| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/00993/И |
| Дугаар | 101/ШШ2024/02751 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/02751
2024 05 22 101/ШШ2024/02751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М /РД:/,
Хариуцагч: Э /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,654,475.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, А.Ё, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Онар оролцов.
Хариуцагч Ж.Э шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Т ХХК нь зээлдэгч Э.М, Ж.Энарт 2019 оны 8 сарын 19-ний өдөр №0 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн байшинд засвар хийх зориулалтаар цалингийн зээл олгосон.
Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал, зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилэн хугацаанд нь төлөлгүй 861 хоног хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, удаа дараа мэдэгдсэн.
Нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Мөн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаягтаа байхгүй эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэсний үндсэн дээр хариуцагчтай холбоо тогтоосон. Банкны зүгээс удаа дараа санаачлага гаргаж зээлийн харилцааг дуусгавар болгох гэсэн боловч хариуцагч талаас хариуцлагагүй хандсан. Иймд нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх боломжгүй.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 8,061,761 төгрөг, үндсэн хүүнд 4,172,524 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 2,317.82 төгрөг, нийт 12,236,603.64 төгрөгийг тус тус төлсөн.
Зээлийн гэрээ болон хуульд зааснаар нэг талын санаачлагаар гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тул хариуцагч Э.М, Ж.Э нараас үндсэн зээл 6,938,238.44 төгрөг, үндсэн хүү 3,142,394.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,642.30 төгрөг нийт 10,567,275.31 төгрөгийг нотариатын хураамж 17,000, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад төлсөн 70200 төгрөг, нийт 10,654,475 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хүний хамт Голомт банкнаас зээл авсантэй маргах зүйл байхгүй үнэн. Ажилтай байж байгаад ковидын үед ажилгүй болсон. Ингээд зээлээ төлж чадаагүй. Ковидын үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр дээр маргах зүйл байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2024 оны 01 сарын 0-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох албан тоот, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 7 сарын 18-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 9 сарын 10-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Төрийн ХК нь хариуцагч Э.М, Ж.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,654,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,938,238.44 төгрөг, хүүгийн төлбөрт 3,142,394,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 486,642, төгрөг, нотариатын хураамж 17,000, эрэн сурвалжлах нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,654,475 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
4.Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №104400601766 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Т ХК нь 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд, графикийн дагуу төлөх үүрэг хүлээн харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 8-14 дүгээр тал/,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригын илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
5.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 8,061,761 төгрөг, хүүгийн төлбөрт 4,172,524.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,317.82 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,938,238.44 төгрөг, үндсэн хүү 3,142,394.57 төгрөг нийт 10,080,632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
6.Хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн, мөн хариуцагчийн оршин суугаа хаягийг эрэн сурвалжлах ажиллагаагаар тодруулах ажиллагааг хийсэн байх бөгөөд хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 486,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд нотариатын төлбөр 17,000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 87,200 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Нотариатын зардал болон улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуульд заасны дагуу төлөх төлбөр байна.
Өөрөөр хэлбэл нотариатын зардлыг үйлчилгээ авах этгээд, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тал төлөх, нэхэмжлэл хангагдсан бол хариуцагчаар төлөхөөр хуулиар зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгчээс гарсан зардал болох 87,200 төгрөгийг хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас 10,567,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Хариуцагч Ж.Э нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М, Ж.Э нараас 10,567,274 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.М, Ж.Э нараас 184,026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА