Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

 

 

 

 

   2022             01             06                                      2022/ДШМ/49                                                                                                             Т  M 546                АЛ

Н.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Б.И-ын өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 2021/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-ид холбогдох ........................ дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Н-ны Б-, Улаанбаатар хотод 1965 оны 06 дугаар сарын 20ы өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Зуун модны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Н.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн а/-д заасныг зөрчин согтуугаар “Toyota fielder” загварын 4071УАВ улсын дугаартай автомашиныг жолоодон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой маркет” хүнсний дэлгүүрийн баруун талын замаар явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ...” гэснийг зөрчиж замын хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугамыг даван урсгалыг сөрсөний улмаас “Toyota prius загварын 4866УБЯ улсын дугаартай автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.И-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б-оос нийт 5,379,602 төгрөгийг гаргуулан хохирогч Б.И-т 2,319,602 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Н-т 3,060,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.И-ын өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хор уршгийн асуудлыг шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлгүй. Тодруулбал, шийдвэрт “... ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин болох 3 сая төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргаж өгсөн баримт хангалтгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэжээ. Хохирогч Б.И- нь “--” ХХК-д  менежерээр ажилладаг бөгөөд хүндэвтэр хохирол учирсны улмаас захиргааны санаачлагаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-121 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ талаарх ажлын байр болон нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тухайн баримтаар ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь нотлогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх боломжтой ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцохгүй байхаас гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог билээ. Иймд анхан шатны шүүхээс баримт хангалтгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс Н.Б-ийг гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тус хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч Б.И-ын өмгөөлөгч Д.Очирваанийн цалин хөлстэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь, ажил, хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгал төлж байсан бол нийгмийн даатгалаас зохих журмын дагуу эмнэлгийн хуудсаар тэтгэмж авдаг. Энэ талаарх нотлох баримт анхан шатны шүүх хуралдааны үед байхгүй байсан тул жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугамыг даван эсрэг урсгал сөрж мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гаргасан болох нь хохирогч Б.И-ын “... Д.Н-ын жолоодож явсан “Toyota prius-30” загварын автомашины арын суудалд зорчиж яваад зам тээврийн осолд өртөн зүүн гараа гэмтээсэн ...” /хх 16/ талаарх мэдүүлэг, гэрч Д.Н-ын “... эсрэг урсгалаар явж байсан автомашин гэнэт урсгал сөрж орж ирээд зам тээврийн осол гаргасан ...” тухай мэдүүлэг /хх 25-26/, мөн энэ талаар зорчигч А.О-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 38/, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 4-10/ зэрэг нотлох баримтуудаар, тэрээр зам тээврийн осол гаргах үедээ 2,79 хувийн согтолттой байсан болох нь зориулалтын тусгай багаж ашиглан шалгаж бэхжүүлсэн тэмдэглэл /хх 12/-ээр, зам тээврийн ослын улмаас хохирогч Б.И-ын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5233 тоот дүгнэлт /хх 50-51/-ээр тус тус нотлогдон тогтоогджээ.   

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Н.Б-ийн согтуугаар автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хориглосон замын тэмдэглэлийг зөрчин эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх шинжид бүрэн нийцэж байна.

            Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулахыг хүссэн өмгөөлөгч Д.Очирвааний давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ердийн өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй” гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно” гэж тус тус заажээ.

            Хохирогч Б.И нь “-” ХХК-д менежерээр ажилладаг, 2019 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх тул хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх түүнд үүссэн гэж үзэхээр байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээг тодорхойлоход хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх баримт чухал ач холбогдолтойд тооцогдоно. Гэтэл хохирогч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 2021/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ        

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН