Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 152/ШШ2024/00240

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч:  Б.Б-ийн,

        Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд оролцогчид:

        Нэхэмжлэгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Б нь Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

         1.1. Б овогтой Б нь 1964 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн сургууль, 1981 онд Сэлэнгэ аймаг Шаамар суманд тракторын жолоочийн курс төгсөж тракторч мэргэжил эзэмшсэн. 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сум Сангийн аж ахуйд тракторчоор хуваарилагдан ирж 1990 он хүртэл ажилласан. Дундуур нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагаар архиваас лавлагаа авахад 1981 оны 8 дугаар сарын 01-ны өдөр ажилд орсон тушаал, 1983 онд цэрэгт явахад чөлөөлөгдсөн тушаал, 1986 онд цэргийн албаас халагдаж ирээд ажилд орсон тушаал болон ажиллаж байх үеийн шилжин томилогдсон, түр ажил гүйцэтгэсэн тушаалууд бусад бичиг баримтууд олдохгүй байгаа ба хөдөлмөрийн дэвтэрт бригадын харуулын байр шатахад хамт шатсан устгагдсан, мөн Увс аймгийн Баруунтуруун сумын захиргаа шинэ байр руу шилжин нүүх үеэр сумын архив шатсан зэрэг шалтгааны улмаас ажилласан хугацааны асуудлаар шүүхэд хандсан. Тракторчин нь улирлын чанартай ажилладаг боловч, ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргадаггүй, тухайн хугацаанд өөр ажил хөдөлмөр хийлгэж тракторчны цалин олгодог байсан юм. Иймд Б.Б-ийн1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тракторчноор, мөн сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд хонхор бор толгой бригадад тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

      2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Б.Б-ийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 135 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б.Б-ийн 1982 оны 3-4, 6-7, 11-12, 1983 оны 1, 5-6, 1986 оны 10, 1987 оны 2, 4, 1988 оны 4-5, 9, 1989 оны 4-5, 8-9, 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, 1981 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн мэргэжлийн комиссын тогтоол №31-ийн дагуу олгогдсон Б.Б-ийн тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Б.Б-ийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаа Селкенд ажиллуулах хүмүүсийг томилох тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1981 оны 9 дүгээр авхуулсан гэх фото зураг, Ч.С-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Д-ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 265 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №22, гэрч Ч.С, Б.Д нараас мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

        1. Б.Б-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

        Б.Б нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

        Тэрээр 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар 15-ны хооронд Ардын армийн 131 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архиваас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар нотлогдож байна.

       3. Б.Б-ийн тракторч-машинчийн үнэмлэхийг мэргэжлийн комиссын 1981 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор олгожээ.

        Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б.Б-ийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1982 оны 3-4, 6-7, 11-12, 1983 оны 1, 5-6, 1986 оны 10, 1987 оны 2, 4, 1988 оны 4-5, 9, 1989 оны 4-5, 8-9, 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

       Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр Ажилд авах тухай тушаалаар САА-н захиргааны 2 дугаар сарын 27-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 3-р зуухны машинистаар Б.Б-ийг 3-р сарын 2-оос...түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

         Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаа Селкенд ажиллуулах хүмүүсийг томилох тухай тушаалаар Бор толгой бригадад Б.Б-ийг ажиллуулахаар хуваарилжээ.

         Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ...Бор толгой бригадад Б.Б-ийг 1989 оны 1 дүгээр сарын 30-аас томилжээ.

          Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Б.Б-ийн хаягийн хуудас №7-д 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тракторчин гэж, гэрлэснийг бүртгэх анкет №22-т САА-д тракторчин гэж тус тус тэмдэглэжээ.

         4. Шүүхээс гэрч Ч.С, Б.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.С Би 1974 онд Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд, 1976 онд Баруунтуруун сумын трактор комбайнчны курсийг төгссөн. Төгсөж ирээд Баруунтуруун сумын Хар цагаан усны цагаан уул бригадад трактор комбайнчнаар ажилд орж, 1996 онд тус бригадад запас сэлбэгийн нярав хийж байсан. Б.Б 1980 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хөдөө аж ахуйн техникийн сургуулийг тракторчнаар төгсөж ирээд, Баруунтуруун сумын сангийн аж ахуйн хонхор бригадад трактор комбайнчнаар ажилд орсон, газар тариалангийн ажил үрэлгээ, хагалгаа, боловсруулалт зэрэг ажил хийдэг байсан. Б.Б 1983 онд цэргийн албанд татагдаад 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1986 онд Баруунтуруун сумын сангийн аж ахуйн хонхор, бор толгой бригадад ажилладан байсан. 1988 онд Баруунтуруун сумын сангийн аж ахуйн 12 бригадыг 5 цогцолбор болгосон тул түүний 3 дугаар цогцолборт Б.Б 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос Б.Б Баруунтуруун сумын сангийн аж ахуйд ажиллахаа больсон гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Б.Д Би 1978 онд Увс аймгийн Өмнөговь сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Улмаар Дорнод аймгийн техникийн мэргэжлийн сургуулийг тракторч комбайнчны мэргэжлээр төгссөн. 1980 онд Баруунтуруун сумын сангийн аж ахуйд хар бураа бригадад томилогдон тракторч комбайнчнаар ажилд орж байсан. Б.Б 1980 онд Баруунтуруун сумын сангийн аж ахуйд ахындаа байж селкчнээр /тариа үрэлж тарьдаг машин/ ажиллаж байсан. 1981 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хөдөө аж ахуйн техникийн сургуулийг тракторчнаар төгсөж ирээд, 1981 оноос Баруунтуруун сумын Хонхор, бор толгой бригадад тракторч комбанчнаар ажиллаж байсан. Хавар намарт хураалт болсон талаас нь эхэлж бригадууд нэгдэж ажилладаг байсан тул би Б.Б-ийг сайн мэднэ. 1983 онд Б.Б цэргийн албанд татагдаж 1986 халагдаж ирсэн. 1988 онд Баруунтуруун сумын бригадууд нэгдэж 5 цогцолбор болсон. Түүний 3 дугаар цогцолборт тракторчнаар 1990 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          5. Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б.Б-ийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1982 оны 3-4, 6-7, 11-12, 1983 оны 1, 5-6, 1986 оны 10, 1987 оны 2, 4, 1988 оны 4-5, 9, 1989 оны 4-5, 8-9, 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаа Селкенд ажиллуулах хүмүүсийг томилох тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Б.Б-ийн хаягийн хуудас №7-д 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тракторчин, гэрлэснийг бүртгэх анкет №22-т САА-д тракторчин гэж тус тус тэмдэглэсэн байдал, гэрч Ч.С, Б.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

         6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Б.Б-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      П.БОЛОР