Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Одончимэг,

Шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Чагнаадоржийн Нд холбогдох 1705000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Н / /. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Н нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Б.Түвшинсанаатай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хоолойг нь багалзуурдан зүүн чих, зулай, зүүн шанаа руу нь цохиж, баруун бугалга, зүүн шууг нь базах зэргээр зодож Б.Түвшинсанаагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 18-19 цагийн хооронд найзынхаа найз охинтой компютэрээр зураг янзлах тухай ярилцаж байгаад гал тогооны өрөө ороод иртэл Түвшинсанаа харчихаад хардаад хэл амаар дайрч эхэлсэн ба учир байдлыг тайлбарлаад ойлгоогүй. Тэгээд Түвшинсанаа хутга бариад дайрахаар нь тайвшруулах гээд дуугүй байсан. Тэгтэл хутгаа гал тогоонд орхиод уурлаад дайраад байхаар нь орон дээр унагаад 2 гарыг нь дарж байгаад 2 удаа цохьсон. Би түүнийг санаатай учруулаагүй, биеэ хамгаалах гэж болгоомжгүй учруулсан. Хаалга үүд эвдэх гээд байхаар нь коридорт гаргасан ба тайвшрах байх гэж бодсон. Тэгээд гэрээс гараад орой нь буцаад ирэхэд хүүхдээ аваад явсан байсан” гэв. Хохирогч Б.Түвшинсанаа мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Н бид хоёр хүүхэдтэйгээ хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 44F-28 тоотод байх гэрт нь байхад Н нь өөр эмэгтэй хүнтэй утсаараа харилцаад байхаар нь би ууралсан юм. Тэгтэл Н нь надтай маргалдаж улмаар хоорондоо зууралдаж эхэлсэн. Н нь миний хоолойг багалзуурдаж, гараараа зүүн чихрүү цохиж, зулай, зүүн шанаа, баруун булгаруу цохиж зүүн шууг хүчтэй базсан. Тэгээд би айсандаа гэрээсээ гараад явсан бөгөөд хажуу талын айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэжээ. /хх 9-10 хуу/ Гэрч З.Цэндсүрэн мэдүүлэхдээ: “..тухайн өдөр 19 цагийн орчим гэж санаж байна Түвшинсанаа надруу залгаад Н бид хоёрын амьдарч байгаа газарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би шууд тэнд нь очсон бөгөөд Түвшинсанаа байрны 4 дүгээр давхарт уйлчихсан, гар чиний ард талд нь хөхөрсөн зодуулсан байдалтай сууж байсан бөгөөд би юу болсон гэхэд Түшинсанаа надад “ Н намайг зодсон” гэж хэлсэн...Намайг очиход Н, Түвшинсанаа нар маргалдаад дууссан байсан..” гэжээ. /хх 11-12 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8840 дугаартай дүгнэлт: “Түвшинсанаагийн биед зүүн чих, зулайн хуйх, зүүн шанаа, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гамтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 15 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27, 29 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Н нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44f байрны 28 тоотод байрлах түр оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Түвшинсанаатай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хоолойг нь багалзуурдан зүүн чих, зулай, зүүн шанаа руу нь цохиж, баруун бугалга, зүүн шууг нь базах зэргээр зодож Б.Түвшинсанаагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түвшинсанаа /хх 9-10/, гэрч З.Цэндсүрэн /хх 11-12/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8840 дугаартай дүгнэлт /хх 15/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27, 29/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Түвшинсанаа нь гомдол санал байхгүй /хх 42/ гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буурал овогт Чагнаадоржийн Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Нд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ