Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00338

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: А, Хаяг:Б аймаг, Ө  сум,13 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: М, Хаяг:Б аймаг, Ө  сум, 11 дүгээр багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 634,000 төгрөг гаргуулахыг хүссэн  тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч М т холбогдуулан гэм хорын хохиролд 634,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие А нөхрийн хамт 2020 онд М  ХХК-ны барьсан 20 айлын орон сууцны 3 давхраас 2 өрөө байрыг худалдаж авсан юм. Өвлийн улиралд уг орон сууцад амьдардаг, хаврын цагаар энгийн байшинд нүүж ордог юм. Тус байрын 5 давхарт Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ажилтай М гэдэг залуу амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр М ийн хариуцлагагүй байдлаас болж крантыг нээлттэй орхиж явснаас болж ус гоожиж 4 давхарт байсан айлд нэвтэрч, дараа нь манай байранд нэвтэрсэн байв.

1.2 Манай байрын дээрээс ус нэвтэрснээс болж тааз, замаск, эмульс, шалны паркет зэрэг эвдэрч ашиглах боломжгүй болсон юм. Бид М т мэдэгдэж учир байдлыг хэлж үзүүлэхэд биднийг хүн гэж тоохгүй, өгөх газарт өг, би хариуцахгүй гэж биднийг хэл амаар доромжилсон юм. Хохирлыг би төлөхгүй гэж хэлсэн. Бид өөрсдөө дахин засварласан юм. 2 уут замаск-12,000 төгрөгөөр 24,000 төгрөг, эмульс-15 литр 4000 төгрөгөөр 60,000 төгрөг, зүлгүүр-2метр 5000 төгрөгөөр 10,000 төгрөг, паркетан шал-4 хайрцаг 60,000 төгрөгөөр 240,000 төгрөг, ажлын хөлс-300,000 төгрөг, нийтдээ 634,000 төгрөгийг зарцуулсан юм.

1.3 Иймд иргэн М ээс 634,000 төгрөгийг гаргуулан, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М ийн хариу тайлбар, зөвшөөрөл нь:

2.1 Миний бие М  А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би А ийн надаас нэхэмжилж байгаа байранд учирсан хохирол болох нийт 634,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.2 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр шийдэж өгөхийг хүсье. Би дахин энэ тухай гомдол гаргахгүй. Хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М  нь гэм хорын хохиролд 634,000 төгрөгийг нэхэмжлэгч А д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч М ээс нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,670 төгрөгийн тал нь болох 9835 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 9835 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 9835 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч М  нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 634,000 төгрөгийг нэхэмжлэгч А д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Нэхэмжлэгч А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,670 төгрөгийн тал нь болох 9835 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 9835 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 9835 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ