Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2024/00056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...............аймгийн ............сумын ................баг хаягаар оршин суудаг Ө овогт Г-гийн Г-ын нэхэмжлэлтэй “Цэргийн алба хаасан байдал болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Г.Г миний бие нь 1968 онд .... аймгийн .............суманд төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад сургуульд орж, 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8-р анги төгссөн үеэс эхлэн ...... аймгийн ...... сумын ......нэгдэлд малчнаар ажиллаад, 1987-1989 оны хугацаанд 0230 дугаар ангид цэргийн алба хаасан юм.  Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн алба хаасан лавлагаа овгийн нэрийн зөрчилтэй гарсан.  Мөн нэгдэлд ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд намайг 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд 0230 дугаар ангид цэргийн алба хаасан,  мөн 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь 1987-1989 оны хугацаанд 0230 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохоо, мөн 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ө овогт Г-ийн Г нь 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 0230 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан, мөн 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:    

-Ө овогт Г-ийн Г-ын ........... дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Хүүхдийн овог Г, нэр Г, хүйс э...., ..........10.14-нд Хужирт-д төрснийг 1968.10.18-ны Их-Уул сумын төрсний 139-рт бүртгэв. Төрүүлсэн эцгийн овог Д, нэр Г, эхийн овог Х, нэр Ж.” гэсэн бичилт бүхий төрөгсдийн гэрчилгээ,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/1249 дугаартай: “...1984-1991 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад мал маллаж байсан Х.Ж, Г.Г нарын цалингийн тодорхойлолтыг олгов.

1985 онд 64,48 төг, 10-12 сар хуу№,

1987 онд 599,0 төг, 1-8 сар, хуу№,

1988 онд 543,0 төг, 1,9-12 сар, хуу№,

1989 онд 1826,0 төг, 1-12 сар, хуу№55,

1990 онд 1952,0 төг, 1-12 сар хуу№49,

1991 онд 3072,0 төг, 1-12 сар хуу№56,

гэжээ.

Жич: Үржил багийн 1984,1986 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна...” гэсэн архивын лавлагаа,

-Г-ийн Г 1960 оны 10 дугаар 14-нд төрснийг 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Их-Уул сум хорооны бүртгэлд бүртгэв...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

            -Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/845 дугаартай “...Ж-ийн Г нь Завхан аймгаас БХЯ-ын сайдын тушаалаар цэргийн албанд татагдаж, 0230 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ...” гэсэн тусгай архивын лавлагаа,

            -623429 дугаартай “...Ж-гийн Г 1968 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Завхан аймаг, АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тангараг өргөж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар хугацаа дууссан  учир бэлтгэлээс халав...” гэсэн бичилт бүхий цэргийн батлах, түүний хуулбар,

            -Их-Уул сумын Үржил багт малчнаар ажиллаж байсан Г.Г-ын 1980, 1984, 1987, 1989, 1990, 1991 онуудын цалингийн дансны хуулбар,  

-Г-ийн Г нь 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шинээр иргэний паспорт авахдаа хөтөлсөн: “...Завхан аймаг, Их-Уул сумын Үржлийн хэсэгт малчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,

-Г-ийн Г нь 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэрлэсний бүртгэх анкет: “...Завхан аймгийн Их-Уул сумд оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, нэг дэх гэрлэлт, эхнэр Т-н Л, Завхан аймгийн Их-Уул сумд оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, нэг дэх гэрлэлт...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай “...Г овогт Г /рд.../ нь тус сургуулийн 1983-1984 оны хичээлийн жилд Р багштай ангид 8-р анги төгссөн нь үнэн болно...” гэсэн сургуулийн тодорхойлолт,

-Завхан аймгийн Их-Уул сумын Улсын бүртгэгч Г.Ж-рийн “...Тус сумын иргэн Г овогт Г .......... регистрийн дугаартай иргэн нь иргэний овог нэр өөрчлөлт хийлгэж байгаагүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,

-Гэрч С.Д-гийн: “Миний бие 1976-1990 онд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад малчнаар тасралтгүй ажилласан. 1979-1982 онд цэргийн алба хаасан. Г.Г надтай хамт Завхан аймгийн Их-Уул сумын Үржил бригадад 1989 оны намраас төлөг харж байсан. Нэгдлээс намайг их төлөг маллаж байна гээд Г.Г-ыг хамт малла гэсэн. Тухайн үед бид хоёр 500 орчим төлөг маллаж байсан. Тухайн үед сардаа 100 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед бид хоёрын төлөг харж байсан бригадын даргаар М, тоо бүртгэгчээр Ц, малын эмч Б нар ажиллаж байсан. Бид хоёр төлөг харах 2 жилийн хугацаанд Г.Г манайд амьдардаг байсан. Бид хоёр зундаа Хуягтын ам руу, өвөлдөө Хужиртын улаан завсар гэх газарт байсан. Миний мэдэхийн 1989 оны намраас 2 жил надтай хамт төлөг маллаж байсныг нь мэдэж байна” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Н.Б-ын: “Миний бие 1988-1995 онд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт бригадад малчнаар тасралтгүй ажилласан. 1986-1988 онд цэргийн алба хаасан.  Би 1984 онд 08 дугаар анги төгссөн. 1986 онд цэрэгт явсан. 1988 онд цэргээс ирсэн. Г.Г бид хоёр нэг ангид 8 дугаар анги төгссөн. Бид хоёр 1986 он хүртэл мал малласан. Би Хуягт бригадад, Г.Г Үржил бригадад мал маллаж байсан. 1986 онд цэргийн үзлэгээр ороход би тэнцээд, Г.Г тэнцээгүй. Г.Г 1987 онд цэрэгт тэнцэж 0230 дугаар ангид цэргийн албыг 1989 он хүртэл хаасан. Тухайн үед бид хоёр захиагаар харилцаж байсан учраас ямар цэргийн ангид очсон, хэзээ цэрэгт татагдсан гэдгийг нь мэдэж байна. Би 1988 онд цэргээс ирсэн. Г.Г 1 жилийн дараа буюу 1989 оны намар ирж байсан. Цэргээс ирэхэд нь сумын төв дээр уулзаж байсан. Нэг ангийн найзууд, харилцаатай байсан учир хаана ямар ажил хийж байгааг нь мэдэж байсан. Г.Г цэргээс ирээд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил бригадад мал маллаж эхэлсэн. Нэг очиход С.Д-тэй төлөг маллаж байсан. Г.Г-той одоог хүртэл харилцаатай байгаа учраас хаана ямар ажил хийсэн, хэзээ цэргийн алба хаасныг нь сайн мэдэж байна. Бид хоёр 8 дугаар анги төгсөөд цэрэгт явах хүртлээ мал малласан. Учир нь тухайн үе захиргаадалт байсан. Хүнийг ажилгүй байлгадаггүй. Хөдөө амьдардаг хүүхдүүдийг 8 дугаар анги төгсөхөд нь илгээлтээр гаргаж малчнаар ажиллуулж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Нэхэмжлэгч Г.Г нь 1984 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэнийхээ дараа малчнаар ажиллаж эхэлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч 1984 оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн ажилласан нь тодорхойгүй учир түүний 16 насанд хүрсэн 1984 оны  10 дугаар сарын 14-ний өдрөөс буюу хөдөлмөрлөх үүрэг бий болсон өдрөөс ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн цэргийн албаа 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хааж дууссан, 1989 оноос малчнаар ажилласан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч 1989 оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн ажилласан нь тодорхойгүй учир түүний цэргийн албанаас халагдсан сарын дараагийн сарын эхний өдрөөс ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Ө овогт Г-ийн Г нь 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг,  1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 0230 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г-оос ирүүлсэн Цэргийн алба хаасан байдал болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө овогт Г-ийн Г-ыг 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Үржил бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө овогт Г-ийн Г-ыг 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 0230 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН