| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2105003351418 |
| Дугаар | 2022/ДШМ/48 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/48
2022 01 06 2022/ДШМ/48 № Т M № 546
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.О-мандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор В.Батдэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох ........................... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн М, Дархан-Уул аймагт 2003 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогоО- мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, бэр, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000000000/,
2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Б.М- нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “-” зО-ид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.О-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож тархи доргилт, хамар, хоёр чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз, баруун шуу, бугуй сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуй сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 12.8 дугаар зүйлийг баримтлан ялаас өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.О- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор В.Батдэлгэр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заасан атал ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн нь хуулийг алдаатай хэрэглэсэн үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, хохирогч Э.О-ийн “... 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би найзуудын хамт “Г” зО-ид буудалд шар айраг ууж байхдаа Т.Мөнхтүвшин, Мөнгөнбаяр нарыг дуудсан юм. Гаднаас Мөнхтүвшингийн ах нар гэх хүмүүс орж ирээд бид нар муудалцаж зодолдсон. Т.Мөнхтүвшин намайг зодож хамар хугалж, 2 чихийг маань хөхрүүлэн, толгойд олон тооны булдруу үүсгэсэн. Мөн хоёр шуу, гуя хөхөрч хавдсан...” /хх 22/ гэсэн мэдүүлэг болон хохирогч Э.О-ийг шүүгдэгч Б.М зодож гэмтэл учруулсны харсан гэрч Т.Б, Г.А, Э.Б /хх 28, 33, 50/ нарын мэдүүлгүүд, хохирогч Э.О-ийн биед тархи доргилт, хамар, 2 чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз, баруун шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуй, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1292 тоот шинжээчийн дүгнэлт /хх 53-54/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- нь хохирогч Э.О- зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Б.М-гийн үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаас үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэн ялаа эдэлж буй хүнд өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан болох нь тодорхой байна. Харин мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ шийдвэрлүүлж буй яллагдагч, шүүгдэгчид хамаарч байхад анхан шатны шүүхээс ялтанд өршөөл үзүүлэх зохицуулалтыг хэрэглэн шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож илтэд хуулийг буруу хэрэглэжээ.
Хууль хэрэглэх журмыг тодорхойлсон Тавдугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасан бол 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ. Үүнээс үзвэл шүүхийн шатанд байгаа хэргийг тус хуульд заасан шаардлага, үндэслэл бүрдсэн нөхцөлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох зохицуулалт үйлчилнэ.
Иймд анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүхээс залруулах боломжтой байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр Б.М-гээс гадна хэд хэдэн хүмүүс тус зодоонд оролцож, энэ үеэр хохирогч Э.О-ийн гар утсыг авсан нөхцөл байдал тогтоогдож байхад үүнд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэргийн шинж байгаа эсэх, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан эсэх зэрэг асуудлыг шалгалгүй, орхигдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Хэрэг шалгах үүрэг бүхий мөрдөгч, прокурорын дээрх үйл ажиллагаа нь шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.О-МАНДАХ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН