Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 246

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Ө овогтой О-д холбогдох эрүүгийн 1710000000074 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ,,,, тоотод оршин суух, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ө овогтой О,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ө.О нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч П.У-г зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О-ийн өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирогч П.У-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болох үед хохирогч бид хоёр хоёулаа согтуу байсан. Гэхдээ би болсон асуудлаа мэдэж байгаа. Одоо П.У-ийн биеийн байдал сайн, бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Эмчилгээний төлбөрийн 150.000 төгрөг төлсөн. Би П.У-тай гэр бүл болоод 12 жил болж байна, манай хүүхэд 5 дугаар ангид сурдаг. Би хохирогч П.У-г байнга зодож, дарамтлаад байдаг зүйл байхгүй. Өмнө нь эхнэр П.У-г зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1710000000074 дугаартай хэргээс:

1. Хохирогч П.У-аас өгсөн:

“...Би О гэх хүнтэй хамтран амьдраад 13 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Би энэ хүнтэй хамт амьдрахаасаа өмнө 5 хүүхэд төрүүлсэн. Би О болон бага хүү Дагвадоржийн хамт Хан-Уул дүүргийн ,,,,, хороололд амьдардаг. 2017 оны 08 сарын 13-ны өдөр О-ийн найзынх нь хүүхдийн төрсөн өдөр гээд бид гурав гэрт нь очсон. Тэгээд Б найзынд нь очоод 0.75 литрийн 3 шил архи, том савтай пиво 1 ширхэгийг 6-уулаа хувааж уусан.

Архи уусаар байгаад өглөө болсон. Өглөө 06:00 цагийн үед гэртээ харих гэтэл О-ийн машины бензин нь дуусаад асахгүй байсан ба намайг “машинаа түр” гэхээр нь би “согтуу байж машинаар яах гээд байгаа юм, бензин нь дууссан машин юу гэж түрэхээр асах юм бэ” гэж хэлтэл намайг “хөгшин янхан минь, дуугүй түр, асна” гэтэл Тогмид гээд найзынх нь эхнэр Хатнаа намайг “дотогшоо оръё” гээд чирээд Б-ийн гэр лүү дагуулаад орсон. Араас О орж ирээд “хөгшин гичий, янхан минь ална шүү” гэж хэлээд шууд миний хамар луу гараараа нэг удаа цохитол, шууд хамарнаас цус гарахаар нь би доошоо тонгойсон, О “ална” гээд дайраад байхад найз Б, Тогмидын эхнэр Хатнаа, Б-ийн эхнэр А гурав хориод болиулж байсан. Тэгээд гайгүй болоод, би харихгүй айлын гэрт байж байсан.

О “гэртээ харъя” гээд байсан ба Хатнаа, Тогмид хоёр гэртээ харилаа гээд яваад өгсөн. Би айлын хүмүүсээс санаа зовоод аргагүйн эрхэнд гэртээ харих гээд бостол О үснээс зулгаасан, энэ үед Б-ийн эхнэр А “болиоч” гээд салгасан.

Тухайн үед О согтуу байсан. Намайг ямар ч шалтгаангйүгээр зодсон. О нь ер нь намайг урьд зодож байгаагүй. 3 жилийн өмнө согтуу байхдаа агсам тавиад нүд рүү цохиод хөхрүүлсэн. Архи уухаараа зодох гээд байдаг юм, тэр үед нь би гараад явчихдаг. Эрүүл үедээ бол зүгээр. 2017 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө  манай нөхрийн найз Тогмид, эхнэр Хатнаа, мөн Б, түүний эхнэр А нар байсан.

 Намайг зодож айхтар гэмтээгээгүй ч гэсэн маш муухай үгээр хэлж доромжилж, дарамталдаг. Би салмаар байна гэхээр “ална шүү, чиний хүүхдүүдийг бас ална, шатаана” гэж айлгадаг. Энэ байдлаас нь маш их айж залхаж байна. Намайг тайван амьдруулвал өөр хүсэх юм алга. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт алга. Энэ гэмтлийг манай нөхөр О учруулсан. Одоо би нөхөртөө гомдолгүй, өргөдлөө буцааж авмаар байна. Санал хүсэлт байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-9х, 10-11х, 12-13х/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10386 тоот дүгнэлт:

1. П.У-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны 5-р хурууны 2, 3-р үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,

3. Хохирогч П.У нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна, Отэй эвлэрсэн тухайгаа илэрхийлсэн баримт /хэргийн 58х/ 

4. Шүүгдэгч Ө.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 08 сарын 13-ны өдөр 18:00 цагийн үед эхнэр Урангуатай хамт, хүүхдээ аваад манай найз Тогмидын гэрт очсон. Манай эхнэр, Тогмидын эхнэр хоёр пиво уумаар байна гээд, би дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Боргио пиво нэг савыг авч өгөөд хувааж уусан. Тогмидын гэрт манай найз Б эхнэрийн хамт ирээд пивоо ууж дуусгаад Б-ийн гэрт очиж “архи ууя” гээд Тогмидын гэрээс гарсан. Бид хоёр хүүхдээ манай ээжийн гэрт хүргэж өгөөд,  Б-ийн гэрт очсон. Б-ийн гэрт бид нар 3 шил архи хувааж уугаад ярьж суусаар байгаад өглөөний 06:00 цаг болсон байсан.

Би архи их ууснаасаа болоод болсон асуудлыг огт санахгүй байна, нэг мэдсэн гэртээ унтаж байсан. Маргааш нь Б, Тогмид хоёроос болсон асуудлын талаар асуухад “эхнэрийнхээ нүүр лүү нь цохиж, хамраас нь цус гаргасан” гэж надад хэлсэн. Би өөрөө юу ч санахгүй байна. Уг нь бол урьд өмнө эхнэртээ гар хүрч үзээгүй. Манай найзууд хэлэхдээ “эхнэр маань намайг тэр өдөр байнга загнаад, тэгээд толгой руу цохиод авахаар нь би уурлаад эхнэрээ нэг удаа цохисон чинь хамарнаас нь цус гарчихсан” гэсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-36х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ө.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Ө.О нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч П.У-г зодож түүний бие махбодид нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны 5-р хурууны 2, 3-р үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч П.У-ийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос Ө.О-ийн хамтран амьдрагч хохирогч П.У-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүртэл хангагдсан байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ө.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч П.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд тус тус гаргасан байна. /хэргийн 56-57х, 58х/

Хан-Уул дүүргийн Прокурорын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор Ө.О-д холбогдох эрүүгийн 1710000000074 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.   

Иймд шүүх шүүгдэгч Ө.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Ө.О нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн тухай /хэргийн 46-48х/ шүүхийн шийдвэр, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /хэргийн 43х/ баримт хэрэгт авагдсан.

“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан.

Иймд шүүгдэгч Ө.О-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

Энэ хэрэгт Ө.О нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогч П.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус аасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ө овогтой О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ө.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлэхийг, торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч П.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ө.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД