Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00048/И |
Дугаар | 141/ШШ2024/00059 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...... аймгийн .....сумын ...........баг хаягаар оршин суудаг Б овогт М-ын Д-гийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.Д нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1985 онд цэргийн албанаас халагдаж Асгат ТАА-н 2 дугаар бригадад тоо бүртгэгч, барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр болон нотлох баримтууд олдохгүй байна. Иймд 1985 оноос 1987 онд Асгат сумын ТАА-д, 1987 оноос 1994 онд Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь 1985 оноос 1987 онд Асгат сумын Тэжээлийн аж ахуйд, 1987 оноос 1994 онд Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б овогт М-вын Д нь 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн аж үйлдвэрийн барааны нярваар, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баяндүнгээ ББХК-ний нярваар, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал БаянДүнгээ компанийн ерөнхий ня-богоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Б овогт М-ын гийн ............ дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дугаартай: “...М.Д нь 1985-1987 онд Асгат сумын Тэжээлийн аж ахуй, 1987-1994 онд Баяндүнгээ хувьцаат компанид ажиллаж байсан тухай лавлагаа авахыг хүссэн боловч, 1985-1987 оны Асгат сумын Тэжээлийн аж ахуй, 1987-1994 оны Баяндүнгээ хувьцаат компанийн баримт архивд шилжигдэн ирээгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Баянхайрханы Тэжээлийн аж ахуйн захиргаанаас М-ын Д-д 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон: “...Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаартай тушаалаар Тэжээлийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар томилж ажиллуулав,
Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25-р тушаалаар Тэжээлийн аж ахуйн барилгын салбарын ажилчнаас чөлөөлж сумын намын үүрийн мэдэлд шилжүүлэв,
Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн аж үйлдвэрийн барааны нярваар томилон ажиллуулав,
Хэрэглээний хоршооны 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот тушаалаар Хэрэглээний хоршоо нь өөр зохион байгуулалтад шилжсэн тул ажлаас чөлөөлөв,
Захирлын 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тушаалаар аж ахуйн нэгжийн тухай хуулийн Баяндүнгээ ББХК зохион байгуулагдсан учир нярваар томилон ажиллуулав,
Захирлын 1992 оны 16 дугаар тушаалаар Баяндүнгээ компанийн ерөнхий ня-богоор томилон ажиллуулав,
Захирлын 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тушаалаар Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 1995 оны 21-р тушаалыг үндэслэн хөдөлмөрийн дэврийн бичилтийг хаав...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар,
-Б овогт М-ын Д /.........../-ийн“...1995 оны 01 дүгээр сараас 1996 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай” тэмдэглэл бүхий баталгаажилтын хуудасны хуулбар,
-М-ын Д нь 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн : “...Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярав...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Гэрч Д.ын: “...М.Д манай дээд ангид байсан. Бид хоёр Нөмрөг сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг 9 дүгээр ангид сурч байхад М.Д нь 10 дугаар ангиа төгсөөд худалдааны техникумд суралцахаар явсан. Би 10 дугаар анги төгсөөд цэрэгт явсан. Цэргээс 1986 онд халагдаад Асгат суманд ирсэн. Ирэхэд М.Д Асгат суманд байрлах Баянхайрхан нэртэй Н даргатай тэжээлийн аж ахуйн 2 бригадад барилгын нормчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Би 1986 онд сургуульд яваад 1988 он ирсэн. Ирэхэд М.Д нь Асгат сумын худалдаа бэлтгэл ангид нярваар ажиллаж байсан. Няраваар ажиллаж байгаад нягтлангаар ажилласан. Нягтлангаар ажиллаж байгаад ерөнхий нягтлангаар ажилласан. М.Д-г ажиллаж байх үед худалдаа бэлтгэл ангийн дарга олон удаа солигдсон. Тухайн үед худалдаа бэлтгэл ангийн даргаар Ч, Б, Б, С нар ажиллаж байсан. М.Д-г нярваас ерөнхий нягтлан болох хүртэл 5-6 жил ажиллахад эдгээр дарга нар солигдож ажилласан. Ерөнхий нягтлангаас халагдаад Асгат сумын Засаг Даргын Тамгын газарт байгаль орчны байцаагчаар 10 орчим жил ажилласан. М.Д-г худалдаа бэлтгэл ангид нярваас ерөнхий нягтлан болох ажиллаж байсныг сайн мэдэж байна. Учир тухайн үед би Засаг Даргын Тамгын газарт ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.М-гийн: “...М.Д нь манай нутгийн залуу байгаа юм. Би хөдөө 1987 оноос 1995 он хүртэл мал маллаж байсан. Тухайн үед сар болгон сумын төв рүү ордог байсан. Учир нь сумын төвтэй ойрхон байдаг, хэрэгцээгээ авах гэж явдаг байсан. М.Д-ийн дүү нь манай доод үеийн хүүхэд байгаа юм. Сумын төв рүү орж ирэхэд хааяа М.Доржсүрэнтэй уулздаг байсан. Тэгэхэд худалдаа бэлтгэл ангид нярваар ажиллаж байсан гэж хэлж байсан. Сүүлд уулзахад нягтлангаар ажиллаж байгаа гэж хэлж байсан. Миний мэдэхийн 1994, 1995 он хүртэл нярав, нягтлангаар ажиллаж байсныг нь мэднэ. Тэр үеэс хойш одоог хүртэл захиргаанд ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Б овогт М-ын Д нь 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн аж үйлдвэрийн барааны нярваар, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баяндүнгээ ББХК-ний нярваар, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал БаянДүнгээ компанийн ерөнхий ня-богоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Д-ээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт М-ын Д нь 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн аж үйлдвэрийн барааны нярваар, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баяндүнгээ ББХК-ний нярваар, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал БаянДүнгээ компанийн ерөнхий ня-богоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН