Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2019/00053

 

Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ы

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэртэй, Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл,  нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн төлөөлөгч К.Ө нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, (2) тус эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, (3) 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112.776.00 төгрөг, (4) 2019 оны эхний улирлын мөнгөн урамшуулалд 248.111.00 төгрөг тус тус гаргуулах, (5) тус эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээнээс Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр 7 дахь жилдээ тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тус эмнэлэгт ажиллаж байх хугацаанд аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийсэн нэрийдлээр Б.Б-ийн 2019 оны 4 дүгээр сарын цалингаас 3 өдрийн цалинг болон улирал тутам авах цалингийн урамшууллыг үндэслэлгүйгээр хассан байна. Өөрөөр хэлбэл эхний улирлын урамшууллыг хууль бусаар хассан байна. Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн 2019 оны 4 дүгээр сард ажил таслаагүй, мөн бусад төрлийн зөрчил гаргаагүй тул ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин болох 112.766.00 төгрөг \37.592х3\ гаргуулах, 2019 оны эхний улирлын урамшуулал болох 248.111.00 \827.037х30%\ төгрөг нийтдээ 360.887.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ: “Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Цалин хасах тухай” 19 дугаартай тушаалын хуулбарыг гаргаж өгсөн. Миний бие урьд өмнө уг тушаалтай танилцаж байгаагүй, хариуцагчийн зүгээс уг тушаалын хувийг гардуулж өгөөгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шатанд уг тушаалтай танилцаж байна. Маргаан бүхий тушаал, хурлын тэмдэглэл, камерын бичлэгт байгаа огноо болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарууд хоорондоо илт зөрүүтэй байна. Миний бие 2019 оны 4 дүгээр сард огт ажил таслаагүй, мөн ажил олгогчоос баталж өгсөн хуваарийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 2,7,11,16,21,26,29-ний өдрүүдэд алсын, 3,8,13,19,25-ны өдрүүдэд ойрын дуудлагад явсан. Хууль болон байгууллагын дотоод журамд зааснаар ажилтан алсын дуудлагад үйлчилсэн тохиолдолд заавал биеэр амрах ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч чухам хэзээ намайг ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-д заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт гэх баримт дээр байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү үнэлгээг гаргахдаа ажил олгогч Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам”-ын дагуу үнэлгээ хийгээгүй. Ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны хурлын үед ийм үнэлгээний талаар огт юм хэлээгүй, үзүүлээгүй, зөвхөн нэр бүхий ажилтан нараас гомдол гаргасан учир урамшуулал олгоогүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг баримтыг дараа нь нөхөж бүрдүүлсэн байна. “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам”-д зааснаар миний бие үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй. Ажил олгогч миний уг эрхийг минь ноцтой зөрчсөн байна. Үүнээс үзэхэд ер нь хариуцагч болоогүй юмыг болсон болгож, болсон юмыг болоогүй мэтээр харуулах гэж шударга шүүхийг төөрөгдүүлэхийг завдаж байна. Ажил олгогчоос надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг жил болгон шинэчлэн байгуулдаг байжээ. Тодруулбал, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулсан. Миний бие Хөдөлмөрийн гэрээ болон Байгууллагын дотоод журмын аль алиныг зөрчиж ажил тасалсан зүйл байхгүй. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт гэсэн үнэлгээний өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, мөн Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Их эмч Б.Б-ийн 4 дүгээр сарын цалингийн 3 хоног ба 1 дүгээр улирлын урамшууллыг олгох боломжгүй болохыг дараах үндэслэлээр нотолж байна. Б.Б Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй, ажил тасалдаг, ажлын байрыг дур мэдэн орхиж явдаг, орой шөнийн цагаар утсаа унтрааж дуудлагад явдаггүй, эмнэлгийн ажилчдын нэгдсэн хуралд ирдэггүй. Энэ тухай эмнэлгийн ажилчдын хурлаар удаа дараа сануулж арга хэмжээ тооцсон. Гэвч тухайн зөрчлүүдийг байнга давтдаг, шаардлага хүлээж авдаггүй. Тусламж, үйлчилгээнд чирэгдэл гаргадаг. Иймд хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилд ирээгүй цагийг нэгтгэн бодож тооцоход 3 биш 5, 6 хоногийн ажил тасалсан боловч 3 хоногийн цалинг хассан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заагдсан. 4 дүгээр сарын 03, 16, 17-ны өдрүүдэд тус бүр 4 цаг, 10, 12, 29-ний өдрүүдэд бүтэн тасалсан байна. Урамшууллыг ажлын үр дүнг тооцож ЗГ-ын 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн олгосон. Хэвтэн эмчлүүлсэн, амбулаториор үйлчлүүлсэн, ард иргэдийн санал гомдол, дуудлагад үйлчлүүлсэн байдал, ажлын ачаалал, цаг ашиглалт, ажлын идэвх санаачилга, эмчилгээ, үйлдвэрийн стандарт мөрдөж ажилласан байдал, ёс зүй, харилцаа хандлага гэх мэт шалгуур үзүүлэлтээр дүгнэж урамшуулал олгосон. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй гэж үзсэн. 3 дугаар сарын 17-ны өдөр С.Т мориноос унаж гэмтэл авч 7 хавирга гэмтсэн. Гэмтсэн өвчтөнийг сумын төвд хүргэсэн суманд эмчлэх боломжгүй тул аймагт хүргэх шаардлагатай болж Б.Б эмчийг энэ дуудлагад явуулах гэсэн боловч очоогүй. Бага эмчээ дуудлагад явуулсан. Замд өвчтөний биеийн байдал хүндэрч бага эмч тусламж үзүүлж чадахгүй янз бүрийн асуудал гарах эрсдэлтэй байсан. С.Т бас машинаас унаж хавирганы бэртэл авч эмнэлэгт 2 хоног хэвтэж аймагт хүргэгдсэн. Суманд 2 хоног хэвтэхдээ Б.Б эмчийг дуудаж үзүүлэх гэсэн боловч өвчтөнийг ирж үзээгүй. Мөн өвчтөн Д-ыг аймагт хүргэхэд амбулаториор үзүүлж, хэвтүүлэх ёстой байсан боловч өвчтөнд өөрөө үзүүлээрэй гэж хамаатныд нь үлдээсэн байна. 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл дотрын эмч амралт авч Турк улс руу явсан. Тухайн үед бүх өвчтөнүүдийг Б.Б эмч үзэж эмчлэх ёстой байсан. Хэвтэж буй өвчтөн К, С, Х, Б гэх мэт хэвтэн эмчлүүлэгчид бид хэвтсэнээс хойш Б эмч нэг ч удаа ирж үзээгүй ядаж бидний даралтыг үзүүлээд өг гэж ерөнхий эмчид гомдол хэлсэн. Гэвч тэр талаар Б эмчид хэлэхэд үгүйсгэсэн боловч тухайн үед хэвтсэн хүмүүсийн өвчний түүхийн ихэнхийг бичээгүй, ямар ч үзсэн тухай тэмдэглэгээ байхгүй байсан. Өвчтөн Б мориноос унаж гэмтэл авч ухаангүй байсан сумын төвөөс 60 км алслагдсан өвчтөнд очихдоо толгойны гэмтэл оёх утас ганц монитол 100 мл NaCI 0,9%-100,0-тай очсон. Би тухайн өвчтөний биеийн байдал хүнд оёдлын утас авч очоорой эм ээлжийн сувилагчид бэлэн байлгасан шүү гэж хэлсэн. Өвчтөн нас барсны дараа ар гэр нь “Миний аав аврах боломжгүй хүнд гэмтэл авсан 6-7 цагийн дотор нас барсан. Хэрвээ Б эмч эм авч очсон бол миний аав нэг ч гэсэн цаг амьд байх байсан байх ямар ч эмчилгээ авалгүй нас барсан нь харамсалтай байна. Эмчийг өвчтөнд хариуцлагатай  хандуулж сурга” гэж ерөнхий эмчид гомдол гаргаж байсан. Ийм алдаа дутагдал нэг биш удаа дараа давтан гаргасан. 4 дүгээр сарын 11-нд хэвтсэн өвчтөнд 4 дүгээр сарын 19-нд өдрийн тэмдэглэл бичсэн нь өвчтөнийг үзэж хянаагүйг баталж байна. Эсвэл хэвтсэн тухай өвчний түүх нээгдсэн боловч дотор нь юу ч бичигдээгүй нь Эрүүл мэндийн сайдын 450 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй авах үйлчлүүлэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Мэс заслын тасагт 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 4 сар хүртэл нийт 39 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн байна. Алсын дуудлагад 19 удаа явсан. Энэ нь тухайн эмчийн ажлын ачаалал байхгүйг илтгэж байна. 3 дугаар сард өөрт нь оногдсон 70 хүнтэй тулж ажиллаагүй. Энэ 70 хүнийг гомдол, чирэгдэлгүй эмчилж ажиллаж болох байсан. Миний авсан арга хэмжээ ард иргэд чирэгдэлгүй чанартай, хүртээмжтэй сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндээрээ бүү хохироосой гэж эмчид сануулсан явдал” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг бүгд 360887 (гурван зуун жаран мянга найман зуун наян долоон) төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: ”Ц сумын сум дундын эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4-т “хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 цаг болон түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажилтныг ажил тасалсанд тооцно” гэж, 12.1.7-д “Нийлбэр дүнгээр 4-6 сар ажиллаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар "сануулах”, мөн журмын 12.1.8-д “Нийлбэр дүн 6 цагаас дээш болсон тохиолдолд үндсэн цалинг 3 хүртэл сарын хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан. Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 03, 07, 16, 17-ны өдрүүдэд ажлын 4 цаг, 10, 12-ны өдрүүдэд ажлын 8 цаг, нийлбэр дүнгээр 32 цагийн ажил тасалсан нь цагийн бүртгэл, камержуулсан бичлэгийн гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Би Б.Б-ийн шөнийн цагаар дуудлагад явсан хугацааг тооцож 8 цагийн цалинг хасахгүйгээр зөвхөн 24 цагийн цалинг хассан. Миний хувьд тухайн үед Б.Б-ийн ахуй амьдралыг харгалзан түүнд сахилгын шийтгэл оногдуулахгүйгээр зөвхөн ажил тасалсан хугацааны цалинг хассан. Б.Б нь 6 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан учир түүний үндсэн цалинг 3 хүртэл сарын хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан бол цалингийн хэмжээ нь үүнээс ч илүү хэмжээгээр буурч эрх зүйн байдал нь доордох байсан. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дотоод журмын дагуу хариуцлага тооцсон нотлох баримт байхгүй, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль бус байна.

Б.Б нь 2019 оны 1 дүгээр улиралд олон тооны хавирга нь хугарсан өвчтөн Тойгавылыг аймагт хүргэх ёстой боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргээгүй, мөн өвчтөн Ташел гэдэг хүн хавирга нь хугарч эмнэлэгт ирж хэвтсэн байхад 2 хоног ирж үзээгүй байсан. Тэгээд улирлын ажлыг дүгнэхдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх үндсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр түүний үр дүнгийн урамшууллыг хассан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх ...хариуцагч ерөнхий эмч К.Ө өөрөө ажил үнэлэх удирдлагын гишүүнд орж үнэлгээ өгч, улмаар өөрөө баталгаажуулсан нь Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.2-т заасан албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт нь журамд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.9-д “Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана”, 3.10-д “эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана” гэж заасан нь үнэн. Гэтэл сум дундын эмнэлэг нь орон тоо багатай, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг тасаг, нэгжгүй байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь мэс заслын их эмчээр ажилладаг бөгөөд энэ чиглэлээр ажилладаг түүнээс өөр нэг л сувилагч байдаг. Энэ тохиолдолд мөнгөн урамшуулал олгох асуудлыг дээрх 2 албан тушаалтан өөрсдөө хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учир сум дундын эмнэлгийн хэмжээнд урамшуулал олгох асуудлыг ерөнхий эмч удирдлагын багтай хамт дүгнэж зохих шийдвэр гаргадаг. Гэтэл анхан шатны шүүх байгууллагын онцлогийг харгалзан үзэхгүйгээр журам зөрчсөн гэж урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц сумын сум дундын эмнэлгээс 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112.776.00 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248.111.00 төгрөг, бүгд 360.887.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн хүсэлтээс[1] үзвэл тэрээр Ц сумын сум дундын эмнэлгээс (1) 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112.776.00 төгрөг, (2) 2019 оны эхний улирлын урамшуулалд 248.111.00 төгрөг гаргуулах тухай үндсэн хоёр төрлийн нэхэмжлэл гаргаж, тэдгээрийн үндэслэлийг дэмжих зорилгоор (3) Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг[2] хүчингүй болгуулах, (4) тус эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэр[3] хууль бус болохыг тогтоолгох, (5) эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээнээс Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, ажил олгогчоос ажилтныг (а) 2019 оны 4 дүгээр сарын 3, 7, 16, 17-ны өдрүүдэд ажлын 4 цаг, 10, 12-ны өдрүүдэд тус тус ажлын 8 цаг, нийт 24 цаг буюу ажлын 3 хоног ажил тасалсан, (б) түүнчлэн хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжоор хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр мөн сарын ажлын 3 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний хөдөлмөрийн хөлснөөс 112.766.00 төгрөгийг хассан, 2019 оны эхний улирлын ажлын үр дүнгээр олгогдох мөнгөн урамшуулал 248.111.00 төгрөгийг олгохгүй байх шийдвэр тус тус гаргасан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэхдээ ажил таслаагүй, хөдөлмөрийн гэрээ болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэн ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бол ажил олгогч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ. Харин ажилтны ажил олгогчоос шаардсан хөдөлмөрийн хөлс болон мөнгөн урамшууллын хэмжээний талаар зохигч маргаагүй болно. 

 

1. Ажил олгогч байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэлийг зохигчийн тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, тус эмнэлгийн ажилчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээ, алсын дуудлагын бүртгэлийн журнал зэрэг бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, ажилтан Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 3, 7, 10, 12, 16, 17-ны өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ажлын цаг ашиглалттай холбоотой үүргээ зөрчсөн нь тогтоогдсон ба энэ талаарх ажилтны “алсын дуудлагад явсан, эрхлэгчээс чөлөө авсан” гэх тайлбар үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.Б нь хэзээ, хэдэн цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тухай нотлох баримт байхгүй” гэж хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар үнэлээгүй алдаа гаргажээ.

 

Ажил олгогчийн “ажилтан дээрх ажлын өдрүүдэд ажил тасалсан” гэх тайлбар  үндэслэлтэй, баримтаар нотлогддог боловч ажилтны гаргасан зөрчилд шийтгэл ногдуулсан эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцээгүй, ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажилтны 2019 оны 4 дүгээр сарын цалингаас хасагдсан ажлын 3 хоногийн хөдөлмөрийн хөлстэй нь тэнцэх хэмжээний 112.766.00 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, ажилтанд олгох үндэслэлтэй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтанд цалин хөлс олгох зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т зааснаар хийснээр, эсхүл цагаар олгохоор тохиролцоогүй бөгөөд ажилтанд сар бүр тогтмол цалин олгохоор тусгажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журам болон сахилгын шийтгэлийн төрлүүдийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 131.1.2.-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж цалин бууруулах сахилгын шийтгэлийн талаар заасан. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буюу хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журам хийгээд сахилгын шийтгэлийн төрлийг сонгож хэрэглээгүй, хууль ёсны зарчмыг алдагдуулсан тул ажил олгогчийг ажилтны хөдөлмөрийн хөлсийг үндэслэлгүйгээр хассан гэж үзэн, 2019 оны 4 дүгээр сард дутуу олгосон цалинг ажилтанд буцаан олгож, энэ талаарх ажил олгогчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс “04-р сарын ажилласан хоногоос 3 хоног (хоногийн цалин) хассан болно” гэсэн хэсгийг хүчингүй болгож, үүнтэй холбоотой ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

2. Ажил олгогчоос ажилтан Б.Б-д 2019 оны эхний улирлын мөнгөн урамшуулалд 248.111.00 төгрөг олгоогүй шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан бөгөөд мөн журмын Гуравдугаар бүлэгт эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын талаар зохицуулжээ.

Журмын Гуравдугаар бүлгийн 3.1.-т зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн мөнгөн урамшуулал олгох ба 3.2.-т зааснаар улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн ажилтны үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно. Журамд зааснаар /3.3./ ажилтанд мөнгөн урамшуулал олгохдоо үйлчилгээний чанар, ажлын ачаалал, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлсэн хувь нэмэр, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хариуцсан ажлын чанар зэрэг үзүүлэлтээр, эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн /3.10/ эрүүл мэндийн байгууллагын даргын шийдвэрээр олгох бөгөөд Ц сумын Сум дундын эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэхэд ажилтан Б.Б нь ний 100 онооноос 44 оноо авч, түүний 2019 оны эхний улирлын ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай буюу 44 хувьтай дүгнэгджээ.

 

Иймээс ажилтанд 2019 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй ажил олгогчийн шийдвэр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын Гуравдугаар бүлгийн 3.8.-д нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Б-ийн 2019 оны эхний улирлын урамшуулалд 248.111.00 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн “мөнгөн урамшуулал олгохтой холбоотой хэсгийг” хууль бус болохыг тогтоолгох, тус эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээний өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Ц сумын Сум дундын эмнэлгийн бүтэц хэсэг, тасгийн зохион байгуулалтгүй, тус сум дундын эмнэлгийн эрхлэгч буюу ерөнхий эмч, их эмч, ахлах болон мэс заслын сувилагч нар тухайн эмнэлгийн нэгжийн хувьд ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж, дүгнэсэн  байхад анхан шатны шүүхийн “...ерөнхий эмч өөрөө ажил үнэлэх удирдлагын гишүүнд орж үнэлгээ өгч, улмаар өөрөө баталгаажуулсан нь журамд нийцээгүй” гэх дүгнэлт Засгийн газраас баталсан дээрх журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болжээ. Түүнчлэн, ажилтан 2019 оны 4 дүгээр сарын 3, 7, 10, 12, 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан нь нотлогдсон, ажил олгогч байгууллагын мөн сарын цагийн бүртгэл болон өвчтөнөөс эмнэлгийн удирдлагад гаргасан гомдол[4] зэргээс үзвэл, ажил олгогч байгууллагын нэгжийн хамт олны ажилтан Б.Б-ийн 2019 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэсэн үнэлгээг бодитой биш гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 118 дугаар зүйлийн 118.5.-д нийцээгүй, түүнчлэн дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хариуцагч нь төсвийн байгууллага учир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд түүний давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс “04-р сарын ажилласан хоногоос 3 хоног (хоногийн цалин) хасах” тухай хэсгийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс ажилтны 3 хоногийн цалин 112.766.00 /нэг зуун арван хоёр мянган долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох хариуцагчаас 2019 оны эхний улирлын урамшуулалд 248.111.00 төгрөг гаргуулах, эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлсэн дүгнэлтээс Б.Б-д холбогдох хэсгийг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн “мөнгөн урамшуулал олгохтой холбоотой хэсгийг” хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “эмнэлгээс 11500 /арван нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б.Б-д,” гэснийг “эмнэлгээс 4.550.00 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан Б.Б-д,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК

 

 


[1] Хэргийн 1, 136 дугаар тал.

[2] Хэргийн 140 дүгээр тал.

[3] Хэргийн 5-6 дугаар тал.

[4] Хэргийн 56-57 дугаар тал.