Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/77

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Хохирогч Г.А

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Д хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Л-ийн М-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг 2026 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..ны өдөр Т аймагт төрсөн, э.эгтэй, .. настай, .. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..,  У  хот С  дүүрэг ..-р хороо, .. тоотод оршин суух, урьд Ч дүүргийн шүүхийн ...-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 2 жил хорих ял, Ч  дүүргийн шүүхийн ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 4 жил 3 сарын хорих ял, Д  эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50,000 төгрөгийг хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Б  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн ..дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, С  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г  овогт Л-ийн М  /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Л.М  нь Г.А-аас тэтгэврийн зээл хаачхаад өгье, ломбард чөлөөлөөд өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н.Р-ийн эзэмшлийн Х банк дахь .. тоот дансаар дамжуулан 3,800,000 төгрөгийг, мөн өдөр н.Н-ийн эзэмшлийн Х банк дахь .. тоот дансаар 5,000,000 төгрөгийг нийт 2 удаагийн гүйлгээгээр үргэлжилсэн үйлдлээр авч нийт 8,800,000 төгрөгийг, мөн 7 нэр төрлийн нийт 7,175,000 төгрөгийн тамхийг авч нийт 15,975,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М  сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би Г.А гэх хүнтэй 2025 оны 04 сард БНХАУ-н Эрээн хотод зочид буудалд анх танилцаж байсан. Түүнээс хойш бид хоёр танилууд болж сар гаруй хугацаанд хамтарч Эрээн хот руу тамхи зарж борлуулах ажил хийж байсан. Би худлаа хэлэх хууран мэхлэх замаар хохирогч Г.А-аас тэтгэврийн зээл дараад буцаагаад өгнө гэж мөнгө авсан нь үнэн, дээр нь хохирогчоор гар утасны дэлгүүрээс .. маркийн гар утас авхуулан, 7,900,000 төгрөгийн үнэ бүхий тамхи авч буцаж өгөөгүй, хохирогчид учруулсан хохирол болох 19,390,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Миний буруу өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Би хохирогчийг хуурч байраа зарахаар болчихлоо миний тэтгэврийн зээлийг хаагаад өг гэж хэлээд огт танихгүй хүний дансыг гуйж байгаад тэр данс руу 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Тухайн мөнгөө аваад Ө  аймгийн Г  сухайт боомтоор хилээр гараад нэг сар гаруй болж байгаад буцаад хилээр гарсан. Түүнээс хойш С аймгийн Э  сумын Б н боомтоор хил гарч ӨМӨЗО-ны баруун үзэмчин аймагт айлын мал маллаж байсан. Тэгээд нэг сарын паспортын хугацаа дуусах дөхөхөөр буцааж хилээр гарч хугацаа сунгуулаад өвөр монгол айлд ирж мал маллаж ажил хийж байсан. Надад У  хотод ямар ч байр байхгүй, би хохирогчийг хуурч байсан юм гэжээ. /хх-ийн 111-113/

Шүүгдэгч Л.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа, нэмж ярих зүйл байхгүй гэв.   

Хохирогч Г.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 04 дүгээр сард Л.М  гэх хүнтэй БНХАУ-ын Эрээн хотод х зочид буудалд танилцаад түүнээс хойш уулзахгүй байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр х  буудлын баруун талын тоглоомын бөөний дэлгүүрт бараа авахаар уулзахаар тохиролцсон Л.М  бид хоёр уулзаад юм ярьж байгаад М  надад хандан Э  байдаг манай гэрт очиж хөлд чинь өвчин намдаах наалт нааж өгье гээд дагуулаад явсан. М-ийн гэрт очиход М-ийн гэр нь эмх цэгцтэй ганцаараа амьдардаг бололтой харагдаж байсан. Тухайн үед М нь надад их дотно санагдаж өвдөж байгаа хөлд минь наалт нааж цай хоолоор дайлж байгаад удалгүй бид хоёр хамт буцаад дэлгүүр дээр ирээд би тэндээсээ Замын-Үүд рүү унаанд суугаад явсан. Түүнээс хойш М бид хоёр ви чат, гар утсаар харилцаж байсан. Тэгтэл М нь надад хандан миний танил дүүгийн нөхөр өвөр Монгол А  гэх хүн 100 блок эсээ тамхи хэрэгтэй байна яах уу гэхээр нь би өөрийн тамхины бөөний дэлгүүрээсээ 100 боодол эсээ тамхи Мөнхтөрд өгч явуулсан. Тухайн тамхины мөнгө болох 3,400,000 төгрөг буцааж авсан. Маргааш нь М  надаас дахин Кинг тамхи 5 блок, Сигрон дундын 10 блок, Бохьем тамхи 30 блок, Дути дээрээс авсан Хятад нэртэй 30 блок тамхи, Ченж эсээ 50 блок, Хар эсээ 30 блок, Энгийн эсээ 30 блок, нийт 7,090,000 төгрөгийн одоо болтол аваагүй байгаа. Мөн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Б гар утасны дэлгүүрээс 3,500,000 төгрөгийн үнэ бүхий .. маркийн гар утас надаар авхуулсан. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр М  нь би хот явлаа Улаанбаатар хотод байдаг байраа тавиад 190,000,000 төгрөгийн зээл аваад өгье чи миний тэтгэврийн зээлийг хаагаад өгчих гээд 5,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны 12 цаг 30 минутад хаан банкны Н  гэх хүний.. тоот данс руу шилжүүлэн авсан. Тэгтэл М  нь над руу .. дугаарын утсаар залгаад би аавынхаа үе залгамжилж ирсэн 13 ширхэг цэвэр мөнгөн аягыг ломбард-нд барьцаанд тавьсан байгаа тэрийгээ авах гэсэн юм гээд 3,800,000 төгрөг явуулаач гэхээр нь би явуулсан. Тэгэхэд М  нь надад тэтгэврийн зээлээ дарчихлаа мөн байраа барьцаанд тавьчихлаа гэж хэлсэн. Түүний дараа барьцаа, зээл бүх зүйл болчихлоо гэж хэлээд маргааш чиний дансанд мөнгө орно шүү гэж хэлээд миний регистрийн дугаар, дансны дугаар, утасны дугаар зэргийг авсан. Тухайн өдрийн 14 цаг 45 минутад хаан банкны Р-ийн .. дансны дугаар руу 3,800,000 төгрөг шилжүүлсэн. М  нь одоо бүх юм бүтчихлээ гэж хэлээд Улаанбаатараас Замын-Үүд рүү оройны 21 цагийн үед стима маркийн машинд суучихлаа миний утас цэнэггүй болж байна шүү замд гараад залгана гэж хэлээд түүнээс хойш М-тэй холбогдож чадахгүй миний утсыг авахгүй утсаа хаасан, хаана байгаа нь тогтоогдохгүй байна. М  нь намайг хуурч урьдын харилцааны үед бий болгосон итгэлийг эвдэж залилан мэхэлсэн тул маш их гомдолтой байна. Би энэ туухай этгээдийг хуулийн дагуу чанга арга хэмжээ авхуулмаар байна. Надад наад хулгайч чинь нэг ч төгрөг төлөөгүй. Надаар авхуулсан гар утасны мөнгийг өөрөө төлж дуусгасан. Намайг арай муухай дээрэлхэж хуурч итгэл олж байгаад залилсан этгээд. Хэрэв энэ нөхрийг хорихгүй юм бол хандах газар нь хандана. Бүхэл бүтэн нэг жил болох гэж байхад миний хохирлыг огт барагдуулаагүй гэжээ. /хх-ийн  17-18, 22-23/

Хохирогч Г.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мэдүүлгээ бүрэн өгсөн. Энэ хүн хийсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Гар утасны төлбөрийг 3,500,000 төгрөгөөр авч төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр 2,550,000 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй, энэ хүнээс гар утасны 3,500,000 төгрөгөө л авна. Нийт өгсөн мөнгө төгрөгөө гаргуулж авна гэв.    

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11/

Хохирогч Г.А-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12-13/

А хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28/

Г.А-ийн Х  банкны ... дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32/

Г.А-ийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-34/

Ч  дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-45/

Ч дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-50/

Д эрүүгийн хэргийн анхан шатны.. дугаар шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-56/

Б  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-62/

 

С  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-67/

 

Шүүгдэгч Л.М-ийг эрэн сурвалжилсан ажиллагаа /хх-ийн 98/

Шүүгдэгч Л.М-ийн х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 105/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын ..ны өдрийн .. дугаартай тогтоол /хх-ийн 115-117/

Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-н 131-133/

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай тус шүүхийн ..-ны өдрийн .. дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 174-177/

А хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 185-191/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 192-193/

Бичмэл нотлох баримтыг гаргуулан авсан тэмдэглэл /хх-ийн 194/

Баталгааны хуудас /хх-ийн 195/

Л.М-ийн яллагдагчаар ..-ний өдөр авсан мэдүүлгүүд /хх-ийн 198-202/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

.. promax гар утсыг шүүгдэгч нь хохирогч Г.А-аар авхуулсан гэх үйлдэл нь хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Шүүгдэгч Л.М  нь тухайн гар утсыг хохирогчоор авхуулсан  боловч төлбөрийг төлөөгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.М-ийг хохирогч Г.А-аас тэтгэврийн зээл хаачхаад өгье, ломбард чөлөөлөөд өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н.Р-ийн эзэмшлийн Х  банк дахь ..тоот дансаар дамжуулан 3,800,000 төгрөгийг, мөн өдөр н.Нямгэрэлийн эзэмшлийн Х  банк дахь .. тоот дансаар 5,000,000 төгрөг, 7 нэр төрлийн нийт 7,175,000 төгрөгийн тамхи, 3,500,000 төгрөгийн .. гар утас авхуулж нийт 19,475,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Г.А-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18, 22-23/, хохирогч Г.А-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12-13/, шүүгдэгч Л.М-ийн Х банкны дансны хуулга /хх-ийн 105/, хохирогч Г.А-ийн Х  банкны дансны хуулга /хх-ийн 31-32/, А  хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28/, А хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 185-191/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 192-193/, бичмэл нотлох баримтыг гаргуулан авсан тэмдэглэл /хх-ийн 194/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Л.М  нь Г.А-д зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж, хохирогчид нийт 19,475,000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдож байна.

Тэтгэврийн зээл хаачхаад өгье, ломбард чөлөөлөөд өгье, Өвөр Монгол хүнд тамхи худалдан борлуулмаар байна гэж, гар утас авхуулсны төлбөр нийт 19,475,000 хохирол учруулж, эргүүлэн өгөх санаа гаргаагүй байдлаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн шинжийг бүрэн агуулсан. Түүний үйлдэл гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгч Л.М  нь хохирогч Г.А-т 19,475,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. 

Шүүгдэгчид Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.А  нь шүүгдэгчид .. гар утсыг 3,500,000 төгрөгөөр худалдан авсан нь баталгааны хуудас /хх-ийн 195/-аар тогтоогдож байна Иймд гар утасны төлбөрийг 3,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Хохирогч Г.А-д учирсан 19,475,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, 19,475,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.М-өөс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Улсын яллагчаас шүүгдэгчийг гэж буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Замын-Үүд сумаас гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г  овогт Л-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Л-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.М-өөс 19,475,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.Б