Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00047/И |
Дугаар | 141/ШШ2024/00061 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00061
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ..............хот, ...............дүүрэг, ...........хороо, .........гудамж ......... тоот хаягаар оршин суудаг ...........овогт Д-гийн И-оос ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.И нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Д.И миний бие 1968 онд төрсөн бөгөөд аав, ээжийнхээ хамт бага наснаас эхлэн мал маллаж өссөн. 8 нас хүрээд 1974 онд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх бригадын бага сургуульд 1 дүгээр ангид орж суралцаад сургуулиас гарсан. Түүнээс хойш ахиж сургуульд суралцаагүй. 15 наснаас эхлэн Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад аав, ээжийнхээ хамт нэгдлийн мал маллаж байсан юм. Иймд намайг 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Харин нэхэмжлэгч Д.И нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Д.И нь .......хотын ........ дүүрэгт амьдардаг учраас оршин суугаа газар буюу ............ дүүргийн шүүхээр ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлттэй байна. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.И нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, 74.2 дахь хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х овогт Д-ийн И нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг нэхэмжлэгчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН