Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00062

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00062

Завхан аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн .................сумын ........ баг хаягаар оршин суудаг ...... овогт Г-ийн Н-гаас З аймгийн Т суман дахь Мэргэжлийн боловсролын сургууль, түүнийг төлөөлж захирал Б.Г-д холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Г.Н би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ерөнхий нягтлан бодогчоор 2019 оноос хойш ажилласан. Үүнээс хойш тус сургуулийн захирал 4 удаа өөрчлөгдсөн. Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр захирлаар томилогдсоноос хойш намайг үг хэлээр удаа дараа доромжилж, ажлын байрны дарамт үзүүлж, ашиг сонирхлын зөрчил гаргаж, ажил хийх боломж нөхцөлөөр хангаж өгөхгүй цалингийн хувь хасах, ажлаас гарах саналыг хэд хэдэн удаа тулган шаардсан. Энэ хүн өөртөө ээлжийн амралт бодуулан авч, ах дүү нараа ажлын байраар хангаж, эхнэртээ үндсэн цалин дээр нь цагийн багшийн цалин тооцоолж өгч, актлаагүй барилгын паар зарж, хүүхдүүдийн хийсэн бүтээл зарж, сургуулийн үржүүлгийн талбайн гадна байсан банзыг ажилчдаар хөрөөдүүлж уутлуулан зарсан. Орлогыг албаны дансаар дамжуулаагүй кассаар авч, байгууллагуудтай заалны гэрээ хийж дур зоргоороо захиран зарцуулалт хийсэн. 10 сарын төсөвт өөрчлөлт орж, хичээл үйлдвэрлэлийн зардалд 57 сая төгрөг тавигдаж, тухайн төсвөө надтай биш сургалтын албаны менежер багш нартайгаа захиран зарцуулах талаар ярилцсан, намайг захиргааны зөвлөлийн хуралд суулгахгүй гадуурхаж байсан. Би хууль эрх зүйн хүрээнд ажиллахыг өөрт нь хэд хэдэн удаа хэлсэн, гэвч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Үүнээс болж намайг Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Б/129 дугаартай тушаалаар “Г.Н нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчил гаргасан" гэх ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би энэ байгууллагад 5 жил тасралтгүй ажиллах хугацаанд ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй. Захирал Б.Г нь байнга дарамталж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, уг асуудлаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, захирал Б.Г-той харилцан тохиролцож чадаагүй. Тухайн хорооны нарийн бичгийн дарга С-оос тэмдэглэлийг и-мэйл хаяг руу явуулсныг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн болно. Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр танай шүүхэд хандаж байна.. ...” гэжээ.  

Гэвч нэхэмжлэгч Г.Н, хариуцагч ...... аймгийн ......... суман дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Г нар нь шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэж: “...Нэхэмжлэгч нь тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинд 6,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь........ аймгийн Т.... суман дахь Мэргэжлийн боловсролын сургууль, түүнийг төлөөлж захирал Б.Г-од холбогдуулан “Завхан аймгийн Тосонцэнгэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Талууд буюу нэхэмжлэгч Г.Н, хариуцагч ...... аймгийн ............ суман дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн  захирал Б.Г нар нь хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын хооронд байгуулсан “...Нэхэмжлэгч нь тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинд 6,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон...” эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч  нь  Улсын   тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж хуульчилсныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэг, 123дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. ........... овогт Г-.ийн Н-аас З..... аймгийн Т......... суман дахь Мэргэжлийн боловсролын сургууль, түүнийг төлөөлж захирал Б.Г-д холбогдуулан гаргасан .......... аймгийн ................ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Г................ нь тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь Мэргэжлийн боловсролын сургууль, түүнийг төлөөлж захирал Б.Г-д нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинд 6,000,000 /зургаан сая/ төгрөг өгөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тэмдэглэсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН