Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2017/00024/И |
Дугаар | 131/ШШ2017/00211 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2017/00211
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
*******ийн *******, *******гийн *******, *******ын ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй
Мөрдөн байцаалт, прокурорын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу сэтгэл санаа, нэр төр, бие махбодь, эд хөрөнгийн хохирол 80640000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 6000000 төгрөг, нийт 86640000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасны дагуу И.*******, Ц.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож тэдгээрийн хүсэлт, итгэмжлэлийн дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчдийн зүгээс хариуцагчийг тодорхойлохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 2.1, 12.2.14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1-д заасны дагуу төрийг төлөөлөх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих саналыг шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрх бүхий байгууллага албан тушаалтан гэж үзэж тодорхойлсон болно. И.*******, Ц.*******, Г.******* нарт холбогдуулан Эрүүгийн 201305000079 дугаартай хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-т заасан хэрэгт сэжиглэгдэн шалгаж байхдаа тэдгээрийг тухайн хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байжээ. Улмаар И.*******, Ц.*******, Г.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2013 оны 02 сарын 26-ны өдрөөс 2013 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл авч тэдгээр нь тус бүр 4 сар 20 хоног буюу 140 хоног цагдан хоригдсоноос болж хүн тус бүр орлого олох боломжгүй болж улмаар гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр хамтран ажилладаг хүмүүс нь авч ажиллуулахаа больсон байна. Мөн зарим нь ажил хийж байсан ч цагдан хоригдсноос ажил хийх боломжгүй болж сэтгэл санаагаар унаж , эрх чөлөөгөө хязгаарлуулжээ. Гэвч энэ хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдож, тухайн хэргийн талаар хохирогчоор тогтоогдож байсан иргэн нь худлаа хэлсэн болохоо хүлээж, шүүхээр энэ зүйл ангиараа ял шийтгүүлж харин И.*******, Ц.*******, Г.******* нар нь Прокурорын тогтоолоор гэм буруугүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон. Энэ тогтоолыг авахаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд албан бичгээр Прокурорт хандахад одоог хүртэл гаргаж өгөөгүй, хуулгад байхгүй байна гэсэн хариуг өгдөг юм. Иймд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг гаргуулах боломжгүй байгаа тул шүүхээр гаргуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Хэдийгээр төрд иргэнийг бусдаас тусгаарлан цагдан хорих эрх нь байдаг ч хэрвээ үндэслэлгүйгээр, гэм буруугүй хүнийг цагдан хорьсон бол түүнийг хохиролгүй болгох, учруулсан хохирлыг нь гаргаж өгөх ёстой. Энэ хохирлыг Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4-д заасны дагуу төр хариуцан арилгах үүрэгтэй. Цагдан хоригдсон хугацаанд олох байсан ашиг орлого, өөрт учирсан сэтгэл санааны хохирлоо И.*******, Ц.*******, Г.******* нар нь Эрүүгийн хуулийн 59.3-д заасантай дүйцүүлэн адилтган авч үзэж нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Учир нь тухайн үед ажиллаж чадаагүйгээр барахгүй, сэтгэл санааны асар их дарамтанд орж, олон нийтэд нэр хүндээ алдан маш ихээр хохирсон. И.******* нь 140 хоног цагдан хоригдсон тул энэ хугацаагаар хоригдсон хохирлоо адилтган тооцоход 140x192 000=26 880 000 төгрөгний сэтгэл санааны болоод биемахбодийн хохирол амссан, Ц.******* нь 140 хоног цагдан хоригдсон тул энэ хугацаагаар хоригдсон хохирлоо адилтган тооцоход 140x192000=26 880 000 төгрөгний сэтгэл санааны болоод биемахбодийн хохирол амссан, Г.******* нь 140 хоног цагдан хоригдсон тул энэ хугацаагаар хоригдсон хохирлоо адилтган тооцоход 140x192 000=26 880 000 төгрөгний сэтгэл санааны болоод бие махбодийн хохирол амсчээ. Иймд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т Иргэний хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах тухай, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасны дагуу төр хариуцан арилгах үүрэгтэй гэсэн хуулийн үндэслэлийн дагуу И.*******, Ц.*******, Г.******* нарт төр нь сэтгэл санаа, нэр төр, бие махбодь, эд хөрөнгийн нийт 80 640 000 хохирлыг төрөөс гаргуулах үндэслэлтэй юм. Мөн тухайн хэрэгт хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авсны хөлсөнд хүн тус бүр нэг сая төгрөг төлсөн. Мөн энэ гэм хорын хохирлыг гаргуулахын тулд өмгөөллийн "Энх Уран Итгэл" ХХНөхөрлөлтэй гэрээ байгуулан 3000000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд И.*******, Ц.*******, Г.******* сэтгэл санаа, нэр төр, бие махбодь, эд хөрөнгийн хохирол 80640000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 6000 000 нийт 86640000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь И.*******, Ц.*******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож гэм хорын хохирлыг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад надад итгэмжлэл олгосон хүмүүс нь уулзаагүй, хэргийн явцад тэдгээрт холбогдох надад олгосон итгэмжлэлийн хүрээнд төлөөлүүлэгч нарын хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй нөхцөл үүсч болзошгүй. Иймд миний бие И.*******, Ц.*******, Г.******* нарын итгэмжлэлээр олгосон итгэмжлэл, төлөөллөөс татгалзаж дуусгавар болгож байна. Иймд тухайн асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэл гаргаагүйд тооцож өгнө үү гэжээ.
Төрийн төлөөлсөн прокурор шүүхэд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн 201305000079 дугаартай хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон байдаг. Тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангилалынх бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор сэжигтэн, яллагдагчаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байж хуулийн зүйл хэсэгт хууль бусаар шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон... байхыг шаарддаг бөгөөд дээрх хэрэгт нэхэмжлэгч нарыг хууль бусаар хорьсон байдал тогтоогддогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрт олгогдсон итгэмжлэлээсээ татгалзсан талаарх тайлбараа шүүхэд гаргасныг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэл болж байх тул мөрдөн байцаалт, прокурорын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас *******ийн *******, *******гийн *******, *******ын ******* нарт учирсан гэм хорын хохирол буюу сэтгэл санаа, нэр төр, бие махбодь, эд хөрөнгийн хохирол 80640000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 6000000 төгрөг, нийт 86640000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 510, 511 дүгээр зүйлд заасныг баримтлан итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын мөрдөн байцаалт, прокурорын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас *******ийн *******, *******гийн *******, *******ын ******* нарын учирсан гэм хорын хохирол буюу сэтгэл санаа, нэр төр, бие махбодь, эд хөрөнгийн хохирол 80640000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 6000000 төгрөг, нийт 86640000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ