Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

      М.т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч М.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлоор шүүгдэгч М.т холбогдох 2115000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шархошуут овогт Мягмарын , 1966 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Б аймгийн Х сумын * дүгээр багийн Х тосгоны Малчдын * дугаар хорооны *-* тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

 

М. нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.*******гийн баруун эгэмний дээд хэсэгт хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 Булган аймгийн Прокурорын газраас: М.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Шар хошуут овогт Мягмарын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.ийн цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.ээс талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 1.205.617 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.593.220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбогдож гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч М.ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан хүрэн бор өнгийн модон бариултай хутга, хар өнгийн хуванцар бариултай хутга, М.ийн өмсөж явсан цэцгэн хээтэй бор өнгийн богино ханцуйтай цамц, шар өнгийн судалтай хар өнгийн богино өмд, цэнхэр өнгийн хос углааш, талийгаач Л.*******гийн өмсөж явсан хар өнгийн богино ханцуйтай цамц, хар хөх өнгийн биеийн тамирын даавуун өмд, хар өнгийн сандаал нэг хос, хөх өнгийн хос оймс, олон тооны зураг бүхий Nissan гэсэн бичиглэлтэй хар өнгийн дотоож тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх оршуулгын зардлаас 7.793.220 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Талийгаачийн буяны үйлд гарсан зардлууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, мөрдөн байцаагчтай ирж уулзах зэргээр зардлууд гарсан, мөн нэг дор их хэмжээний зардал гаргаж чадаагүй буяны зэд, бусдад өгөх асуудал удаа дараа гарч байсан ба 21 хоног 49 хоног зэрэг талийгаачийн буяны ажлыг зайлшгүй хийх шаардлагууд гарч, уг зан үйл болон бусад зардлуудыг гаргаж байсан. Гэтэл зайлшгүй зардал гэдэгт хамаарахгүй гэх агуулгаар гарсан хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Яллагдагчийн өмгөөлөгчийн төлөхгүй гэж мэтгэлцсэн үндэслэлийг хүлээн авахдаа хуульд заасан үндэслэл байсан эсэхийг дүгнэлгүй, шууд зайлшгүй зардал биш гэж дүгнэлт хийхдээ зардал гаргасан гэх он сар өдрийн огноонд дүгнэлт хийж, уг өдөрт ач холбогдол өгч, тухайн өдөр талийгаачийг оршуулахтай холбоотой зардал гарсан эсэхийг анхаараагүй.

Талийгаачийг оршуулахтай холбогдсон зардлыг гаргахдаа өдрөөр тооцон хохирлыг хэрэгсэхгүй болгох заалт Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй. Харин зардал гарсан баримт хууль ёсны эсэх, зардал гарсан эсэхэд анхаарч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх оршуулгын зардлаас яллагдагч 1.208.617 төгрөгийг төлөөгүй гэж шийтгэх тоггоолын тодорхойлох хэсэгт заасан атлаа Тогтоох хэсэгт бууруулж 1.205.617 гэж шийдвэрлэсэн нь зөрүүтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын хэсэгт өөрчлөлт оруулж, хохирол 18.398.837 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маш их гомдолтой байна. Хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна” гэв.

 

Шүүгдэгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...надад хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:              “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ М.т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч М. нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хөрөө рамын мод бэлтгэх бригадад ажиллаж байсан иргэн Л.*******гийн баруун эгэмний дээд хэсэгт хутгалж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******, гэрч Ч.*******, А.*******, Ө.*******, Н.*******, Э.*******, *******, Б.******* нарын мэдүүлгүүд,

амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай: “Талийгаачийн цогцост хүзүүний баруун тараагуур судасны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун мөрнөөс зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо ... гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас цочмогоор гадуур болон дотуур цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ” гэх дүгнэлт,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 77 дугаартай “...М. /СО5210962/ гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.0% промиль процент спирт илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт, мөн амь хохирогч, шүүгдэгч нарын өмсөж байсан хувцсанд шинжилгээ хийсэн шинжээчийн 2323, 3776 дугаартай дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.ийн гэм буруутай дээрх үйлдлийн улмаас Л.*******гийн амь хохирсон, өөрөөр хэлбэл хүнийг алсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нь давж заалдах шатны шүүхэд ... Анхан шатны шүүх оршуулгын зардлаас 7.793.220 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй ... оршуулгын зардлаас яллагдагч 1.208.617 төгрөгийг төлөөгүй гэж шийтгэх тоггоолын тодорхойлох хэсэгт заасан атлаа Тогтоох хэсэгт бууруулж 1.205.617 гэж шийдвэрлэсэн нь зөрүүтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын хэсэгт өөрчлөлт оруулж, хохирол 18.398.837 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардал хэмээн нийт 18.398.837 төгрөгийн нотлох баримтыг /1 дүгээр хх 207-246/ ирүүлсэн байна.

 

Нас барсан хохирогчийн хоног тараах /7, 21, 49 хоног/ гэх мэт зан үйлтэй холбогдон гарсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохиролд тооцогдохгүй ба анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10.805.617 төгрөгийг талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн “талийгаачийн хоног хураах буяны зан үйл, буяны хандив өргөхтэй холбогдож гарсан , ...талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй” гэж дүгнэн 7.593.220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь гэм буруугийн болон ял оногдуулах шүүх хуралдаанд ирсэн, буцсан замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Харин шүүгдэгч М.ийн хохирогчид төлсөн 9.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулбал зохих 10.805.617 төгрөгнөөс хасч тооцоход 1.205.617 төгрөг үлдэх бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэхүү үнийн дүнг “...1.208.617 төгрөг...” гэж бичиж тоо, тооцооллын буюу техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг хохирлын дүнг зөвтгөж 1.205.617 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН