Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

      С.Алтангэрэл, А.Лхамжав, Н.Очирпүрэв,

    М.Санжаажамц нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч А.Лхамжав, Н.Очирпүрэв, М.Санжаажамц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн

Хохирогч Б.Баттулга

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Баттулгын давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Алтангэрэл, А.Лхамжав, Н.Очирпүрэв, М.Санжаажамц нарт холбогдох 1915003860212  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны   өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Наранцэцэгийн Очирпүрэв, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын * дугаар багийн **-*** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Боржигон овогт Санжийн Алтангэрэл, 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт А аймгийн Э сумын * дугаар багийн Тээл гэх газарт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

Бургатай овогт Мягмарын Санжаажамц, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт А аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

Боржигон овогт Адъяасүрэнгийн Лхамжав, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын * дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

 

Н.Очирпүрэв, С.Алтангэрэл нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын нутагт оршин суух иргэн Б.Баттулга, Д.Отгонцэцэг, Б.Октябрь, Б.Должинсүрэн нарын гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Б.Баттулгад 46.120.100 төгрөгийн, Д.Отгонцэцэгт 752.000 төгрөгийн, Б.Октябрьт 1.522.900 төгрөгийн хохирол,

 

 Н.Очирпүрэв нь ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Э сум, Ө баг, Ө хорооллын **-*** тоотод оршин суух иргэн Д.Ганчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн Г.Батаагийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 63.750 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын Хүрэмт багийн худаг хорооны *-** тоотод оршин суух Д.Жаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 8 ширхэг хэрэгсэл, алтан бөгж, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн ээмэг сувдан цагаан шигтгээтэй, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч голдоо шүрэн шигтгээтэй 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, хувцас хийдэг гар цүнх, мөнгөн цөгц 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 5.340.000 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн О.Отгонбатын эзэмшлийн “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Э сумын * дугаар баг Тамир хорооллын **-*** тоотод Э.Батболдтой маргалдаж улмаар зүүн гуяны хэсэгт нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж, толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Н.Очирпүрэв, М.Санжаажамц, Р.Пэрлэйжамц, А.Лхамжав нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б аймгийн С сумын * дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.Гансүх, Б.Эрдэнэ-Очир, Л.Бямбажаргал, Б.Ууганбаяр, Д.Лувсанлхагва нарын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж, хохирогч Г.Гансүхэд 7.761.080 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 18.092.400 төгрөгийн, хохирогч Л.Бямбажаргалд 725.560 төгрөгийн, хохирогч Б.Ууганбаярт 16.700 төгрөгийн, хохирогч Д.Лувсанлхагвад 2.219.330 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Н.Очирпүрэв, С.Алтангэрэл, А.Лхамжав, М.Санжаажамц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Очирпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Очирпүрэв, Бургатай овогт Мягмарын Санжаажамц, Боржигон овогт Адъяасүрэнгийн Лхамжав нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Санжийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Очирпүрэв /РД: АЯ87032133/-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Очирпүрэвийг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Санжаажамцыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, А.Лхамжавыг 2  жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Алтангэрэлийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Очирпүрэвт оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Санжаажамцад оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Лхамжавд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Алтангэрэлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Очирпүрэвт оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч М.Санжаажамцад оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Лхамжавд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Алтангэрэлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Очирпүрэвийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 4 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Санжаажамцыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Лхамжавыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Алтангэрэлийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2  жилийн хугацаагаар тус тус хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Очирпүрэвийн цагдан хоригдсон 459 хоногийг, шүүгдэгч М.Санжаажамцын цагдан хоригдсон 102 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт шүүгдэгч С.Алтангэрэл, А.Лхамжав нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Очирпүрэв, М.Санжаажамц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Алтангэрэл, А.Лхамжав нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүдэгч Н.Очирпүрэвээс 2.430.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 900.000 төгрөгийг хохирогч Д.Ганчимэгт, 1.530.000 төгрөгийг хохирогч О.Отгонбатад тус тус олгож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, 450.000 төгрөгийн үнэ бүхий “Dayun” загварын /мотоцикль/ тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Очирпүрэвийн өмчлөл эзэмшилд үлдээж, шүүгдэгч Н.Очирпүрэв, М.Санжаажамц, А.Лхамжав, /Г.Пэрлэйжамц/ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-84 УНН улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч С.Алтангэрэлийн өмчлөл эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 5.600.000 төгрөгийг шүүгдэгч Н.Очирпүрэв, М.Санжаажамц, А.Лхамжав /Р.Пэрлэйжамц нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг эмээлийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч, өмчлөгчид буцаан олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Батаа, Б.Октябрь, Л.Бямбажаргал, Г.Должинсүрэн, Б.Ууганбаяр нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Баттулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анхан шатны шүүх хохирогч надад учирсан хохирлоос 1.500.000 төгрөгийн үнэтэй мөнгөн хазаарыг төлөгдөөгүй байхад хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасан заалтыг хангаагүй зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Б.Баттулгын 1.500.000 төгрөгийг тооцоогүй шийдвэрлэчихлээ гэж сануулж хэлж байсан. Одоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн заалт хэсэгт 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нар дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Очирпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Баттулгын 1.500.000 төгрөгийг Алтангэрэл бид хоёр хувааж төлөхөө зөвшөөрч байгаа. Миний хувьд хохирлыг нэг сарын дотор төлж барагдуулна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ:

“...Хохирогч Б.Баттулгын гаргасан гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь заалтад  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүдэгч Н.Очирпүрэвээс 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж гэснийг 3.180.000 төгрөг болгон өөрчилж, үүнээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Ганчимэгт,  1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч О.Отгонбатад, 750.000 төгрөгийг хохирогч Б.Баттулгад тус тус олгож, шүүгдэгч С.Алтангэрэлээс 750.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баттулгад тус тус олгохоор тус тус өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч Б.Баттулгын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Очирпүрэв нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өлзийт хорооллын 11-06 тоотод оршин суух иргэн Д.Ганчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол,

2018 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн Г.Батаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 63.750 төгрөгийн хохирол, иргэн Д.Жаргалын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 5.340.000 төгрөгийн хохирол, иргэн О.Отгонбатын эзэмшлийн “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

  мөн 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 25-2517 тоотод иргэн Э.Батболдтой маргалдаж түүний зүүн гуяны хэсэгт нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж, толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутагт оршин суух нэр бүхий иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, иргэн Б.Баттулгад 46.120.100 төгрөгийн хохирол, иргэн Д.Отгонцэцэгт 752.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Октябрьт 1.522.900 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

 

   шүүгдэгч Н.Очирпүрэв, М.Санжаажамц, Р.Пэрлэйжамц, А.Лхамжав нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах нэр бүхий иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж, иргэн Г.Гансүхэд 7.761.080 төгрөгийн хохирол, иргэн Б.Эрдэнэ-Очирт 18.092.400 төгрөгийн хохирол, иргэн Л.Бямбажаргалд 725.560 төгрөгийн хохирол, иргэн Б.Ууганбаярт 16.700 төгрөгийн хохирол, иргэн Д.Лувсанлхагвад 2.219.330 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттулга, Д.Отгонцэцэг, Б.Октябрь, Д.Ганчимэг, Г.Гансүх, Л.Бямбажаргал, Б.Ууганбаяр, Г.Батаа, Д.Жаргал, О.Отгонбат нарын мэдүүлэг,

 иргэний нэхэмжпэгч Б.Мягмарсүрэн, Э.Урангоо, Д.Далай, Э.Самбуу, О.Алтанчимэг, Ш.Эрхэмбаяр, гэрч Ч.Анумаа, Г.Анхбаяр, З.Амарбаяр, Д.Одонтунгалаг, Р.Цэнд-Аюуш, Б.Солонго, Г.Энхбаатар, Т.Санжаасүрэн, Б.Цэцэгбадам нарын мэдүүлгүүд,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд , хохирогч Д.Жаргалд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ, хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 116 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл, М.Санжаажамц, А.Лхамжав нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүдийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Н.Очирпүрэвт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Мөн шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл, М.Санжаажамц, А.Лхамжав  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Шударга ёсны зарчимд нийцсэнээс гадна  Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутагт оршин суух иргэн Б.Баттулгын орон байранд хууль бусаар нэвтэрч нийт 46.120.100 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Н.Очирпүрэв, С.Алтангэрэл нараас мөнгөн хазаарын үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байх бөгөөд хохирогч Б.Баттулга нь энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Очирпүрэв нь “...хохирогч Б.Баттулгын хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 20 хоногийн дотор төлж барагдуулна” гэсэн, мөн шүүгдэгч С.Алтангэрэлийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь “...С.Алтангэрэл хохирогчийн хохирлыг төлж барагдуулна гэсэн...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх шүүгдэгч нараас хохирогч Б.Баттулгад төлбөл зохих 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Очирпүрэвээс 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Ганчимэгт,  1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч О.Отгонбатад тус тус олгосугай” гэснийг,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Очирпүрэвээс 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Ганчимэгт,  1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч О.Отгонбатад, 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Б.Баттулгад, шүүгдэгч С.Алтангэрэлээс 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Б.Баттулгад тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Б.Баттулгын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                       ШҮҮГЧ                                        С.УРАНЧИМЭГ

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН