| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00267/И |
| Дугаар | 152/ШШ2024/00241 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00241
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,538,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн иргэн С.А нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Сум хөгжүүлэх (Хоршоо хөгжүүлэх)сангаас Зөөлөн оёдол чиглэлээр 3,000,000 (гурван сая) төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 3 хувийн хүүтэй гэрээ байгуулан авсан байна. Гэвч С.А нь гэрээний дагуу зээлийн хүү 103,418 төгрөг, нийт 3,138,968 (гурван сая нэг зуун гучин найман мянга есөн зуун жаран найм) төгрөг төлөхөөс 1,603,540 (нэг сая зургаан зуун гурван мянга таван зуун дөчин мянга) төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Өлгий сумын Хоршоо хөгжүүлэх санд 1,538,763 (нэг сая таван зуун гучин найман мянга долоон зуун жаран гурав) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд..иргэн С.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд зааснаар сумын Засаг дарга нь Хоршоо хөгжүүлэх санг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч зээлийн дансанд төвлөрүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч буюу улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Сангийн эргэлтийн хөрөнгө нь сумын хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулагддаг бөгөөд зээлдэгч нь зээлээ гэрээний заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн С.А-ийн авсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж, мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.3, 6.3 дахь хэсэгт зааснаар С.А-аас 1,538,763 төгрөг гаргуулж Өлгий сумын Хоршоо хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. С.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн С.А-аас зээлийн үлдэгдэл 1,538,763 (нэг сая таван зуун гучин найман мянга долоон зуун жаран гурав)төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Өлгий сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сангийн 100150955406 тоот дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.А-д нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1,538,763 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 1,538,763 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Ш болон иргэн С.А нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч С.А 1,603,540 төгрөг төлж, үлдэгдэл 1,538,763 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаартай албан бичгээр Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.А-д холбогдуулан 1,538,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч С.А-д холбогдох, 1,538,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР