| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00226/И |
| Дугаар | 152/ШШ2024/00247 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00247
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Б.Б,
Хариуцагч: Д.Ө нарт холбогдох,
12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Г нь 2022 оны 10 дугаар сард иргэн Д.Ө, түүний нөхөр Б.Б нараас Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт 26-23 тоотод 877 м2 газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би газрын үнийг худалдаж авах үедээ буюу 2022 оны 10 дугаар сард өөрийн үхрүүдээ нядалж зараад, үлдэгдэл мөнгөө эхнэрийнхээ нэр дээр цалингийн зээл авч гүйцээгээд бэлнээр хариуцагч нарт бүрэн төлсөн. Тухайн үед Д.Ө нь надад худалдаж байгаа газраа зааж өгөхдөө худагтай, 380-н тогтой гэж заагаад худалдаж худалдан авах гэрээ хийсэн. Манай эхнэр Увс аймгийн Тариалан суманд ажил хийдэг тул бид худалдаж авсан газартаа ирж амьдарч чадаагүй байж байгаад энэ хавар газраа шинэ банзаар хашаалж ирж амьдрахаар янзалтал Д.Ө танай худалдаж авсан газарт худаг орохгүй, тог бас орохгүй шүү энэ хэсгийг нь би өөр хүнд худалдаад тухайн хүн нь эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан чи үлдсэн энэ хэсгийг нь ав гэж хэлснээр бидний дунд маргаан гарсан. Анх худалдаж авах үед Б.Б нь Улаанбаатар хотод ажил хийдэг, завгүй байгаа, газрын гэрчилгээ тухайн хүний нэр дээр байдаг тул заавал өөрөө байх ёстой гэж хэлсэн учир би тэдний үгэнд итгэж, ирэхээрээ надад гэрчилгээгээ гаргаад өгчих байх гэж бодоод мөнгөө өгөөд газраа заалгаж аваа, тухайн хүн надад газрын гэрчилгээнийхээ хуулбар хувийг өгсөн тул аваад явчихсан юм. Гэтэл одоо надад анх зааж худалдсан газраа өөрчилж, надад заасан газраа өөр хүнд худалдаж, намайг хажуугийн хэмжээ жижиг, тоггүй, худаггүй газрыг ав гэсэн учир миний бие худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өөрийн өгсөн газрын үнэ болох 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь мөнгөө авмаар байна гэхээр одоо боломжгүй байна гээд өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд газрын үнэ болгож төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагч болох Д.Ө, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Г-д хашаа зарж 12,000,000 төгрөг авсан үнэн болно. Б.Г-д өгөх хашаа байхгүй. Иймд 12,000,000 төгрөг буцааж өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ө-ийн гаргасан тайлбартаа танилцлаа. Надад 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Б, Д.Ө нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Г-ийн гаргасан хүсэлт болон хариуцагч Д.Ө-ийн гаргасан тайлбарыг үндэслэж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1017 дугаар захирамжаар Б.Б-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Ө үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгөөс 103,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 103,475 төгрөгийг, хариуцагч Д.Ө-өөс 103,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Ө нь 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 103,475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 103,475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Д.Ө-өөс 103,475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, 103,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР