Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 247

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1710003210073 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 09-нд Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ,,, дүгээр, ,,,,,-ийн ,,,,, дугаар гудамжны ,,,,, оршин суух, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, Х овогт Э-ийн Ц

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн автобусны буудал дээр иргэн А.Н-ыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн автобусны буудал дээр иргэн А.Н-ыг машинд сууж байхад нь “хүргээд өгчихөөч” гэхэд нь хохирогч татгалзахад нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй...Би гэмтэл учруулсан...Би хохирол төлбөрт 120.000 төгрөг төлсөн...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч А.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Нисэхээс “Вива Сити” хороололд байдаг гэртээ харихаар Нисэхийн байрны буудал дээрээс унаанд суугаад байж байтал 2 залуу гэнэт хаалга нээгээд миний нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохьсон...Тухайн өдөр Э.Ц шал согтуу байсан учраас намайг цохьсон байх, намайг машинд сууж байхад хаалга онгойлгоод 1 удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/

            3. Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нисэхийн хуучин эцэс рүү явах гээд таксинд суух гээд байж байсан. Э.Ц нэг машин руу надаас түрүүлж очсон, би араас нь очиход 1 эрэгтэй хүүхэдтэй маргалдаад байж байсан, нөгөө эрэгтэй хүүхэд нь хамраа гараараа дараад байсан...Би араас нь очиход тэр залууг Э.Ц цохьчихсон байсан байх, нөгөө залуу нь хамраа дараад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

                        4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10238/-ний дүгнэлт:

                        -А.Н-ын биед 2 нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20/

            5. Яллагдагч Э.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ч ахтай пиво хувааж уугаад шөнийн 02 цагийн үед Нисэхийн байрны буудлаас такси барих гээд зогсож байтал хамт сургуульд сурдаг Н машинд суучихсан явж байсан, би Н-ын суусан байсан машин дээр очоод явах уу гэж асуухад Н юу яриад байгаа юм таксинд явдаггүй гэж хэлэхээр нь би хүргээд өгчихөөч гэтэл үгүй явахгүй гэхээр нь би маргалдаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ц нь урьд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34, 37-39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10238/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөгийг төлсөн, хохирогч А.Н-тай эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Э.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харчин овогт Э-ийн Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харчин овогт Э-ийн Ц-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Э.Ц нь хохиролд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

 

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР