Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/50

 

 

 

 

 

   2022             01            06                                        2022/ДШМ/50                                                                                                                                                              Т  M 546                    

И.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02ы өдрийн 2021/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.А-т холбогдох ............................... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн И-гийн А-, Өвөрхангай аймагт 1983 оны 01 дүгээр сарын 11ий өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экологич мэргэжилтэй, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 4 дүгээр салбарт харуул ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000/

И.А- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М-тэй маргалдан зодож баруун богтос ясны далд хугарал, нүүр, цээж, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: И.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.  

Прокурор О.Алтангэрэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гараагүй, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна. Учир нь, улсын яллагчаас 1,200 нэгжтэй тэнцэх буюу 1,200,000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүхийн шийдвэрт тусгаагүй, уг саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Мөн хохирогч Д.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэдэг. Анхан шатны шүүх шүүгдэгч И.А-т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлохдоо “... хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан...” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч И.А- нь согтуугаар хохирогчийн толгой руу цохиж, бие рүү нь олон удаа өшиглөх, цохих зэргээр зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан эсэх нь тодорхойгүй байхад 500 нэгжээр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Хэдийгээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлд тооцоогүй ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ямар түвшинд байсныг илэрхийлэхийн тулд зайлшгүй харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах учиртай. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Хүнийг санаатай зодож хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчийн буруутай үйлдэл огт байхгүй байхад хэт бага ял оногдуулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цээрлэл үзүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн зорилго биелэгдэхгүйд хүрч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.  

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.А- анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь нотлогддог. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар И.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулжээ.

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгахаар заасан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах үндэслэлтэй гэх атлаа уг ялыг хэдий хэмжээгээр оногдуулах талаар дүгнэлт хийгээгүй, “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал ...”-ыг харгалзан үзсэн мэтээр бичсэн байх боловч эдгээрт юуг хамааруулан дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзан үзээгүй байна.

Түүнчлэн шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой байдаг.

Анхан шатны шүүх ялын хэмжээний талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шударга ёсны зарчимд нийцээгүй ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч И.А-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.А-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч И.Алтанхуяагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

                          ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН