж.********* гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдааны явцад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.*********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*********д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах санал гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.*********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.*********д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг тус тус хүлээлгэж хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч Г.*********д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэж, хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Шүүгдэгч Г.********* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ