Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хуралдааны

тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021138 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3: С Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч С согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 55 дугаар байрны жижүүрийн өрөөнд танил дүү А.Оюунсувдтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдсэн хэргийн талаар хавтаст хэрэгт үнэн зөвөөр бичигдсэн байгаа тул дахин мэдүүлэхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогч Оюунсувдын хохирлыг бүрэн барагдуулсан гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Ариунаагийн Оюунсувд “... 2007 оноос хойш С эгчтэй хамт жижүүрээр ажиллаж байгаад таних болсон, хуурай эгч дүүсийн харьцаатай. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр намайг утсаар дуудаад байхаар нь яваад очтол Одонтуяа, С нар архи ууж байсан. 1 шил архи гурвуулаа хувааж уугаад караокед слесарь Түмээгийн хамт орох гэхэд С унтахаар хэвтсэн байхаар нь босоорой хамт явья гэхэд үгүй гээд хэтчихээд яваагүй. Тэгэхээр нь за за дуудаж дуудаж ирүүлчихээд, дахин ирэхгүй шүү гээд гарахдаа хаалгыг хаатал нилээн чанга дуугарсан. Үүнээс болж С уурлаад чамайг алсан ч амийг чинь нэхэх хүнгүй юм чинь гээд зодсон. Зодохдоо аяга тавга шидээд, үсдээд чирээд цохиод, өшиглөж зодсон. Аяга тавга шидэхэд нь би гараараа хаасан, мөн үсдээд чирээд, өшиглөөд цохиод зодоод байсан. Үүнээс болж миний баруун гарын ядам хурууны савхан яс зөрүүтэй хугарч гэмтсэн. Миний эмчилгээний зардалд баримтаар 275.990 төгрөгийн зардал гарсан. Урьдчилсан байдлаар 50.000 төгрөгийг Саас гаргуулан авсан, одоо зөрүү 225.990 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Юу болсон, яаснаа огт санахгүй байна, миний санаж байгаагаар чи миний охидуудыг доромжилж янз бүрээр хэлсэн болоод л зодуулсан байх гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би охидуудтай нь холбоотой ямар ч зүйл хэлээгүй. Хэрэг болох үед Одонтуяа хамт байсан. Тэр болсон асуудлыг бүгдийг нь харсан. Яаралтай хохирлоо барагдуулж авмаар байна. Маш их гомдолтой” /хх-12-13/ гэж, гэрч Хүрэлбаатарын Одонтуяа “... би Оюунсувдтай сайн найзын, Стай болохоор хуурай эгч дүүгийн харилцаатай, найзаас минь илүү эгч минь байгаа юм. Миний хувьд мэдүүлэг өгөхөд хэцүү байна. Хэрэг явдал яах аргагүй Оюунсувд, С бид гурвын дунд болсон. Энэ хоёр хүн аль аль нь миний ойр дотны хүмүүс. Миний мэдүүлгээр нэг нь хэрэгтэн, нөгөө нь хохирогч болчихоод байгаад хэцүү байна аа. Би Бэгдү СӨХ-д лифтчингээр, С эгчийг таньдаг болохоороо дамжиж лифтчингээр ажилд орсон юм. СӨХ-дөө жижүүрийн тусдаа өрөөнд амьдарч байгаа. Ар гэрт гачигдал гарсан учираас чөлөө аваад Дорнод аймаг руугаа явах гэж байна. 2017 оны 4 дүгээр сарын 28-нд намайг жижүүрийн өрөөнд байж байтал С эгч ирээд Оюунсувд ирнэ гээд мессеж бичсэн, залгасан, эгчдээ 1 шил архи аваад өгөөч гэсэн. Над дээр С эгч ирж уулзахаасаа өмнө найзуудтайгаа архи уучихсан байсан ч, хэн гэдэг найз нь байсан, хэдий хэмжээний архи уусан талаар нь би мэдээгүй, нилээн согтолттой байсан. Гуйсных нь дагуу Сд 1 шил 0.5 литрийн Тайга архи авч өгөөд юм яриад гадаа сууж байтал Оюунсувд такси бариад хүрээд ирсэн. Оюунсувд тэр үед архи уусан халаалттай байсан ба таксинд өгөх мөнгө нь дутаад Саас мөнгө гуйхад таксины жолооч үлдэгдэл мөнгөө авалгүй яваад өгсөн. Гурвуулаа уулзалдаад Сын гэрт орж авсан 1 шил архиа задалсан. Тэр архинаас С хүчлүүлж байж 2 хундага л уусан, тэгээд тэнхэл нь хүрэлгүй тасраад орон дээрээ хэвтсэн. Эгч нь одоо ууж чадахгүй нь гэж хэлж байсан. Оюунсувд ч халаалттай байсан болохоор тэр архины дийлэнхийг би уугаад дуусах гэж байтал караоке орно гээд гарах гэтэл С эгчид нь босох тэнхэл алга, би явахгүй гэхээр нь оронд оруулж хөнжлөөр хучаад утсаа аваад хадгалчих гэхээр нь гар утсыг аваад гарах гэтэл Оюунсувд Сыг заавал босгож авч явна гээд орноос нь зөндөө татаж чангааж зуурсан ч С их согтуу байсан тул босохгүй, явахгүй гээд хэвтээд байхад нь Оюунсувд утасдаж дуудаж ирүүлчихээд арчаагүй зан гаргалаа, хогийн зантай гэх мэтээр хатгаж егөөдсөн, хүний зэвүү дургүйг хүргэхээр нилээн хатуу үгнүүд хэлээд хөгшин авгай гээд гарахдаа хаалгыг нь бүр зориудаар чангаар савж хаасан. Төмөр хаалга болохоор бүр ч илүү сүртэй чанга нүргэлж дуугарсан. Гэтэл С араас бид хоёрыг дуудаад Оюунсувд аа, чи юу гэсэн гэнэ ээ буцаад хүрээд ир дээ гэсэн. За тэгье очьё гээд гэрт нь буцаж ороод үгээр харилцан сөргөлцөж хэрэлдэж маргасан, тэр үед Оюунсувдын үг үнэхээр дийлдээгүй, өдий хөгширч үхэх гэж байж ийм ядуу орцны жижүүр хийгээд амьдарч байгаа чинь хохь чинь, би бөгсөө үнэлээд өдийд сайхан амьдарч байна гэснээс гадна сүүлдээ тэр үгнүүд дундаа охидуудыг нь оролцуулсан үг хэлсэн. Одоо миний санаж байгаагаар танай охидууд ч гэсэн сайхан амьдарч чадаагүй, завхай зайдан явж байсан үе бий шүү гэх мэтээр хэлэхэд нь С охидуудыг маань энэ маргаанд оруулж хэллээ гээд бүр илүү уурлаж ассан. Ингээд Оюунсувдыг эхлээд С эгч алгадсан, Оюунсувд ч согтуу байсан болохоор газар уначихсан. Унахад нь 1-2 удаа Оюунсувдын гэдэс орчимд өшиглөж үсдэж босгоод зодсон. С согтуу байсан болохоор өшиглөх гэж тэнцвэрээ олохгүй өөрөө унаад, Оюунсувд ч согтуу өндөр өсгийтэй гутал өмссөн байсан хальтирч нилээн хэд хэдэн удаа шалан дээр унасан. Мөн сандал дээр суух гээд бүрэн онож суулгүй хазгай суугаад мултарч унахад нь С эгч өшиглөх гээд өшиглөж чадалгүй тэнцвэрээ ололгүй унах жишээтэй л байсан. Ингэж байхдаа С эгч ширээн дээр байсан гартаа таарсан 1 литрийн, бариултай, жимсний зурагтай, шилэн эргэгддэг тагтай аягыг Оюунсувд руу шидсэн, Оюунсувд тэр үед нь нүүрээ гараараа хаасан байсан болохоор гарыг нь оносон юм. Түүнээс болж Оюунсувдын хуруу гэмтсэн болов уу гэж бодож байна. Мөн тэгж байхдаа гартаа таарсан сандлаа шидээд, хоолны дунд зэргийн цэцгэн хээтэй хутгыг барихаар нь би С эгчийг загнаад хутгыг нь гараас авчихсан юм. Ер нь Оюунсувдын тухайн үед хэлж ярьсан үг хэл нь гүйцэгдэхгүй элдвээр хэлж хүнийг тэсэрч дэлбэрэхэд хүргэсэн. Би асуудлыг Оюунсувд өөрийнхээ ам хэлнээс болсон, эцэстээ гэмтсэн гэдэгтээ Оюунсувд хохирогч болоод байгаа ч яг хэрэг асуудлыг үүсгэсэн буруутай хүн нь Оюунсувд өөрөө байсан юм. Тэр үед С цагдаад ханд, халуун дээр нь дуудна гээд С эгч өөрийнхээ 88827417 дугаарын гар утаснаас өөрөө дуудлага өгсөн. Тэгэхэд Оюунсувд цагдаа дуудаад хэрэггүй ээ гэхээр нь би дахин утасдаж дуудлагыг цуцалсан юм. Миний ойлгосноор Оюунсувд С руу өөрөө залгаад хороололд караокед ууж байна, танайд очлоо гэсэн байсан. Хүн ирэх гэж байхад хоосон байхгүй гэсэндээ над дээр ирж надаар архи авахуулсан юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Түмээ гэдэг слесарь бид гурвыг байж байхад орж ирсэн. Тэр хүнд Оюунсувд бас л их муухай үг хэлээд ор дэрний талаар хэлээд хэрэлдээд туулай шиг 1, 2, 3 гээд тавьчихдаг гэж хэлж муудсан. Түмээ энд байснаас караокед орьё гэж санаачилсан ч Оюунсувдтай хэрэлдэж муудаад түрүүлээд явсан. С эгчийн хувьд гүндүүгүй гүдэсхэн, хатуу амьдрал туулсан болохоор хүнд их тусархуу, хүний төлөө л гэдэг. Наргианч уух үедээ уугаад, инээх үедээ инээгээд явж байдаг. СӨХ-ын оршин суугчид ам сайтай, ажлаа сайн хийдэг, хариуцлагатай, нийтэч зантай болохоор хүнтэй хэрүүл маргаан хийж, зодоон цохион үүсгэж байгаагүй. Охидууд нь ч мөр мөрөөрөө амьдардаг. Тэр үед Оюунсувд охидуудтай нь холбоотой, мөн өөрийнх нь хувь хүнд чиглэсэн хөгширтлөө ядуу амьдарсан арчаагүй гэх мэт үг хэлж тэсрэлтийн байдалд оруулсан” /хх-н 15-16/, “... Оюунсувдын хувьд хөдөөнөөс хотод ирээд орох байх газаргүй, С эгчийн нөмөр нөөлөгт 7-8 жил байсан. Их аманцар, хурц үгтэй, хүний санаанд орохгүй үг хэлдэг, гаднаас нь харахад гоё сайхан ч үнэн мөн чанар нь өөр байдаг. Манай найз залууд очиж намайг буудалд согтуу 2 залуутай унтаж байсан гэж хэрүүл зодоон үүсгүүлж байсан, тэр байтугай хүргэн ахыг маань манай ээжтэй унтдаг гэж хэлж ах дүүс дунд маань одоо ч тасрахгүй хэрүүл зодоон үүсгэсэн. Ер нь хэцүү, сүүлд нь огт гэмгүй болчихоод, уснаас хуурай гарчихаад байдаг юм. Үүний жишээ бол энэ болсон хэрэг байна. Хэдий бэртсэнээрээ Оюунсувд хохирогч болчихоод байгаа ч, үг хэлээр хэлж доромжилж аашлаж авирласнаараа Оюунсувд жинхэнэ хэрэгтэн нь байсан юм шүү дээ. Намайг ийм мэдүүлэг өгсөнг мэдээд миний хувийн амьдарлын нууцыг маань мэддэгээрээ далимдуулж надад хортой юу эсийг хийхийг хэлж мэдэхгүй маш их айж байна. Гэвч болсон хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахад миний мэдүүлэг зайлшгүй хэрэгтэй байгаа учраас би аргагүйдээд хэлж байна гэдгийг зөвөөр ойлгоорой гэж хүсмээр байна” /хх-н 16/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч А.Оюунсувдын гэмтэлтэй холбоотой “... А.Оюунсувдын биед баруун гарын 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд 2017.04.28-нд үүссэн байх боломжтой” гэсэн 6328 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Сд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тухайлбал, тэрээр өрх толгойлсон, төлбөрийн чадваргүй эмэгтэй болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэгт тусгагджээ. Шүүгдэгч Сын дээрх хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Оюунсувд гомдолгүй гэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хатиган овогт Доржпүрэвийн Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 2. Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. С 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. С бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Оюунсувд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, С цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Сд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ