Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны тэмдэглэлийг

нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Л, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд хохирогч Б.Энхтуул иргэдийн төлөөлөгч Д.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022584 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, “Хос харцага” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 1; Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч Л 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, иргэн Б.Гомбобазарын гэрт согтуурсан үедээ хамт архи ууж байсан хохирогч С.Соронзонболдыг цохиж, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч С.Соронзонболд нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед авга ах Гомбобазартай түүний гэрт архи ууж байтал талийгаач Соронзонболд орж ирээд бид гурав хамтдаа 1 шил архи уугаад, дахин 1 шил архи авсан. Авга ах Гомбобазар согтоод унтсан. Ингээд байж байтал талийгаач дахин архи авч өг гэж нэхээд, намайг цохих гээд дайраад байсан. Тэгээд талийгаачийг сандал дээр сууж байхад нь би баруун талаас нь баруун чихний ар хэсэг рүү нь цохиход талийгаач зүүн тийшээ налж унасан. Босч ирээд надтай барьцалдаад авахаар нь би түүнийг ор руу түлхчихээд гараад явсан. 11 цаг гэхэд би Хөшигтийн хөндийд ажил дээрээ ирсэн. Талийгаачийг зүс мэднэ, хаана нэгтээ авга ах Гомбобазарынд тааралдаж байсан. Хохирогч талын хохиролд гэж машин өгсөн байна лээ, манай ар гэрээс. Надад бол өөрийн гэсэн өмч хөрөнгө байдаггүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Хохирогч Б.Энхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд гэж 4.5 сая төгрөгт тооцож нэг машин өгсөн. Тэр машиныг нь 1.5 сая төгрөгөөр хүнд зарсан. Гэтэл нөгөө машин сар болоод эвдэрсэн гээд худалдаж авсан хүн нь надаас одоо мөнгөө нэхээд байна. Чи хэмхэрхий машин өгсөн байна гээд намайг загнаад байгаа. Тийм болохоор хохирлыг барагдуулсан гэж үзэхгүй, маш их гомдолтой байна. Эвдэрхий машиныг 4.5 сая төгрөгт тооцож өгснөө болно гэж бодоод байгаа юм байх даа. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв. Шүүгдэгч М.Лхагвын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 92, 93, 94, 97/, Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 91/, ажлын газрын тодорхойлолт /1-р хх-н 99, 100/, жолооны үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 101/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-н 103/, М.Лхагвын сэтгэцийн талаарх Шүүх сэтгэц гэм судлалын “... Л нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Л нь хэрэг хариуцах чадвартай байна. Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна ” гэсэн 1131 тоот дүгнэлт /1-р хх-н 63-64/, гэрч Махвалын Даваасүрэнгийн “... Л 1977 оны 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Бид эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд манай бага дүү ослоор нас барсан. Түүний дээр нь Л байдаг юм. Л ЕБС-ийн 82 дугаар сургуулийг төгссөн. Үүний дараа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ХЦ-ийн 0129-р ангид цэргийн алба хаасан. Хувиараа ажил эрхэлж байгаад 2016 оны 6 сард шинэ онгоцны буудлын хамгаалалтын албанд ажилд ороод байсан юм. Тэрээр эхнэр хүүхэд байхгүй, манай гэрт хамт байдаг боловч ажил төрлөөсөө шалтгаалаад хөдөөгүүр их явдаг. Дүү маань бага зэрэг огцом ууртай боловч их өрөвч. Архи дарс уух үедээ уудаг байх, гэхдээ миний хажууд уугаад байдаггүй, уучихаараа надаас зугтаах маягтай байдаг юм. Бид нар багаасаа өнчин өссөн болохоор надаас айдаг. Би айлын том хүүхэд болохоор байнга л хэлж ярьдаг бас манай нөхрөөс ч гэсэн эмээдэг. Харин найз нөхдийг нь мэдэхгүй. Миний хувьд энэ хэргийн талаар мэдэхгүй. Тэр өдөр Л над руу “би Драгон дээр байна, ажил руугаа явж байна, та завтай бол машинаараа намайг хүргээд өгөөч” гэж хэлэхэд нь би ажил амжихгүй гэж хэлсэн. Л Төв аймагт байдаг шинэ онгоцны буудлын хамгаалагч хийдэг болохоор хааяа би хүргэж өгдөг байсан. Байнга л ажил дээрээ байрлаад байж байдаг. Тэгээд 13 цаг 30 минутын орчим над руу залгаад ажил дээрээ ирчихлээ гэж ярьсан. Түүнээс хойш би яриагүй ба утас нь ч холбогдохгүй байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй. Гэтэл орой 22 цаг өнгөрч байхад Уранзаяа гээд манай аав Махвалын төрсөн дүү Гомбобазарын охин над руу утсаар залгаад “Л ах архи уугаад Соронзонболд гэх ахтай маргалдаад түлхээд цохьчихсон. Тэр хүн унтаад байсан чинь бие нь муудсан юм байна, сэрэхгүй болохоор эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь цус харвасан байна гэсэн. 3 дугаар эмнэлэг дээр байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Би 3 дугаар эмнэлэг дээр очсон чинь нөгөө хүнийг түргэний эмнэлэг аваад гэмтэл явчихсан байсан. Би Уранзаяатай уулзаад хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиход Соронзонболд гэх хүний ар гэрийнхэн нь гээд хүү, охин 2 болон ээж нь бололтой настай эмэгтэй, ах нар нь байсан. Намайг эмнэлэг рүү ороход л Соронзонболдын хүү нь гэх залуу тэр дүүгээ олж өг, нэг хүний амийг хоёр болгоно гээд хэл амаар дайраад байсан ба би цагдаагийн 2 хүнтэй уулзаад дүүгээ олж өгөхөөр Төв аймгийн Хөшигтийн хөндий дэх шинэ онгоцны буудал дээр очиж дүүгээ авсан. Л ажил дээрээ байсан ба эрүүл байх шиг байсан. Лцагдаа дээр буулгаад л саатуулчихсан. Би хэргийн талаар Лас асуухад би цохиогүй, намайг гарахад суугаад байж байсан гэж хэлсэн. Бас Соронзонболдын хүү гэх залуу манай аав бие султай, өрөөсөн хөл нь мэдээ алдангитай, ажил төрөл хийдэггүй хүн гээд байсан. Би хүүд нь юм хэлж чадаагүй ба Гэмтлийн эмнэлэг дээр хэд хэдэн удаа очсон боловч бие нь ямар байдалтай байгаа талаар хэлдэггүй, хэвэндээ муу байна гэдэг байсан” /1-р хх-н 31- 32/ гэсэн мэдүүлэг, гэрч Махвалын Мягмардолоогийн “... бид нар эцэг эхээс 8-уулаа байсан ба аав Махвал 1997 онд, ээж Дулмаа 1994 онд өнгөрсөн. Ингээд бид нар эгч Даваасүрэн дээрээ өссөн юм. Л миний доод талын дүү бөгөөд бусад 5 дүү маань багадаа өнгөрчихсөн юм. Би өөрөө Хөвсгөл аймагт ажилладаг болохоор намар л нэг удаа хотод эгчийндээ ирчихээд буцдаг. Л нь Даваасүрэн эгчийн гэрт байдаг. Зан аашийн хувьд ууж идээд байдаггүй, хүнтэй маргаж муудаад байдаггүй. Сүүлийн үед тэр болгон тухтай уулзаж чадаагүй утсаар л хааяа ярьдаг. Л гэр бүлгүй” /1-р хх-н 35/ гэсэн мэдүүлэг, гэрч Дамбаагийн Гансүхийн “ ... Л миний хадам дүү байгаа юм. Би эхнэр Даваасүрэнтэйгээ 1993 онд гэр бүл болсон. 1995, 1997 онуудад хамам аав, ээж маань жил дараалан нас барсан тул айлын том учраас дүү нараа харж хандах нь эхнэрийн маань үүрэг болж үлдсэн. Хадам дүү Л нь намайг хүргэн болж ороход 10 жилийн сурагч байсан, аав, ээж хоёр дээрээ өсөөгүй, өвөө дээрээ өссөн ч өвөө нь нас барсан. Айлд, хүнд яршиг төвөг болдоггүй хүүхдийн нэг хүүхэд байсан ба хамгаалалтын албаар хөдөөгүүр ажиллаад явдаг. Хааяа архи уусан байна гэж сонсогдож байсан ч архи уусан үедээ манайхаар орж ирэхгүй, надаас айгаад зугтдаг, зүрх муутай, намайг нэг хашигархад гараад гүйчихдэг, их уян зөөлөн хүүхэд. Хоёр хөгшинийг өнгөрсний дараа эхнэр авч нэг хүүхэдтэй болсон ч удалгүй салсан, эхнэр нь байр сууцыг нь зараад алга болчихсон, одоо хайгаад олдоггүй юм. Түүнээс хойш дахин эхнэр аваагүй, ганцаар өдий хүрсэн. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин гэх зүйлгүй, бие өвдлөө, эмнэлэгт үзүүллээ гэж ярьж байгаагүй. Бага байхаас нь том хүргэн ах гээд надаас эмээдэг” /2-р хх-н 14/ гэсэн мэдүүлэг, гэрч Ёндонгийн Лсүрэнгийн “... 2016 оны 8 сард Хос харцага хамгаалалтын албанд Лтай хамт ажиллаж байсан. Намайг ажилд орохоос өмнө Л ажилд орчихсон байсан ба Лтай хамт 20-оод хоног 1 постон дээр ажилласан. Хамт ажиллах хугацаанд ажиглахад хүнд тусархуу, цайлган залуу шиг санагдсан. Тамхи татдаг, илүү дутуу ааш авир надад гаргаж байгаагүй болохоор гайгүй л залуу байна гэж бодсон. 2016 оны 10 сард цалин буугаад 2-3 хоносны дараа Л хот руу явчихсан байсан. Ямар ажлаар явж байгаа юм бэ гэхэд нүүрстэй л холбоотой зүйл хэлж байсан. Гэтэл үдээс хойш хүрээд ирсэн байсан, тэр шөнө нь цагдаа ирээд бариад явчихсан. Юу болсон, яасан талаар нь би уулзаж асууж мэдээгүй. Лхотоос ирэхэд нь би түүнтэй уулзсан ч надад ямар нэг зүйл хэлээгүй, орой ээлжтэй, ядарч байна, жаахан унтана гээд миний дээд талын орон дээр унтаад өгсөн. Өөр юу ч хэлээгүй. Архи дарс уусан шинж ажиглагдаагүй, нүүр царай ил харагдах хэсэгт нь ямар нэг гэмтэл бэртэл байгаагүй. ... Ажил дээр архи ууж, хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийх асуудал огт байгаагүй. Цагдаад баригдаад явснаас нь хойш яав, юу болсон гэхэд хамт постонд гардаг хүн нь хүн амины хэрэгт холбогдсон гэнэ л гэж хэлсэн. Тэр үед нь би хүн алахааргүй л хүн дээ гээд гайхаад үлдсэн” /2-р хх-н 15/ гэсэн мэдүүлэг, гэрч Дамбажанцангийн Батболдын “... Л Хос харцага хамгаалалтын албанд ажиллаж байх хугацаандаа нямбай, нийтэч зантай, ажил албандаа сэтгэлээсээ ханддаг, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг ажилтан байсан. Ээлжийн ахлагч нар 15 хоног ажиллаад амардаг, хамгаалагч нар хамгаалж буй обьект дээрээ байрлаж ажилладаг байсан. Тухайн үед шинээр барьж буй нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан ба хамгаалагч Л нь Хөшигтийн хөндийд байгуулсан кэмпэд байлан ажиллаж байсан. Ажлын цагийн хуваарь нь 24 цаг ажиллаад 48 цаг амардаг, амарсан өдрөө кэмп дээрээ д байрлаад байж байдаг хуваарьтай байсан. Яг хэдний өдөр байсанг нь санахгүй байна, 2016 оны 10 сард Налайх руу нүүрс захисан юм, өөрөө л очиж авахгүй бол болохгүй нь гээд 1 хоногийн чөлөөг надаас аваад явсан. Маргааш нь манай хамгаалагч нар хулгайн хэрэг илрүүлээд тэр талаар нь Төв аймгийн цагдаагийн газар дээр байж байхад даргаа би Төв аймагт ирлээ, кэмп рүү явах гэтэл унааны мөнгө байдаггүй гэж утасдахаар нь цагдаагийн газрын гадаа уулзаад таксидаад ажил дээр оч гэж 10.000 төгрөг өгөөд явуулсан. Өдрийн 11 цагийн орчимд ажил дээр ирчихлээ гэж над руу эргэж утасдаж мэдэгдсэн. Тухайн үед Лтай уулзахад архи уугаагүй, ил харагдах ямар нэг бэртэл гэмтэлгүй зүгээр байсан. Гэтэл орой талбайгаа эргэж шалгаад явж байтал манай нэг хамгаалагч Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирээд Лбаривчилж авч явах гэж байна гэж мэдэгдсэн. Ямар асуудал болсон яагаад баригдаад явж байгаа талаар тухайн үедээ мэдээгүй ч сүүлд эгч нь ирээд хэрэгт орсон талаар нь хэлсэн. Л байнга кэмп дээрээ байрладаг байсан учраас архи ууж согтуурах нөхцөл байдал байдаггүй байсан” /2 дугаар хх-н 16/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ нь: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Лхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч С.Соронзонболд нас барсан гэж түүнд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж 201626022584 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлавал; 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 539 тоотод буюу иргэн Б.Гомбобазарын гэрт шүүгдэгч Л, амь хохирогч С.Соронзонболд, иргэн Б.Гомбобазар нар нийлж архидан согтуурах явцдаа Л нь С.Соронзонболдыг зодсоны улмаас тэрээр тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авч, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 08 цаг 45 минутанд буюу гэмтэл авснаас хойш 5 хоногийн дараа нас баржээ. Энэ гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх ба уг хуулийн “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарна. Харин прокуророос хэргийн бодит байдлыг дүгнээд 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар ялласныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Лхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай тооцов. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л үйлдсэн болох нь гэрч Бийгүйн Гомбобазарын “... Л бол миний төрсөн ах Махвалын хүүхэд байгаа юм. Соронзонболд гэдэг хүнийг 1987 оноос хойш танина. 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим Л манай гэрт ирсэн ба манай гэрт ирэхдээ согтуу, архи уучихсан ирсэн. Лирэхэд би архи уугаагүй эрүүл байсан. Л манай гэрт ирэхдээ “Арвай” нэртэй 0.33 граммын архи авч ирснийг бид нар хувааж уугаад дахиад 0.750 гр “Чингис” нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд бид хоёр унтсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө босоод дахин 0.750 гр “Чингис” нэртэй нэг шил архи авч уугаад сууж байхад өдөр 12 цагийн орчим Соронзонболд ганцаараа манай гэрт эрүүл орж ирээд бид дахин 0.750 гр “Чингис” архи авч хувааж уусан ба би архи дуусахаас өмнө согтоод унтчихсан. Ингээд гадаа харанхуй болсон хойно сэрээд хартал Соронзонболд манай гэрт том өрөөний голд шалан дээр өмссөн хувцастайгаа унтаж байхаар нь би буцаад унтсан. Дахин бүр харанхуй болсон хойно буюу 23 цагийн орчим сэрээд харахад Соронзонболд өмнө ямар байсан яг тэр хэвээрээ унтаж байхаар нь гэрт нь оруулах санаатай сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь өргөөд гэрт нь оруулъя гэтэл өргөж дийлэхгүй байсан тул Соронзонболдын хашааны эзэн Буянаа гэдэг эмэгтэйг гэрээс нь дуудаж оруулж ирээд бид хоёр хамжаад Соронзонболдыг өргөж гэрт нь оруулж унтуулсан. Соронзонболдыг гэрт нь оруулж унтуулсаны дараа манай охин Уранзаяа Соронзонболдын гэрт ороод хартал их эвгүй байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь айгаад 103-т дуудлага өгсөн байсан ба эмч нар ирж үзээд аваад явсан гэсэн. Харин би эмнэлэг дуудах үед гэртээ нүүрсээ буулгаж байсан. Түүний бие муудсан талаар надад хэлээгүй, эмнэлэг ирээд авч явах үед нь мэдсэн. Бид нарын хооронд ямар ч маргаан болоогүй. Л, Соронзонболд нар өмнө нь хоорондоо маргалдаж, зодолдож байсан удаа байхгүй. Бид нарыг архи ууж байхад манай гэрт 4, 6 настай манай хоёр зээ байсан. Манай охин Уранзаяа сонгуулийн сурталчилгааны ажилд явсан байсан. Намайг сэрэхэд их харанхуй болсон байсан. Нүүрс буулгах хүн ирнэ гэсэн болохоор би Соронзонболдыг гэрт нь оруулж унтуулсан юм. Түүнээс манай гэрт унтаж болох байсан. Соронзонболд ухаангүй согтуу унтаж байгаа хүн шиг байсан. Нүүр амнаас нь цус гарсан, хөхөрч няцарсан зүйл харагдаагүй” /1-р хх-н 17/, “... Л 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим манай гэрт ганцаараа ирсэн. Би гэртээ охин Уранзаяа, Аззаяа нарын хамт байсан. Л манайд ирэхдээ 2 шил архитай ирсэн ба түүнийг нь бид хоёр хувааж уугаад унтсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Л 08 цагийн орчим босоод 0.75 граммын Чингис гэсэн архи авч ирсэнийг хувааж уугаад дуусч байсан. Энэ үед манай охин Уранзаяа байсан ба Аззаяа хичээлдээ явсан байсан. Архи уугаад дуусч байхад гаднаас Соронзонболд орж ирсэн. Соронзонболдыг 1994 оноос таних ба нэг дор ажиллаж байсан. Хамт 3-4 жил ажилласан. Хааяа нийлж хамт архи уудаг юм. Гэхдээ энэ хүнтэй муудаж маргаж байгаагүй, өс хонзон байхгүй. Соронзонболд манайд орж ирэхдээ урьд өмнө нь хаалгаа янзлахаар авч явсан алх авчирсан. Ингээд манайд орж ирээд хамт суусан. Би байшингийн үүдэн талын орон дээр, миний хажууд Л, харин Соронзонболд сандал дээр өөдөөс хараад сууж байсан. Уранзаяа хоёр хүүхэдтэйгээ хойд орон дээр байсан. Манайх нэг л том өрөөтэй, гал тогоо гээд үүдний жижиг хэсэг байдаг. Тухайн үед би урьд өдөр нь архи их уусан, өглөө нь нэг шил архи уугаад дууссан Л дахиад нэг шил архи авсан ба би согтсон байсан. Намайг согтоод унахад Л, талийгаач Соронзонболд хоёр юм яриад сууж байсан. Юу ярьж байсан талаар мэдэхгүй. Л, талийгаач Соронзонболд нар бие биенээ мэдэхгүй. Намайг унтах үед Уранзаяа байсан үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан ИТХ-ийн сонгуулийн сурталчилгаанд л явна гэж байсан. Урьд нь сурталчилгаанд хэд хоног явсан байсан. Тэгээд унтаж байгаад нэг сэрээд харахад хоёр зээ байсан. Соронзонболд шалан дээр үүд рүү толгой нь хараад хэвтэж байсан бөгөөд би бол унтаж байна гэж бодсон. Соронзонболд архи уучихаад хааяа манайд унтчихдаг. Л байгаагүй. Л өглөө ажил руугаа явна гэж байсан ба Төв аймагт шинэ онгоцны буудал дээр харуул хийж байгаа гэж байсан. Уранзаяа байгаагүй. Тэгээд орой 19 цагийн орчим утас дуугараад сэрчихсэн ба манайх нүүрс авсан, тэр нь ирж байна гэж хэлсэн. Энэ үед нөгөө газраа Соронзонболд унтаж л байсан. Аззаяа хичээлээсээ ирчихсэн Уранзаяа гаднаас орж ирсэн байсан. Талийгаач чанга хурхираад байхаар нь унтаж байна гэж бодсон. Нүүрс хүн авч ирнэ гэж бодоод талийгаачийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан тул гэрт нь хүргэж өгөхөөр хашаанд нь байдаг Батбуянг дуудуулсан. Соронзонболдын хүүхдүүд их орой ирдэг ба тэрээр хүү Чогдон охин Аагий нарын хамт амьдардаг. Батбуян ирээд бид нар өргөөд усны түрдэг тэрэг дээр хэвтүүлээд гэрт нь оруулж өгсөн. Усны тэрэг дээр өргөж тавих үед унагасан зүйл байхгүй. Эмнэлэг түргэнийг Батбуян, Уранзаяа нар л дуудсан байх. Талийгаачийг өргөж гаргахад миний харснаар ямар нэг гэмтэл ажиглагдаагүй, цус гарсан зүйл байгаагүй. Би талийгаачийг Лтай муудаж маргасныг мэдээгүй зүгээр унтаж байсан гэж бодсон. Тэр орой талийгаачийг эмнэлэг хүргэж өгөхөөр Батбуян, Уранзаяа хоёр хамт явсныг мэдсэн. Тэгээд тэр шөнө сэхээнд хэвтсэн гэхээр нь маргааш нь уулзах гээд очсон чинь уулзуулаагүй. Ингээд ухаан орохгүй байсаар байгаад өнгөрсөн. Намайг орой 19 цагийн орчим сэрэхэд манай гэр зүгээр байдгаараа л байсан. Эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Талийгаач Соронзонболдын биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Охин Уранзаяагийн яриагаар бол Л Соронзонболдтой маргаад цохиод өшиглөсөн, намайг босч ирээд салгасан, орой гэрт нь талийгаачийг оруулахад толгой нь хавдсан байсан гэж байсан. Би бол их согтсон байсан болохоор санахгүй байгаа юм. Мөн толгой нь хавдсан байсныг анзаараагүй. Намайг байцаалт өгөхөд хэн нэгнээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Л нь хүн зодоод алчихаар хүн биш. Юунаас болсныг мэдэхгүй. Соронзонболд согтчихоороо янз бүрээр хэлсэн байж магадгүй. Ямар ч байсан бие биеэ танихгүй” /1-р хх-н 18-19/ гэсэн, гэрч Гомбобазарын Уранзаяагийн “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Л ах манайд ирсэн. Тухайн үед Л ах эгчийнхээс ирлээ гэж хэлсэн ба биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Архи дарс хэрэглээгүй байсан. Савхин куртик, ажлын хувцас, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Манайд аав Гомбобазар, бага дүү 14 настай Аззаяа, миний 1-4 настай хүүхэд л байсан. Л ах манайд ирэхдээ архи авчирсан ба архиа аавтай хувааж уусан. Би Л ахад хоол хийж өгөөд л хүүхэд, дүү нартайгаа унтсан. Аав, Л ах хоёр архиа уугаад үлдсэн. Манайх гал тогтоотой залгаа том өрөөтэй, дан байшин. Тэр хоёр том өрөөнд аавын орны урд байдаг ширээний хажууд Л ах суугаад л үлдсэн. Миний харснаар 2 шил 0.75 граммын архи хоёулаа хувааж уусан. Хоорондоо юм яриад л суусан. Л ах манайд хааяа нэг ирэхдээ аавд архи авчираад хувааж уудаг юм. Маргааш нь буюу 12-ны өглөө 07 цагийн орчим дүү хичээлдээ явсан бөгөөд Л ах аав хоёр босчихсон, юм яриад сууж байсан. Намайг босоход тал шил архи ууж байсан. Би 08 цагийн орчим босоод хүүхдээ хувцаслаад ор дэрээ хураачихаад 09 цагийн орчим гэрээсээ гарсан. Учир нь би тухайн үед БГД-ийн 21 дүгээр хорооноос Орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Баттулга, Сэмжидмаа нарын сурталчилгаанд явж байсан учир өглөө 09 цагаас очиж тараах материал авдаг юм. Гэхдээ ухуулагч гэсэн бичиг л өгдөг байснаа сонгуулийн дараа хураагаад авчихсан. Сурталчилгаанд 09 цагаас 20 цаг хүртэл явдаг ба өдөр цайны цагаар гэртээ хүүхдээ хөхүүлж хоол цай хийж өгдөг. Тэр өдөр өглөө 09 цагт шууд тараах материалаа аваад гарсан учраас манай хажуугийн 541 тоот хаягт байдаг Батбуян эгчээс сонгуулийн сурталчилгаанд ажлаар явж байна, та завандаа манайд ороод манай хүүхдэд каш өгөөд унтуулчихаач гэж утсаар гуйсан. Ингээд 11 цагийн орчим би ажлын заваараа гэртээ очиход Батбуян эгч манайд орж ирээд хүүхдэд каш өгөөд унтуулчихсан байсан ба аав орон дээрээ суугаагаараа унтаж байсан. Л ах манай хажуугийн Батбуян эгчийн хашаанд байдаг Соронзонболд гэх хүнтэй юм яриад сууж байсан. Тэр хоёр архи ууж байсан. Тэр хоёр нэг их согтоогүй зүгээр л юм яриад сууж байсан. Намайг ороход хүүхэд сэрсэн учраас би бага хүүхдээ хөхүүлсэн. Аавын хажууд зүүн талд Л ах суучихсан, ширээний хажууд Соронзонболд ах сууж байсан ба гэнэт л Л ах Соронзонболд ахыг гараараа цохиод авсан. Би хүүхдээ хөхүүлж байсан учраас хаана нь цохисныг хараагүй боловч цохьчихлоо гэж мэдсэн. Соронзонболд ах газар бараг саваад уначихсан. Тэгсэн Л ах босч ирээд толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Юунаас болсныг мэдээгүй ба гэнэт л цохиод унахаар нь өшиглөсөн ба их л хурдан болсон боловч Л ах, Соронзонболд ах нар хашгираад орилоод байсан зүйл байхгүй. Би Л ах руу та хүн аллаа гэж хашгирсан чинь аав суугаагаараа унтаж байгаад миний дуугаар сэрээд яагаад байна, боль, чи яв гээд Л ахыг хөөгөөд гаргасан. Л ах явах гэж байгаа бололтой хувцастайгаа байсан юм. Харин Соронзонболд ах газар эвхэрээд хэвтэж байсан. Ингээд Л ах ч яваад өгсөн. Аав буцаад унтсан. Би бие засчихаад ороод ирэхэд Соронзонболд ах өндийгөөд нөгөө тийшээгээ хараад хэвтчихсэн байхаар нь унтаж байна гэж бодсон. Ингээд удалгүй Соронзонболд ах чанга чанга хурхираад байхаар нь унтчихлаа гэж бодсон. Гэхдээ Соронзонболд ахад ил харагдах шарх сорви байгаагүй, цус гарсан зүйл ч байгаагүй. Харин намайг байж байхад Соронзонболд ах хэвтэж байгаад бөөлжиж байгаа юм шиг огиод шүлсээ хаясан. Гэхдээ цус гараагүй учраас би архиараа бөөлжиж байгаа юм байх гэж бодсон юм. Батбуян эгчийг гуйгаад хүүхэд түр хараад өгөөч гээд 14 цагийн орчим Батбуян эгч манайд орж ирэхэд нь би зөрөөд сонгуулийн ажилдаа гарсан. Батбуян эгч манайд үлдсэн ба 16 цагийн орчим ирэхэд Батбуян эгч манай хүүхдийг хараад сууж байсан ба аав орон дээр, Соронзонболд ах нөгөө газраа унтаж байсан. Намайг ирэхэд Батбуян эгч гараад дүү ч хичээлээсээ ирсэн. Харин аав нэг сэрээд Л ах чинь хаачсан бэ гэхээр нь би болсон явдлыг хэлсэн чинь аав мэдэхгүй байсан. Ингээд би 17 цагийн орчим гараад орой 20 цагийн үед ирэхэд манайд Батбуян эгч ирчихсэн, аавтай хамт Соронзонболд ахыг гэрт нь оруулж өгөх гээд гал тогооны хэсэгт өргөөд оруулчихсан даахгүй байна, сэрэхгүй байна гээд байж байсан. Би хамт өргөлцөөд усны тэрэг дээр тавиад түрж гэрт нь оруулсан. Гэрт нь оруулах үед сэрэхгүй байхаар нь одоо сэрвэл сэрэх болсон байх гэж яриад юу ч гэсэн эмнэлэг дуудъя гээд эмнэлэг дуудсан юм. Түргэн ирэхээр нь Батбуян эгч бид хоёр хамт эмчтэй орсон ба эмч аваад явна гэхээр нь хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод би эмчид болсон асуудлыг хэлсэн. Гэтэл ар гэрээс нь хүн дууд гээд хүүхдийг нь дуудсан. Харвасан юм шиг байна гэж эмч хэлсэн. Соронзонболд ах манайхтай хамаатан садан биш хөрш болохоор хааяа нэг манайд орж гардаг. Аавтай нэг дор ажиллаж байсан гэсэн ба архи дарс хэрэглэсэн байдаг. Гэхдээ муудаж маргасан зүйл харагдаагүй ба нэг удаа манай хашаанд согтоод унтчихсан байхад нь гэртээ оруулж унтуулж байсан. Манай аав ч Соронзонболд ах ч гэсэн ажил төрөл байхгүй гэртээ байдаг. Талийгаачийг хэд хоногийн дараа өнгөрсөн гэж мэдсэн. Л ах талийгаачийг эхэлж цохиод дараа нь газар унасан байхад нь 2-3 удаа толгой руу нь хар өнгийн хагас түрийтэй гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Юунаас болж муудаж маргасныг мэдэхгүй. Намайг гаднаас орж ирэхэд юм яриад л сууж байсан. Харин цус гараагүй. Талийгаач газар хэвтэж байхдаа эргэж нөгөө тийшээ харсан. Өөр юм яриагүй. Хурхираад байхаар нь би унтчихлаа гэж бодсон. Мөн аав босч ирж Л ахыг хөөж явуулсан боловч тэрийгээ мэдэхгүй байна лээ. Орой нь манайд нүүрс буух байсан учир аав гаднаас хүн ирнэ Соронзонболд ахыгаа гэрт нь хүргээд өгчих гээд л гэрт нь оруулсан” /1-р хх-н 21-23/ гэсэн, гэрч Даваацэрэнгийн Батбуянгийн “... талийгаач Соронзонболд хааяа нэг архи уучихдаг ба хааяа агсрах маягтай манай цонхыг нүдээд байдаг байсан. Талийгаачтай хэрэг болох үед архи уусан гэх Гомбобазар гээд манайхаас хоёр хашааны наана Горькийн 18-539 тоотод байх айлыг хөрш болохоор мэдэх ба охин нь Заяа гээд хүүхэн байдаг. Бас л танилын харьцаатай. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Гомбобазарын охин Заяа нь над руу утсаар залгаад “эгчээ манай хүүхдийг угжаад өгөөч, би сонгуулийн ажлаар явах хэрэгтэй болчихлоо” гэсэн. Тэр Заяа 6 сартай хүүхэдтэй ба сонгуулийн сурталчилгаанд явж байсан юм. Ингээд би гэрт нь ороход Гомбобазар нэг 40 орчим насны залуутай архи уугаад сууж байсан. Намайг ороход Заяа нь гараад явчихсан байсан ба би хүүхдийг нь угжчихаад усны тэргийг нь аваад гарсан. Тэр хоёр нилээн согтсон байсан ба ойр зуурын юм л ярьж байсан. Ингээд би ус авчихаад гэртээ байж байхад 11 цагийн орчим талийгаач Соронзонболд нэг алх барьчихсан Гомбобазар ахын гэрт орчихоод ирье, алхыг нь өгье гэж хэлээд гарсан. Энэ үедээ эрүүл уугаагүй байсан. Миний сонссоноор Соронзонболд нь хөл гар муутай, их л сорвитой юм байна лээ. Бие өвдөөд л гэж байдаг байсан. Ингээд 13 цагийн орчим би Гомбобазарын гэрт усны тэргийг нь оруулж өгөхөөр ороход Гомбобазар орон дээрээ унтаж байсан ба талийгаач Соронзонболд орных нь гол хавьд газар хурхираад унтаж байсан. Харин Заяа ирээгүй, 6 сартай хүүхэд нь 4 настай ахынхаа хамт байсан. Харин өглөө байсан залуу нь байхгүй байсан. Энэ үед гэр орон нь эмх цэгцтэй байсан ба зодоон цохион болсон шинж мэдэгдээгүй. Соронзонболдыг унтаж байна гэж харсан ба ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Өглөө ч гэсэн манайд ирэхдээ ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 17 цагийн орчим охиноо сургуулиас аваад 19 цагийн орчим том хүү сургуулиас ирээд хоолоо хийх гээд байж байтал Гомбобазар ахын бага охин Азаа нь манайд ирээд аав таныг дуудаж байна, Соронзонболд ах босдоггүй. Налайхаас нүүрс ирэх гээд байна, гэрт нь оруулах гэсэн юм гэхээр нь би Гомбобазарын гэрт ороход Соронзонболд өдөр байсан газраа мөн л хурхираад хэвтэж байсан. Гаднаас удалгүй Заяа нь ороод ирсэн. Тухайн үед би Соронзонболдыг өдөр хурхираад хэвтэж байсан ингэтлээ хурхирч унтмааргүй юм, эмнэлэг дуудсан нь дээр юм биш үү гээд Заяа эмнэлэг рүү ярьсан ба Гомбобазар би Заяа, Азаа бид дөрөв эмнэлэг ирэхээс өмнө талийгаачийг өргөөд усны түрдэг тэрэг дээр тавиад гэрт нь оруулсан. Талийгаачийн гэрт хүн байгаагүй ба түлхүүр нь өөрт нь байсан юм. Удалгүй эмнэлэг ирээд 3 дугаар эмнэлэг рүү очсон. Би Чогдон руу залгаад эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэндээс нь Гэмтлийн эмнэлэг рүү авч явахад эхнэр нь ирчихсэн байсан. Заяа эмнэлэг рүү надтай хамт явж байсан бөгөөд эмчид Соронзонболдыг аавтай хамт архи уусан хүн зодсон, толгой руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Намайг орой 19 цагийн орчим талийгаачийг гэрт нь оруулж байхад нэг чихнийх нь орчим хавдчихсан, өөр ил харагдах шарх, цус байхгүй, хувцас нь зүгээр байсан ба харин чанга хурхираад амнаас нь шүлс гарч байсан. Усны тэрэг дээр тавих үед унагаагүй. Заяа нь эмчид нэг хүн толгой руу нь өшиглөсөн гэж хэлж байсан. Миний ойлгосноор Гомбобазарын гэрт маргаан болж толгой руу нь өшиглөснийг Заяа сайн мэдэх юм шиг байна лээ. Өөрөө тэгж яриад байсан. Соронзонболд өглөө нь зүгээр байсан. Миний хувьд өөр нэмж ярих зүйл байхгүй. Намайг байцаалт өгөхөд хэн нэгнээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй” /1-р хх-н 24-26/ гэсэн тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь уушгины хатгаа өвчтэй байна. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул химийн шинжилгээ хийх шаардлагагүй. ГССҮТ-ийн 25716 дугаартай өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна” гэсэн 1916 тоот дүгнэлт /1-р хх-н 41-42/, талийгаач Содномын Соронзонболдын “Өвчний түүх” /1-р хх-н 45-58/, гэрэл зургууд /1-р хх-н 43/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “... талийгаачийн биед учирсан тархины гэмтэл болон биеийн гадна хэсэгт учирсан, дүгнэлтэд дурдсан гамтлүүдийн өнгө, шинж байдлаас үзэхэд бүгд ойролцоо буюу нэг цаг хугацаанд, амьд байхад нь үүссэн шинэ гэмтлүүд байна. Задлан шинжилгээ, үзлэгээр нас барснаас хойш учирсан гэмтэл байгаагүй. Тархины гэмтэл нь толгойн тус газарт хүчтэй цохих, цохигдох, өшиглөх зэрэг доргилтын улмаас үүссэн байх боломжтой ч хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн талаар тогтоох боломжгүй. Харин баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан. Уушгины хатгаа өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Тархи нь бүтцийн хувьд шингэн ус буюу тархи нугасны шингэн дотор хөвөх мэт байдалтай байдаг учир цохилт, доргилтын улмаас цалгиж хүч үйлчлисэн газрын эсрэг талд гэмтэл үүсч болдог. Тиймээс толгойн баруун хэсэгт үйлчилсэн цохилтын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл авч амь насаа алдсан байна гэж үзэж болно. Задлан шинжилгээ хийх үед шинжээч эмч цогцост гадна, дотно үзлэгийг нэг бүрчлэн хийж тусгадаг. Жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа мөрдөн байцаагч, шинжээч эмчийн хийсэн цогцосны үзлэгээс ишлэл авдаггүй, хойшлуулашгүй ажиллагааны тэмдэглэл бидэнд ишлэл шаардлага болдоггүй, жижүүрийн бүрэлдэхүүн өөрсдөө материалжуулаад аваад явдаг, түүнийг нь задлан шинжилгээ хийхээр томилогдсон шинжээч эмч авч ашигладаггүй.” /2 дугаар хх-17-18/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна. Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон Бизъяагийн Энхтуул “... талийгаач бид хоёр 1991 онд албан ёсоор гэр бүл болж, 1992 онд хүү Чогдонтүмэн, 1994 онд охин Алтангадас, 1998 онд хүү Алтаншагай, 2001 онд хүү Саранбаатар нар төрсөн. Би өөрөө хувиараа сангийн ажил хийдэг. Талийгаачийг нас барахаас өмнө би 2016 оны 7 дугаар сарын сүүлчээр хөдөө Завхан аймаг руу хувиараа ажил хийхээр явсан ба талийгаач нь хүү Чогдонтүмэнгийн гэрт үлдсэн. Хүүгийн гэр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 541 тоотод хашаа түрээсэлж байгаа бөгөөд тэнд хамт байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө манай хүү Чогдонтүмэн утсаар “аавын бие муу, сэхээнд, эмнэлэгт байна” гэж хэлсэн. Ингээд би Завхан аймгаас ирэхэд Гэмтлийн эмнэлэгт нөхөр Соронзонболд ухаангүй, хоёр ч удаа хагалгаанд орсон байсан. Юу болсон талаар асуухад хүнд зодуулаад ухаангүй байгаа, хажуугийн Гомбо гэх айлд байж байгаад түүний дүүд нь зодуулсан гэж сонссон. Л гэх хүн зодсон гэсэн ба түүний эгч гэх нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьсан ба нүүр нүүрээрээ уулзъя гэхэд зөвшөөрсөн боловч уулзаж чадаагүй. Харин Л гэх хүнийг би бол гадарлах байх, урьд Гомбо гэх ахтай нь би нэг дор ажиллаж байсан ба тэр үед л харж байсан. Болсон хэргийн талаар би сайн мэдэхгүй, Гомбо гэх айлд манай нөхөр Соронзонболд дүү Лд нь зодуулаад эмнэлэгт ухаангүй очсон юм байна гэж ойлгосон. Энэ хэрэг явдал болох үед хүү Чогдон, Алтангадас нар байгаагүй юм байна гэж ойлгосон. Талийгаачийг эмнэлэгт сахиж байхад эмч нар түүний тархи няцарсан гэсэн дүгнэлт гаргасан. Бидний зүгээс гомдолтой байна. Эмчилгээ болон ажил явдлын зардлаа нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдүүлнэ” /1-р хх-н 13-14/, “... талийгаач Соронзонболд нь 2011 оноос хойш ажил төрөл хийгээгүй. Урьд нь гэмтээд хөл муутай болчихсон, хүүхдүүдийнхээ гэр оронг хараад л байж байдаг. Би болон хүүхдүүд нь мөнгө өгдөг байсан. Архаг хууч өвчин гэх зүйл мэдэгдээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уушигны хатгаа өвчтэй байсан нь харагдаж байна. Энэ талаар мэдэхгүй, хааяа нэг ханиагаад л байдаг байсан. Ийм өвчтэй байсан байж магадгүй. Гомбобазар гэх хүнийг бол би танина. Манай хөрш, ойролцоо байдаг, бас хамт нэг дор ажилладаг байсан учир гэрээр нь орж гардаг байсан. Ар гэрийнхэн болон миний зүгээс хэргийн нөхцөл байдлыг мэднэ, гэмт хэрэгт холбогдсон хүний мэдүүлэгтэй танилцаж байсан. Харсан үзсэн хүмүүсээс нь ч энэ хэргийн талаар сонссон. Л гэх танихгүй залуутай айлд хамт архи ууж байгаад л толгойдоо өшиглүүлээд түүнээсээ болж гэмтээд нас барсан байна гэж ойлгож байгаа. Эмч нар ч гэсэн толгойдоо хүнд гэмтэл авсан байна, ямар ч байсан хагалгаа хийе, амь насыг нь аврах боломжтой эсэхийг мэдэхгүй гэж хэлж байсан. Хүнээ алдсан болохоор гомдолтой. Эмнэлэгт байхад зөвхөн толгойдоо гэмтэлтэй гэж байсан ба толгой нь битүү хавдсан байсан. Тэгэхээр бас Л толгойд нь өшиглөсөн гэж хэлж байгаа учраас үнэн ярьж байна гэж ойлгож байна. Эгч нь ч гэсэн надтай уулзсан. Бас Гомбобазарын охин нь ч гэсэн толгойд нь өшиглөсөн гэж хэлсэн. Энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Ийм учраас энэ хэрэгт дахин шалгуулах зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлнэ. Хохирол төлбөрийн хувьд эгч нь боломжоороо өгнө гэж байсан. Хохирол төлбөрийг гаргуулж өгөөч гэж хүсч байна” /1-р хх-н 16/, “... талийгаач нөхрийн маань оршуулгын зардлын мөнгөнд 3 сая төгрөгөөр тооцуулж Тоёота Раум гэдэг машиныг өгч, 1.5 сая төгрөгийг бага багаар өгье гэж тохироод машиныг шилжүүлэхээр нотариат ороход 3 сая төгрөгтөө биш 4.5 сая төгрөгтөө тооцуулж өгнө гээд эгч нь гэх хүн утсаар яриад загнаад, хэл амаар доромжлоод байхаар нь за төвөгдөө гээд гарын үсэг зураад бичиг бичээд өгчихсөн юм. Гэтэл уг машиныг нь авснаас хойш сарын дараа хүнд арай гэж 1.5 сая төгрөгний үнэ хүрч зарагдсан ба одоо нөгөө хүн нь муу машин байна, машинаа буцааж ав, мөнгөө авна гээд байгаа юм. Тиймээс би хохирол мөнгөө төлүүлсэн, гомдол барагдуулсан гэж үзэхгүй. Зориуд муу машиныг өндөр үнээр авахуулж энэ бичгийг бичүүлсэн байна. Тэгээд ч оршуулгын зардалд гэж энэ машиныг өгсөн нэр зүүснээс биш эм тариа эмчилгээнд нь гарсан зардал мөнгийг одоо болтол төлж барагдуулаагүй. Тиймээс би гомдолтой, хохирол мөнгөө төлүүлж гаргуулж авмаар байна. Мөн нөхрийг маань зодож гэмтээж амь насыг нь хохироочихоод одоо болтол гэм буруугаа хүлээхгүй байгаад нь маш их гомдолтой байна. Манай нөхөр архи уух гээд хайгаад явдаггүй, харин таарвал уучихдаг л хүн. Ууж согтоод агсам тавиад, бусдыг өдөж хоргоогоод, хэрүүл маргаан хийгээд байдаг зантай хүн биш. Тухайн үед би хөдөө ажлаар явчихсан, охин шөнө 2 цаг хүртэл ажилтай байгаад гэртээ ирсэн, хүү маань бас ажилтай гэртээ байхгүй явж байхад 21 цагийн орчимд эмнэлэгт хэвтсэн гэж утсаар сонсож мэдээд гэрээрээ очилгүй шууд эмнэлэг рүү явсан байдаг юм. Би болохоор унаа олдохгүй хөдөөнөөс 2 хоногийн дараа гэртээ ирсэн. Ирээд хүмүүсийн ярианаас нөхрийг маань зодуулаад ухаангүй болгосон байхад Уранзаяа, арын айлын хүн 2 усны тэрэг дээр түрээд гэрт оруулсан байсан. Энэний оронд түргэн дуудаж үзүүлэхгүй яав даа ч гэж бодож гомдож байна. Нөхөр маань ЛГомбобазарын дүү гэдэг утгаар нь зүс л мэдэх байх. Түүнээс биш тэр хоёрт ямар нэг хувийн харилцаа, өс хонзон байхгүй байх. Нөхрийн маань амь насыг хохироочихоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй үнэн худал хэлээд, хохирол мөнгийг маань төлөхгүй байгаад маш их гомдолтой байна. Тиймээс эд материалын болон сэтгэл санааны хохиролдоо 10 сая төгрөг нэхэмжилнэ” /2-р хх-н 10/ гэж, гэрч Соронзонболдын Чогдонтүмэн “... манай аав ажил хийж байгаад 2006 онд хөлөө төмрөнд даруулаад 2 жил гаруй эмчлүүлсэн ба сүүлийн 4 жил гаруй ажил төрөл хийгээгүй. Харин хүмүүсийн ажилд туслаад явдаг байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба аав ганцаараа байсан. Манай хашаанд Батбуян гэх хашааны эзэн айл байдаг. Манайх энэ айлын хашаанд гэрээ хөлсөөр барьсан ба сард түрээсийн 50.000 төгрөг өгдөг. 12-ны өглөө би 09 цагийн орчим ажилдаа явсан ба дүү нар айлд хоноод аав бид хоёр л хоносон. Орой нь 20 цагийн орчим би ажлаа тараад явж байхад 3 дугаар эмнэлгээс манай хажуу айлын Батбуян эгч эхлээд утсаар яриад аав чинь ухаан орохгүй 3 дугаар эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Үүний дараа эмнэлгээс Соронзонболдын гэр бүл мөн үү, Соронзонболд эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлсэн. Би шууд 3 дугаар эмнэлэг дээр очиход Батбуян, Гомбобазарын охин Заяа нар байсан. Заяа нь надад хэлэхдээ манай аав Гомбобазар ах Л нар архи ууж байхад аав орж ирсэн ба юунаас болсон юм гэнэт л аавыг тэр ах цохиод авсан тэгээд хэвтэж байгаад сая эмнэлэг дуудлаа гэж хэлсэн. Ер нь өдөржингөө тэнд хэвтсэн юм байна лээ. Ингээд аавыг Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ үед цагдаа ирээд Гомбобазарын гэрт очсон юм. Би цагдаатай Гомбобазарын гэрт очиход нэг байшинтай айл байсан бөгөөд гэрт нь ороход Гомбобазар шал согтуу хэвтэж байсан. Бага охин нь гээд нэг хүүхэд, бас хоёр жаахан хүүхэд байсан. Гэрт нь эд зүйлс нь эмх цэгцтэй, эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Заяа нь болсон асуудлыг сайн мэдэж байсан ба хажууд нь байсан аавыг өндийхөд нь тэр Л гэх хүн цохиж өшиглөсөн гэж байсан. Би хамт байгаагүй. Аав минь ухаангүй байсаар байгаад нас барсан болохоор болсон явдлыг мэдэхгүй байна. Ямар ч байсан Л гэх хүнд гомдолтой” /1-р хх-н 27-29/ гэж, гэрч Чойжинжавын Цэрэнцогт “... Соронзонболд бол миний төрсөн хүү, би ээж нь байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагт ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирээд одоо хүртэл ухаан ороогүй, хиймэл амьсгалын аппратаар амьсгалуулан сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба эмч нар хэлэхдээ биеийн байдал маш хүнд байгаа, найдваргүй шүү гээд бид нарыг цагаар оруулж харуулж байгаа. Ямар ч ухаангүй байна. Эмч хэлэхдээ тархины бүдүүн судас тасарсан. Түүнээс цус алдаад цусан хураа үүссэн байгаа ирсэн оройноо хагалгаанд орсон боловч биеийн байдал сайжраагүй тул дахин хагалгаа хийнэ гэж хэлсэн. Миний харснаар Соронзонболдын зүүн талын чихний орчим хөхөрсөн байсан ба яг тэр талдаа цусан хураа үүссэн байсан” /1-р хх-н 30/ гэж, гэрч Авирмэдийн Энхтуяа “... 1997 оноос хойш Соронзонболдтой орон сууцны 17 дугаар конторт хамт ажиллаж байсан. Би тэр үед деспичер, Соронзонболд слесариар ажиллаж байсан юм. Бид 1 ээлж таарч ажилладаг байсан ба намайг ажилд орохоос өмнө 2 удаа байгууллагын аварга ажилтнаар шалгарч байсан, гарсан дуудлага, гэмтэл дээр очиж сайн ажилладаг, ямар нэг гологдол гаргадаггүй, хамт олон дундаа нэр хүндтэй, хүнтэй их нийтэч, архи дарс тэр бүр уудаггүй хүн байсан. Нэг удаа шинэ жилээ тэмдэглэж архи уусан байхыг нь харсан ч тухайн үедээ элдэв янзын ааш авир гаргаж, агсам согтуу тавьж, хэрүүл шуугиан гаргаж байгаагүй. Ер нь их наргианч, тайван, тогтуун зантай хүн байсан. Уулзалдаж тааралгүй байж байгаад хамгийн сүүлд одоогоос 4-5 өмнө бичилд гэрт нь очиж Соронзонболдтой уулзаж байсан ба тэр үеийн Соронзонболд нас нь л хөгширсөн байснаас биш зан ааш нь эвдрээгүй, ял хамт ажиллаж байсан хэвээрээ өөрчлөгдөөгүй байсан. Зуны улирал байсан болохоор ажилтай л байсан. Сангийн ажил нь улирлын чанартай болохоор дулааны улиралд ажил ихтэй, хүйтний улиралд ажил багатай байдаг байсан. Ер дийлэнхдээ ажлаа зарын дагуу юм уу, таньж мэдэх хүнээрээ дамжиж олдог байсан юм” /2-р хх-н 13/ гэж тус тус мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Эдгээр бичгийн баримтууд нь хохирогч /талийгаач/ С.Соронзонболд гэмт хэргийн улмаас нас барсан гэдгийг нотлохын зэрэгцээ түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд болно. Шүүх хуралдааны явцад буюу шүүхийн мэтгэлцээнд шүүгдэгч М.Лхагвын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар шүүгдэгч гэм буруутай эсэх хийгээд, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Лд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчимд нийцнэ. Хохирол төлбөрийн хувьд; Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар хуудсанд; “Иргэд хоорондын гэрээ, хохирол барагдуулсан тухай. 2017.02.21. Лд холбогдох хэргийн хохирогч А.Энхтуул миний бие 4.500.000 төгрөгт тооцож УБЕ 37-08 улсын дугаартай Toyota Raum маркийн машиныг өөрийн дүү болох Б.Пүрэвбаатарын нэр дээр шилжүүлэн авлаа. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол бүрэн барагдууллаа ...” гэсэн нотариатын баталгаа бүхий баримт авагджээ. Дээрх баримтыг хууль ёсны бус гэж үзэх боломжгүй. Гэвч шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Энхтуулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, түүний шүүхэд ирүүлсэн гомдол-хүсэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзвэл хүний амь нас хохирсон хэргээс улбаатай хохирол, гэм хорын асуудал бүрэн барагдсан гэхэд учир дутагдалтай байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул талийгаач С.Соронзонболдын оршуулгын ажлын зардалд болон түүний амьд байх үеийн эмчилгээний зардалд гэж нийт 10.000.000 төгрөг нэхэмжилснээс 4.455.792 төгрөгийг шүүгдэгч Лас гаргуулж, хохирогч Б.Энхтуулд олгохоор, хохирогч Б.Энхтуул нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Харин хохирлын 4.5 сая төгрөгт тооцож өгч, авалцсан гэх автомашины асуудлаа тусад нь шийдвэрлүүлбэл зохино. Эд мөрийн баримтаар шүүгдэгч М.Лхагвын тухайн үед өмсөж явсан гэх хар өнгийн, хагас түрийтэй нэг хос гутал хураагджээ. /1-р хх-н 11/ Уг гутлыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй тул түүнд буцаан олгох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно. Шүүгдэгч Л 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15- ны өдрийг хүртэл нийт 306 хоног цагдан хоригджээ. /1 дүгээр хх-н 69, 70, 73, 89, 162, 180, 216, 215, 2 дугаар хх-н 19, 20, 50, 80, 86/

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Лхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай тооцсугай.

2. ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. л  цагдан хоригдсон 306 /гурван зуун зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Лд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс түүнийг ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Лас 4.455.792 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтуулд олгож, хохирогч Б.Энхтуул нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Лхагвын тухайн үед өмсөж явсан гэх хар өнгийн, хагас түрийтэй нэг хос гутлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар түүнд буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Лцагдан хорьсонг хэвээр байлгасугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ