Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00268

 

Ц.М, М.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.М, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М болон “ХБ” ХХК-д холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг,

Хариуцагч “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхмандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие хүү М.Т-ны хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг өмчилдөг. Орон сууцыг А.Батбаатарт 15 000 000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.М дээр очиж А.Батбаатарын заавраар Л.Дондовсамбад итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэл хийх үед Л.Дондовсамба ирээгүй. А.Батбаатар нь Дагвааг дагуулж ирсэн, нотариатч үүнийг мэдсэн мөртлөө Л.Дондовсамбыг байлцуулалгүй итгэмжлэл хийсэн. Л.Дондовсамбын гарын үсэг зурах хэсэгт би гарын үсэг зурсан. Завхан аймгийн “Хас” банкны салбараас А.Батбаатар, Л.Дондовсамба нар 40 000 000 төгрөгийн зээл авсанг дараа нь мэдсэн. Энэ хүмүүст 15 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос 40 000 000 төгрөгийн барьцаанд орон сууцыг барьцаалахыг зөвшөөрөөгүй. Мөн итгэмжлэлд 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж болно гэж заагаагүй байхад байрыг хэт өндөр зээлийн төлбөрт барьцаалсан. Нотариатын тухай хуулийн 19.3-т иргэн хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж зөвлөгөө өгөх, 19.4-т нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянах чиг үүрэг, ХЗДХС-ын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4.2.1-т заасны дагуу итгэмжлэлд түүнийг олгогчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэгдсэн этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгаа зэргийг дэлгэрэнгүй бичнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл, түүнийг батлах үйл ажиллагаа нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Бид Л.Дондовсамбад орон сууцыг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих эрх олгоогүй, итгэмжлэлд тэгж заагаагүй байхад Л.Дондовсамба нь “ХБ” ХХК-тай төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. “ХБ” ХХК нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх бүрэн боломжтой атал Л.Дондовсамбатай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 69.2, 56.1.1, 56.1.8-т заасны дагуу баталгаат ипотекийн гэрээг хүчингүй болгох нэг үндэслэл нь юм. Баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-т үндсэн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл банкны зөвшөөрөлгүй барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, бусад байдлаар шилжүүлэх, давхар барьцаалуулах зориулалтын бусаар ашиглах эрхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн ипотекийн гэрээнд төлөөлүүлэгчийн нэр, оршин суугаа газрыг заагаагүй байх тул баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Л.Дондовсамба, А.Батбаатар нараас 52 774 228 төгрөг гаргуулж “Хас” банкны Завхан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй тул шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож зогсоосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албанаас Ц.М надад ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/1566 тоот албан бичигт төлбөр төлөгч Л.Дондовсамба, А.Батбаатар нарын зээлийн үүрэгт барьцаалсан таны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02158 шийдвэрээр хүчингүйд тооцсон тул төлбөр төлөгчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон гэж заасан. Мөн Л.Дондовсамба банкнаас зээл авсны дараа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээл төлж барагдуулах баталгаа гаргасан бөгөөд уг бичигтээ миний бие Л.Дондовсамба нь иргэн Ц.М, М.Т нарын Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот 2 өрөө байрыг 2013 оны 4 дүгээр сарын 03-нд итгэмжлэхээр 1-3 жилийн хугацаатай төлж барагдуулахаар “Хас” банкны 40 000 000 төгрөгийг зээлд тавьсан. Зээлийг өөрийн биеэр бүрэн төлж барагдуулахаа батламжилж байна гэсэн. Иймд “ХБ” ХХК, Л.Дондовсамба, А.Батбаатар нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр бус Л.Дондовсамба, А.Батбаатар нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Л.Дондовсамба зээлээ төлөх бичиг хийж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй, Л.Дондовсамба хаягтаа байхгүй түүнийг шийдвэр гүйцэтгэлийн газраас эрэн сурвалжилж байгаа. Дээрх үндэслэлээр М.Т бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ХБ” ХХК-д бидний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Л.Дондовсамба, “ХБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “ХБ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Б.М  би 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ц.М, М.Т нараас Л.Дондовсамбад өөрсдийн 2 хүний өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн. Итгэмжлэлийг гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдэл хийдэг. Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхэд төлөөлүүлэгчийг заавал биеэр байлцуулах бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасны дагуу Ц.М итгэмжлэлд гарын үсэг зурсан байна. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл. Орон сууцны хамтран өмчлөгч нь насанд хүрээгүй этгээд байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Түвшинсайханы эх Ц.М төлөөлж гарын үсэг зурсан. Итгэмжлэлийг гэрчлэхэд зөвхөн төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг нотариатч гэрчилдэг бөгөөд төлөөлөгч биеэр байлцах шаардлагагүй, төлөөлөгч итгэмжлэлийг хүлээн авснаар эрхээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийддэг, эрхээ хэрэгжүүлснээр үүсэх үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болдог. Төлөөлүүлэгч хаана амьдарч байгаа, гадаадад ч амьдарч байж болох хэнээр ч төлөөлүүлж эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ нь төлөөлүүлэгчийн өөрийн сонголт учир нотариатч хэнд ямар эрхээ өгч байгаад нь хязгаарлалт тавьж болохгүй. Нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдэд нотариатч үйлдлийн үр дагаврыг тухай бүрд нь тайлбарлаж өгдөг. Ц.М итгэмжлэлийг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэлийг гэрчлүүлсэн байх бөгөөд энэ нь өөрийнх нь гарын үсгээ зурж зөвшөөрсний дагуу хаанаас ч хэдэн ч төгрөгийн зээл авах боломжтой байхаар эрхээ өгсөн байна. Итгэмжлэлд орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах лавлагаа авах гэж төлөөлүүлэгчийн эрхийг тодорхой бичсэн байна. М.Т нь Ц.М-гийн өөрийг нь төлөөлөн эрх олгосон үйлдлийг хууль бус гэж үзэж байвал Ц.М-гаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл дараах шаардлагыг хангасан байвал зохино гээд 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх гэсний дагуу итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаж итгэмжлэлийг гэрчилсэн. Хуульд төлөөлөгч төлөөлүүлэгч хоёулаа заавал биеэр байлцаж итгэмжлэлийг гэрчлүүлэх тухай заагаагүй. Итгэмжлэл үйлдэхэд төлөөлөгч заавал биеэр нотариатч дээр ирэх шаардлагагүй, төлөөлүүлэгч хаана байгаа, хэнээр ч төлөөлүүлэх эрхтэй. Итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж эрхээ олгож байгаа баримт болохоос талууд биеэр байлцаж хийгддэг гэрээ биш. Гэрээ гэрчлэхэд тавигдах шаардлага итгэмжлэл гэрчлэхэд хамаарахгүй. Итгэмжлэлд үнийн дүнг тодорхой заах гэдгийг тайлбарлаж өгөөгүй гэж байна. Итгэмжлэл хийхдээ төлөөлүүлэгчээс барьцаалбарыг хэдэн төгрөгийг барьцаанд тавих, ямар банкнаас зээл авч байгаа вэ гэдгийг заавал асуудаг. Тэр бол зуршил болсон зүйл. Хэрвээ энэ хүн итгэмжлэлдээ орон сууцаа 15 000 000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байна, ийм эрхийг өгнө гэж байхад нь нотариатч тийм юм байдаггүй юм гэсэн утгатай зүйл тайлбартаа бичсэн байсан. Хүнийг тэгж гүтгэж болохгүй. 15 000 000 төгрөгийн барьцаанд тавина гэж байхад нь би тийм юм байхгүй чи зөвхөн зээлийн барьцаанд тавина гэж бич гэж хэлэхгүй. Тэгээд ч итгэмжлэлд заавал зээлийн хэмжээг тавих хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл нотариатч заавал зээлийн хэмжээ, банкийг бич гэж шаардахгүй. Ц.Мгийн бичсэн итгэмжлэлийг л гэрчилсэн. Нэхэмжлэгч тал Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т зааснаар нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг сануулж, зөвлөгөө өгөх, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгааг дэлгэрэнгүй бичнэ гэдгийг хэрэгжүүлээгүйгээс бидний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн. Гэтэл Нотариатын тухай хуулийн 19.3, 19.4 гэсэн заалт байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хаяг, итгэмжлэл олгосон он сар өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэж заасан. Энэ итгэмжлэлээр орон сууцыг барьцаалуулах эрхийг олгосон. Тодорхой бичнэ гэдэг нь энэ орон сууцыг барьцаалах юм уу, худалдах юм уу, бэлэглэх юм уу гэдгийг тодорхой бичнэ гэж байгаа болохоос биш барьцаалах гэдэг дээр заавал тэдэн төгрөгт барьцаална гэж бичсэнээр тодорхой болохгүй. Зээлийн барьцаанд тавихад энэ хүн төлөөлж өмнөөс чинь гэрээ байгуулна, гэрээнд гарын үсэг зурна гэдгийг тодорхой тайлбарлаж өгсөн. Итгэмжлэлээ өөрийн сайн дурын үндсэн дээр үйлдээд гарын үсэг зурж гэрчлүүлсэн. Барьцаалбар үйлдэх эрхийг олгосон нь итгэмжлэлд барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах гээд шууд утгаар маш ойлгомжтой тусгаж эрхээ өгсөн байгаагаар нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Т анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 2013 онд 17 настай насанд хүрээгүй байхад ээж Л.Дондовсамба гэх хүнд миний зөвшөөрөлгүйгээр итгэмжлэл олгосноос болж эрх ашиг зөрчигдөж байна. Итгэмжлэл хийхдээ миний зөвшөөрлийг заавал авсан байх ёстой гэдэг үндэслэлийг тавьдаг. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд итгэмжлэлд гэр бүлийн гишүүн болох М.Т-ныг төлөөлж түүний эх Ц.М итгэмжлэл олгож, үйлдэл хийхийг зөвшөөрсөн нь М.Т-ны зөвшөөрлийг бичгээр авсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна. Ц.М, М.Т нар нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот хаягт байршилтай 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.Дондовсамбад олгосны дагуу банк Ц.М, М.Т нарын нэрийн өмнөөс төлөөлөгч Л.Дондовсамбатай 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1690001118-1 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Ц.М, М.Т нараас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгийн өмчлөгч буюу төлөөлүүлэгч нар нь итгэмжлэлд гарын үсэг зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3 дахь заалтад заасны дагуу өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр илэрхийлж Л.Дондовсамбад дээр дурдсан бүрэн эрхийг олгож нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан зохих журмын дагуу хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр Л.Дондовсамбад бүрэн эрх олгогдсон байх тул түүнийг бүрэн эрхгүй этгээд гэж үзэн, бүрэн эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл хийснээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй юм. Барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн Ц.Мгийн орон сууцыг барьцаалаагүй. Үүнээс гадна дахиад 2 хөрөнгө барьцаалсан тул гуравдагч этгээдийн өмнөөс гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд талууд нотариатаар хүсвэл гэрчлүүлж болно. Хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд заавал тухайн орон нутгийн нотариатаар гэрчлүүлэх ёстой гэх хууль зүйн шаардлага байхгүй. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа Л.Дондовсамба нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “ХБ” ХХК-иас авсан зээл болох 40 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэж баталгаа бичиж өгсөн талаар тайлбарладаг. Үүнээс харвал Ц.М итгэмжлэл олгосны дараа орон сууцыг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг мэдэж байсан. Банкны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн орон сууцыг 40 000 000 төгрөгийн барьцаанд банканд тавьсныг мэдэж байсан мөртлөө өнөөдөр мэдэж байгаа юм шиг тайлбарлаж байна. Банк итгэмжлэлийг үндэслэн Ц.М-гийн өмнөөс Л.Дондовсамбатай гэрээ байгуулсан. Итгэмжлэлд зээлийн барьцаанд тухайн орон сууцыг тавих эрхийг олгож байна, барьцаалбар үйлдэх, барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах гэж заасан учраас бүрэн эрх олгогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг баримталж нэхэмжлэл гаргадаг. Энэ нь хоёр тусдаа ойлголттой, хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг иш татаад байна. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл эсхүл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндсэндээ 4 үндэслэлийг иш татаж нэхэмжлэл гаргаад байгаа хэрнээ яг аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх барьцааны эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа мөртлөө яагаад Иргэний хуулийн 153, 160 дугаар зүйл дээр очиж нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд хэрвээ байвал барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй. Эдгээр заалтын алинд нь хамаарч байна гэхээр алинд нь хамаарч байгааг өмгөөлөгч нь хэлж чадахгүй байна. Үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад барьцааны эрх яаж дуусгавар болохыг нэхэмжлэгч талаас өөрөө гаргаж ирж хэлдэггүй учраас барьцааны эрх дуусгавар болгох барьцааны эрхээс чөлөөлөх үндэслэл бүрдэхгүй байна. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Энэ тохиолдолд бүрэн эрхгүй этгээд Л.Дондовсамба нь хариуцахгүй юм бол Ц.М өөрөө хариуцах юм биш үү гэсэн хууль зүйн үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Б.М, “ХБ” ХХК-д холбогдох 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, итгэмжлэлийг үндэслэн Л.Дондовсамба, “ХБ” ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “ХБ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Ц.М, М.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 000 төгрөгөөс 498 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 357 650 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч М.Т, Ц.М бид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. М.Т бид анх 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба УБЕГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шүүхэд ирүүлсэн баримтуудтай танилцаад, 2018 оны 11 дүгээр 14-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн хариу бичиг, “Хас” банканд явуулсан шаардлага, түүний хариу зэрэгт үндэслэн хариуцагч “ХБ” ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр 28-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагуудыг шүүгч хүлээн авч, захирамж гаргасан. Тийм ч учраас хариуцагч “ХБ” ХХК-ийн зүгээс тухай бүрд нь тайлбар гаргаж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хурал эхлэхийн өмнө тус тусдаа бичигдсэн эдгээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагуудыг нэгтгэн тодруулга байдлаар шүүхэд гарган өгч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Анхны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нотариатч Б.М-ын нотариатын үйлдэлтэй холбогдолтой байсан бол 2, 3 дахь үндэслэл шаардлагын хувьд “ХБ” ХХК-д холбогдуулан гаргасан байсан юм. Гэтэл Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн анхны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хянаж шийдвэр гаргасан бөгөөд 2, 3 дахь үндэслэлийн асуудлыг огт хянаагүй болох нь шийдвэрээс харагдаж байна. Мөн шүүхийн шийдвэрт "нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн боловч нэхэмжлэлийн шаардлага хэвээр тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ" гэж тэмдэглэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлд нэмэлт өөрчлөлт орсон гэдгийг дүгнэлтээрээ тодорхойлсон атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хянаагүй тул шүүх хэргийг дутуу шалгаж, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нотариатч Б.М шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа "Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дондовсамбыг итгэмжлэл олгох үед байлцсан" гэж худал тайлбар гаргасан. Л.Дондовсамба нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэл хийх үед байгаагүй, А.Батбаатар нь Дагваа гэдэг хүнийг дагуулан ирж, Л.Дондовсамбын гарын үсгийг дуурайлган зуруулсан. Итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Л.Дондовсамбын бусад баримтан дээр зурсан гарын үсэг хоёр хоорондоо эрс зөрүүтэй байгааг шүүх хуралдаан дээр шүүгч өөрөө хэлж, нотариатчаас асууж байсан. Би орон сууцаа зөвхөн 15 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулахаар итгэмжлэл хийж өгсөн. Би үүнийг нотариатчид хэлж байсан боловч итгэмжлэлд тусгаагүй. Итгэмжлэлд зээлийн үнийн дүнг тусгахгүй байхын үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл нотариатч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан. тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан. эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх" чиг үүргээ биелүүлээгүй улмаас миний хүсээгүй үнийн дүнгээр буюу 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууцыг тавьж зээл авсан байдаг. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т заалтуудыг хэрэглэж шийдвэр гаргасан байдаг. Итгэмжлэлд заасан "...орон сууцыг зээлийн барьцаанд тавих..." гэдэг өгүүлбэрийг тодорхой, ойлгомжтой гэдгийг ямар шалгуураар дүгнэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх энэхүү итгэмжлэлийн цаад үр дагаварт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. А.Батбаатар, Л.Дондовсамба нар шиг зээлээ төлж чадахгүйд хүрвэл тэдний зээлсэн мөнгө, түүний хүү, алдангийн хэмжээгээр бидний орон сууцнаас суутгал хийх нөхцөл байдал үүсэж байгаа нь уг итгэмжлэл эдийн засгийн ямар их үр дагавар. хортой болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэлд зээлийн үнийн дүнг заах нь зайлшгүй бөгөөд цаашлаад нотариатч үнийн дүнг заахгүй байхын үр дагаврыг нотариатч үйлчлүүлэгчид доорх заалтын дагуу тайлбарлаж өгөх ёстой. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх," чиг үүргээ биелүүлээгүйн улмаас М.Т бидний өмчлөх эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг гаргасан. “ХБ” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага бол Л.Дондовсамба “ХБ” ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр М.Т бидний орон сууцыг барьцаалсан баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан боловч Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Л.Дондовсамба, А.Батбаатар нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 52 774 228,39 төгрөгийг гаргуулж “Хас” банкны Завхан салбарт олгохоор шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй. Мөн энэ шийдвэрт “ХБ” ХХК нь гомдол гаргаагүй. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Л.Дондовсамба, А.Батбаатар нарын үүргийн гүйцэтгэлийг бидний орон сууцаар хангуулах ажиллагаа явуулж, эд хөрөнгө битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02158 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 148/02 Эд хөрөнгө хураасан тогтоол, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 84 байрны 5 тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр санал болгосон ажиллагааг тус тус хүчингүй болгосугай" гэж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албанаас Ц.М надад ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/1566 тоот албан бичигт "Төлбөр төлөгч Л.Дондовсамба, А.Батбаатар нарын зээлийн үүрэгт барьцаалсан таны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02158 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцсон тул төлбөр төлөгчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон" гэж заасан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. М.Т бидний орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэл дээрх шийдвэрүүдээр арилсан тул М.Т бид 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ХБ” ХХК-д бидний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн боловч үр дүн олоогүй. “ХБ” ХХК нь Завхан аймгийн сум дундын шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр М.Т бидний орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоосон байхад ямар ч үндэслэлгүйгээр барьцаанд байлгаад байгаа нь бидний өмчлөх эрхийг зөрчсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэлээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ХД 84 дүгээр байр, 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг мөн гаргасан билээ. Энэ үндэслэл, шаардлагыг анхан шатны шүүх хянаж, шийдэлгүй орхигдуулсан. Баталгаат ипотекийн гэрээний хавсралтад М.Т бидний орон сууцнаас гадна хоёр автомашин барьцаалагдсан боловч уг автомашинуудыг зохих журмын дагуу барьцаалаагүйгээс аль хэдийн худалдан борлуулагдсан байдаг. Учир нь баталгаат ипотекийн гэрээг харвал нотариатаар батлуулсан байх боловч уг гэрээг баталсан нотариатын бүртгэлийн дэвтэрт автомашины өмчлөх эрхтэй холбоотой ямар ч баримт хавсаргагдаагүй, бүртгэл хийгдээгүй байдаг. Энэ талын нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хурал хуралдааны явцад миний өмгөөлөгч тавьж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хуралдааныг цааш нь үргэлжлүүлсэн. Ийнхүү шүүх бидний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

Нэхэмжлэгч Ц.М, М.Т нар нь хариуцагч Б.М болон “ХБ” ХХК-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Ц.М, М.Т нар нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, хд 84 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205031543 дугаар бүхий 48 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Завхан аймаг, Улиастай 2 дугаар баг, Жаргалант нарлаг энгэр 4-17 тоотод оршин суух Лувсанцэрэнгийн Дондовсамбад 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Т нь тухайн үед буюу итгэмжлэлийг гэрчлэх өдөр насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар түүний эх Ц.М итгэмжлэлд төлөөлж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасантай нийцсэн хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

Л.Дондовсамба нь Ц.М-гаас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд орон сууцыг барьцаалж, Л.Дондовсамба, А.Батбилэг нар нь 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “ХБ” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасантай нийцсэн байх тул “ХБ” ХХК-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэхгүй. /хх-12-21 дүгээр тал/

Иймд баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “ХБ” ХХК-ийн барьцаанд байгаа Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, хд 84 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах Ү-2205031543 улсын бүртгэлийн дугаар бүхий 48 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                        

                                          ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА                                                                                               

                                                                                                Г.ДАВААДОРЖ